Аялж яваа хүн очсон газрынхаа шөнийн цэнгээний газар, клубээр нь орох нь ойлгомжтой шд. Зочид буудалдаа ирж шүршүүрт орчихоод goole map ашиглаж орж болохоор бар, шөнийн цэнгээний газар хайв. Ердийн нэг шөнийн цэнгээний газар миний сонирхлыг нээх их татахгүй. Харин "ангийнханд ээлтэй" газар олох нь миний гол зорилго. Казахстанд манай ангийн ижил олон сүрэг маань нэлээн нуугдмал байдалтай байдаг. Тийм учраас зорилтот бүлэг рүү чиглэсэн үйлчилгээ явуулдаг газрууд нь ил тод биш. Хэрвээ казах, эсвэл орос хэл мэддэг бол нутгийн улсуудтай холбоо тогтоож, тэднээс очих газрынхаа тухай мэдээлэл авч болно. Зочид буудлаасаа гараад алхаж явсаар нэг шөнийн клуб рүү очив. AI ашиглан мэдээлэл хайж, дараа нь google map ашиглаж тухайн газар очсон боловч олигтой газар биш байлаа. Хажуугийн байшинд нь "Пивной магазин" гэсэн онгорхой хаалга байхаар нь шагайтал нэг булиа казах залуу ганцаараа зогсож байв.
-Энд клуб байдаг уу? гэж асуув.
-Энд клуб бишээ. Харин тэр бол клуб гэж нөгөө зэргэлдээх байшингаа заав.
-Тийшээ ороход такстай юм уу?
-Тийм гэж бодож байна. Чи өөрөө очоод асуу. Гэхдээ одоо ч хүнгүй шахуу л байгаа даа.
-Хүн багатай бол би орохгүй ээ. Харин энд юу байдаг юм бэ?
-Склад гэж хариулав.
-Шар айрагны дэлгүүр биш юм уу?
-Байсан юмоо
Ийм товч ярианы дараа би тэндээс гарч дахин үдшийн Алматы хотын гудамжаар явган зугаалгаа үргэлжлүүлэв. Бараг 30 орчим минут алхаад "Черника" гэсэн хаягтай олж харлаа. Сонирхол татаад яваад орлоо. Гэтэл "Пивной магазин" гэсэн онгорхой хаалгаар явж ороход уулзсан булиа залуу хамгаалагчаар нь зосгож байв. Би бүүр мэл гайхав.
-Хүүе, яахаараа та энд байж байдаг билээ? гэж би асуув. Тэр маш тайвнаар:
-Би хаа сайгүй ажилладаг гэж хариулав.
-Яаж ийм хурдан та энд ирдэг байна аа?
-Би алхсан.
-Би ч мөн адил. Гэхдээ та дөт замаар ирсэн бололтой. Арай намайг дагасан юм биш биз?
-Яалаа гэж...
Ингээд тэр надад ямар нэгэн хориотой зүйл байгаа эсэхийг шалгаж үзээд клуб рүү оруулав. Энэ шөнийн цэнгээний газрын хаяг нь: улица Панфилова 92. Алмалинский район Алматы. Хотын төвд байдаг энэ газар бол "манай ангийнханд ээлтэй" газар. Ажиллах хуваарь нь 23:00-06:00 цагийн хооронд.
Намайг очих үед бараг хүн байсангүй. Би баарны текэн дээр суув. Бармен, зөөгч гэсэн хоёр залуухан бүсгүй л байлаа. Би тейкний ард суугаад юу захиалахаа шийдэж ядан менюг нь судлав. Орон нутгийн задгай шар айраг дажгүй байж магадгүй гэж бодов. Гэтэл баарны текний тавцан дээгүүр "шар костюмтой залуу" гэдэг хочтой жоом гүйхийг олж харав. Нээрээ сүүлийн хэдэн жил жоом хараагүй юм байна. За энд жоом гүйсэн бохирдуухан л газар юм байна даа гэсэн бодол төрөв. Уг нь задгай шар айраг уух хүсэл замхарлаа. Учир нь задгай шар айрагийг 0.5 литрийн эзэлхүүнтэй шилэн аяганд хийж өгнө. Гэтэл дээгүүр нь жоом гүйсэн байх магадлалтай. (Шар айраг уухад зориулсан шилэн сав суулгыг "кружка" гэж оросоор нэрлэдэг. Гэхдээ монголчууд "грүүшиг" гэж сунжруулж дуудаад даджээ.) За ингээд лонхтой эсвэл лаазтай шар айраг уусан нь дээр юм байна гэсэн дүгнэлт гялс хийв.
Шар айраг шимэнгээ "Черника" клубын дотоод засал чимэглэлийг ажив. Зөвшөөрөл аваад энэ блогтоо зориулж хэдэн зураг дарав.
Уг нь гей клуб нь нутгийн хүмүүстэй танилцаж, ярьж хөөрөлдөх хүсэл их байсан ч хүмүүс орж ирсэнгүй. Бармен бүсгүйтэй хэдэн үг солилцов. Ер нь Казахстанд ЛГБТ хүмүүс нэлээн нуугдмал байдаг. Нийгэм тэднийг хүлээн зөвшөөрдөггүй. Гэхдээ ЛГБТ хүмүүс Казахстанд нийгмийн сүлжээ, шууд амьд харилцаагаар бие биенээ олж уулзаж, найзалж нөхөрлөдөг байна. "Черника" хэмээх энэ клуб ЛГБТ хүмүүст найрсаг гэх боловч үүнийг илтгэл ямар ч туг далбаа, бэлгэдэл байсангүй.
Хэсэг хугацааны дараа клубт хоёр залуу орж ирэв. Тэд шар айраг захиалаад булангийн ширээн дээр тухлав. Бас нэг залуу орж ирээд шар айраг захиалаад утсаа ухаад нам жим суув.
Шөнийн 01:00 цаг болж байхад би клубээс гарч явлаа. Зочид буудал руугаа явах замдаа Оросын үнэн алдартны шашны энэхүү чогчин дуганыг олж харав. Харанхуй шөнө гэрэлтүүлэхээр үзэсгэлэнтэй харагдах юм аа.







1 comment:
Dutuu orchij
Post a Comment