Амьдралын тойрог

2015-01-31

Манжуурын толгод дээгүүр

Нэгдүгээр сарын сүүлээр Өвөрмонголын Хулунбуйр аймгийн Манжуур хот руу яваал ирлээ. Манжуур гэдэг үгийг бодохоор өмнө нь Манж улс хамгийн түрүүнд санаанд буулаа. Манжуур гэдэг энэ үг нь XVII-р зуунаас л дэлхийн түүхэнд бичигдэж эхэлжээ. Өмнөд тунгусаас гаралтай Манжын төрт улс нэг хэсэгтээ л зүүн Азийг захирч олон ч хүний толгойг залгисан даа. 
1616 онд энэ хавьд нутаглаж байсан Нурхаач жижиг овог аймгуудыг нэгтгэж, өөрийгөө хаан хэмээн өргөмжилжээ. 1644 онд Манжын цэргүүд Бээжинг эзлэн авсан юм. үҮНИЙ дараа улсаа Чин улс хэмээн нэрлэсэн гэдэг. Түүхэнд Манж Чин гүрэн гэж тэмдэглэн үлдээсэн нь ч бий. Бээжинд суусан Манжын хаан хятадын соёл, урлаг, шашныг ихэд биширчээ. Гэвч уугуул Манжуур нутагтаа онцгой дархлаа тогтоожээ. Манжууд оросуудтай 1658 онд анх нүүр тулан уулзжээ. Уулзах ч юу байхав. Ашиг сонирхолын зөрүүнээс болоод 1658 онд Манж-Оросууд хоорондоо дайтаж байв. 1968 онд Нерчиний гэрээ байгуулснаар дайн дуусаж Орос, Манжын хилийг Амур мөрөн, Аргунь гол, Горбица голоор тогтоожээ. 1848-1895 оны хооронд Япон-Манжын хооронд дайн болж Манжуур нутгийн тал хэсэг нь японы мэдэлд шилжсэн байна. Гэвч Симоносексийн гэрээгээр Япончууд энэ нутгийг Манж Чин улсад эргүүлэн өгчээ. 1896 онд Оросын Владивосток хотоос Харбин руу төмөр зам барих ажил эхлэв. Дорнод Хятадын төмөр зам гэж нэрлэгдддэг энэ төмөр замыг барих үед Оросын Арбайгаль (Забайгальск) хоттой хөрш зэргэлдээ Манжуур хэмээх тосгон байгуулагджээ.
1911 онд Хятадууд бослого гаргаж Манж Чин улс задарлаа. 1932 оны 3-р сарын 1-нд  Манжын сүүлчийн эзэн хаан Пу И-г япончууд ивээлдээ авч Манж-Го хэмээх тоглоомын улс байгуулав. 1945 оны 8-р сарын 19 хүртэл оршин тогтносон энэ тоглоомын улсын нийслэл нь Синьцзин хот байлаа. Харин Манжуур хот жирийн нэгэн тосгон хэвээрээ байсан юм. Одоо дэлхий дээр 10 сая орчим Манж хүн амьдардаг. Гэвч тэд өөрийн гэсэн төрт улсгүй л байна. 1949 онд БНХАУ байгуулагдахад Манжуур хот нь Өвөрмонголын өөртөө засах орны Хулунбуйр аймгийн хот болжээ. Манжуур хот нь ОХУ-ын хилээс 4 км, Оросын Арбайгаль хотоос 6 км зайтай. 




No comments: