Хятад орноор аялаж явахдаа очсон дараагийн газар нь Хунань мужийн Шаошан тосгон байлаа. 1893 оны 12-р сарын 26-нд нэгэн жаал энэ тосгонд төрөөгүй байсан бол өдийд Шаошан жирийн л нэг Хятадын тосгон хэвээрээ үлдэх байв. Энэ тосгоны ихэд алдаршуулсан тэр хүн бол Мао Зэ Дун юм. Түүхийн мэдлэгтэй хүмүүс Мао Зэ Дуны тухай мэднэ. Энэ хүний тухай огт мэдэхгүй, эсвэл нэрийг нь сонсож байснаас цаашгүй хүмүүс байвал эхлээд намтарыг нь товчхон сийрүүлье.
1893 оны 12-р сарын 26-нд Хятадын (тухайн үед Манж Чин улс) Шаошан тосгоны нэгэн чинээлэг айлд хүү төржээ. Эцэг нь күнзийн сургаалыг эрхэмлэдэг, харин эх нь буддист байжээ. Мао Зэ Дун багадаа буддын шашинд ихэд сүсэглэдэг байсан ч хожим нь буддын шашнаас татгалзсан аж. Мао Зэ Дун Хунань мужид байдаг Күнзийн сургаал номлодог сургуульд хятадын уламжлалт боловсрол эзэмшсэн байна. 1907 оны сүүл, 1908 оны эхээр Мао Ицзин хүү Мао Зэ Дунд эхнэр сонгож өгчээ. Эцэг нь Маогийн үеэл охин Ло Игу-той суулгахаар шийджээ. Эцгийнх нь сонголт Мао Зэ Дунд огтхон ч таалагдаагүй бөгөөд хуримын дараа л Мао гэр орноо орхиод Шаошан тосгоныхоо нэгэн танилынхаа гэрт очжээ.
1910 оны эхээр Мао Зэ Дун эцгийнхээ гэрт очоод, Душаний сургуульд сурах санаатай байгаа учраас мөнгө өгөхийг шаардсан байна. Эцэг нь хүүдээ сургалтын төлбөрийг нь өгсөн байдаг. Душаний сургуульд сурч байхдаа Мао Зэ Дун хувьсгал, шинэчлэлийн тухай олон ном зохиол уншиж Наполеон, 2-р Екатерина хатан хаан, 1-р Петр хаан, Жан Жак Руссо, Монтескьё, Авраам Линкольн нарын тухай мэддэг болжээ. 18 настайдаа Мао Зэ Дун мужийнхаа нийслэл Чанша хотод иржээ. Чаншад ирээд армид элссэн байна. Гэвч армид тэр удсангүй. Чанша хотын дунд сургуульд элсжээ. Гэвч энэ сургууль Маод таалагдаагүй тул удалгүй сургуулиасаа гарчээ. Мужийн номын санд сууж газар зүй, түүхийн ном зохиол уншиж байв. Амьдрахын эрхэнд Мао сонинд нийтлэл бичдэг болжээ. Маогийн бичсэн анхны нийтлэл 1917 онд "Шинэ Залуус" сэтгүүлд хэвлэгдсэн байна.
Төдөлгүй Мао нийслэл Бээжин хотод иржээ. Бээжинд байхдаа Мао Зэ Дун жинхэнэ хайр дурлалтай учиржээ. Маогийн хайртай бүсгүй нь Ян Кайхуэй гэдэг бүсгүй байлаа. Бээжинд байхдаа Мао Зэ Дун Франц руу сургуульд явах завшаан тохиожээ. Гэвч тэр энэ боломжийг ашиглаагүй байна. Гадаад хэл сурахдаа маруухан, бас хөөрхөн бүсгүйд дурлачихсан байсан болохоор Франц явахаас сайн дураараа татгалзжээ. Мао Зэ Дуны улстөрийн үзэл баримтлал төлөвшихөд Ли Дачао, Чэнь Дусю зэрэг хүмүүс их нөлөө үзүүлжээ. Ли Дачао нь марксист байсан бол харин Чэнь Дусю нь анархизмийн үзэл санааг дэмждэг байжээ. Мао Зэ Дун 1920-оод оноос улстөрийн хөдөлгөөнд оролцох болжээ. 1921 оны 7-р сард Хятадын коммунист намыг үүсгэн байгуулах хуралд Мао Зэ Дун оролцсон байдаг. Мао Зэ Дун 1927 онд Чанша хотод ирээд тариачны хөдөлгөөн үүсгэн байгуулж бослого зохион байгуулж байжээ.
Хятадын иргэний дайны жилүүдэд Маогийн хувийн амьдралд нөхөж баршгүй том гарз тохиожээ. Хятадын Гоминьдан намынхан коммунист намын идэвхтэй гишүүн Мао Зэ Дуны эхнэр Ян Кайхуэйг баривчилж, улмаар 1930 онд цаазалжээ. Үүний дараа Мао Зэ Дуны ууган хүү Мао Аньлун гэдэсний халдварт өвчин - дизентери тусаж үхжээ. Японы түрэмгийлэлийн үед Гоминьдан болон Коммунист намын аль алин нь Япончуудтай тэмцэж байв. Дэлхийн 2-р дайнд Япон ялагдсаны дараа Хятадын Коммунист намынхан, Гоминьданы намынхан хоорондоо ана мана үзэлцсэн байдаг. Иргэний дайнд Коммунист нам ялалт байгуулжээ. 1949 оны 10-р сарын 1-нд Бээжин хотын төвд Тяньанмэнь талбайд хуучин эзэн хааны хориотой хотын төв хаалганы өмнө Мао Зэ Дун Хятад орон коммунизмыг сонгож байгааг сонордуулж БНХАУ-ыг тунхагласан байдаг. БНХАУ-ын удирдагч нь Мао Зэ Дун болсон билээ.
Төрийн эрх барьж байх хугацаандаа Мао янз бүрийн кампанит ажил өрнүүлж байсан. Жишээ нь "Цэцэг бүхэн дэлгэрэг", "Соёлын хувьсгал" , "Их үсрэлт" гэх мэт. Солонгосын хойгт болсон дайны үед Мао Зэ Дуны хоёр дахь хүү нь оролцжээ. Ян Кайхуэйгаас төрсөн хоёр дахь хүү Мао Аньинь Солонгосын дайнд амь үрэгдсэн юм. Маогийн түүхэнд гүйцэтгэсэн үүргийн талаар түүхчид янз бүрийн дүгнэлт хийсэн байдаг. Алдсан ч, оносон ч бий л байх.
1971 оноос Мао Зэ Дуны эрүүл мэндийн байдал муудаж эхлэжээ. Мао Зэ Дун паркинсоны өвчин туссан байжээ. 1976 оны 9-р сарын 9-нд Мао Зэ Дун зүрхний шигдээсийн улмаас нас баржээ.
Мао Зэ Дун хайртай эхнэрээ цаазлуулсны дараа дахин гэрлэсэн байдаг. 83 наслахдаа Мао Зэ Дун 4 эхнэр сольжээ. Эхний эхнэр нь Ло Исю. Эцэг нь түүнийг хүчээр гэрлүүлсэн боловч Мао Зэ Дун түүнийг эхнэрээ гэж үздэггүй. Удаах нь Маогийн жинхэнэ анхны хайртай бүсгүй Ян Кайхуэй бөгөөд 1921-1927 оны хооронд Мао Зэ Дунтай хамт амьдарсан. 1930 онд Гоминьдан намынд цаазлагдсан. Гурав дахь эхнэр нь Хэ Зыжэнь бөгөөд 1928-1939 онуудад хамт амьдарчээ. Дөрөв дэхь эхнэр нь Зян Цин бөгөөд 1938-1976 он хүртэл амьдарчээ. Маогийн талаар маш товчхондоо иймэрхүү.
Харин одоо Мао Зэ Дуны төрсөн тосгон Шаошанд түүний гэр музей байдаг юм байна.
Мао Зэ Дуны төрсөн гэр - музей руу орох хаалга.
Үүдний өрөө
1959 оны 6-р сард Мао Зэ Дун төрсөн тосгондоо ирж гэртээ хэд хоножээ. Тухайн үед авахуулсан гэрэл зураг.
Мао Зэ Дуны гэрийн гал тогооны өрөө
Мао Зэ Дуны эцэг эхнийн унтлагын өрөө
Мао Зэ Дуны унтлагын өрөө
Хятадад өнөөдө ч Мао Зэ Дуныг үндэсний баатар гэж үздэг хэвээрээ. Мао Зэ Дуны төрсөн гэрийг музей болгоод дотоодын болон гадаадын жуулчидын халааснаас хөөрхөн мөнгө олчихно. Бас энэ тосгоныхон Мао Зэ Дуны дүрс зураг, хөрөгтэй малгай, цүнх, цамцнаас эхлээд цээж баримал хүртэл хийгээд зарж амьдарч байна.
Мао Зэ Дун энэ тосгонд төрөөгүй бол өдийд Шаошан тосгонынхон яаж ч амь зуух байсан юм байгаан бүү мэд. Тосгоны бүх дэлгүүрийн бараа нь ижилхэн, иймэрхүү. Шаошан тосгоноор иймэрхүү сонинтой.
Шаошань тосгонд Мао Зу Дуны том хөшөө ч бас байна. Хийц загварын хувьд Улаанбаатар зочид буудлын өмнө байсан Ленины хөшөөтэй ижилхэн санагдсан. Харин доор байгаа хоёр зураг бол Чанша хотын төвд байдаг Оранж арал дээр байдаг Мао Зэ Дуны цээж баримал. Мао Зэ Дуны 20 гаруй настай байх үеийг энэ хөшөөнд мөнхлөн үлдээсэн юм гэнэ лээ.
No comments:
Post a Comment