Амьдралын тойрог

2015-02-11

Манжуур хот миний нүдээр

Түрүүчийн удаа Манжуурын тухай ерөнхий мэдээлэл бичсэн. Харин энэ удаа Манжуур хот миний нүдэнд ямараар төсөөлөгдөн буусныг сийрүүлэе. Монголын иргэний агаарын тээврийн Хүннү Эйр компани Өвөрмонголын Манжуур хот руу 7 хоногт хоёр удаа нислэг үйлддэг юм билээ. Фокер-50 загварын жижиг онгоц 50 хүний багтаамжтай. Хятадын хилийн боомтын хяналт шалгалтыг даваад гармагц нисэх буудлын хүлээлгийн танхимд өвөрмонголчуудд тосно. Тэд манай буудалд буугаарай гэж урьна. Зах, дэлгүүртэйгээ ойрхон. Тохилог дулаахан гээд л уран үгийг уралдуулна. Бид зочид буудал руу үнэгүй хүргэж өгнө. Эргээд буцах болоход зочид буудлаас нисэх рүү үнэгүй хүргэж өгнө гэнэ. Анх удаагаа энэ хотод ирж байгаа хүний хувьд өвөрмонголчуудыг дагаад хэлсэн буудал руу нь явахаас өөр гарц үгүй. 

Манжуур хотын нисэх онгоцны буудал нь хотоосоо ердөө 7 км орчим зайтай ажээ. Ер нь Манжуур хотод такси нь хот дотороо хаашаа ч явсан 7 юань. Гэвч анх удаагаа ирж байгаа хүнээс заримдаа илүүхэн мөнгө саачих зорилготой таксины жолооч нар ч цөөнгүй. 




Манжуур хотын байшин барилгын хийц нь их европ төрхтэй юм. Шөнө болмогц бүх байшин барилгуудын гадаах гэрэлтүүлэг асаж улам  ч өнгө төрх нэмэх юм. 


Хотын худалдааны төв, дэлгүүр, зах нь байрласан гудамж нь ердөө 6 гудамж. Хотын төв зам нь дөрвөн эгнээ хоёр урсгалтай. Харин худалдааны гудамжны замын хөдөлгөөн нь нэг чигийнх ажээ. Худалдааны төвийн байшин барилгууд нь тоолж барахын аргагүй олон хаалгатай. Хаалга бүр нь нэг тусдаа дэлгүүр. Байшингийн дээд давхар нь орон сууцны зориулалттай. Байшингийн зоорийн давхарыг ч засаж тохижуулдаад дэлгүүр нээчихсэн байх юм. 



Дэлгүүр бүрийн гадна дуу чангаруулагч байрлуулаад янз бүрийн сурталчилгаа хангина. Орос, Хятад хэлээр шулганах зарлдал сурталчилгаатай бичлэг нь чих дөжирмөөр байлаа.  Дэлгүүрүүдийн хаяг нь гол төлөв Орос хэлээр. Ер нь бол Манжуур бол хамгийн Оросжсон хятадын хот юмаа. Энэ хот Оросын хилээс 4 км тул оросын наймаачид байнга ирнэ. Бүр Улаан-Үд, Иркутск, Чита хотоос ч оросууд бараа худалдан авахаар ирдэг байна. 

Манжуурын гудамж болгонд 2-3 зочид буудал бий. Зочид буудлын үнэ нь монголчуудын хувьд боломжийн. Гурван одтой зочид буудалд нэг хоноход 40 юань. (2015 оны нэгдүгээр сарын байдлаар. Юаний ханш 315 төгрөг). Гаднаасаа ямар ч гоё тансаг, гял цал харагддаг зочид буудалд байдаг нийтлэг таагүй зүйл нь угаалгын өрөөний эвгүй үнэр байлаа.  Сантехникийн шугам сүлжээгээ хийхдээ ямар нэгэн тооцоо алдсан бололтой гэсэн бодол төрсөн. 

Манжуурын дэлгүүр, зах дээр зарагдаж байгаа бараа нь Эрээн хотод зарагддаг бараатай харьцуулахад арай л дээр чанартай юм. Бас Хятадын жинхэнэ чанартай брэнд бүтээгдэхүүн зардаг дэлгүүр ч байна.  Энэ хотод өвлийн улиралд булган шуба их зарна. Төрөл бүрийн загвар, хийцтэй булган шуба зөндөө юм. Манжуурын оршин суугчид ч булган шуба өмсөж явах нь элбэг. Эмэгтэйчүүд гэлтгүй бүүр хятад залуус булган шуба өмсөөд явж байх нь миний нүдэнд их чигтэй сонин харагдав.  Булган шубаны үнэ нь Улаанбаатарт зардагаас мэдээж хямдхан байлаа. 

Эрээн хотоос ялгаатай нь энэ хотод хүнсний бараа гудамж талбайд зардаггүй юм билээ. Эрээнд гудамжинд, томоохон дэлгүүр захын гадаа жимс зараад зогсож байдаг бол харин Манжуурт тийм зүйл алга. Ерөөс Оросууд хятадын жимс ногоо, хүнсний бүтээгдэхүүнийг нь тоож авдаггүй бололтой. Иймд эрэлт байхгүй болохоор нийлүүлэлт байхгүй шүү дээ. 

Манжуурын хотод үзэж хараад байх сонирхолтой зүйл тун цөөн. Нисэх онгоцны буудлаас хот руу явах замд МАТРЕШКА талбайн хажуугаар дайрч өнгөрнө. Энд ирсэн гадаадынхан энэ талбай дээр ирж зураг хөрөгөө авахуулах боломжтой. Талбайн төв хэсэгт аварга том МАТРЕШКА хэлбэртэй байшин байх агаад дотор нь ресторан ажилладаг. Талбай дээр 12 жилийн амьтны хөшөө, орос хэв маяг бүхийн Матрешканы хөшөөнүүд бий.  



Хотын худалдааны гудамж бүрийн захад нь 1-2 ширхэг иймэрхүү хөшөө бий. 





Мөн энэ хотод арслан зааны музей бий. Гэвч бид энэ музей рүү нь очоогүй билээ. 
Манжуур хотод KFC, Mac Donald's, Pizza Hut зэрэг түргэн хоолны газрууд бий. Өрнөдийн орнуудын жишгээр барьж байгуулсан WANDA гэж том худалдааны төв бий. Энэ дэлгүүр харьцангүй том, үйлчилгээ сайтай, цэвэрхэн. 









Манжуур хотод Орос хэлний дээд сургууль бий. Энэ сургуулийн барилга нь Оросын Москва хотод байдаг Ломоносовын нэрэмжит их сургуулийн төв байртай загварын хувьд төстэй.  Гадаадын орнуудын гол бэлгэ тэмдэг болсон барилгуудын дуураймал  нь Манжуурт нэлээн хэд бий. 


 Манжуур хотод жил бүрийн өвөл цас мөсний наадам болдог юм билээ. 









Манжуур хот миний нүдээр иймэрхүү байлаа. 

1 comment:

Unknown said...

ёстой хогийн газар байналээ ийшээ зүглээд хэрэггүй сумын төв шиг л