Орост оюутан байхад манай сургуулийн Монгол оюутнууд жил бүрийн 11 сарын 26 нд Монголыг сурталчилсан үзэсгэлэн гаргадаг байлаа. Намайг оюутан болоод тэр сургуульд л ороход үзэсгэлэн гаргах нь уламжлал болсон хэрэг байв. Их сургуулиа төгсөөд нутагтаа ирээд нэлээн хэдэн жил болчихлоо. Одоо ч манай сургууль дээр үзэсгэлэн гаргадаг заншил хэвээрээ байгаа гэж найдаж байна. Монголыг сурталчилсан үзэсгэлэнд гэрэл зураг, Монголоос өөрсдөө авч ирсэн бэлэг дурсгалийн зүйл үзүүлдэг байв. Бас Элчин сайдын яамнаас монгол гэр авч ирж бариад гадаадынханд гайхуулдаг байж билээ. Нэг удаа ээлжит 11 сарын 26 боллоо. Сургууль дээр нээгдэх үзэсгэлэн дээр элчин сайдын яамнаас консул, 1-р нарийн бичгийн дарга гээд хэд хэдэн хүнийг урьж залах болов. Бид урилга дээрээ "День независимости Монголии" гэж бичсэнийг элчин сайдын яамны цэргийн атташе нэг ах шүүмжилж, энэ чинь Монголын тусгаар тогтнолын өдөр биш, Улс тунхагласан өдөр ч бас биш. Харин Бүгд Найрамдах Засаглалтай болсон өдөр. Оросоор наадахыг чинь "День провозглашение республики" гэх учиртай юм гэж хэлж билээ. Дараа нь бид юун дээр эндүүрч байснаа ойлгосон юм. 1924 оны 11 сарын 26 бол Монгол Улсыг тунхагласан өдөр биш. 1911 онд Хятад, Монголыг эрхшээлдээ байлгаж ирсэн Манжийн төр нуран унасанаар Монголчууд тусгаар тогтнолоо сэргээсэн. Үүнээс хойш Монгол улс 13 жилийн турш Богд хаанаар удирдуулж байлаа. 1924 оны 11 сарын 26 Монгол улс хаант засаглалаас татгалзаж РЕСПУБЛИКА буюу Бүгд Найрамдах Засаглалтай болжээ. Одоо бидний "Улс тунхагласан өдөр" гэж буруу нэрлээд, нийтээрээ тэмдэглээд байгаа өдрийг зөв нэрлэж заншихгүй бол магадгүй олон зууны дараа хойч үе маань том эндүүрээд байх вий дээ.
1924 оны 11 сарын 26 нд Монгол Улсыг тунхаглаагүй. Харин Монгол улс бүгд найрамдах засаглалын хэлбэрийг сонгосон өдөр.
2 comments:
bayariin mend .. :-)
chamd ch bas...
Post a Comment