Амьдралын тойрог

2025-09-16

Казахстан улсад: 2 дугаар хэсэг. Нэг өдөрт хоёр музей

Миний буусан зочид буудалд хэд хэдэн солонгосчууд буужээ. Яг миний эсрэг талын өрөөнд цэвэрхэн цагаан царайтай солонгос залуу байв. Түүнтэй  өмнөх орой нь шүршүүрт таарсан бөгөөд энэ удаа өглөөний цайгаа уухдаа дахин тааралдав. Өглөөний цайгаа уугаад Алматы хотын төвөөр алхав.  Алматы хотын тухай мэдэх юм надад ер нь байхгүй. Ингээд интернэтийн сүлжээ ухаж хотын тухай албан ёсны мэдээлэл хайж уншив. Би гадаадын аль нэгэн улс, хотод очсон тухай аяллын тэмдэглэлдээ заавал албан ёсны мэдээлэл оруулдаг гэдгийг миний блогийн үнэнч уншигч нар мэднэ. Уламжлал дагуу Казахстан улс, Алматы хотын тухай товч мэдээлэл сийрүүлье. 

Казахстан бол төвийн Азийн орон. 2025 оны байдлаар хүн амын тоо нь 20 сая орчим. Орос, Хятад, Киргизстан, Узбекистан, Туркменистан улстай хиллэдэг. Газар нутаг нь дорноос өрнө тийш 2963 км, хойноос урагш 1652 км сунаж тогтжээ. Далайд гарцгүй боловч Каспийн тэнгис, Аралын тэнгистэй.  Засаг захиргааны хувьд 17 мужид хуваагддаг. Хамгийн том гурван хот нь: Астана, Алматы, Шымкент. Орос улс 2050 он хүртэл түрээсээр эзэмшиж байгаа Байконур хэмээх тусгай статустай хот бий. Казахстан улсын хүн амын 70 гаруй хувь нь казах, 15 хувь нь орос, 3 хувь нь узбек, 2 хувь нь украин, 1 хувь нь уйгар, 1 хувь нь немец, 1 хувь нь татар үндэстэн юм байна. Өөрөөр хэлбэл, Казахстан бол олон үндэстний улс. Хүн амын 69 хувь мусульман, 17 хувь үнэн алдартны шашинтай. Казахстан улсын төрийн албан ёсны хэл: казах хэл. Гэхдээ орос хэлийг ахуйн түвшинд өргөн ашигладаг. Орос хэл мэддэг бол Казахстанд алзахгүй гэсэн үг. Казахстан улс байгалийн баялаг ихтэй. Менделеевийн химийн элементийн үелэх системд байдаг бүх бодис Казахстаны газрын хэвлийд бий. Гэхдээ эдийн засагт нь хамгийн том нөлөөтэй нь газрын тосны олборлолт. Тенгиз, Кашаган, Карачаганак гэсэн газрын тосны томоохон ордууд бий. Казахстан улс уран олборлолтоороо дэлхийд тэргүүлдэг. Казахстанд уурын амьсгал нь эх газрын эрс тэс. Зун дулаан бол өвөл хүйтэн. 

Орчин үеийн Казахстан улсын газар нутагт хүн амьдарч байсан ул мөр палеолитийн үеийнх гэж эрдэмтэд тооцоолдог байна. Неолитийн үед энд аж төрж байсан хүмүүс мал аж ахуй эрхэлж байжээ. Мөн өнөөгийн Казахстан нь эртний худалдааны "Торгоны зам"-ын чухал хэсэг байв. VI зууны хоёрдугаар хагаст Түрэгийн хаант улс (Тюркский каганат) орчин үеийн Казахтсаны газар нутаг дээр оршин тогтнож байсан гэдэг. XIII зууны эхээр орчин үеийн Казахстаны баруун болон хойд хэсэг нь Чингис хааны ууган хүү Зүчийн мэдэлд шилжжээ. Энэ нь Алтан Ордын улсын зүүн жигүүр нь болж байв. Харин өнөөгийн Казахстаны өмнөд хэсэг нь түүний дүү Цагаадайн улсын эзэмшил нь болж байв.  XV зууны дундуур Зүчийн улс задарч, эзэмшил газар дээр нь хэд хэдэн бие даасан хант улсууд бий болсны нэг нь Казахын хант улс юм. XVI зууны дунд үе гэхэд оршин суугчид нь өөрсдийгөө казах гэж  нэрлэх болжээ. 

XVII зууны эхэн үед Казахын хант улс нь дотоод зөрчлийн үр дүнд том жуз, дунд жуз, бага жуз гэсэн гурван хэсэгт хуваагджээ. Улмаар XVII зууны турш казахууд монголын баруун нутагт оршин суудаг Ойрадууд, Зүүнгарын хант улстай тулалдаж байв. XVIII зууны эхээр Казахын хант улс сэргэн мандлынхаа үед шилжжээ. Бага жуз нь 1723-1730 онуудад  Зүүн гарын хаант улсын эсрэг дайнд оролцжээ. 1726 онд Абулхаир ханы удирдлага доор казахууд Булант голын эрэг дээр Зүүнгарын хант улсын цэргүүдийг бут ниргэсэн бол 1729 онд Анракае голын эрэгт болсон тулаанд ялалт байгуулжээ. 1711 онд төрсөн Казахын удирдагч Абылай хан Зүүнгарын хант улсын эсрэг тулаанд гарамгай амжилт гаргасан тул ард түмний түүнд "баатар" гэж үнэлэгдэх болжээ. Казахстаны гурван жуз нь түүнийг бүгд үндэсний баатар, хаан гэж хүлээн зөвшөөрдөг.  Абылай хан бол монголчуудын байгуулсан Алтан Ордын улсын Барак хааны удмын хүн юм.

XVIII зууны нэгдүгээр хагаст Оросын эзэн улсын цэргүүд өнөөгийн Казахстаны зах хязгаар нутагт ирж хамгаалалтын цайз, бэхлэлт байгуулж эхэлжээ. XVIII зууны нэгдүгээр хагаст Орос орны төрийн сэнтийд Елизавета Петровна заларч байх үед Оросууд Иртыш мөрөн, Омск, Семипалатинск, Павлодар, Оренбург зэрэг газруудад бэхлэлтээ нэмэгдүүлсэн байна. Учир нь казахуудын хойд зүг рүү нүүхийг хязгаарлах зорилготой байжээ. 1755 онд Зүүнгарын хант улс мөхсөний дараа казахуудын хойд зүг рүү нүүх шилжилт эрчимжсэн байна. XVIII зууны сүүлээр Орос оронд Пугачёвын бослого гарахыг далимдуулан казах үндэстнүүд оросын Волга мөр орчмын немецүүдийн суурин руу ч нөлөөгөө нэмэгдүүлжээ. XIX зуунд Оросын эзэнт гүрэн Дундад Азид нөлөөгөө тэлэх бодлого хэрэгжүүлжээ. 1822 онд "Сибирийн киргизүүдийн тухай дүрэм" баримт бичгийг Оросууд баталж, өнөөгийн Казахын нутагт байгаа хааныг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ тунхаглажээ. 1837-1847 онуудад казахууд өөрсдийн хааны байр суурийг сэргээх гэж бослого гаргаж байсан ч амжилт олоогүй юм. Энэ бослогыг түүхэнд Кенесары Касымовын бослого гэж нэрлэжээ. 1890 оноос эхлэн маш олон тооны славян, орос үндэстнүүд өнөөгийн Казахстаны нутаг руу нүүж ирсэн байна. 1906 онд Оросын Оренбург хотоос Узбекийн Ташкент руу чиглэсэн төмөр замыг казахын нутгаар дамнуулан барих төсөл эхэлжээ. Энэ он жилүүдэд өнөөгийн Казахстаны нутагт шилжсэн ирсэн оросуудын тоо бүр ч их болов.  

Оросын эзэнт улсын нийслэл Санкт-Петербург хотод "Цагаачлалыг удирдах газар" байгуулагдаж, Сибирь, Дундад Ази рүү шилжин суухыг дэмжсэн ажиллагаа явуулж байв. 1917 онд Орос улсад Октябрийн хувьсгал гарсны дараа (Тухайн үед казахуудыг Орост киргизүүд гэж нэрлэж байв.) өнөөгийн казахын нутагт Алашийн өөртөө засах орон байгуулагджээ. Дараа нь 1919 онд Киргизийн хязгаар гэж нэрлээд, улмаар 1920 онд Зөвлөлт Социалист Киргизийн өөртөө засах орон гэж байгуулжээ. 1925 онд нэрийг нь Зөвлөлт Социалист Казахын өөртөө засах орон гэж өөрчилжээ. Нийслэл нь Кзыл-Орду хот байв. 1927 оноос нийслэл нь Алма-Ата хот болжээ. XX зууны 30-аад оны үед Москвад төвтэй Зөвлөлт Холбоот Улсын төрийн бодлогын уршигаар Казахын нутагт өлсгөлөн болж, мөн олон мянган хүнийг хэлмэгдүүлж байжээ.  1936 оны 12 дугаар сарын 5-нд Зөвлөлт Социалист Казахын Бүгд Найрамдах Улс (ЗСКБНУ) гэж нэрлэгдэх болов. Ингэснээр Зөвлөлт Холбоот Улсын бүрэн эрхт нэг гишүүн болжээ.  Тухайн үед Зөвлөлт Социалист Киргизийн Бүгд Найрамдах Улс тусдаа байгуулагдсан байв. Энэ үеэс ЗСКБНУ-д аж үйлдвэржилт, байгалийн баялагийн олборлолт эрчимжсэн байна. ЗХУ цөмийн зэвсгийн туршилт хийх талбараар өнөөгийн Казахстаны Семипалатинск хэмээх газрыг сонгожээ. 1949 онд Зөвлөлтийн анхны цөмийн бөмбөгийн туршилтыг тус талбарт хийжээ. 1989 оныг хүртэл Семипалатинскийн талбарт олон удаа цөмийн зэвсгийн туршилт хийсэн бөгөөд, хүрээлэн байгаа орчимд хор хохирол учруулсан юм. 1950 оны дунд үеэс ЗХУ-ын Засгийн Газрын шийдвэрээр өнөөгийн Казахстаны нутагт Байконур сансрын буудлыг байгуулжээ. 1957 оны 10 дугаар сарын 4-нд Байконурын сансрын буудлаас дэлхийн анхны хиймэл дагуулыг хөөргөж байв. Дараа нь 1961 оны 4 дүгээр сарын 21-нд Зөвлөлтийн сансрын нисэгч Юрий Гагарин Байконурын сансрын буудлаас хөөрч байв. 

1991 оны 12 дугаар сарын 16-нд Казахстан нь тусгаар тогтнолоо зарлаж тусгаар улс болсон юм. Казахстаны анхны Ерөнхийлөгч нь Нурсултан Назарбаев хэд хэдэн удаа сонгуульд үнэмлэхгүй ялалт байгуулж, бараг 30 жил төрийн эрх барьсан юм. 2019 онд Нурсултан Назарбаев Ерөнхийлөгчийн албан тушаалаас буужээ. 1997 онд Казахстан улс Акмолу хэмээх жижиг хотыг нийслэл болгон, 1998 оноос Астана гэж нэрийг нь өөрчилжээ. Товчхондоо Казахстаны тухай иймэрхүү. Харин Алматы хотын тухай хэдэн үг бичье. Алма гэдэг нь алим гэсэн утгатай. Харин Ата гэдэг нь өвөө гэсэн үг аж. Өөрөөр хэлбэл, Алматы хотыг Алимны өвөө гэж орчуулж болно. Сүүлийн үед хотын нэрийг Алматы гэж бичдэг болжээ. 2005 оны байдлаар Алматы хотод 2 сая хүн аж төрж байна. Уг нь бол анх хотын төлөвлөлтийг хийхдээ 400 мянган хүнтэй байна гэж төсөөлж байжээ. 

Өнөөгийн Алматы хот байгаа газар нь дундад зууны сүүл үед энэ газар Түрэг, Монголын нүүдэлчдийн түр буудалдаг байжээ. 1854 онд Заилий гэж нэрлээд 1867 оноос  Верный гэж орос нэр бодож олжээ.  1921 онд Алма-Ата гэж нэрлэдэг болжээ. Казахстан улс латин цагаан толгойг хэрэглэдэг болсноор Алматы гэж бичдэг болсон байна. Алматы хотын дундуур Их Алматинка, бага Алматинка гэсэн хоёр гол урсдаг бөгөөд Есентай, Ремизовка, Жарбулак, Карасу цутгалантай. Энэ бүх голын ус нь Балхаш нуурт цутгадаг. Алматы хотын өмнө хэсэг нь мөнх цаст уултай өндөр уултай. Алматы хотын агаар нь тийм ч цэвэр биш. Хотын дээгүүр байнга утаа суунаглаж байдаг. Гэхдээ утаа суунаглаж байгаа нь өндөр уулнаас л ажиглагддаг юм билээ.  2025 оны 8 дугаар сарын 6. Өглөөний 9:30 минут. Алматы хотын төвөөр зугаалж явахдаа энэ хөшөөг олж харав. Төгөлдөр хуурын хажууд зогсоод дуулж байгаа энэ хүнийг Ермек Серкебаев гэдэг юм байна. Хөшөөг нь сүндэрлүүлсэн байхыг бодоход алдартай хүн бололтой.  Улаанбаатарт ирсэн хойноо google-ээс энэ хүний тухай мэдээллийг хайв. 1926 онд төрсөн, 1937 оноос хойш Алматы хотод амьдарчээ. Залуудаа радиогийн нэвтрүүлэгчээр ажиллаж байгаад, дараа нь дуурийн дуучин болсон юм байна.


Дуурийн дуучныхаа ажил мэргэжлийн ачаар Пакистан, Румын, Франц, Энэтхэг, Хятад, Бельги, Индонез, Швейцарь, Швед, Финлянд, Куба зэрэг орнуудад аялан тоглолт хийж байжээ. 1973 оноос энэ хүн Алматы хотын хөгжмийн сургуульд багшаар ажиллаж, олон шавьтай болжээ. Түүний авьяас, ур чадвар, хөдөлмөр зүтгэлийг үнэлж олон удаа төрийн одонгоор шагнасан юм билээ.



Алматы хотын төвөөр зугаалж явахдаа Эйфелийн цамхгийн дуураймлыг нь олж харсан юм.
     
Дараа нь Казахстан улсын үндэсний төв музей үзэв. Сүрлэг том барилгатай том музей байлаа. 


Музейн тасалбар нь гадаадын иргэн 5000 тенгэ  байлаа. 


1920 онд анх байгуулагдахдаа "Орон нутаг судлалын музей" гэсэн нэртэй байжээ. 1985 онд одоо байгаа барилгад музей нүүж оржээ. Казахын үндэсний уран барилгын хэв шинжийг агуулсан энэ барилга 3 давхар бөгөөд нийтдээ үзмэрийн 6 танхимтай. Энэ музейд 30 000 орчим үзмэр хадгалагдаж байна гэж танилцуулгад нь бичсэн байв. 



Эхний танхим нь археологи ба палеонтологийн үзмэртэй байв. Хоёрдугаар танхим нь угсаатны зүйн түүхтэй холбоотой эд өлгийн зүйл дэлгэн тавьжээ.  Харин гуравдугаар танхим нь Казахстан улсын түүхийг өгүүлсэн үзмэртэй. Энд Казахстаны бүх хаадын нэр, удам угсааны тухай дэлгэрэнгүй мэдээлэл олж харлаа. 



Дөрөвдүгээр танхим нь орчин үеийн Казахстан улсын тухай байв. Энд Казахстан улс тусгаар тогтнолоо зарласан үеэс эхлээд, шинэ Үндсэн Хууль, төрийн бэлгэдэл, анхны ерөнхийлөгч Назарбаевын ажил үйлс, Казахстан улсын олон улс дахь байр суурийг харуулсан үзмэр байв. Тус музейн 5 дугаар танхимд нь Казахстаны газар нутгаас олдсон эртний алтан эдлэлийг харуулсан үзмэр байв. Харин зургаадугаар танхим нь антропологитой холбоотой үзмэртэй. 








Музейд хоёр цагийн өнгөрүүлэв. Дараа нь хотын төвөөр явган аяллаа үргэлжлүүлэв. 




Дараа нь Алматы хотын түүхийн музей рүү алхав. Алматы хотын музей 2001 онд нээгджээ.  Тус музей байрлаж байгаа барилга маш эртнийх бөгөөд 1892 онд баригджээ. Тус барилгад хүүхдийн асрамжийн газар ажиллаж байсан гэнэ. Зөвлөлт засгийн үед тус байшинд Казахын өөртөө засах орны Ардын комиссаруудын газар, улсын төлөвлөгөөний комисс зэрэг байжээ. Хожим халдвартын эмнэлэг, 1981 оноос 2016 оны хооронд анагаахын коллеж хичээллэж байжээ. Дараа нь Алматы хотын музей энэ барилгад нүүж иржээ. 
Музей рүү орох гол хаалга нь алимны хэлбэртэй байгаа биз. Энэ музейд 40000 орчим үзмэртэй. 


Энэ музейд Алматы хотын түүх, оршин суугчдын ахуй амьдралдаа эдэлж хэрэглэж байсан зүйлс, Алматы хотод социализмын үед үйлдвэрлэж байсан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний баглаа боодол зэргийг байрлуулсан байлаа.  Жишээ нь доорх зурагт шоколад, чихрийн цуглуулгын баглаа боодол байна.




Ийм панзан гитар, радио хүлээн авагч ХХ зууны 60-70 аад оны үед Казахстан гэлтгүй, Монголд ч залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэхэд нь тусалдаг эд байсан даа. 




Доорх зурагт байгаа зурагт, пянз тоглуулагч, радио хүлээн авагч бол ХХ зууны 30-аад оны үеийнх. 












Музейн хамгийн сүүлийн танхимд нь 1986 оны 12 дугаар сарын 17, 18-нд Алматы хотод болсон бослогын тухай үзмэр, гэрэл зураг, эд өлгийн зүйлс дэлгэн тавьсан байлаа. Бослого гарсан шалтгаан нь улс төрийн үйл явцтай холбоотой байв. ЗХУ-ын удирдагч М.С.Горбачёв Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Казахстан Улсын коммунист намын нэгдүгээр нарийн бичгийн дарга Д.А.Кунаевыг албан тушаалаас нь чөлөөлсний дараа хэсэг залуус Москвагийн шийдвэрийг эсэргүүцэж цуглаан зохион байгуулжээ. Улмаар энэ цуглаан эмх замбараагүй байдалд шилжсэн байна. Залуус нутгийн уугуул хүнийг даргаар томилохыг шаардсан байна.  Энэ бол Казахстанд Москвагийн шийдвэрийг эсэргүүцсэн анхны цуглаан нь байлаа. Үймээний үеэр хэд хэдэн хүн амиа алджээ. Казахстаны түүхэнд 12 дугаар сарын бослого буюу желтоксан гэж нэрлэсэн үйл явдлын тухай үзмэр бүхий танхим Алматы хотын түүхийн музейд нээсэн нь энэ юм.  


1986 оны 12 дугаар сард болсон бослогын дараа 8.500 хүнийг хууль хүчний байгууллагынхан саатуулжээ. Бослогын үеэр 1700 гаруй хүн хөнгөн гэмтэл авсан байна. Тухайн үед Казахстаны прокурорын газар 5324 хүнээс байцаалт авч, 900 орчим хүнд захиргааны арга хэмжээ авчээ.  1400 хүнд сануулга өгч донгодсон бол, 319 хүнийг бослогод оролцсон гэдэг шалтгаанаар ажлаас нь халсан байна. 309 оюутан их сургуулиас хөөгджээ. 99 хүнийг эрүүгийн хариуцлагад татаж, тэднээс хоёр хүнд ялын дээд хэмжээ өгчээ.  Үүний дараа Казахстаны сэхээтнүүдийн дунд үндсэрхэг үзэлтэн байгаа эсэхийг тодруулах тусгай ажиллагааг Оросын тагнуулын байгууллагаас явуулсан байна. Бослого гарснаас хойш яг 5 жилийн дараа 1991 оны 12 дугаар сарын 16-нд Казахстан улс тусгаар тогтнолоо зарлажээ. Желтоксаны үйл явдлын дурсгалт зориулж 2006 онд Алматы хотын Желтоксан, Саптаева гудамжны уулзварт "Тусгаар тогтнолын гэгээ" гэж нэрлэсэн гэрэлт хөшөөг сүндэрлүүлсэн байна. 


Музей үзсэнээр Казахстаны тухай, Алматы хотын тухай олон зүйл мэдэж авлаа. Ингээд хотын аяллаа үргэлжлүүлэв.  Казахстаны тусгаар тогтнолтой холбоотой өөр нэг дурсгалын цогцолбор хотын төвд нь байна. 







Дараа нь нэг худалдааны төвд очиж өдрийн хоол идэв. Тун дажгүй хоолтой газар байсан шүү. 

Би ийм хоол сонгож, 6000 тенгэ төлөв.  Энэ хоолны газар худалдааны төвийн дээд давхарт байрладаг бөгөөд эхлээд хоолоо сонгоод, дараа нь кассанд очиж төлбөрөө төлнө. Дараа нь сул ширээ сандал олж суугаад хооллоно.  Ер нь хоолны сонголт их байсан шүү. 






Өдрийн хоолны дараа худалдааны төв доторх өөртөө үйлчлэх дэлгүүр рүү орж өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ ханшийг сонирхов.  2025 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар 1 USD= 553 KZT ханштай. Parodontax шүдний оо 1479 тенгэ. Энэ нь 2 доллар 30 цент орчим. Монгол төгрөг рүү шилжүүлэх юм бол ойролцоогоор 8000 төгрөг. 














Энэ бол Казахстаны брэнд болсон шоколад. Янз бүрийн хэлбэр, хэмжээ, савлагаатай байна. Мэдээж савлагаа, орц найрлага, жин, хэмжээнээсээ хамаараад үнэ нь харилцан адилгүй. Би Казахстанаас явахдаа энэ шоколаднаас нэлээн хэдийг авч явсан шүү.














Казахстанд жимс ногоо арвин ургадаг. Ихэнх жимс нь Казахстанд ургуулсан жимс. Ялангуяа алим, лийр, тарвас, амтат гуа зэрэг нь нутгийн сорт. Харин гадил, грейфрукт, жүрж гадаадаас импортоор авч ирсэн гэдэг нь ойлгомжтой. 







Казахстан улс хүнсний ногооны хэрэгцээгээ бүрэн өөрсдөө дотоодоосоо хангадаг улс. Бас улаан буудайн тариалалтаар дэлхийд том байр суурь эзэлдэг.




















Өөртөө үйлчлэх дэлгүүр орж үнийн судалгаа хийж дуусаад Алматы хотын телевизийн цамхаг байдаг уул руу явлаа. Тийшээ нийтийн тээврийн автобусанд суугаад явсан юм. Көктебе гэж нэрлэдэг энэ газар телевизийн цамхагаас гадна хүмүүс амарч, зугаалах, явган алхах талбай, бэлэг дурсгалын зүйлс зардаг дэлгүүртэй юм билээ.





Көктебе хэмээх энэ өндөрлөг газраас Алматы хотыг бүхэлд нь харж болно. 





Уг нь энэ телевизийн цамхаг дээр нь гарч үзнэ гэж тооцоолж байсан юм. Гэтэл иргэдийг дээш нь гаргахаа болиод удаж байгаа юм гэнэ. 


Алматы хотын өмнөд хэсэгт нь хувийн байшингууд олон сүндэрлэжээ. Мэдээж энд чинээлэг хүмүүс нь амьдардаг юм байна гэж таамаглав. Дараа нь Алматы хотын оршин суугчидтай ярилцаад, энэ таамаглал маань баталгаажсан юм. 



Өнөөдөр Алматы хотоор ганцаараа амжилттай зугааллаа. Ингээд үдэшийн бүрий болохтой зэрэгцээд автобусанд сууж, хотын төв рүү буцав.

No comments: