Амьдралын тойрог

2024-08-25

Сөүл хүрсэн урт аялал: 1 дүгээр хэсэг. Эрээнд өнгөрүүлсэн 1 хоног

Улаанбаатараас Сөүл рүү өдөрт 6 шууд нислэгтэй. Ердөө 3 цаг нисээд Инчёоны нисэх буудалд газарддаг гэдгийг бүгд мэднэ. Гэвч энэ зуны сүүлээр Сөүл рүү арай өөр чиглэлээр яваач гээд зүүн мөрөн дээрх чөтгөр шивнээд байсан юм. Ингээд Улаанбаатараас Замын Үүд рүү явах галт тэрэгний тасалбар онлайнаар худалдаад авлаа.  Галт тэрэгний тасалбар 81000 төгрөг. Бас Хятадын орон нутгийн нислэг. мөн Бээжингээс Сөүл рүү нисэх онгоцны тасалбарааTrip.com сайтаас худалдаж авлаа.

8 дугаар сарын дунд үе. Манай монголчууд хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө Хятадын Эрээн хот руу их явж байна. Галт тэрэгний тасалбар дорхноо дуусаж байна лээ. Аялалд явахдаа олон зүйл бэлдсэнгүй. Нэг үүргэвчинд 1 шорт, 2 футболка, солих оймс, дотуур хувцас, шүдний оо сойз, нүүр гарын алчуур, гэдэсний эм хийлээ. Бас хаяхад хайран биш, нэлээн хуучирсан ор хөнжлийн даавуу хийчихлээ. Хятад руу явж байсан өмнөх аяллаас үлдсэн 135 юань гэрт авдрын мухарт хадгалж байснаа үүргэвчдээ хийлээ. Замд гарахын өмнөх өдөр Урт цагааны валютын зах орж 500 юань, 100000 вон авлаа. 1 юань 479 төгрөг, 1 вон 2.64 төгрөгийн ханштай байлаа. Харин олон улсын карттай холбосон дансанд минь **** хэмжээний мөнгө бас бий. 8 дугаар сарын хоёрдугаар хагаст Эрээн рүү манай монголчууд их очиж байгаа гэсэн сураг сонссон тул Эрээнд байрлах зочид буудлаа Trip.com сайтаар захиалав. Зочид буудалд 1 хоноход 100 юань (14 USD$) 

За ингээд аялалд гарлаа. Галт тэрэгний "Улаанбаатар" өртөөнөөс урагшаа явах тасалбартай байсан ч "Амгалан" галт тэрэгний өртөөнөөс галт тэргэндээ суулаа. Хотын төв рүү түгжрэлд явж байснаас "Амгалан" өртөөнөөс галт тэргэнд суусан нь зөв гэж бодсон. Энэ нь ч оносон байна. Замын-Үүд рүү явах галт тэрэгний нэг купенд 3 өвөрмонгол бүсгүйтэй аяны дөрөө нийлүүллээ. Замын Үүдэд ирээд нөгөө гурван өвөрмонгол бүсгүйтэй нийлж Эрээн орох машинд суулаа. 


2024 оны 1 дүгээр сард Замын Үүдээс Эрээн рүү явахад хил гаргах машин 50 юань байв. Харин одоо 80 юань болж ханш нь нэмэгджээ.  Эрээнд ирмэгцээ Хятадын гар утасны сим карт 100 юаниар худалдаж авлаа. Эрээний зээлийн хажууд монгол хоолны газар орж үхрийн махтай гурилтай шөл сонгов. Хоол идэнгээ гар утсаа цэнэглэх нь гол зорилго байв. Амтгүй, мах нь гахайны махыг санагдуулсан заваан юм өгч байна. Би хоол голдог хүн. Намайг хоолонд хүрч яваад байхыг анзаарсан хоолны газрын хүн дөхөж ирээд "Хоолоо яагаад идэхгүй байгаа юм бэ?" гэж асууж байна. "Энэ гахайны мах амтагдаад байна" гэж намайг хариулахад өнөөх "Гарцаагүй л үхрийн мах. Манай хоол уг нь сайн даа" гэж өөрсдийгөө өмгөөлөх, ятгахын завсарт хэлээд надаас холдож явлаа. Гар утсаа цэнэглэж чадлаа. Надад таалагдаагүй гахайны мах амтагдсан гурилтай шөлийг нэг удаагийн саванд хийлгэж аваад гарлаа. Эрээнд ирсэн юм чинь гээд зээлийг тойрч сэлгүүцэв. Ингэж явахдаа нөгөө таалагдаагүй гурилтай шөлийг хаячихсан. 


Эрээний зээлээр сэлгүүцэж явахдаа 23 инч хэмжээтэй (58.42 см) жижиг чемодан 50 юаниар худалдаж авлаа. Ийм чемодан цаашдаа хэрэг болж магадгүй гэж бодов. Анх үнийг асуухад 80 юань гэж байсан ч худалдагч  нь өөрөө үнэ ханшаа буулгаж 70,  65, 50 болгоход би авсан юм. Эрээн хотод нэг хоноод маргааш нь Шилин хот руу нисэх тийзтэй. Хятадын орон нутгийн онгоцны тасалбар хямд. Эрээн хотоос Шилин хот руу нэг талдаа 21 ам.доллараар нисэв. 
 Онгоцны тасалбар худалдаж авах үед Монголд 1 америк долларын ханш 3397 төгрөгтэй тэнцэж байв. Иймд би тооцоогоо хийхдээ 1 америк долларыг 3400 төгрөгийн ханштай гэж дүйцүүлээд бодож авах нь амар юм гэж бодов. 



Интернэтээр захиалсан зочид буудалдаа ирлээ. Өрөөндөө үүргэв, чемоданаа үлдээгээд Эрээний цэцэрлэгт хүрээлэнгээр алхав. Мод бут ургууулж, сагс, газрын теннис, гар бөмбөг гээд олон төрлийн спортоор хичээллэх боломж бүрдүүлжээ. Говьд мод ургуулж битүү ногоон цэцэрлэгт хүрээлэн байгуулжээ. 10 км зайтай байгаа Замын Үүд элсэндээ дарагдаж байгаа. Яг ижилхэн цаг уурын орчинд байгаа газар арчилгаа тордолгоо, хамгийн гол нь өөрчилж сайжруулахсан гэсэн чин хүслээс их зүйл хамаарч байгаа юм даа гэж бодов. Эрээнд ийм аятайхан цэцэрлэгт хүрээлэн байна гэж төсөөлж байсангүй. 





Үдээс өмнө авсан хоол таалагдаагүй учраас орой нь KFC орж бургер авч идэв.  Маргааш өглөө нь Эрээний төв гудамжинд байдаг Sino tea гэдэг ресторанд өглөөний хоол идэж цай уулаа. 



Хоолны амт чанар нь арай дөнгүүр  юм. Өчигдөрийн гахайны мах амтагдсан үхрийн махтай гурилтай шөлний дэргэд нэг шат зэрэглэл ахиу. Дараа нь төв гудамж дагуу байрладаг онгоцны тийз зардаг газар очив. 




Тэндээс Эрээний нисэх онгоцны буудал руу зорчигч тээврийн автобус тодорхой цагуудад явдаг байна. Эрээний онгоцны буудал хүрэх автобусны тасалбар 15 юань. Эрээний онгоцны буудал нэгэн зэрэг 2 онгоц хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай авсаархан юм. Ингээд Эрээн хотоос Шилин хот руу нислээ.  




No comments: