Амьдралын тойрог

2015-08-23

Хятадад аяласан тэмдэглэлүүд: Аватарын нутгаар

Хятадад орноор хийсэн аялалын дараагийн цэг нь Хунань мужийн хойд хэсэгт байдаг 1 сая 400 мянган оршин суугчтай Жанжиажэ хэмээх жижиг хот байлаа. Энэ хотын ойр орчимд Wulingyuan Scenic Area хэмээх Хятадын байгалийн үзэсгэлэнт газар бий. Wulingyuan Scenic Area нь нийтдээ 397,5 км2 талбай эзлэсэн эгц шовх оройтой уул, үзэсгэлэнт нуур гээд сонин содон байгалийн тогтоцтой газар юм. Энэ хотод ирээд хамгийн түрүүнд Тяньмэнь уул () хэмээх уул руу гарлаа. Энэ уул руу аялагчид явган явахаас гадна дүүжин замаар бүхээгт сууж явж болно.  Жанжиажэ хотын төмөр замын төв буудал-Тянмэнь уулын орой хүртэл дүүн замыг Францын нэгэн компаниар бариулжээ. 
  

Дүүжин зам нь 7488 метрийн урт, нийт 98 бүхээгтэй.  Гэхдээ уул руу явган алхаад гарсан ч болно. 
Уулын орой дээр Тан гүрний үед барьж байгуулсан сүм бий. Энэ уулын дунд нэг нуур байсан бөгөөд хөтөчийн хэлснээр бол 74 метр орчим гүнзгий. Нуурын усан дээгүүр завиар явж болно. 




Завьтай аялал 40 мин орчим үргэлжилнэ. 
Байгалийн өвөрмөц тогтоцтой энэ газар уур амьсгал их чийглэг учраас ой мод нь их шигүү ургажээ. 


Завиар 40 минут аялаад уулын замаар алхаж явлаа. Эгц шовх уулан дээр нарийнхан зам гаргажээ. Өндөрөөс айдаг хүн бол явахад хэцүү л юм байна лээ. 



Амьдралдаа анх удаа ийм эвгүй шатаар явж үзлээ. Жаахан л эвгүй гишгэх юм бол өндрөөс унаад талийгаач болж мэдэхээр юм байна лээ

Харин энэ дүүжин гүүр, хүрхээ их гоё байгаа биз. Дотор муухайрмаар эвгүй өндөр газраар яваад уулнаас бууж энэ хүрхээг харж, усны чимээ сонсож сэтгэлээ тайвшируулж болно. 




Ийнхүү Жанжиажэгийн хотод ирээд эхний өдрийг иймэрхүү байдлаар өнгөрүүллээ. Харин маргааш нь Wulingyuan Scenic Area -ийн өөр нэг уул руу явлаа. Энэ бол "The Zhangjiajie National Forest Park"  (湖南 张家界 国家 森林 公园) байлаа. 

Жанжиажэ - үндэсний дархан цаазат ой бол Хятадын байгалийн үзэсгэлэнт газруудын нэг.  Газар зүйн баримжаа өгөхийн тулд Жанжиажэ уулыг google map-ээс хайж олоод скриншот хийчихлээ. 

Жанжиажэ хэмээх энэ уулыг 1982 онд БНХАУ-ын байгалийн дархан цаазат газар гэж зарлажээ. Дархан цаазат газар 4,810 га талбай эзлэдэг.  Жанжиэжэ нь өөрөө Wulingyuan Scenic Area хэмээх байгалийн үзэсгэлэнт газрын зөвхөн нэг хэсэг нь гэж тооцогддог. Wulingyuan Scenic Area  нь 397,5 км2 талбай эзлэдэг тухай интернэтээс олж мэдсэн юм.  Америкийн кино найруулагч Жеймс Камероны бүтээсэн "Аватар" уран сайхны кино гарсан цагаас хойш Хятадын Хунань мужийн Жанжиажэ уулыг зорих жуулчидын тоо эрс нэмэгджээ. 

Өглөө эрт 8 цагийн үед зочид буудлаасаа гарч уул руу явна шүү. Иймд  өглөө 7: 50 минут гэхэд зочид буудлын гадаа жуулчины автобусанд суусан байх хэрэгтэй гэж Хятад хөтөж урд өдөр нь сануулсан юм. Тэр уул руу яасан ч эрт явах гэж байгаа юм бэ дээ гэж дотороо жаахан дурамжхан байлаа. Учир нь Тяньмэнь уулаар хөлийнхөө тавхайг эргэтэл алхсан болохоор бага зэрэг ядарсан байв. 
Маргааш өглөө нь 7 цагт сэрж буудлын өглөөний цайг уугаад 7:50 гэхэд биднийг авч явах автобусанд суулаа. Гэвч энэ уул руу явахын тулд эрт сэрэх хэрэгтэй гэдгийг төдөлгүй ойлгосон билээ. Бидий байрлаж байсан зочид буудлаас Жанжиажэ уул руу 10 орчим минут л явдаг юм байна. Үндэсний дархан цаазат газар тул өндөр хашаагаар хүрээлэгдсэн их л сүртэй газар юм. Уул руу явна гэхээр хүссэн хүн нь дуртай газраараа уул руу алхаад орчихдог юм биш байна. 

Жанжиажэ  уул руу нэвтрэхийн тулд тасалбар авна. Тасалбар авахын тулд кассанд нь хүмүүс дугаарлаж зогсжээ. Тасалбар нь ийм цахим карт бөгөөд үнэ нь 245 юань. (2015 оны 8-р сарын байдлаар Монголд 1 юань 320 ханштай байна.) Энэ нь 76440 төгрөг гэсэн үг. Ийм тасалбар 4 өдрийн турш хүчинтэй. Жанжиажэ уул руу нэвтрэхийн тулд энэ цахим картаа уншуулна. Яг метронд орох гэж байгаа юм шиг. Үүдэнд нь зогсож байгаа хүн эрхий хурууны хээний дардасыг авч үлдэнэ. Энэ нь жаахан хачин санагдсан. Нэг уул руу орохын тулд эрхий хурууныхаа хээг скайнердуулах ч гэж дээ.

Хурууны хээгээ уншуулаад цааш нэвтрэн орсны дараа бид автобусны буудал олж харлаа. Ойролцоогоор 20 гаруй хүний суудалдай дунд оврын автобусанд суулаа.  

Дархан цаазат газрын нутаг дэвсгэр дээр хүмүүсийн хувийн машин тэрэгтэйгээ орох хориотой ажээ. Энэ автобус  зорчигчидыг ойролцоогоор 20 минут орчим уулын огцом эргэлттэй замаар авч явлаа. Ингээд эцэст нь автобуснаас буугаад дахиад бөөн хүний араас оочерлож зогслоо. Өнөөх оочер нь явсаар байгаад сүүлдээ бүүр уул цоолоод нүхлэсэн хонгил дотор ч үргэлжиллээ. Агааргүй бүгчим тэр хонгилд бараг 2 цаг гаруй оочерлож зогссон билээ. Ингээд тамын гэмээр тэр хонгилоос арай гэж гараад эгц хадан уулын дагуу барьсан цахилгаан шат олж харлаа. 

Ер нь бол энэ цахилгаан шат руу хүрэх гэж л бөөн оочер дугаарт зогсож амьдралынхаа 2 цагийг газар доорх хонгилд өнгөрүүлсэн юм байна гэдгээ сүүлд нь ойлгосон шд.  Ингээд арай хийж өнөө цахилгаан шатандаа суугаад уулын орой дээр гарлаа.  Америкийн кино найруулагч Жеймс Камероны сэтгэлийг хөдөлгөж Аватар киноны байгалийн дүрслэлийг нь бодож олоход нөлөөлсөн уул чинь энэ шүү дээ. 


















Хятадууд их айхтар улс юмаа. Жанжиажэ уулын орой дээр Макдоналдс түргэн хоолны газраас эхлээд янз бүрийн хоолны ресторан зөндөө. Бас Интернэтийн сүлжээ ч энэ ууланд байна. Гар утасны wi-fi  ажиллаж фейсбуукаар мессэж хүлээж аваад ёстой гайхах баярлах хоёр зэрэгцсэн. Дашрамд дурьдахад Хятадын Жанжиажэ уулыг 1992 онд НҮБ-ын соёл шинжлэх ухааны байгууллага ЮНЕСКО дэлхийн өвд бүртгэж авсан юм билээ.  За эцэст нь энэ видеог үзээрэй. Миний хийсэн видео бичлэг биш. Гэхдээ Жанжиаж уулын тухай уншсан зүйлээ улам лавшируулахад тус болж магадгүй юм. 

No comments: