Уржигдар
Манай улсын тамирчин олимпийн наадмаас анх удаа алтан медаль хүртсэн нь Монголын түүхэнд үлдэх том үйл явдал боллоо. Бээжингийн олимпоос алтан медалийг эх орондоо авч ирсэн жудогийн бөх түүхэнд нэрээ мөнхлөх нь гарцаагүй. Би гэдэг хүн спортын хорхойтон биш боловч Монголын тамирчид дэвжээнд гарч ирэх болгонд ялалт байгуулаасай гэж битүүхэн дотороо сүсэглэж байсан. Ганц би ч биш, монгол хүн бүр бас л ингэж бодож, хүсэж байсан гэдэг нь эргэлзээгүй. Эх орны минь төрийн алтан соёмбот төрийн далбаа Бээжингийн олимпийн тэнгэрт мандаж, төрийн дуулал эгшиглэж байгааг зурагтаар хараад өөрийн эрхгүй баярын мишээл тодорлоо. 2 сая 600 мянга орчим Монголчууд бүгдээрээ тамирчдынхаа төлөө залбирч, дээлийн захыг нь мушгиж, догдлон сууж байсан юм чинь... Ийм гэгээлэг өдрүүд олон байгаасай. Манай тамирчинд алтан медалийг нь зүүлгэж, төрийн далбаа мандаж, Монголын төрийн дуулал эгшиглэхийг зурагтаар үзээд дууссаны дараа гадаа бөөн чимээ шуугиан дэгддэг юм байна. Хэрэгт дуртай, сониуч зантай юм болохоороо тагтан дээрээ гарч харлаа. Сэтгэл нь хөөрсөн хүмүүс цонхоороо, тагтан дээрээ гараад уухай хашгирч байн. Олимпийн наадмаас Монгол улс түүхэндээ анхны алтан медаль авсанд манай аав ч хөөрч байна гэж жигтэйхэн. Ингээд 21 цаг 30 мин орчинд гэрээсээ гарч Сүхээ ахын талбайд очлоо. Хотын төв хэсэгт замын хөдөлгөөн эрс нэмэгдэж. Баярлаж хөөрсөн хүмүүсээр гудамж дүүрэн. Машинаар яваа хүмүүс уухай хашгирч гудамжаар зөрж өнгөрсөн хүмүүс бие биендээ баяр хүргээд л нийгмийн уур амьсгал ч илт найрсаг сайхан байна. Цагдаа нар замын хөдөлгөөнийг зохицуулах гэж их зүдэрч байлаа. Сүхээ ахын талбай очиход нэлээн их хүн цугларсан байна. Соёлын төв өргөө, Бодь цамхаг гэсэн хоёр цэгээс салют буудуулжТалбай дээр зогсож байгаа хүмүүс шүгэлдэж, орилж, уухай хашгирч “Монгол орон мандтугай” гэлцэж, нийтээрээ төрийн дуулалаа дуулж, эх орны сэдэвтэй дууг цуурайтуулж байна аа. Талбай дээр явж байгаад таньж мэддэг хэд хэдэн хүнтэй таарлаа. Өчигдөр орой Төв талбай дээр хэдэн мянган хүн цугларсан бол? Чингис хааны хөшөөний харалдаа хэдэн хүн гараад л үг хэлээд байгаа бололтой. Олны шуугиан, салютны нүргэлсэн дуутай зэрэгцээд хэн гээч хүн юу яриад байгаа нь мэдэгдэх арга алга. Гадаадын жуулчид ч бас талбай фракц фракцаараа зогсоод алгаа ташиж байна. “Mongolia №1” гэж хэлээд эрхий хуруугаа гозойлгож харагдана лээ. Талбай дээр ойролцоогоор гучаад минут хэртэй болоод эргээд гэрийн зүг дэгдлээ. Буцаж явахад ч бас хөөрсөн олон гудамжинд бүүр ч нэмэгдсэн юм шиг санагдсан. Шангриллагийн офисийн гаднах цэцэрлэгээр явж байсан чинь нэг халамцуу танихгүй залуу хүрч ирж танимхайрч яриа өдөөд сүйд болдог юм байна. Би ч хүн танихдаа муу л даа. Гэхдээ энэ удаа бол ёстой танихгүй хүн намайг танимхайрсан. 100 хувийн баталгаатай. Хамт явж байсан хамаатануудынхаа ачаар л арай гэж тэр нөхрөөс салсан. Гэртээ ирээд зурагтаа асаасан чинь Сүхээ ахын талбай дээр болсон үйл явдлын тухай үзүүлж байна. Чингис хааны хөшөөний харалдаа бөөгнөрч зогсоод байсан хүмүүс манай төр засгийн удирдагчид байж гэдгийг ойлгож авлаа. Олимпийн наадмын эхний өдрүүдэд монголчууд олигтой амжилт үзүүлээгүй байсан болохоор монголчууд жаахан гутруухан байсан. Харин Гүндэгмаа мөнгөн медаль авсанаас хойш ч манайхан илт сэргээд ирлээ шүү.
Эргээд нэг бодлоо.
Монгол хүн олимпийн наадмаас алтан медаль авлаа. Сайхан байна аа. Монголчууд бүгдээрээ л баярллаа. Баярласан сэтгэлдээ хөтлөгдсөн Монголын ард түмэн өчигдөр Сүхбаатарын талбай дээрээ цугларлаа. Тэднийг хэн ч тэнд оч гэж албадсангүй. Монголчууд төв талбай дээрээ өөрсдөө сайн дураараа очиж баярын цуглаан хийлээ. МАХН ын дарга, ерөнхий сайд С.Баяр гуай УИХ ын 5 дахь удаагийн сонгуулийн сурталчилгаа хаагдах өдөр “Өглөө шиг эх орон” дууны клип дундуур үг хэлэхдээ “Сонгуулийн дараа баяртай сайхан уулзая” гэж ярьж байлаа. Гэвч 7 сарын 1 нд Монголчууд их ууртай уулзацгаасан. Харин өчигдөр 2008 оны 8 сарын 14 нд Монголчууд төв талбай дээрээ үнэхээр баяртай сайхан уузлаа. Сүүлийн үед монголд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өсөж, амьдарлын түвшин буурч, сонгууль нь хэл амтай болж өнгөрсөн болохоор хүмүүсийн сэтгэл зүй нэг л гутранги байсан. Харин Олимпийн дэвжээнээс авсан алт мөнгөн медаль монголын нийгмийг бүхэлд нь сэргээж чадах шиг боллоо. Сүхээ ахын талбай дээр чимээ шуугиан ихтэй байсан болохоор Чингис хааны хөшөөний харалдаа зогсож байгаа төрийн өндөрлөгүүдийн ямархуу байгаа, юу ярьж байгааг нь сонсож мэдэхийн аргагүй байсан. Гэртээ ирсэн хойноо хэд хэдэн телевизээр шуурхай мэдээ үзээд хальт шоконд ордог юм байна. Манай улсын төрийн өндөрлөгүүдийн хацар нь улаа бутарчихсан, нүд нь сүүмийгээд харц нь талимаарчихсан гуйвж найгаад, бие хамгаалагч нар нь араас нь түшиж тулаад, тэврээд зогсож байх юм. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ ын дарга нар маань согтохоороо ямархуу болдогийг нь харж авлаа. Ерөнхийлөгч долоовор хуруугаараа их зангаж ярих юм. Ерөнхий сайд маань амаа тамшаалаад л найган ганхаад байх юм. Бие хамгаалагч нь урагш хойш нь унагаачихгүйн тулд их л мэрийж харагдна лээ. УИХ ын дарга ууж согтохоороо дуугаа хураагаад газар ширтэж зогсдог юм байна гэж ойлгож авлаа. Ардчилсан намын дарга Элбэгдоржийн араас Мөнх Оргил сайд хүзүүгээр нь тас тэвэрчихсэн зогсож байгаа нь зурагтаар харагдлаа шүү. Хэ хэ... За тэгээд согтуу хүнийн амнаас мэдээж ямархуу үг гарах нь ойлгомжтой. Согтуу хүн сохор ухаантай гэж бас нэг үг байдаг даа. Ингэхэд төр засгийн удирдагчид маань халамцуу байхдаа олны өмнө гардаг нь зөв юм болов уу? Алтан медаль авсан нь сайхан л хэрэг. Баярлалгүй яахав. Ерөнхийлөгч, УИХ ын дарга, Ерөнхий сайд нар ч бас хүн л юм хойно сэтгэл нь хөдлөж л таарна. Монгол улс анх удаа олимпоос алтан медаль авлаа. Гэхдээ огт алтан медаль авч байгаагүй улс орон цаана чинь байж л байгаа. Тэр улсад ийм баяртай үйл явдал болох юм бол төрийн өндөрлөгүүд нь яах бол? Ямар ч байсан бие биенээ нэг нүдээрээ ч харах хүсэлгүй болоод байсан намын дарга нар зэрэгцэж зогсож байгаа ард түмнийхээ өмнө харагдлаа. Тэд энэ улаан улаан цагаан намчирхаж талцсангүй. Спорт ард түмнийг нэгтгэж байна гэж хэлцгээж байсан. Монголчууд уг нь УУХАЙ гэж хашгирдаг. Харин манай төр засгийн өндөрлөгүүд нар Орос школтой гэдэг нь мэдрэгдэж УРА гэж хашгирч байх юм. УРА ч байна уу, УУХАЙ ч гэнэ үү хамаагүй ээ. Хамгийн гол нь монголчуудыг спорт нэгтгэж эх орон ч үзлийг нь зөв байдлаар илэрхийлж харууллаа. Энэ зун монголчууд уурлаж нэг цугларлаа. Баярлаж бас нэг цуглаан хийлээ. Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн сэтгүүлч төв талбайд болсон үйл явдлыг цуглаан гэж нэрлэхээс зайлсхийж “арга хэмжээ” гэж тодотгож байсан. Нэгэнт л хүмүүс цугларсан л м чинь цуглаан гэж нэрлэхэд буруудахгүй байх. Цуглаан хийхэд урьдчилан зөвшөөрөл авдаг хуультай. Тэгвэл энэ удаа жирийн иргэдээсээ эхлээд төр засгийн удирдагчид нь хүртэл урьдчилан зөвшөөрөл олгогоогүй, төлөвлөгдөөгүй цуглаанд оролцлоо. Олимп дуусаж тамирчид эх орондоо ирэхэд нь тэднийг нижгэр угтаж авах нь тодорхой. Монголын түүхэнд ийм гэгээлэг өдрүүд олон тохионо гэж итгэж байна.
3 comments:
darga nariin tuhai d heleed yuuhev..
Oros helnii Ura,angli helnii hooray gedgiin tuhaid uul ni ali ali ni mongol helnnii Hurai!!! gdg uuhainaas orson ug shuu de.tiim bolohoor urd ni gants H avia nemehed mongol ug bolchihoj bahad PM maani oros huvilbaraar orilson ni nadad bas taalagdaagui..
Manai darga nar ter odor setgeliin hooroldoo ih avtssan baigaa yum aa.
manai mglchuudiin urialj orildog ug n yu ch yumbedeee uuhai ch yumuu uraaaa ch yumuu.neg tiimerhuu ugtei bolmoor yumaaa.zarim n tuvshinbayaraaa chi shuu ch gej bh shig.
Post a Comment