Амьдралын тойрог

2024-08-25

Сөүл хүрсэн урт аялал: 2 дугаар хэсэг. Шилин хотод 2 хоног

Эрээнээс Шилин хот руу Genghis Khan гэж агаарын тээврийн компани нислэг үйлдэж байна. Нислэг үргэлжлэх хугацаа 1 цаг. Шилин хотын нисэх онгоцны буудал нь ч авсаархан юм. Нэгэн зэрэг 4 онгоц хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай юм байна.  Шилин хотын онгоцны буудлаас гарч ирмэгц таксины жолооч нар хятад хэлээр шулганалдан нэг хэсэгтээ араас дагав. Дэлхийн аль ч хотод онгоцны буудлын гадаах таксичид өндөр үнэ хэлдэг. Хэл мэдэхгүй, анх удаа ирж байгаа хүний бүр ч андахгүй. Хэд дахин нугалсан үнэ хэлж монжихыг хичээдэг. Тиймээс би хаширлаад тэдний ятгалгад орсонгүй. Харин хот руу хүрэх автобус хүлээв. Шилин хотын онгоцны буудлаас хотын төв рүү нь автобус явдаг юм байна. Эхний автобус өглөө 7:20 цагт хөдөлдөг бол хамгийн сүүлийнх нь орой 19:30 цагт онгоцны буудлаас хотын төр рүү явдаг юм байна. 

Шилин хотын төвд ирээд хамгийн түрүүнд хоолны газар орлоо. 30 юань төлж нэг жигнүүр бууз авлаа. Хоолны газар ороод сууж байхад 60 орчим насны хятад өвгөн намайг цоо ширтэж байгааг би анзаарав. Залны зохион байгуулагч хятад залуу над руу дөхөж ирээд хаанаас ирсниыг маань асууж, нөгөөх өвгөнийг зааж "Тэр хүн миний босс" гэж англиар хэлэв. Энэ газрын хоол нь хямд, амт нь дажгүй юм. Бас үйлчлүүлэгч ихтэй байсан. Тогооч зөөгч нар нь завгүй ажиллаж байна лээ. 


Оройн хоолны дараа захиалсан зочид буудлаа олж очих нэг асуудал бий. Гар утсандаа VPN суулгасан тул Google map ашиглаж болж байв. Гэхдээ байршил заахдаа алдаа гаргаг нь анзаарлаа.  

Би Шилин хотод 2 шөнө хонох төлөвлөгөөтэй боловч 1 хоног л буудал захиалсан. Учир нь энэ хотод байх сүүлийн шөнө нь хэдэн сарын өмнө цахимаар танилцсан Өвөрмонгол залуугийн гэрт нь хононо. Хоолны газраас захиалсан зочид буудал руугаа таксигаар хүргүүлэхэд 6 юань төлөв. Цаг оройн 22:00 болжээ. Зочид буудалдаа ирээд шүршүүрт орж, гэрээсээ авч гарсан ор хонжилийн даавуугаа хэрэглээд унтахаар хэвтэв. Гадаа дуу цахилгаантай аадар шаагив. Борооноос өмнө амжиж зочид буудалдаа иржээ.  Замдаа ядарсан хүн нам унтав.

Өглөө сэрэхэд хоолой хөндүүрлэсэн байлаа. 


Зочид буудлын агааржуулагчийг ажиллуулж хоносон нь буруудаж. Зочид буудын захиалга нь өглөөний цайтай байв. 


Өглөөний цайны сонголт нь арвин биш. Өндөгтэй агшаасан будаа, хоёр төрлийн зутан, хэд хэдэн төрлийн боорцог, бин байв. Зочид буудлаас өглөөний 8 цагийн үед гарч Шилин хотын зугаалгаа эхлэв. Шилин хотын тухай ямар ч төсөөлөл надад байгаагүй. Монголоос гарахын өмнө Шилин хотын тухай англи, орос, монгол хэлээр мэдээлэл хайсан боловч үр өгөөжтэй ашигтай мэдээлэл байгаагүй юм.  Хотын гудамжаар алхаж явахад өргөн замууд, цэцэрлэгт хүрээлэнтэй саруул талбайтай 5 аас 14 давхар байшингуудтай юм.  Алхаж яваад хамгийн түрүүнд олж харсан эмийн сан руу орлоо. Хөх хотод амьдарч байгаа танил Өвөрмонгол хүн рүү Вичатаар холбоо бариад эмийн сангийн худалдагчтай нь хятадаар яриулж, хоолой хөндүүрлэх үед хүлхдэг эм худалдаж авлаа. Доорх зураг дээрх эм дотроо 40 ширхэг. Үнэ нь 18 юань.  


Эмийн сангаас гараад Шилин хотын музей рүү алхав. Музей рүү алхах замдаа олж харсан сонин содон санагдсан байшин барилгын зурагийг нь дарлаа. Голын эрэг дагуу сүндэрлүүлсэн Морин хуур шиг хэлбэртэй барилга, монгол гэрийг санагдуулахаар бөмбөгөр оройтой байшин сонирхолтой санагдав. 










Энэ хоёрын аль нэг нь музей байх гэж таамаглав. Монгол гэр шиг оройтой байшингийн өмнөх талбайд нь ажилчид нь эгнэж зогсоод хөгжим эгшиглүүлж өглөөний дасгал хийж байна. Би дөхөж очоод "Энэ музей мөн үү?" гэж англиар асуув. Өнөөх олон хятадууд шаагилдаж, төдөлгүй англи хэлээр ярьдаг нэг бүсгүй дуудаж ирүүлэв.  "Энэ музей мөн үү?" гэж би асуултаа давтав. Өнөө бүсгүй толгой сэгсэрч "It is hospital." гэж надад хариулав. Ийм дажгүй үзэмжтэй байсан эмнэлэг байх нь ээ гэж дотроо гайхав. Гэтэл дараа уулзсан өвөрмонгол залууд байшингийн зургийг үзүүлээд асуутал "эмнэлэг биш, зочид буудал" гэж хариулав. Hospital, hotel гэсэн үгийг хятад бүсгүй андуурчээ. Арай ч ийм гоё барилгатай эмнэлэг гэж юү байхав. Музей аль зүгт байгааг заалгаж аваад цааш явлаа. Хятадад VPN ашиглаад Google map ашиглаж байгаа ч яг нарийвчлалтай сайн ажиллахгүй байлаа. Иймд газрын зураг намайг буруу газар ирүүлж. 
Миний байрлаж байгаа зочид буудлаас музей хүртэл ойролцоогоор 6 км. Дэлхийн ихэнх хотын музейн үүд хаалга нь сүр жавхлантай байдаг даа. Гэтэл Шилин хотын музей рүү орох хаалгыг анх удаа ирж байгаа хүн олоход хэцүү юм билээ.  Музейн орох хаалгыг хайж явахдаа аав ээжтэйгээ хамт явж байгаа хоёр хятад залуутай танилцав. Тэд ч бас музей рүү орох хаалгыг хайж байж. Намайг Монгол Улсын иргэн гэдгийг сонсоод хоёр залуугийн өндөр нь "Чи орос хэл мэддэг үү?" гэж оросоор асуув. Би орос хэл мэднэ гэдгээ хэлэв. Шиншиок гэдэг энэ залуу Беларусь улсад түүхч мэргэжил эзэмшсэн гэж өөрийгөө танилцууав. Славян үндэстний түүхээр мэргэшсэн хүн юм билээ. Харин хамт яваа намхан нь багаасаа хамт тоглож өссөн найз нь юм байна.  Ингээд тэдэнтэй хамт музей үзэв.





Шилин хотын музейд Өвөрмонголчуудын ахуй амьдралыг харуулсан үзмэр олон байна Музейн 3 дугаар давхарт нь үлэг гүрвэлийн араг яс байрлуулжээ. Музей үзэж дуусаад зам зуур танилцсан хятад найзуудтайгаа дурсгалын зураг дарууллаа. Орос хэл мэддлэггүй намхан хятад залуу надтай Вичат хаягаа солилцов. 

Музейгээс гараад  жуулчид заавал очдог Шилин хотын "Бэйсийн сүм" рүү алхав. Гэтэл Шилин хотод уулзах өвөрмонгол найз маань Вичатаар холбоо барив. Манай гэр Бэйсийн сүмээс холгүй. Чи зочид буудлаасаа ачаа тээшээ аваад 14 цагт манай гэрт хүрээл ир. Хамтдаа Бэйсийн сүм рүү очье гэж байна. Би зөвшөөрлөө. Зочид буудалдаа очоод шүршүүрт орж ачаа тээшээ аваад Тэргэлийн гэрт очив. Тэргэл 28 настай. Эмч мэргэжилтэй. Шилин хотод ганцаараа 4 өрөө байранд амьдарч байна. Манай энэ байшин хотын захын дүүрэг байрладаг учраас хямдхан худалдаж авсан гэв. Тэргэлтэй нүүр тулж уулзаад ярилцаж байгаа нь энэ. 

Монголоос авч гарсан сувенирээ бэлэглэв. Тэргэлийн гэр Бэйсийн сүмээс холгүй. Нар буусан хойно 17 цагийн үед "Бэйсийн сүм" рүү Тэргэлтэй хамт явлаа. Энэ сүм бол Өвөрмонголын хамгийн эртний дөрвөн сүмийн нэг аж. 



1743 онд  Манжийн "Тэнгэр тэтгэгч" хааны зарлигаар энэ сүмийг байгуулж байжээ. Сүмийн барилгах байгууламж нь Түвд, Хятад, Монгол үндэстний уран барилгын шинжүүдийг өөртөө агуулжээ. Сүмд одоо ном хурдаггүй. Түүхэн барилга учраас үзмэр байдлаар хадгалж үлдээжээ. Сүмийн хойно 12 овоо байна лээ. Энэ бол хотын хамгийн өндөрлөг хэсэг гэж ойлгосон. 



Сүмийг тойрч явж дуусаад оройн хоол идэв. Гулир гэж Тэргэлийн хэлсэн гурилтай шөл идэв. Амт шимт сайтай аятайхан хоол байна лээ. 



Маргааш өглөө нь эрт Шилин хотоос явах тийзтэй. Тэргэлийг би Монголд урив. Завтай үедээ Тэргэл Улаанбаатарт ирнэ ээ гэсэн.  Ингээд Тэргэлийн гэрээс гарч онгоцны буудал руу явлаа.  Миний очсон дараагийн хот бол Бээжин байв. Хятадын иргэний агаарын тээврийн AIR CHINA компанийн онгоц Шилин хотоос Бээжин рүү 1 цаг 20 мин нисээд Beijing Capital international онгоцны буудалд газардав. 

No comments: