Амьдралын тойрог

2025-10-05

Казахстан улсад: 4 дүгээр хэсэг. Алматы хотоор бүтэн өдөржин тэнэсэн нь...

Казахстан улсын Алматы хотод ирээд 3 дахь хоног эхлэв.  Өнөөдөр 2025 оны 8 дугаар сарын 7. Шүршүүрт орж, өглөөний цай уугаад зочид буудлаасаа гарч "Зеленный базар" ("Ногоон зах") руу явлаа. Манайхаар бол "Нарантуул" зах л гэсэн үг.  Жимс ногоо элбэг юмоо. Хаа газрын наймаачид ижилхэн дээ. Лангууны хажуугаар нь явахаар "Юу хэрэгтэй вэ? Шинэ ногоо байгаа шүү" гээд л бараагаа сурталчилна.  Худалдааны төвийн ерөнхий байр байдал нь иймэрхүү.  


Ингэхэд Хятадын Yutong брэндийн автобус төв Азийн орнуудын зах зээлийг нь бүрэн эзэлсэн юм байна. Монголын нийслэл Улаанбаатарт ашиглаж байгаатай ижил хар автобус Алматы хотын нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглагдаж байна. Түүнээс гадна Yutong брэндийн троллейбус бас байна. Сониноос 2025 оны 1 дүгээр сарын 1-ээс хойш Улаанбаатар хотод нийтийн тээвэрт троллейбус ашиглахаа зогсоосон. Улаанбаатарт байгаа троллейбуснуудын ашиглалтын хугацаа нь дууссан юм билээ. Харин Алматы хотод ийм хар троллебус олж харав. 


Худалдааны төвөөс нь би юу ч худалдан авсангүй. Угаасаа надад аваад байх юм байсангүй. Цэвэр сонирхох зорилгоор л зах руу нь орсон. Дараа нь Алматы хотын аттракцион тоглоомын төв рүү явлаа. Монголд бол "Үндэсний соёл амралтын хүрээлэн" гэж нэрлэдэг дээ. Товчхондоо бол "хүүхдийн парк". 
Энэ хүүхдийн парк социалистт нийгмийн бүтээн байгуулалт. Иймд тохижилтийн хэв загвар нь оросжуу юм. 



Орчин үеийн аттракцион тоглоомууд цөөхөн юм шиг санагдсан. Ихэвчлэн Оросын хуучны тоглоомууд.



Тоглоомууд нь хуучин боловч парк бүхэлдээ ногоон байгууламж сайтай юм билээ.



Монголын хүүхдийн паркад  тэмэ, бас 12 жилийн амьтны хөшөө байдаг даа. Тэгвэл Алматы хотын хүүхдийн паркад нь ч бас ижилхэн хөшөө олж харлаа. Зохиомж нь талбайн төвд тэмээ, түүнийг тойроод цагийн зүүний хөдөлгөөний дагуу 12 жилийн амьтан байрлажээ.





Хүүхдийн паркаар нь зугаалж дуусаад дараа нь амьтны хүрээлэн рүү нь явлаа. Алматы хотын амьтны хүрээлэн нь хүүхдийн парктайгаа хөрш зэргэлдээ байрладаг юм байна лээ.



Би амьтны хүрээлэн рүү орсонгүй. Угаасаа өөр хотод амьтны хүрээлэн үзэж байсан учраас тийшээ орох хүсэл төрсөнгүй. Тэгээд ч Алматы хотын амьтны хүрээлэнд миний өмнө нь харж байгаагүй содон амьтан бий гэсэн мэдээлэл байгаагүй. Ингээд амьтны хүрээлэнгийг үүднээс нь буцаж хүүхдийн паркаар нэвт явсаар  нийтийн тээврийн автобус, троллейбусны эцсийн буудал дээр ирэв. Эцсийн буудлаас нь хар өнгийн троллейбусанд суугаад хотын төв рүү сүнгэнэв. Улаанбаатар троллейбус аахилж уухилж яст мэлхийн хурдаар явдаг бол гадаадын орнуудад эсрэгээрээ. Троллейбус нь хурдан гэж .... 
Миний очиж үзэх гэсэн дараагийн газар бол Казахстаны анхны ерөнхийлөгч Назарбаевын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн. Бараг 30 орчим минут троллейбусаар яваад дараа нь алхав. Миний суусан троллейбус Алматы хотын хойд хэсгээр нь явжээ гэдгийг google map хараад ойлгов. Харин Назарбаевын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн Алматы хотын баруун өмнөд хэсэгт юм байна. Google map ашиглаад хотын өмнөд хэсэг рүү алхав. Алхаж явах зуураа мусульман шашны ийм сүмийн барилга харлаа. 


Дөхөж очоод үүдэнд нь байгаа мэдээллийн самбарыг уншив. Мусульман шашны сүм рүү орохын тулд заавал баримтлах ёстой дэг журам гэж бий. Жишээ нь тохой, бугуйгаа гаргасан богино ханцуйтай хувцас, өвдөг, хөлийн шилбээ харуулсан богино өмдтэй байж болохгүй. Заавал урт өмд, урт ханцуйтай хувцас өмссөн байх ёстой. Шорт, футболк өмссбэ би ийшээ орно гэж мөрөөдөх хэрэггүй. 

Дараа нь Алматы хотын хуучин орон сууцны хороолол дундуур явав. 3-5 давхар хуучны барилгууд Зөвлөлтийн үеийн бүтээн байгуулалт гэдэг нь ойлгомжтой.


Үүний дараа орчин үеийн 15-18 давхар орон сууцны хороолол дундуур явав. Гадаа халуун, удаан алхсан учраас ам цангав. Дэлгүүр орж ус ундаа авав. Дэлгүүрийн лангуун дээр бараа орж зогсоо цэвэрхэн цагааг царайтай солонгосжуу төрхтэй залуутай хэдэн үг солив. Тэр миний таамаглаж байсны дагуу солонгос залуу байв. Ер нь Узбекистан, Казахстан зэрэг төв Азийн орнуудад солонгос үндэстнүүд цөөнгүй амьдардаг.  ХIX зууны сүүл, XX зууны эхэн үед Солонгосын хойгийн хойд хэсэгт амьдардаг байсан солонгос үндэстнүүд Оросын алс дорнодын бүс нутаг рүү чөлөөтэй шилжин суурьшиж байжээ. Барагцаагаар 1864 оноос өнөөгийн Оросын нутаг руу солонгосчууд их үзэгдэх болжээ. Тэд түлээ мод бэлтгэж, загасчилж байгаад төрөлх нутаг руугаа буцдаг байсан бол аажимдаа суурин байдлаар аж төрж эхэлжээ. XIX зууны сүүл үед өнөөгийнх шиг улс хооронд хатуу хилийн хяналт шалгалт байгаагүй гэдэг нь ойлгомжтой. XX зууны эхэн үед Япон улс Солонгосын хойгийг эзлэн түрэмгийлэх үед Солонгосын хойгоос цөөнгүй хүмүүс өнөөгийн Оросын газар нутаг руу дүрвэжээ. Ийнхүү солонгосчуудын орос руу чиглэсэн хоёр дахь давлагаа эхэлсэн байна. Хаант Оросын засгийн газар, дараа нь Зөвлөлт Оросын төрөөс дүрвэж ирсэн солонгосчуудад чиглэсэн тусгай бодлого хэрэгжүүлж байв. Зөвлөлт засгийн үед тэдэнд зориулан засаг захиргааны нэгж - өөртөө засах орон байгуулж өгч байв. Орост ирсэн солонгосчууд хоорондоо нэлээн нягт холбоотой байж, орос болон бусад үндэстнүүдтэй холилдохоос аль болох зайлсхийж байжээ. Солонгосчуудын тосгон бүрэлдэж, тэндээ солонгос хэлээр сургалт явуулдаг сургууль ажиллуулсан байна. Ийнхүү солонгосчууд оросын соёлын нөлөөнд орохгүй, харьцангуй тусгаарлагдмал байдалтай байгаа нь Зөвлөлтийн удирдлагуудад тийм ч сайны ёр гэж санагдаагүй байна. Иймээс XX зууны 30-аад оны үеэс Оросын алс дорнодын бүс нутагт амьдарч байгаа Солонгосчуудыг албадан тараах, нүүлгэн шилжүүлэх харгис гэмээр тусгай ажиллагааг хийжээ. Солонгосчуудыг хүчээр өнөөгийн Казахстан, Узбекистан, Тажикстан, Киргизстан болон оросын Уралын нурууны дагуух хотууд руу нүүлгэн шилжүүлжээ. Яг хичнээн солонгос хүмүүсийг хаашаа нүүлгэсэн тухай дэлгэрэнгүй мэдээлэл би энэ удаа бичихийг зорилгоо болгосонгүй. Ерөнхий ойлголт өгөхөд л хангалттай байх. Социалист нийгмийн үед алдаршиж чадсан солонгос хүмүүс цөөнгүй байв. Жишээ нь: Зөвлөлтийн алдарт дуучин Виктор Цой. Энэ солонгос гаралтай залуу орос хэлээр дуулж, хэдэн сая хүний шүтээн болж байв. Солонгосчууд маш ажилсаг хүмүүс. Тэднийг Казахстан, Узбекистан руу шилжүүлээд цагаан будааны тариалан эрхлүүлсэн юм. Солонгосчууд үнэхээр Зөвлөлт Холбоот Улсад цагаан будааны тариалангийн салбарыг хөл дээр нь босгож чадсан гэж хэлж болно. Зөвлөлт Холбоот Улс задарч, бүрэлдэхүүнд нь байсан өөртөө засах эрхтэй бүгд найрамдах улсууд тусгаар тогтнолоо зарласны дараа солонгосчууд аж төрж байгаа улсынхаа иргэн нь болжээ. Тэдний олонх нь  одоо төрөлх солонгос хэлээ мэдэхгүй. Өөрийнх нь нэр нь орос боловч ургийн овог нь солонгос. Жишээ нь: Виктор Цой, Владимир Ким, Анна Пак гэх мэт. Казахстанд хэдэн үеэрээ амьдарч ажиллаж байгаа солонгосчуудын ихэнх нь нутгийн уугуул иргэнтэй гэр бүл болжээ. Ийнхүү холимог гэр бүл бий болсон байна. Орос, Казахстанд "морковька по корейски" гэсэн хоолны хачир бий. Лууванг нарийн савхан хэлбэрээр хэрчиж, хар чинжүү гэх мэт халуун ногоогоор амтлаа хэсэг хугацааны турш дарна. Гэвч жинхэнэ БНСУ-д очвол солонгос маягийн лууван гэдэг хачир огт байхгүй. 
Алматы хотын дэлгүүрт ажиллаж байгаа тэр Казахстаны солонгос залуу ойролцоогоор 20-23 настай болов уу. Тэр намайг монгол гэдгийг сонсоод, "Би танай Улаанбаатарт 2019 онд Ковид цар тахлаас өмнө очиж байсан. Олон улсын тэмцээнд оролцох зорилгоор Улаанбаатарт ирж байсан" гэж хэлсэн юм. Би ч дэлгүүрээс ус ундаа аваад гарсан. Харин тэр казахстаны солонгос залуутай Instagram гэх мэт нийгмийн сүлжээгээр холбоо барих тухай бодсонгүй. Цөөн хэдэн хором боловч тэр залуутай танилцаж, харилцан мэдээлэл солилцох нь сонирхолтой байлаа. 
Хүнсний жижиг дэлгүүрээс гараад 20 орчим минут алхаж явсаар Казахстаны анхны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд ирлээ. 


Цэцэрлэгт хүрээлэнгийн гол хаалга нь баганатай юм. Бодвол ямар нэгэн бэлгэдэлтэй л байх. 

Цэцэрлэгт хүрээлэнгийн нөгөө талд нь миний алхаж ирсэн орчин үеийн орон сууцны хороолол, том машин зам, гүүрэн байгууламж бий. 


Цэцэрлэгт хүрээлэнгийн гол хаалга нь усан оргилууртай, цэцгийн мандалтай. Ер нь хүн амарч зугаалахад таатай орчин бүрдүүлэх гэж оролджээ.


Цэцэрлэгт хүрээлэнгийн гол хаалганы цаана анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын том хөшөөг олж харлаа.


Нурсултан Назарбаевын намтарыг интернэтээс хайж үзлээ. 1940 оны 7 дугаар сарын 6-нд Чемолган гэдэг жижиг сууринд төрсөн юм байна.  1957 онд ЕБС төгсжээ. Металл боловсруулах үйлдвэр Казахстанд шинээр барьж байгуулах гэж байгааг олж сонссон идэр насны залуу энэ чиглэлийн мэргэжил эзэмшихээр шийдсэн байна. 1960 онд хүссэн металлургийн мэргэжилтэн гэсэн дипломтой болжээ. 1962 оноос эхлээд ЗХУ задрах хүртэл Зөвлөлтийн Коммунист Намын гишүүн нь байв. Үйлдвэрт ажиллахын зэрэгцээ 1967 оноос намын олон нийтийн сонгуульд ажил хариуцдаг болов. 1979 оноос Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Казах Улсын Коммунист намын Төв Хорооны нарийн бичгийн даргаар томилогдсон байна. 1984 оноос 1989 оны хооронд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Казах Улсын Сайд нарын Зөвлөлийн даргаар ажиллажээ. Өөрөөр хэлбэл, орчин үеийн хэллэгээр ерөнхий сайд гэсэн үг.  Энэ албан тушаалыг авахдаа тэрбээр 44 настай байж. Тухайн үед ЗСБНХУ-ын хэмжээнд 44 насандаа ийм хэмжээний албан тушаалд хүрсэн хүн байсангүй.  1989 оноос 1991 оны хооронд ЗСБНХУ-ын Ардын их хурлын гишүүний сонгуульт ажлыг хийжээ. 1990 оны 4 дүгээр сард Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Казах Улсын Дээд Зөвлөл Ерөнхийлөгчийн албан тушаалыг бий болгох үед Нурсултан Назарбаев энэ албан тушаалыг давхар хаших болжээ. 1991 оны 12 дугаар сарын 16-нд Оросын бүрэлдэхүүнээс гарч тусгаар тогтносон бүгд найрамдах засаглалтай Казахстаныг тунхаглав. Нурсултан Назарбаев тусгаар тогтнолоо тунхагласан шинэ улсын анхны ерөнхийлөгч болжээ.


1995 оны 4 дүгээр сарын 29-нд Казахстан улсад бүх ард түмний санал асуулга (референдум) болж Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын бүрэн эрхийг 2000 он хүртэл сунгажээ.  1995 оны 8 дугаар сард Казахстан улсад Үндсэн Хуулийн референдум зохион байгуулж шинэ Үндсэн Хууль баталжээ. Шинэ Үндсэн Хуулиар тус улсад Ерөнхийлөгчийн эрх мэдлийг өргөжүүлж, хоёр танхимтай парламентыг байгуулжээ. Казахстаны "Үндсэн Хуулийн Цэц"-ийг татан буулгаж, үүний оронд "Үндсэн Хуулийн Зөвлөл" байгуулжээ. Учир нь "Үндсэн Хуулийн Цэц" нь 1995 оны Үндсэн Хуулийн төслийг шүүмжилж байсан аж. 1995 оны 12 дугаар сард Казахстан Улсад парламентын сонгууль болоход Ерөнхийлөгчийг дэмждэг нам олонх болжээ. Олон улсын ажиглагчид сонгууль шударга болоогүй гэж мэдэгдэж байв. Сонгуулийн дараа 1995 оны 12 дугаар сард Ерөнхийлөгч Назарбаев ерөнхийлөгчийн бүрэн эрхийг нэмэгдүүлж байгаа тухай зарлиг гаргажээ. Үүний дагуу Ерөнхийлөгч өөрийнхөө үзэмжээр парламентыг тараах, парламентын сонгууль зарлах, парламентаас гаргасан ямар ч хуулийг хүчингүйд тооцох эрх олж авчээ. 1999 оны 10 дугаар сард Нурсултан Назарбаев Үндсэн Хуульд өөрчлөлт оруулжээ. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг 5 жил байсныг нь 7 жил болгож сунгажээ. Ер нь Казахстанд 7 гэсэн тоонд их дуртай юм билээ. Ингээд 1999 оны 1 дүгээр сарын 10-нд Ерөнхийлөгчийн сонгуулийг товлов. Казахстаны сонгуулийн ерөнхий хороо Назарбаев 79.78 хувийн санал авч  ялалт байгууллаа гэж зарлав. Олон улсын ажиглагчид Казахстанд ирж сонгуулийн ажиглагчаар ажиллахаас татгалзаж байсан юм. Учир нь энэ сонгууль шударга биш гэж шууд мэдэгджээ. 1999 оны 2 дугаар сард "Отан"  (Эрх мэдлийн нам) улс төрийн нам байгуулагдав. Энэ намд Ерөнхийлөгчийг дэмждэг жижиг намууд нэгджээ. 2005 оны 12 дугаар сарын 4-нд Назарбаев дахин сонгуульд 91.15 хувийн саналаар үнэмлэхүй ялалт байгуулж, Ерөнхийлөгчийн албан тушаалд дахин 7 жил ажиллах эрх олж авав. 2006 онд Казахстаны "Иргэний нам", "Хөдөө аж ахуйн нам", "Асар" зэрэг намууд "Отан" намд нэгджээ. "Отан" нам  "Нур Отан" гэж нэрээ өөрчлөв. Ингэснээр тус нам Казахстанд хамгийн том нь болж чадав.  Тус намын гишүүний тоо 1 сая давсан байна. 2007 онд Нурсултан Назарбаев парлементын ээлжит бус сонгууль зарлав. 2007 оны 8 дугаар сард болсон сонгуульд "Нур Отан" нам 88.05 хувийн саналаар ялалт байгуулав. Казахстаны парламент дахь цор ганц нам нь "Нур Отан" болох нь энэ. 2007 онд Казахстан улс Үндсэн Хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж, Ерөнхийөгчийн албан тушаалд нэг хүн хэдэн ч удаа нэр дэвшиж өрсөлдөх эрхтэй болов.  2010 оны 6 дугаар сарын 15-нд Нурсултан Назарбаевт "Елбасы" гэсэн цол олгожээ. 


2010 оны 12 дугаар сарын 23-нд зохион байгуулагдсан олон нийтийн хэлэлцүүлгийн үеэр Нурсултан Назарбаевын бүрэн эрхийг 2020 он хүртэл сунгах тухай санал гарч байв. Гэвч Нурсултан Назарбаев энэ саналыг дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн юм. Гэвч парламент дээр энэ хуулийн төсөл батлагдсан байна. Харин Үндсэн Хуулийн Зөвлөл дээрх хуулийг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзжээ. Назарбаев ч Үндсэн Хуулийн Зөвлөлийн дүгнэлттэй ижил байр суурьтай байгаагаа хэлсэн байна. 2012 оны 1 дүгээр сарын 13-нд Нурсултан Назарбаев ард түмэндээ хандаж үг хэлэхдээ Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль зохион байгуулах хэрэгтэй болжээ гэж мэдэгдсэн байна. 2011 оны 4 дүгээр сарын 3-нд Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуууль болж Нурсултан Назарбаев 4 дэхь удаагаа ялалт байгуулав. Нийт сонгочдын 95.5 хувь нь түүнийг дэмжжээ.  Олон улсын ажиглагчид сонгууль шударга болоогүй гэж мэдэгдсэн байна. Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль 2015 оны 4 дүгээр сард болов. Энэ удаа Назарбаев 97.75 хувийн санал авч ялалт байгуулав. 2019 оны 3 дугаар сарын 19-нд Нурсултан Назарбаев өөрийн хүсэлтээр Ерөнхийлөгчийн албан тушаалаа орхих зарлигт гарын үсэг зуржээ. 2019 оны 3 дугаар сарын 20-с эхлэн тэр Ерөнхийлөгчөөр ажиллахгүй гэдгээ зарлажээ. "Би Ерөнхийлөгчийн бүрэн эрхээс өөрийн хүсэлтээр татгалзаж байна. Би энэ албан тушаалд 30 ажиллалаа. Тусгаар тогтносон Казахтсаны анхны ерөнхийлөгч байх боломжийг ард түмэнд надад олгосон." гэж цохон тэмдэглэж байжээ.  Казахстаны Үндсэн Хуулийн дагуу Ерөнхийлөгчийн үүргийг Парламентын сенатын танхимын дарга Касым Жомарт Токаев биелүүлэх болжээ. Нурсултан Назарбаев Казахстаны ард түмний Ассамблейн дарга, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн тэргүүн, Казахстаны Үндсэн Хуулийн Зөвлөлийн гишүүн, "Нур Отан" намын дарга гэсэн албан тушаалыг өөртөө авч үлдсэн байна.


Нурсултан Назарбаев албан тушаалаа орхиод "Анхны Ерөнхийлөгчийн Фонд" байгуулж олон нийтийн ажил хийж эхэлжээ. Залуучуудад зориулсан тэтгэлэг зарлаж, ЕБС-ийн сургуулийн сурагчдад зориулсан хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн байна. Цар тахлын үед Нурсултан Назарбаевын байгуулсан "Анхны Ерөнхийлөгчийн Фонд" нь 2.3 сая иргэнд хүнсний тусламж үзүүлжээ. Мөн сурагчдад алсын зайн сургалт явуулахад нь дэмжлэг үзүүлсэн байна. Эмнэлгийн ажилтнуудад ч тусламж өгч байжээ. 2022 оны 1 дүгээр сард Нурсултан Назарбаев "Нур Отан" намын даргын ажлаа орхисон байна. 

2023 оны 1 дүгээр сард Казахстаны анхны Ерөнхийлөгч -Елбасы статусын тухай хуулийг хүчингүй болгожээ.  Казахстанд Нурсултан Назарбаевын тухай ном, кино бүтээж байсан бол хэд хэдэн хөшөө бий. Нурсултан Назарбаев 1998 онд  Казахстаны шинэ нийслэл байгуулах санаачилга гаргаж байв. 1998 оноос Казахстаны нийслэл нь Астана болсон юм. Нурсултан Назарбаев бол Казахстаны орчин үеийн түүхэнд нэрээ мөнхөлж чадсан гарамгай улс төрч гэдэг нь маргаангүй. Зарим нь түүнийг дарангуйлагч гэж үзэн яддаг. Түүнийг дэмждэг хүмүүс ч бий. Гэхдээ их хүмүүнийг эгэл хүн шүүдэггүй гэдэг.  Олон жилийн дараа түүнийг ард түмэн нь хэрхэн үнэлэх нь л надад сонирхолтой санагдаж байна. Казахстаны анхны ерөнхийлөгчийн нэрэмжит энэ цэцэрлэгт хүрээнд нэлээн удаа алхав. Замдаа хэд хэдэн зураг дарсан. 


Алматы хотын өмнөд хэсэгт төв азийн бүс нутгийн алдарт Тэнгэр (Тянь Шань) нурууны хойд хэсгийн салаа Заилийн Алату хэмээх мөнх цас уул бий. 



Казахстаны анхны Ерөнхийлөгчийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн үзэж дуусаад дараа нь Алматы хотын "Арбат" гудамжинд очиж хооллов.



Алматы хотын "Арбат" гудамжинд маш олон ресторан, жижиг дэлгүүрүүд бий. Мөн энд залуучууд ирж дуулж бүжиглэдэг.


Хоолны дараа Алматы хотын метроны өртөө рүү орлоо. Алматы хотод 2011 оны 12 дугаар сарын 1-нд метро ажиллаж эхэлжээ. Метроны сүлжээ нь 13.4 км. Одоохондоо зөвхөн ганцхан чиглэлд метро үйлчилдэг бөгөөд А шугам гэж нэрлэжээ. Нийтдээ 11 зогсоолтой.  Метроны галт тэрэгний хөдөлгөөн өглөө 06:20 цагт эхэлж, орой 00:00 цаг зогсдог байна. 


Метрогоор зорчих тасалбарын үнэ: 120 тенгэ. Метроны өртөө рүү ороод кассанд очиж жеттон худалдаж авна.


Орчин үеийн гал тэрэг метроны сүлжээндээ ашигладаг юм билээ. 






Алматы хотод "Москва" гэдэг метроны өртөө байхаар нь сонирхоод очлоо. Метроны өртөөнөөс гармагц "Москва" гэсэн худалдааны төвийг олж харав.


Худалдааны төвд хүнс, хувцас, бичиг хэрэг, номын дэлгүүрийн байв. Казахстан цагаан толгойн үсэгтэй бага ангийн сурагчийн дэвтэр.  


Кирилл цагаан толгойн үсэгт суурилж зохисон Казахын үсгийн дараалал. Нийтдээ 42 үсэгтэй. Кирилл цагаан толгойд суурилж зохиосон монгол үсэгтэй харьцуулаад үзээрэй.  Нэмэлт үсэг бий. 


Москва худалдааны төвийг сонирхож дуусаад буудал руугаа буцав. Ийнхүү бүтэн өдөржин Алматы хотоор тэнэв. Маргааш Алматы хотод байх сүүлийн өдөр. Хоёр жилийн өмнө Тайландын Пхукет арал дээр аялж явахдаа танилцсан казах залуутай уулзна. Энэ уулзалтын тухай дараа бичье. 

No comments: