2013 надад их олон шинэ юмыг өгсөн. Тийм болохоор 2013 онд их талархаж байгаа. 2014 он эхлээд 3 долоо хоног болж байна. Өнгөрсөн өдрүүдэд сонирхолтой үйл явдал дүүрэн байлаа.
Өнгөрсөн намраас хойш бассейнд сэлж сурах юм сан гээд л бодоод, төлөвлөөд л байлаа. Яг бассейнд хичээллэх гэхээр нэг л тохироо нь бүрдэж өгөхгүй байсан юм. Шинэ он гармагц л төлөвлөгөөгөө хариуцлагатай биелүүлнэ шүү гэж өөрөө өөртөө тангараглав. Ингээд 2014 оны 1-р сарын 11-ний өдрөөс эхлэн бассейнд хичээллэж эхэллээ. Ингээд би бассейны жараахай боллоо. Ер нь бол бассейнд хөвөөд явж байх чинь нэг бодлын их таашаалтай юм байна. Дунд сургуулийн тав, зургаа дугаар ангийн бололтой хүүхдүүд бол гарамгай сэлдэг юм байна аа. Ид өсөж, хөгжиж байгаа хүүхдүүд арга ч үгүй биз. Харин дэргэд нь бол би "чулуу" л гэсэн үг.
Гэхдээ яахав. Бассейны жараахай болоод амжсан. Ямар ч байсан усны мандал дээгүүр хөвөөд, хөл гараа хөдөлгөөд А цэгээс Б цэг рүү сэлээд л байдаг боллоо. Цаана чинь миний үеийн залуучууд чинь яасан ч мундаг сэлдэг юм бэ дээ. Алтан загас шиг л сэлдэг юм байна лээ. Усанд сэлээд бие хаа булчин шөрмөс нь ч гэж яасан гоё болчихдог юм. Би бас тэднийг сэмхэн хараад байгаа юмаа. Ядаж л яаж сэлж байна? Хөдөлгөөний техник нь ямар байна гээд л ажиглана шүү дээ....
Уг нь бассейны жараахайнаас акул нь болчих юм бол хүсэл биелэх нь тэр. Том төрөөс ухаалаг төр рүү гээд яриад байхад би хүртэл жараахайнаас акул руу гээд тэмүүлэхэд болохгүй нь юу байхав дээ.
No comments:
Post a Comment