Амьдралын тойрог

2024-09-22

Сөүл хүрсэн урт аялал: 3 дугаар хэсэг. Бээжинд

Бээжин хот хоёр онгоцны буудалтай. "Capital international airport" бол хуучин онгоцны буудал. Хятад ханзаар 北京首都国际机场 гэж бичдэг юм билээ.  Хятад дуудлага нь: Běijīng Shǒudū Guójì Jīchǎng. Энэ онгоцны буудлыг 1958 оны 3 дугаар сарын 2-нд ашиглалтад оруулжээ.  Хятадын иргэний агаарын тээврийн Air China, China Southern Airlines компаниудын гол бааз нь. Түүнээс гадна Хятадын Xiamen Airlines, Hainan Airlines, Chongqing Airlines зэрэг компаниудын онгоцонд үйлчилгээ үзүүлдэг байна. "Capital international airport" нь гурван терминалтай. Анхны терминал нь 1958 онд нээгдсэн бол, хоёдугаар терминалыг нь 1999 онд ашиглалтад оруулжээ. 2008 онд Бээжин хотод зуны олимпийн наадам зохион байгуулагдах болсон тул гуравдугаар терминалыг нь барьж нээсэн аж. Онгоцны буудлын терминалуудын хооронд галт тэргээр зорчиж болно. Бээжин хотын "Capital international airport"  нисэх онгоцны буудлаар үйлчлүүлж байсан хүмүүс үүнийг сайн мэдэж байгаа. Нэг терминалаас нөгөө терминал руу галт тэрэг ойролцоогоор 2 минутын хугацаанд хүрнэ. "Capital international airport"  онгоцны буудлаас хотын төв рүү таксигаар, автобусаар, метрогоор явах сонголт байгаа.  Би метрогоор явах нь дээр гэж бодов. Онгоцны буудлаас Бээжин хотын Sanyuanqiao (三元桥站) метроны өртөө хүртэл Airport Express галт тэргэнд суув. Тасалбарын үнэ 25 юань. Ер нь бол Airport Express галт тэрэг нь хотын төв рүү Dongzhimen (东直门站),  Beixinqiao  (北新桥站) өртөө рүү явдаг.  


Airport Express галт тэрэгний тасалбарыг автомат машинаас худалдан авна. UnionPay системийн банкны карт, WECHAT, Alipay зэрэг төлбөр тооцооны хэрэгсэл ашиглаж тасалбар худалдан авч болохоос гадна бэлэн мөнгөөр төлбөрөө хийж болно.  Би Sanyuanqiao (三元桥站) метроны өртөө хүртэл Airport Express галт тэргээр яваад, тэндээсээ хотын метро руу шилжин суув. Бээжин хотын метроны тасалбарыг автомат машинаас авна. Очих гэж байгаа метроны өртөөгөө сонгоод, төлбөрөө төлөхдөө банкны карт, WECHAT, Alipay зэрэг цахим төлбөрийн хэрэгсэл ашиглаж болно. Метроны тасалбар авахдаа БНХАУ-ын иргэд цахим үнэмлэхээрээ баталгаажуулалт хийх ёстой. Харин гадаадын иргэд яах нь ойлгомжгүй. Би метроны тасалбар авах гэтэл БНХАУ-ын иргэний үнэмлэх уншуул гэсэн мэдээлэл дэлгэц дээр гарч ирэв. Ер нь бол Бээжин хотод гадаадын иргэн бие дааж метроны тасалбар автомат машинаас худалдан авч чадахгүй юм билээ. Б Би заавал кассанд очиж хаашаа явах гэж байгаагаа хэлээд тасалбар авсан. Гэхдээ 2019 онны зун Бээжингээр дамжин өнгөрч байхад тасалбар авахдаа ингээгүй л юм сан. Түүнээс гадна метро руу орох үед ачаа тээш, гар цүнхийг рентгенээр харна. Савтай ус бариад явж байгаа бол заавал түүнийгээ ууж үзүүлнэ. Яг л онгоцонд суух гэж байгаа юм шиг шалгуулна. Аюулгүй байдлыг хангахын тулд ийм зүйл бодож олсон гэдэг нь ойлгомжтой. Миний очих газар Gongrentiyuchang Zhan метроны өртөө. Энэ өртөөнөөс 200 метрийн зайд миний байрлах зочид буудал байгаа. Ямар ч байсан метроны тасалбар аваад Gongrentiyuchang Zhan (Workers staduim) метроны өртөөнд ирлээ.  Зочид буудлаа ч оллоо. 

Архитекторын өвөрмөц шийдэлтэй барьсан худалдаа үйлчилгээний төв бүхий бичил хороолол. Энэ хорооллын нэг барилгад нь миний сонгосон зочид буудал бий.  1 шөнө хоноход 42 доллар.  Өрөө нь цонхгүй. Нэг ор, зурагт, шүршүүр, жорлон. 

Зочид буудлын хонгил нь төөрдөг байшин шиг лабиринт.  Хана шал, өрөөнүүдийн хаалга нь өвөрмөц. Нарийнхан хонгилыг том орон зайтай болгож харагдуулахын тулд хананд нь том тольтой. 

Зочид буудлын өрөөндөө ороод шүршүүрт орж, хувцасаа солив. Зочид буудлын өрөө дэндүү давчуухан тул тухалж суугаад байх сонирхол ч төрөхгүй. Ингээд Бээжин хоттой танилцахаар явлаа. Метронд сууж Тиан Ань Мэнь талбайд ирлээ. 


Тиан Ань Мэнь талбай руу орохын тулд урьдчилж бүртгүүлсэн байх ёстой гэж сонссон. Гэхдээ тэр бүртгэл нь гялс болчих зүйл гэж би бодсон юм.  Метроны буудлаас гараад төв талбай руу заасан самбар дагаад алхав. Алхаж явсаар дугаарлаж зогсоо хүмүүстэй нэгдчихлээ. За ингээд бараг 30 минут дугаарлаж зогсоод хянал шалгалт хийж байгаа дүрэмт хувцастай хүний дэргэд ирлээ. Хүмүүсийн паспортыг шалгаж байна. Би ч паспортоо үзүүллээ. 
Дүрэмт хувцастай хүн: "Та урьдчилж бүртүүлсэн үү? Бүртгэлээ үзүүл" 
Би: "Надад тийм зүйл байхгүй."
Дүрэмт хувцастай хүн: "Таныг нэвтрүүлэх боломжгүй. Тэнд самбар дээр байгаа QR code уншуулаад бүртгүүлээрэй."
Ийм товчхон яриа бидний дунд өрнөв. Зааж өгсөн QR code-ийг гар утсаараа уншуулав. 


Тиан Ань Мэнь талбай руу нэвтрэхээр бүртгүүлэх гэтэл хамгийн ойрын боломжит цаг нь маргаашийн 16:00 цаг гэсэн сонголт л байлаа. Би Бээжингээс маргааш 19:00 цагийн үед ниснэ. Тиймээс энэ удаа Тиан Ань Мэнь талбайг үзэж чадахгүй нь ойлгомжтой болов. Ингээд буцахаас өөр аргагүй.Тэнд над шиг ингэж будилсан хүмүүс олон байсан. Би ганцаараа биш. Ер нь ямар ч юманд би ганцаараа биш гэдгээ мэдрэх шиг сайхан зүйл үгүй. Бүртгэлийн цэгээс гарахын тулд дахиад л олон хүний араас дугаарлаж зогсох болов. Гарахын тулд бараг 20 орчим минут халуун наранд шарагдаж зогсов. 


Хайран цагаа алдсандаа л харамсаж байлаа.  Тиан Ань Мэнь талбайн урдуур нь олон эгнээ том машины зам байна. 


Ингээд улаан хэрмэн хашаа дагаж нарийн гудамж руу хойш эргэв.  Янз бүрийн бараа худалдаж байгаа жижиг дэлгүүрүүд олон байв. Зарим дэлгүүрийн хажуугаар нь явахад бохир усны хоолойн үхмий үнэр ханхалж байлаа. Нэлээн удаан алхаж явсны эцэст нэг том дааман хаалга тааралдав. Яавч жирийн газар биш гэдэг нь тодорхой байлаа. Гэтэл Хааны ордон музей "Хориотой хот"-той зэргэлдээ байдаг Zhongshan хэмээх цэцэрлэгт хүрээлэн юм байна.   Zhongshan Park руу нэвтэрч орох тасалбарын үнэ нь 3 юань. Би тасалбарыг нь худалдан аваад, цэцэрлэгт хүрээлэн рүү орлоо. 


Zhongshan Park нь "Хориотой хот"-ын баруун урд байрладаг бөгөөд эрт цагт Эзэн хааны тахилын өргөө нь байрладаг байжээ.  Zhongshan Park -ыг 1421 онд Мин гүрний хаан Zhu Di зарлиг гаргаж байгуулсан түүхтэй юм байна. 


Энэ цэцэрлэгт хүрээлэнд газар тариалангийн бурхан, тэнгэр газрын лус савдагт тахил өргөх зорилгоор олон сүм дуган байгуулжээ. Мин улс, дараа нь Манж Чин улсын эзэн хаад жил бүр энд ирж тахилын ширээнд идээ будаа өрж мөргөл үйлдэж байв. 
Zhongshan Park  нь 23 га талбайтай. Бээжин хотын томоохон цэцэрлэгт хүрээлэнгийн тоонд ордог байна. 

Тиан Ань Мэнь талбай руу орж чадаагүй, Хааны ордон музей "Хориотой хот" руу орж чадаагүй надад Zhongshan Park бол яг тохирсон газар юм шиг санагдав. 


Хааны ордонтой адилхан улаан хэрмэн хашаа, эртний улаан байшингууд. 

Энэ парк дотор Манж Чин улсын үеийн хувцас өмсөж, мэргэжлийн зурагчинаар уран сайхны зураг авахуулж байгаа охид олон байв.  Манж Чин улсын үеийн нийгмийн байдлыг харуулсан түүхэн сэдэвтэй Хятад киноноос л харж байсан манж хувцасны загварыг ингэж анх удаа бодитоор нь харав. 

Zhongshan Park 1914 оноос бүх нийтэд нээлттэй болсон байна. 1928 онд энэ цэцэрлэгт хүрээлэнг. Хятадын хөрөнгөтний хувьсгалын лидер Сун Ят Сений нэрэмжит болгожээ.  






Тиан Ань Мэнь талбай руу орж чадаагүй ч санаандгүй явж байгаад ийм цэцэрлэгт хүрээлэн үзсэндээ сэтгэл хангалуун байлаа.  Zhongshan Park-аас гадаад худалдааны гудамжаар алхав. Гэдэс өлсөж байна. Нэг мухлаг руу орж гурилан боов авч идлээ. 

Дараа нь метронд суугаад Nanluogu Xiang. өртөөнд хүрэв. Энэ өртөөний 9 дүгээр гарцаар нь гарч хуучны загвараар нь үлдээсэн худалдааны урт гудамжаар алхаж зугаалгаа үргэлжлүүлэв.


Гудамжны хоол, төрөл бүрийн бараатай дэлгүүр тоо томшгүй олон юм. Дараа нь энэ гудамжнаас гарч гар утасныхаа газрын зурагийг ашиглан DESTINATION бар руу алхав. Nanluogu Xian метроны өртөөнөө 6 км зайтай юм байна. Гадаа аль хэдийн нар жаргаж бүрэнхий болсон байлаа. Газрын зурагаа харж байгаад л алхчихлаа. Замдаа Бээжингийн орон сууцны хороолол, хүнгүй  шахуу эль хуль харанхуй гудамжаар дайран өнгөрлөө. Өмнө нь хэзээ ч явж байгаагүй хэрнээ, яг л мэддэг хүн шиг өөртөө итгэлтэйгээр алхаад л байлаа. Ингээд бараг 2 цаг гаруй явган алхсаны эцэст Бээжин хотын алдартай гей баранд ирлээ. Бээжинд ирж байсан монгол гей залуучууд энэ газраар үйлчлүүлж байсан түүхээ зөндөө л хуваалцсан байдаг доо.


DESTINATION гей барны үүдээр ормогц шилэн хоргонд ийм эгдүүтэй чихмэл тоглоомон хоёр бамбарууш нүдэнд өртөв.  Бар руу ормогц хижээл насны хятад эрэгтэй хамгаалагчаар нь ажиллаж байна. Намайг хараад найрсагаар инээмсэглэв. Гадаад хүн гэдгийг мэдмэгцээ хаашаа явах ёстойг гараараа зааж чиглүүлж өгч байна лээ.


Бар хэд хэдэн танхимтэй. Ресторан, паб, бүжгийн талбайтай танхим гэх мэт. 


Хятадын нийслэлд ирсэн хүн байна даа. Хятад шар айраг авч уулаа. Tsingtao шар айргийг Монголд байхдаа ууж үзсэн л дээ. Гэхдээ Бээжинд ирээд ууна гэдэг чинь утга учир нь өөр л дөө. 


Шар айраг шимээд сууж байхад 21:20 минут болж байсан шиг санагдаж байна. Орой 22:00 цаг дөхөх үед үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэж, бүжгийн тайзтай танхим дүүрэх нь ээ. Миний хажуугийн ширээнд хоёр хятад залуу ирж суулаа. Харсан шиг, аль алин нь их аятайтан дамшигнууд юмаа. Царайлаг, цэвэрхэн хувцасласан, дэгжин, үе тэнгийн хоёр хятад залуу. Би Google Translate ашиглаад тэдэнтэй хэдэн үг солив. Эхлээд өөрийгөө танилцуулаад, ганцаараа яваа гэдгээ бичлээ. Та хоёр хосууд уу? гэж асуулаа. Хариуд нь нөгөө хоёр тийм гэж байна. Өнөөдөр энэ бааранд ямар нэг хөтөлбөртэй юу гэж асуув. 22:30 цагаас K-POP бүжгийн шоутай гэж тэр хоёр надад хэллээ. 22:30 цаг болохыг хүлээв. Танхимд бараг 10 гаруй хятад залуус орж ирээд 22:30 цаг болмогц хэд хэдээрээ тайзан дээр гарч K-POP дуун дээр бүжиглэв. Танхимийн уур амьсгал найрсаг. Хойшоо эргээд хартал хөл тавих зайгүй олон хүн цугларсан байлаа. 23:30 минутын үед би баарнаас гарч явлаа. Учир нь маргааш өдөр Бээжингээс Сөүл рүү ниснэ. Зочид буудалдаа очиж амарсан нь дээр. DESTINATION барнаас гараад Google Map ашиглан зочид буудлынхаа зүг алхав. Замд хэд хэдэн шөнийн клуб байв. Шөнийн клубын гадуур нь хөлчүүрхсэн хятад бүсгүйчүүд, харчууд олон. Тэд хэсэг бүлгээрээ бөөгнөрч зогсоод тамхилж өөр хоорондоо чанга ярилцаж инээлдэнэ. Тэднийг ажиглаад явж байтал нэг хятад залуу надаас юм асуув. Би ойлгохгүй байна гэдгээ англиар хэлэв. Мөнөөх хятад залуу гар утасныхаа орчуулгын программаар "Чи юм ууж бүжиглэхийг хүсэж байна уу?" гэж бичжээ. Би "Баярлалаа. Үгүй" гэж товч хариулаад цааш алхав. Дараагийн шөнийн клубын үүдэнд ирэхэд бас л ямар нэг зүйл надад хандан хэлж байна. Би толгойгоо сэгсэрээд л цааш явлаа. Мэдээж манай баар руу орж алкоголь уу гэж санал болгосон биз. 
Зочид буудалдаа ирээд шууд унтлаа. Маргааш өглөө нь SUBWAY орж өглөөний цай уув. 


Өглөөний цайны дараа хүнсний дэлгүүр орлоо. Бээжингийн хүнсний дэлгүүрийн бараа бүтээгдэхүүний үнийг хамт сонирхож үзье. 









Хүнсний дэлгүүрээс гараад дараа нь UNIQLO хувцасны дэлгүүрээр хэсэв. Ингээд үдээс өмнө буудалдаа эргэж очоод шүршүүрт орж хувцасаа солиод BEIJING DAXING INTERNATIONAL AIRPORT руу явлаа.  Gongrentiyuchang Zhan метроны өртөөнөөс Caoqiao (草桥站) өртөөнд ирэв. Тэндээс Daxing International Airport руу явах галт тэргэнд суулаа. Галт тэрэгний тасалбар 35 юань.  


Daxing бол Бээжин хотын хоёр дахь онгоцны буудал. 2019 онд нээгдсэн энэ онгоцны буудал Бээжин хотын Тиан Ань Мэнь талбайгаас 46 км алсад байрладаг. 1 терминалтай, 4 давхар энэ нисэх онгоцны буудлын барилга наймаалжийг санагдуулсан өвөрмөц хэлбэртэй.  

Daxing нисэх онгоцны буудалд өмнө нь би ирж байгаагүй.  Бээжингээсээ хол юм гэнэ лээ гэдэг сураг сонсож байснаас цаашгүй. Тийм учраас хаширлаад онгоцны буудал руу эрт явсан юм. Тэр нь ч оножээ. Онгоцоо хүлээх зуураа Daxing нисэх онгоцны буудлын бүх давхараар нь явж үзлээ. Онгоцны буудал дээр ирээд хоол идлээ. Учир нь Бээжингээс Сөүл рүү ердөө 1 цаг 20 минут нисэх тул хоол өгөхгүй. 


19:00 цагийн үед Бээжингээс Солонгосын Сөүл хот руу нислээ. Бээжингээс нисэхийн өмнө хоол идсэн нь зөв алхам болжээ. Онгоцонд цэвэр ус, зайдастай талх, тараг л өгч байна. 

Ингээд Сөүл хотын Инчёон олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. 

No comments: