Сүүлийн өдрүүдэд элдэв янзийн
асуудал шийдэх гээд нэлээн стресстэж, нойрноос гарч, хоол идэх ч хүсэлгүй л явж
байна шүү. Халагдах цэргийн сүүлийн жил нэлээн хатуухан байдаг гэдэг дээ. Энэ
үг үнэн бололтой. Ядарч явахад янз бүрийн нүдэнд харагддаж, гарт тэмтрэгддэггүй
бактерууд хүртэл дээрэлхээд байна. Баруун хөлний гуя чимчигнээд нэг л биш
оргиод хэд хонов. Анагаахынханд үзүүлсэн чинь хатиг гарсан байна гэж оношиллоо.
Сордог лент наагаад хэд хонуулчих. Толгой нь гараад ирэхээр шахаад, цэвэрлээд
өгнө гэж байна. Гуяан дээрээ цагаан лент наагаад гурван хоног явлаа. Эцэст нь
нөгөө хатиг хагалуулж, яргалуулах аймшигт өдөр нь ирлээ дээ.
Таван минут л тэсчих. Тэгээд л
өвдөхгүй болно гэж эмч намайг аргадлаа. Хаа холын Перу улсаас ирсэн баавгай
стилийн булиа тэр эр эмч мэргэжилтэй. Мэргэшил нь мэс засалч. Наад чинь ядах
юмгүй. Зүсээд, огтлоод, шахаад аваад хаячихна гээд Перу эмч тоож байгаа юм
алга. За тэгээд би өмдөө тайлаад, гуяа гаргаад, доошоо хараад л хэвтлээ дээ.
Өвдөлт тэсвэрлэж даах чадвар муутайг минь хэлэх үү. Би ч хэд сайн янгуучилж орь
дуу тавьлаа шд. Таван минутын дараа бүх юм дуусаад би ч тайвширлаа.
Халуун хүйтэн харшилаад, арьсны сүв
бохирдсоноос, дээр нь биеийн эсэргүүцэл сулхан шиг бол тэгээд л хатиг гардаг гэж анагаахынхан хэлж байна. Өвлийн
сэрүү орж байгаа энэ үед сургуулийн хэдэн байшингийн хооронд хөлсөө гоожуулаад наашаа
цаашаа гүйгээд байсан чинь ийм юм болж л дээ.
Үрэвсэлийн эсрэг антибиотик, биеийн
эсэргүүцэл сайжруулах зорилгоор витамины комплекс авч уугаарай гээд эмийн жор
бичиж өгсөн. Бичсэн эмийг нь уугаад л сууж байна.
За ингээд амьдралаа анх удаа Перу эмчээр
эмчилгээ хийлгэж үзлээ дээ. Амьд явах
хугацаандаа хүн элдэвийн юмыг үзэж, даван туулах юм даа.
No comments:
Post a Comment