Амьдралын тойрог

2009-11-06

Транс Сибир ба Монголчууд


Өнөөдөр блогныхоо цоож цуургаа авч, үүд хаалгаа нээлээ. Бүтэн сарын дотор юу болоод өнгөрсөнийг яруу тодоор бичнэ гэж амласан даа. Бүтэн нэг сар гэдэг бас урт хугацаа юмаа. Ямар олон үйл явдал болж өнгөрөө вэ? За алинаас нь эхлэх үү? Юутай ч дараалалаар нь бичсэн нь зөв юм байна. ТРАНС СИБИРИЙН ТӨМӨР ЗАМТранс сибирийн төмөр замаар би нэлээн олон удаа явж байсан. Яг хэдэн удаа явсан тоогоо ч алдчиж. Паспортоо харж байж л тоог нь гаргах байх. Хойд хөршийн нийслэл хүрдэг монголын галт тэргээр ганзагийн наймаачид явдаг хэвээрээ. Монгол Оросын хил дөхөх үед вагоны коридороор янз бүрийн бараа барьсан хүмүүс хөлхөлдөнө. Барьж яваа барааг нь харах юм бол голдуу л эрээний хог. Чангахан угзарчих юм бол сэмэрээд урагдчихаар ноосон цамц, оёдолоороо утас нь сэмэрсэн жинсэн өмд, одеяло, лакан цүнхнүүд. Намайг купендээ байж байтал "миний дүү энийг хилээр гаргаад өг" гэсээр нэг наймаа эгч ороод ирлээ. Таван цамц, таван ширхэг жинсэн өмд. Хүнд туслах гэсэн биш сүүлд нь надад гай чирэх юм гэж яаж мэдэхэв. Монголын хилийн байцаагч нар нэг ч хүнийг шалгасангүй. Орос руу азаа үзээд явж байгаа хүмүүсийг би юуг нь шалгахав дээ гэсээр гаалийн деклараци бөглүүлчихээд л яваад өгөв. Харин Оросын хил дээр л монголын наймаачидыг жинхэнэ чангалдаг аж. НАУШКИ өртөөн дээр ирэхэд оросын хилийн байцаагч хүн болгоны ачаа тээшийг нэг бүрчлэн онгойлгуулж харна. Гаалийн байцаагч зэргэлдээх купег л шалгаж байгаа бололтой. "Чи оюутан юм бол яах гэж ийм олон цүнх, жинстэй байгаа юм бэ?" гэж оросын гаалийн байцаагч асуух нь дуулдав. "Бэлгэнд авсан юм" гэж монгол оюутан охин хариулж байна. Бид нар нар зөвхөн хувийн эд зүйлийг л хилээр нэвтрүүлдэг. Декандаа, багшдаа авсан бэлэги сэлт хилээр нэвтрүүлэхгүй гэж өнөөх орос эр сүржигнэв. Тэгсэнээ тэр охины ачаа нь их байна. Жинлэж үзнэ. Зөвшөөрсөнөөс илүү ачаа байх юм бол тээшний мөнгө төлүүлнэ. Вагоноос буулгана гэх нь сонсогдов. Ингээд миний ээлж ирлээ. Хилийн өмнөхөн наймаачин хүүхний авч ирж өгсөн өнөөх жинсэн өмд, цамцыг хараад гаалийн байцаагч дахиад л түрүүний үгээ давтав. Тэгсэнээ дараагийн купе рүү алхав. Би нэг их тоосон ч үгүй. Угаасаа эднүүс ингэж л байдаг юм чинь гэсэн шүү юм бодов. Харин хажуугийн купений оюутан охин намайг вагоноос буулгах гээд байна. Яанаа гээд барайчихсан сандраад байхаар нь би тайвшируулав. Хэддүгээр курсийн хаана сурдаг оюутан бэ гэж асуусан чинь өнгөрсөн хавар 11-р ангиа төгссөн. Анх удаа л Орос руу сурахаар явж байгаа юм гэнэ. Оросуудын аашыг мэдэхгүй. Нас нь ч бас жаахан юм. болохоор айж л дээ. Баахан сүржигнэж байсан оросын гаалийн байцаагч эцэстээ залхсан бололтой. Галт тэрэг НАУШКА өртөөнөөс хөдлөхийн өмнөхөн "За за та нар ингээд явцгаа даа гээд вагоноос буусан даг. Хоёр улсын хил өнгөрсөний дараа бараагаа нааш цааш нь солилцсон наймаачид буцаад цуглуулах гэж нэг хэсэгтээ л юм болно. За ингээд Москва хүртэл 5 хоногийн дотор замын хот суурингуудаар галт тэрэг зогсох үед манай наймаачид Эрээнээс авч ирсэн нөгөө бараагаа зарна даа. Угаасаа Монголын галт тэрэг ирэх үед хямдхан хувцас хунар, ахуйн бараа ( хятад халуун савнаас эхлээд ханын цаг хүртэл) авч болно гэдгийг ч оросууд мэднэ. Монголын галт тэрэг ирэхийг бүүр тосоод хүлээгээд зогсож байна.Галт тэрэг нэг өртөөн дээр дээд тал нь 20 минут, зарим газар бүр 5 минут зогсоод л цааш явна. Энэ хооронд л наймаачид ажлаа хийнэ. Заримдаа зарж байгаа барааг нь оросын "сайн эрчүүд" хулгайлна. Гэгээн цагаан цагаан өдөр шүүрээд зугатаана. Булаалгасан барааныхаа араас хөөцөлдөөд галт тэрэгнээсээ хоцролтой биш. Наймаачид алдсан бараа гарах ёстой гарз нь юм байлгүй гэж л өөрсдийгөө тайвшруулна. Ингэхэд вагоноор явж наймаа хийж байгаа хүмүүсийн ихэнхи нь 35-50 орчим насны эмэгтэйчүүд. Эр нөхөр нь монголд үр хүүхдээ хараад суудаг юм байлгүй дээ гэж би хальт боддог юм. Манай наймаачид галт тэрэгнээсээ бууж бараагаа зарж байгаад вагоноосоо хоцрох тохиолдол ч гарна. Энэ удаа Свердловск хотын гал тэрэгний буудал дээр хоёр наймаачин вагондоо сууж амжилгүй хоцорсон. Вагоноосоо хоцорсон тохиолдолд такси хөлөглөөд, галт тэрэг зогсох дараагийн хот руу давхидаг гэдгийг ямар ч наймаачин андахгүй сайн мэднэ. Зун, намрын улиралд УБ-Москвагийн галт тэрэгээр үүргэвчтэй аялал хийж байгаа европын жуулчинд мэр сэр явна. 5 хоногийн урт замд жуулчинд манай наймаачдын бизнесийг ажсан шигээ явна. Наймаа хийж байгаа Монголчууд, бараа авч байгаа Оросуудын зургийг авч баримтжуулна. Монголд анх удаа ирж байгаа транс сибирийн төмөр замаар аялаж байгаа европчуудын хувьд энэ нь монголчуудын тухай анхны сэтгэгдэл нь болж үлдэх нь гарцаагүй. Орос Монголын хооронд гал тэргэнд ингэж наймаа хийгээд 20 гаран жил болж байгаа хүнтэй ч таарч л байлаа. Бас Оросын хотууд дамжаад наймаа хийгээд яваад байдаг хүмүүс ч олон. Тэд сүүлийн дөрөв таван жил Монголд очоогүй гэх. Үргэлж вагоноор хоног төөрүүлж, хүнд "гахай" үүрч, өргөж чирж явна гэдэг "хатуу самар" шүү.УБ-Москвагийн галт тэрэгний билет нь одоогоос 5 жилийн өмнө 100 мянган төгрөг байлаа. Харин одоо 267 мянга болж суга нэмэгдсэн байна. Иймээс вагоноор байнга явж байнга наймаа хийдэг хүмүүс касснаас билет авахаа болиод уджээ. Улаанбаатараас гарахдаа Улан-Үд, Иркутск, эсвэл Новосибирск хүртэл билет бичүүлдэг болсон байна лээ. Дараа нь вагоны даргад нь паспортоо барьцаанд үлдээнэ. Москвад буухаасаа өмнө вагон дарга дээр очиж дундажаар 2500-3000 рубль бэлнээр нь өгөөд тооцоо хийчихнэ. Барьцаанд үлдээсэн гадаад паспортоо ч гардаж авна. Тасалбар касснаас авсанаас энэ нь зорчигч, вагоны дарга нарын аль алиндаа ашигтай тусдаг юм гэнэ. үүнийг наймаачдын хэлээр бол "өгсөн авсандаа өлзийтэй сайн" гэж нэрлэдэгийг мэдэж авлаа. Одоогоос таван зургаан жилийн өмнө ийм зүйл мэр сэр байдаг ч одоо бүүр нэг ёсны хэвшил болж хувирчээ. Наймаачидын хувьд нэг зогсоолоос нөгөө зогсоол хүрэх цаг хугацаа л өдрийн хэмнэлийг нь тодорхйолно. Тав хоногийн урт замд бор дарс балгаж вагон хурдлуулна. Хэтрүүлж уусан зарим нь өөр хоорондоо шөргөөлдөж вагон дотороо нудрага зөрүүлэх нь ч энүүхэнд. Ганзагийн наймааны алтан үе гэгддэг 90-ээд оны эхээр согтуу монголчууд вагон дотор зодолдоод хутга шөвөг дайлцаж цусаа гоожуулж байсан түүх ч байдаг юм гэнэ лээ. Вагоны проводникууд нь ажлын байрны местаа ашиглаад бас хөөрхөн бизнестэй. Нэг тогоо хоолыг 300 рублиэр зарна. (Өмнө нь 200 рубь байсан санагдаж байна. Инфляц гэж энэ дээ. хэхэ) Хоолны цэс нь цуйван, гурилтай шөл, будаатай хуурга мэтээр хязгаарлагдана. Ингэж вагоноор явж наймаа хийгээд учиргүй овой ж оцойтлоо баяжсан хүн байна гэж би дуулж байгаагүй. Хавар, намрын цагт энэ вагоны гол зорчигчид нь оюутнууд. Онгоц хөлөглөж их зардал гаргахыг хүсэхгүй байгаа оюутнууд вагоноо л сонгоно. Би ч гэсэн энэ ногоон вагоноор л явлаа. "Нарлаг монгол" гэсэн гоё нэртэй ногоон вагоны доторх амьдралын зах зухаас дуулгахад иймэрхүү.

3 comments:

altangay said...

hehe. estoi nydend hargdaj, chihend sonsogdtol bichsen bna. Bi bas hed hedn udaayavaj bsan. Hezuu yum bilee. Chi mini tegvel orost bgamaa daa. Hicheeld ni amjilt hysie.
amsterdam xxx

MNED said...

keke. Vagon ch neeree hetsuu unaa shuu.

Anonymous said...

he he mash ih taalagdjiinaa blog chin