Нэлээн удаан төлөвлөж байгаад Казахстан улсад аялав. Манай "Хүннү Эйр" компани Алматы хот руу шууд нислэг хийгээд удаж байгаа. "Хүннү Эйр" компани Бразил улсад үйлдвэрлэсэн Embraer Е195-Е2 загварын агаарын хөлөгтэй болоод удаагүй байгаа. Ингээд энэ шинэ агаарын хөлөгт суугаад Улаанбаатар хотоос Алматы хотыг зорив.
Миний захиалсан зочид буудал ганц хүний л багтаамжтай жижиг тасалгаатай капсул байв.
Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн байрладаг капсул нь тусдаа. Мөн зочин бүрд тусдаа шүүгээтэй. Энэ шүүгээнд ямар ч байсан том хэмжээтэй чемодан багтах юм билээ.
Энэ зочид буудалд угаалгын өрөөтэй. Угаалгын машин, хувцас хатаагчийг үнэ төлбөргүй ашиглаж болно.
Зочид буудлын төлбөрт нь өглөөний цайтай. Иймд өглөөний цайнд хэд хэдэн хоол санал болгож байна. Цэснээс нь хараад аль нэгийг нь сонгож болно.
Зочид буудал BOOKING.COM дээр үнэлгээ сайтай байсан. Зочид буудлын өрөөгөө авч, шүршүүрт орчихоод Алматы хотод ажиллаж амьдардаг танил залуугийнхаа гэр бүлтэй уулзахаар болов. Тэр залуу Монголын Баян-Өлгий аймгийнх. Одоо эхнэртэйгээ хамт Алматы хотод суурьшаад 10 орчим жил болжээ. Алматы хотын өмнөд хэсэг байдаг уулын бэлд очив. Энд ресторан, амралтын газар ажиллаж байна. Монголын Баян-Өлгий аймгаас Казахстанд нүүж ирсэн гэр бүл уг амралтын газар, рестораныг ажиллуулдаг байна. Уулын бэлд байдаг энэ амралтын газрын хашаанд алим, чавганы мод ургажээ. Алим модноос нь тасдаж идэж үзлээ. Бага зэрэг исгэлэн алим байв.
Энд казах хоол идэв. Амттай байсан. Надтай уулзсан танилуудтайгаа ахуй амьдрал, оюутан үеийн дурсамжаа ярилцав. Бас Монголын сонин сайхнаас хуучлав. Тэд Монгол Улсад төрж өссөн учраас Монголд, Улаанбаатарт юу болж байгааг сонирхдог юм байна. Улаанбаатараас хүн ирсэн бол уулзаж, хуучлахаас хэзээ ч татгалздаггүй аж.
Эндээс холгүй мөсөн талбай, уулын орой руу гардаг дүүжин тээвэр, ресторан ажилладаг юм байна.
Үдэш болсон хойно бид Алматы хотын төв рүү буцав. Тэд намайг машинаараа зочид буудалд хүргэж өгөв.
Гурван цагийн зөрүү гэдэг бас мэдрэгдэж байна. Хотын төвөөр нь хэсэг алхаж байгаад буцаж буудалдаа ирэв. Ийм байдалтай Алматы хотын аяллын эхний өдөр минь өнгөрлөө. Маргааш эрт сэрнэ гэсэн зорилго тавиад унтлаа.




































No comments:
Post a Comment