Амьдралын тойрог

2015-07-18

Хятадад аяласан тэмдэглэлүүд: Нуурын өмнөх нутагт

Блогтоо салхи оруулая. Угаасаа бичээд байх гоц гойд зүйл тохиолдохгүй болохоор юугаа ч бичих юм билээ. Харин 6 сарын гурав дахь долоо хоногоос эхлээд Хятад Улс руу явах завшаан тохиолоо. Эхний зогсоол Бээжин хот байлаа. 
Air China компаний онгоц газардсан хойно Бээжингийн нисэх онгоцны буудлын терминал нь ачаалал ихтэй байна. Иймд та бүхнийг автобусаар терминалын барилга руу хүргэнэ гэж үйлчлэгч дотуур холбоогоор зарлалаа. Хэсэг хугацааны дараа автобус нь ирсэн бололтой. Онгоцны хаалгаар буугаад өргөгч шатны гишгүүр дээр хөл тавьмагц буузны жигнүүр рүү орчих шиг л боллоо. Бээжин бүгчим, салхигүй, хурц нар шарсан сонин газар байна лээ шд. Энэ бол анхны сэтгэгдэл. Бээжингийн нисэх онгоцны буудлын терминал дотор ороод эйр кондишний сайхан сэнгэнэсэн хүйтэн агаарыг мэдрээд тайвширсан шд. 
Ер нь Хятадад интернэтэд холбогдоно гэдэг нэлээн асуудал юм байна лээ. Нисэх буудлын AIRPORT FREE WI-FI гэсэн хэрнээ л Интернэтэд орохын тулд утасны дугаараа бүртгүүлж, бөөн шат дамжлага болно. Интернэтийн хурд нь удаан гэж жигтэйхэн. 
Миний зорьсон газар Бээжин биш байлаа. Иймээс Бээжингийн нисэх онгоцны буудалд 3 цаг орчим саатаад хятадын орон нутгийн онгоцоор дараагийн аялалдаа гарлаа. Дашрамд дурьдахад Air China компаний Монгол руу аялуулдаг онгоц нь жижигхэн, бас үйлчилгээ нь ч жаахан даржин юм. Гэтэл Хятадын орон нутгийн онгоц нь илүү дээр юм шиг санагдсан.
 Air China-ийн онгоцны хоол нэг иймэрхүү юм байна лээ. За энэ онгоцны хоол ч яахав. Шалдар булдир зүйл. Бээжингээс орон нутгийнх нь онгоцоор Хунань мужийн Чанша хотод ирлээ. Чанша хот бол БНХАУ-ын Хунань мужийн захиргаа байдаг. Манайхаар бол аймгийн төв л юм даа. 
Хунань мужын нэрийг монгол хэл рүү орчуулах юм бол нуурын өмнөх нутаг гэсэн утга илэрхийлнэ. Хунань муж 65 сая оршин суугчтай. Хүн амынхаа тоогоор БНХАУ-даа 7-р байр эзлэдэг. Энэ газар нутагт манай тооллын өмнөх V-IV зууны үед мань үндэстнүүд оршин суудаг байжээ. Тэд Чу вант улсыг байгуулсан байдаг. Манай тооллын IV зуунаас хятадууд энэ нутагт суурьшиж эхлэсэн байдаг. VII-VIII зуунд энэ нутаг Сидао, Дундао тойрогт багтаж байв. 
Харин IX-XII зуунд Синху, XVIII-XVII зуунд энэ нутгийг Хугуан муж гэж нэрлэж байсан юм. Хунань муж өнөөгийн хил хязгаараараа 1668 онд олжээ. Өөрөөр хэлбэл, Хугуан мужын өмнөд хэсгийг Хунань гэж нэрлэх болсон байна. XVIII зууны сүүлээр Хунань мужийн нутагт “Цагаан лянхуа” бүлэглэлийнхэн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байжээ. Цагаан лянхуа бүлэглэлийг тариачид үүсгэн байгуулсан юм. 1852-1854 онд тариачид бослого зохион байгуулж байлаа. Хятадын түүхэнд тайпины бослого гэж тэмдэглэгдэн үлдсэн юм. 
1925-1927 онд Хунань муж тариачны хөдөлгөөний гол талбар нь болж байв. 1927-1934 онд энд хувьсгалт бүлэглэл үүссэн байна. 1937-1945 онд Хунань мужийн нутаг дэвсгэрийг дийлэнх нь Японы эзлэн түрэмгийлэгчдийн мэдэлд орсон байжээ. 1949 оны 8-р сард Хунань мужийг Хятадын ардын чөлөөлөх арми хяналтандаа оруулжээ.
Энэ нутгаас төрсөн алдартай хүмүүсийн гэвэл цаас зохион бүтээсэн Цай Лун, хятадын улстөрч, удирдагч Мао Зэ Дун, Лю Шаоци нарыг дурдаж болно. За ингээд Хунань мужын талаар товчхон дурьдахад ийм байна. Харин одоо Хунань мужын төв Чанша хотын талаар олж мэдсэн зүйлээ товчхон бичье.  Чанша хот 3 сая 617 мянган оршин суугчтай. Гэвч энэ хотод байнга ирж, очдог хүнийг оролцуулах юм бол ойролцоогоор 7 сая хүн энэ хотод бужигнаж байдаг юм гэнэ.
Чанша бол Хятадын эртний хот. X зуунд энэ хот Чу улсын нийслэл байв.  Чанша хотын нутаг дэвсгэрээс манай тооллын 500 оны үед хамаарах  төмөр илд сэлэм олдож байжээ. Мөн манай эрины 302 онд хамаарах бунхан, шарил олж байв. Мөн Чанша хотын нутгаас манай эрины 9 зууны үеийн Мавандуй гэдэг бунхан олсон юм. Хятадын удирдагч Мао Зэ Дун Хунань мужийн уугуул юм. Мао Зэ Дун энэ хотоос улстөрийн амьдралд оролцож эхлэсэн. 1913-1918 онд Мао Зэ Дун Хунаны багшийн сургуулийн оюутан байжээ. 1920-1922 онд багшаар ажиллаж байсан. Хятадын иргэний дайны үед түүний сургуулийн барилга сүйджээ. Гэвч дараа нь сургуулийн барилгийг сэргээн барьсан юм. Хунань муж дахь Хятадын коммунист намын үүрийг Мао Зэ Дун удирдан зохион байгуулж байсан. Тус намын байрлаж байсан барилгыг хожим музей болгосон юм.
1939-1944 оны Хятад-Японы дайны үед Чанша хотыг эзлэн авахыг япончууд санаархаж байв. 1938 онд Чанша хотод томоохон гал түймэр гарчээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед хамгийн их галд өртөж шатсан хотуудын тоонд Чанша хот ордог. Японы Нагасаки, Хиросимо, Оросын Сталинград, Хятадын Чанша хот ордог. 
Харин одоо бол Чанша өндөр технологийг хөгжүүлж байгаа эрдэм шинжилгээний лабораторууд, хүнд үйлдвэр хөгжүүлсэн "аж үйлдвэрийн бүс" юм байна. Химийн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн үйлдвэр, тоног төхөөрөмж, цемент, резин, шаазан, цаасны үйлдвэр энэ хотод бий. 
Бас хотоос холгүй нүүрсний уурхай байдаг. Энэ хот гадаадын хөрөнгө оруулагчдын арааны шүлсийг асгаруулдаг газар юм байхаа. 
Чанша хотын гол тээврийн хэрэгсэл нь автобус. Автобусны тасалбарын үнэ 2 юань. Хэдэн ч буудал явсан 2 юань л төлнө. Автобусны урд хаалгаар ороод жолоочийн хажууд байрлуулсан хайрцаг руу 2 юань хийнэ. Нутгийн хүмүүс бол карт уншуулаад л төлбөрөө хийдэг юм байна лээ.  
2014 оны 4-р сарын 29-өөс Чанша хотод метроны сүлжээ нээгджээ. 2016 онд энэ хотын өмнөд галт тэрэгний буудлаас Хуанхуа нисэх онгоцны буудал хүртэл метроны шугам нээгдэх юм. Нийтдээ метроны 7 чиглэл байгуулагдах ажээ.  

 Чанша хотод Хятадын өмнөд хэсгийг төв хэсэгтэй холбодог төмөр замын гол зангилаа сүлжээ байдаг. Чанша хотоос Ухань, Гуанчжоу, Ханчжоу, Чанша-Куньмин гэсэн чиглэлээр өндөр хурдны галт тэрэг явдаг. Чанша хотын Хуанхуа олон улсын нисэх онгоцны буудал нь хотын төвөөс 20 км алсад байдаг. Хуанхуа нисэх онгоцны буудал нь Хятад улсдаа хамгийн их ачаалалтай. Энэ нисэх онгоцны буудлаас Бээжин, Куньмин, Наньнин, Ченду, Гуанчжоу, Ланьчжоу, Фучжоу, Сиань, Өрөмч, Шанхай, Харбин зэрэг хотууд руу тогтмол нислэгтэй. Мөн БНСУ-ын Сөүл, Сингапур, Тайваний Тайбэй хот руу олон улсын нислэг үйлддэг.
Чанша хотод Хятадын Ардын Чөлөөлөх Армийн харъяа “Батлан хамгаалах-техникийн цэргийн их сургууль” бий. Энэ сургууль суперкомпьютер, мөн сансрын техник хэрэгсэл зохион бүтээдэг. Чанша хотод хэд хэдэн музей, театр, сүм, Католик шашны ширээт лам бий. Энэ хотод Мао Зэ Дуны залуу үеийнх нь хөшөө,  мөн 99 метрийн өндөр Гуаньинь гэдэг бурханы хөшөө бий. Энэ нь Хятад улсын хамгийн өндөр бурхны хөшөө гэж тооцогддог.
За ингээд Хунань муж, Чанша хотын талаар товчхондоо иймэрхүү. Чаншад байхдаа очиж үзсэн нэг сонирхол татсан газар нь Шаошань кино студи (Xiaoxiang Film Studio) байлаа. Олон ангит кино, жүжгийн зураг авдаг студид нь орж үзлээ. 


Чанша хотын тухай өнөөдөртөө ингээд дуусгая. Миний дараагийн очсон хот бол Ханчжоу байлаа.

No comments: