Амьдралын тойрог

2015-12-15

Шаардлага тавиад доромжлуул

Заримдаа Монголын нийгмийн өнөөгийн дүр төрхийг хараад сэтгэл гонсойх юмаа. Уг нь Монгол Улс хүмүүнлэг, энэрэнгүй, шудрага, ардчилсан нийгэм байгуулна гэж 1992 онд Үндсэн Хуулиндаа тунхагласан. Гэтэл нийгэм нь хүмүүнлэг, энэрэнгүй, шудрага болсон юм уу? Би бол үгүй л гэж хариулмаар байна. Монголын нийгэмд амиа хичээсэн, харгис, бусдыг үл тоомсорлосон  хүн олон байна. Хүнийг хүмүүнлэг, энэрэнгүй, шудрага болгоход хэн анхаарч байгаа юм бэ? 
Өнөөдөр өөртөө тохиолдсон жижигхэн жишээгээр л нийгэмд амиа хичээсэн, харгис, бусдыг үл тоомсорлосон хүн хичнээн олон байгаа юм бэ? гэдгийг дүрслэхэд хангалттай. Ажлаа тараад гэртээ харихаар явлаа. Нийтийн тээврээс буугаад зам хөндлөн гарч байж амьдардаг орон сууцандаа хүрнэ. Машин зам хөндлөн гарах гээд гарцан дээр дөхөж очлоо. Явган зорчигч явахыг хориглосон улаан гэрэл мэлтийж байна. Би ер нь замын хөдөлгөөний дүрэм зөрчөөд байдаггүй гэдгээ энд бичээд өөрийгөө бяцхан магтая. Ногоон гэрэл асахыг хүлээлээ. Гэтэл хүүхдээ тэвэрсэн нэг эмэгтэй улаан гэрлээр урагшаа дайраад замын дунд зогсчихлоо. Машинууд сүртэй гэгч нь сигнаалдаад л хажуугаар нь салхи татуулаад л явж одлоо. Ногоон гэрэл асахаар нь би  зам хөндлөн гарлаа. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн өнөөх бүсгүй дөхөж очоод "Чи нялх хүүхэд тэвэрчихээд, улаан гэрлээр зам хөндлөн гарах гээд зүтгэчих юм аа" гэж хэллээ. Гэтэл тэр бүсгүй "Хүүе, чамд ямар хамаатай юм бэ?" гэж байна. Тэр 23-25 орчим насны бололтой нэлээн аятайхан цэвэрхэн царай зүстэй бүсгүй байлаа. Өмсөж зүүсэн хувцас нь ч ганган юм. Толгой дээрээ бол бөөн ангийн арьс үстэй малгай тавьчихсан. Хүн нэрэлхээд "Би жаахан яараад ингэчихлээ" гэх мэтийн үг хэлэх байх л гэж би төсөөлж байсан юм. Чамд ямар хамаатай юм бэ? гэж хэлэхийг нь сонсоод би дотороо жаахан гайхлаа. Би "Хүүхдийг чинь бодоод л би ингэж хэлсэн юм" гэв. Харин тэр эмэгтэй "Чи мөрөөрөө цаашаа дуугай явж үз. Хэрэггүй юманд хошуу дүрсэн балай амьтан бэ? Чи солиотой юм уу" гэж намайг доромжиллоо. Хүнд зөв зүйтэй шаардлага тавиад хариуд нь доромжлуулаад л дууслаа. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөндөө, өөрийгөө болон тэвэрч яваа бяцхан хүүхдийнхээ амь насыг аюултай байдалд оруулж байгаадаа, бас дүрмийнхээ дагуу жолоо бариад явж байгаа жолооч нарт түвэг учруулж байгаадаа гэмшиж, харамсаж байгаа шинж тэр эмэгтэйд огт байсангүй. 
Би амиа хичээгээд бусад хүмүүсийн адил дуугүй өнгөрч болох л байлаа. Энэ удаа тэр хүн ойлгоогүй ч дараагийн удаа ухамсарлана гэж найдахаас даа. Чи солиотой юм уу? гэж тэр бүсгүй надад хэлсэн ч гэсэн хэзээ нэгэн цагт үл таних тэр залууд баярлалаа гэж сэтгэлдээ хэлэх байхаа. 

1 comment:

soulmate said...

Хажуудаа жирэмсэн эхнэрээ дагуулчаад тамхи татаад хээвнэг явж байгаа залууд очоод тамхи татахаа болиоч, эргэн тойрны чинь хүүхдүүд хордож байгаашд гэсэн чинь танаар заалгахынмуу гэж авсан. Хүний хүүхдийг тоодгүймаа гэхэд өөрийнхөө хүүхдийг бодооч, чи эхнэр нь юм бол хэлээч гэчээд би цаашаа явсан, үнэндээ л дэндүү ухамсаргүй