Би хувийнхаа блогт зөвхөн аяллын тэмдэглэл л бичдэг боллоо шүү. Энэ удаа 2025 оны 7 дугаар сарын дундуур БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Шилин хотод очсон тухайгаа бичье. Шилин хотод би 2024 оны 8 дугаар сард очиж байсан. Тухайн үед Шилин хотоор хэрхэн аялсан тухайгаа блогтоо бичиж байсан. Энд дараад нөхөөж унших боломжтой шүү.
Энэ удаа Шилин хотод хуримын ёслолд уригдаж очив. Эхлээд эх орныхоо нийслэл Улаанбаатар хотоос Замын Үүд хот руу галт тэргээр явлаа.
Замын Үүд хотоос автобусанд сууж Эрээн рүү гарлаа. Хятадын хилийн шалган нэвтрүүлэх албаныхан монголчуудаас аяллын зорилго, хэр удах вэ? гэх зэргээр асуудаг болсон байна лээ. Өмнө нь юу ч асуухгүй шууд л паспорт дээр тамга дараад хил рүүгээ оруулдаг байсан. Байдал өөрчлөгджээ. Паспортоо шалгуулахаар дугаарлан зогсож байхдаа би гар утасныхаа google translate дээр хуримын ёслолд уригдаад Шилин хот руу явж байна гэдгээ бичээд хятад руу орчуулав. Үүнийгээ скриншот хийж зураг болгож хадгалаад хятадын хилийн шалган нэвтрүүлэх албаны ажилтан залууд харуулав. Тэр хятад орчуулгыг уншаад инээмсэглээд миний паспорт дээр тамга дарлаа.
Манай Замын Үүд хотод элс тоос ихтэй, мод бут нь арчилгаа муутай тул хатаж гандах янз орсон байдаг. Гэтэл Эрээн хотод огт өөр дүр зураг угтдаг. Ер нь манай монголчууд мод бут суулгаад, дараа нь арчилж тордохоо л орхигдуулаад байдаг юм шиг санагддаг. Замын-Үүд, Эрээн хотууд зэргэлдээ оршдог. Байгаль, цаг уурын нөхцөл байдал нь яг ижил шүү дээ.
Эрээнд ирсэн даруйдаа Эрээний зээлээс холгүй байдаг SINOTEA хэмээх цэвэрхэн ресторанд очиж цагаан будааны зутан шөл идэв. Энэ бол миний өглөөний цай учраас ийм хөнгөн юм сонгож идсэн хэрэг. Цагаан будааг угааж, дараа нь шууд усанд буцалгаад, дээрээс нь эрдэнэшишийн үр, цэцэгт байцаа, бага зэрэг лууван зэргийг хийчихдэг. Бараг давсгүй шахуу энэ хоол ходоод гэдсэнд ээлтэй байх гэж бодсон.
Дараа нь зээл орж чемоданыхаа гадуур нь хамгаалалтын уут авч хийв. Үнэ нь 25 юань. Монгол төгрөгөөр 12750 төгрөг гэсэн үг. (2025 оны 7 дугаар сарын байдлаар 1 юань 510 төгрөг). Зээл дээр зарж байгаа худалдагч хятад өвгөн ааш муутай юм аа. Намайг үнэ асуучихаад яваад өгнө гэж бодсон бололтой. "Чемоданы уут байна уу?" гэж асуухад "25 юань" гэж хариу хэлээд хөдөлж өгсөнгүй. Би "Надад харуул. Би үзье." гэхэд дуртай дургүй болсон цүнхнээс гаргаж ирэв. Миний чемоданд таарах эсэхийг, бас чемодандаа хийсний дараа өнгө загвар нь надад таалагдах эсэхийг би шалгах эрхтэй биз дээ. Тэрхэн зуур өнөө хятад худалдагч уцаарлаж, бүдүүлэг ааш гаргаж "авбал ав, энэ шууд таарна аа" гээд муухай бархирч байна. Би мөчөөгөө өгсөнгүй. "Ууртай хүнээс би юм худалдаж авахгүй шүү" гэсэн чинь өнөөх дорхноо чимээгүй болсон доо.
Над шиг аялах дуртай хүнд чемоданы хамгаалалтын углаа яг хэрэгтэй зүйл гарцаагүй мөн. Ялангуяа онгоцоор нисэх үед ачигч нар чемоданыг гамгүй шидэж, холцруу үүсгэж, дугуйг нь эвдсэн тохиолдол надад өмнө нь гарч байсан. Дугуй нь хамгаалж чадахгүй ч ядаж холцруу үүсэхээс сэргийлж "бэлгэвч" угласан нь дээр. 😂
Өдрийн хоолны дараа Эрээний төв гудамжаар хэсэг сэлгүүцэв. Орой болохын хэрд Эрээний төв гудамжид байдаг онгоцны тасалбар зардаг газар очив. Тодорхой цагуудад эндээс Эрээний нисэх онгоцны буудал руу автобус явдаг гэдгийг нь би мэддэг болсон. 15 юань төлөөд онгоцны буудал руу нь хүрчихнэ.
Ер нь Хятад улсын нисэх онгоцны буудал, галт тэрэгний буудлын барилга руу нь дотогш орох үед бүх ачаа барааг рентгенээр тоноглосон сканераар харж, бас үүрч яваа цүнх, заримдаа хувцасанд зориулалтын саваагаар хүрч сорьц аваад тэр дор нь шинжилж үздэг. Энэ нь ямар нэгэн хориотой бодистой (жишээ нь хар тамхи) харьцсан эсэхийг л түргэн оношлуураар шалгаад байгаа юм болов уу гэж би хувьдаа таамагласан.
Ийм шалгалтыг нь даваад Шилин хот руу нисэх цагаа хүлээв. Эрээн хотын нисэх онгоцны буудал дээр манай Монгол Улсын Hunnu Air компанийн сурталчилгаа байна лээ. Улаанбаатараас Эрээн рүү шууд нислэг хийж байгаа.
Орой болсон хойно хятадын орон нутгийн China Express Airlines компанийн Bombardier Regional jet 900 загварын жижиг онгоцоор Эрээн хотоос Шилин хот руу нислээ. Тийз нь 35 USD. Эрээнээс Шилин хот руу ердөө 40 минут ниснэ. Одоогоос яг нэг жилийн өмнө ийм маршрутаар явж байсан минь бодогдов. Шилин хотод ирсэн хойноо зочид буудал руугаа таксигаар хүрч дараа нь оройн хоол идэв.
Маргааш нь хуримын ёслолд зочин болж очив. Өвөрмонголын нутаг аймаг бүрийн хуримын дэг ёс нь хоорондоо ялгаатай байдаг аж. Шилин хот бол Шилийн гол аймгийн төв. Эндэхийн дэг ёс, уламжлал нь бас л яггүй их аж.
Хуримын найр өндөрлөсөн хойно намайг уйдаахгүйн тулд Шилин хотын цэнгэлдэх хүрээлэн рүү авч явах юм болов. Өвөрмонголд наадмаа жил бүр аль нэг аймгийнхаа төвд зохион байгуулдаг уламжлалтай юм байна. Энэ жил Өвөрмонголын наадмыг Шилийн гол аймгийн Шилин хотод зохион байгуулж байгаа аж. Наадмын талбай нь Шилин хотоосоо нэлээн зайтай газар байрладаг юм байна. Замдаа түгжрэл ч их байлаа. Наадмын талбайд нь очих үед бөхийн барилдаан, сур харваа, хурдан морины уралдаан зэрэг нь аль хэдийнээ дуусаж, оройны концерт нь эхэлж байлаа.
Ийнхүү Өвөрмонголын наадмын талбайг тойрч үзээд, зочид буудал руугаа буцав. Маргааш нь өглөөгүүр таксинд суугаад Шилин хотоос Эрээн хот руу явлаа. Шилин хотоос Эрээн рүү машинаар 3 цаг давхидаг юм байна.

















No comments:
Post a Comment