Амьдралын тойрог

2024-10-25

Тайваньд аялсан тэмлэглэл. 2 дугаар хэсэг. Бээжинд байхгүйг Тайпейд харав

Капсул дотор орж унтана гэдэг миний хувьд сонирхолтой туршилт байлаа. Эхэндээ амьсгал давчдаад эвгүй юм шиг санагдаж байв. Гэвч өглөө сэрэхдээ сайхан амарсан мэдрэмжтэй. Ингээд зочид буудлын лоббид сууж Тайваньд хийж байгаа аяллынхаа эхний өдрийн тухай бичив. Төдөлгүй 8 цагт өчигдөр танилцсан Тайваний хөдөөний залуу Жим хүрч ирэв. Хамт автобусанд суугаад National Palace Museum рүү явлаа.  Тайпей хотод нийтийн тээврийн автобусанд нэг удаа суухад 15 TWD төлнө. Шууд тээврийн хэрэгслийнхээ картыг уншуулж төлбөрөө хийнэ.  Тайпей хотод хөгшин залуу, эрэгтэй эмэгтэйгүй мотоцикл хөлөглөж явах нь нийтлэг юм билээ. 


Автобусаар 45 минут орчим яваад Тайпей хотын хойд хэсэгт байрладаг "National Palace Museum"-д ирлээ.  Музейн нэрийг хятадаар "国立故宫博物院" гэж юм билээ. 



Тасалбар 350 TWD. Гэхдээ оюутнууд 150 TWD төлж үздэг юм байна. Энэ музейн барилгыг 1964 оны 3 дугаар сараас 1965 оны 8 дугаар сарын хооронд барьжээ. Музейн үзмэрийн тоо ойролцоогоор 700.000 бөгөөд бүгдийг нь Бээжин дэх Хориотой хот хааны ордон музейгээс зөөж Тайвань арал дээр авч иржээ. Дэлхийд хамгийн олон хүн үздэг музейн жагсаалтын 6 дугаарт бичигддэг гэсэн статистик байна. 



Музейн үзмэрийн сан хөмрөгт хүрлээр хийсэн эд зүйл 6225, шаазан эдлэл 25555, зоос 6953, нэхмэл эдлэл 1571, уран зураг 6580, бийрэн бичлэг 3707, уран бичлэг хийхэд ашигладаг эд зүйл 2379, дэвүүр 1880, ховор ном 212169, Манж Чин улсын архивын бичиг баримт 386863, манж, монгол, түвд хэлээр бичигдсэн бичиг баримт 11501, янз бүрийн шашны эд өлгийн зүйн 12978  бий гэж танилцуулгад нь бичжээ. Гэхдээ энд дурдаагүй өнгөрсөн олон зүйл байгаа нь ойлгомжтой. Музейд өнөөгийн БНХАУ-ын газар нутаг дээр амьдарч байсан Цин, Хан, Сүн, Тан, Юань, Мин, Чин гэх мэт эртний төрт улсуудын түүхэнд хамаарах эд зүйл олон байлаа. Гэхдээ музейн сан хөмрөгийн ихэнх хэсгийг Чин улсын үеийн Тэнгэр тэтгэгч хааны (Цяньлун / 愛新覺羅 弘曆 ) үеийн эд зүйлс бүрдүүлдэг аж. Музейн ихэнх танхимд гар утсаараа гэрэл зураг дарах, гар утсаараа видео бичлэг хийхийг зөвшөөрчээ. Иймд миний сонирхлыг татсан музейн үзмэрийн гэрэл зургийг нь дарлаа.  



Жишээ нь доор харагдаж байгаа луу, лянхуа цэцэгтэй ваар Манж Чин улсын үед хамаарах бөгөөд Бээжин дэх хааны ордон музейгээс авч ирсэн эд. 



Өчүүхэн жижиг хэмжээтэй ч нарийн чамин ур хийцтэй зүйлсийг томруулдаг шилээр харах боломж олгожээ. 


Энэ музейн хосгүй үнэт үзмэрийн тоонд зүй ёсоор тооцогддог эртний эдлэл бол ногоон өнгийн үнэт чулууг  засаж хятад байцааны хэлбэрт оруулсан үзмэр. Гярхай ажиглах юм бол байцааны навчин дунд нуугдаж байгаа царцааны дүрсийг бас олж харах болно.  Энэ байцааны дүрст уран баримлыг хэн хийсэн нь тодорхойгүй. 1889 онд Манж Чин улсын 11 дүгээр хаан Гуансюй (Айсиньгьоро Цзайтянь 愛新覺羅·載湉) хатан нь хэн нэгнээс бэлгэнд авсан байна.  


Доорх хоёр зурагт харагдаж байгаа луу дүрсэлсэн тагтай аяга  өнөөгийн Хятадын  нутагт Мин гүрэн оршин тогтнож байхад хийгдсэн байна. Өөрөөр хэлбэл, 1426 оны үед анх хийсэн гэсэн үг. Гэвч эвдэрч гэмтэлгүй маш сайн хадгалагдаж өнөө цаг үед музейн үзмэр болжээ. 


Доорх харагдаж байгаа цэнхэр таваг ч ялгаагүй Мин гүрний уран дархчууд 1573-1620 оны үед хийсэн гэж үздэг байна. 


Энэ музейд Манж Чин улсын түүхэнд хамаарах архивын баримт бичгүүд нэлээн хадгалагдаж байна. Эдгээр бичиг баримт дотор өнөөгийн Монгол Улсын нутаг дэвсгэрт тухайн үед болж байсан үйл явдлын тухай ч бичиж тэмдэглэсэн байна.


















Дэлхий аль ч музей өөрийнхөө сан хөмрөгт байгаа бүх үзмэрийг бүгдийг нь дэлгэн тавьдаггүй. Зарим үзмэрээ тодорхой цаг хугацаатай гаргаад цааш нь хураадаг. Ямар нэгэн үйл явдал, тэмдэглэлт ойг тохиолдуулан агуулахдаа нандигнаж хадгалж байгаа эд зүйлийг тусгай үзэсгэлэн болгож  гаргадаг. Намайг энэ музейд зочилж явах үед Манж Чин улсын хааны охидын эрх ямба, эдлэл хэрэглэлийн тухай тусгай үзэсгэлэн гаргасан байв. Мөн Манж охид бүсгүйчүүдийн гоёл чимэглэлийг ч дэлгэжээ. Жишээ нь эрхиний тухай тайлбар, Манж Чингийн язгууртан бүсгүйн хүзүүндээ зүүж байсан эрхи байрлуулжээ.




Бас Манж эмэгтэйчүүдийн ээмэг, толгойны гоёл зэргийг бодитоор нь харах завшаан тохиолоо. 




Манж Чин улсын үед айлуудын гэртээ тавьж байсан тавилга, толь, шүүгээг музейгээс үзэв. 



Музейд байгаа бүх эд зүйл дуураймал биш, жинхэнэ нь учраас түүхийн тулд үнэ цэнтэй. Тэр ч бүү хэл, өдгөө Монгол Улсын мөнгөн тэмдэгт дээр байгаа Чингис хааны эш хөрөг зургийн жинхэнэ эх (оригиналь) нь энэ музейд хадгалагддаг. Түүх сөхвөл, 1278 оны сүүлээр Хубилай хаан Хорихусун хэмээх монгол зураачид Чингис хааны хөрөг бүтээхийг даалгасан байна. Тэр ёсоор бүтээгдсэн гэгддэг хоёр л эш хөрөг бий. Эхнийх нь Тайваний Үндэсний ордон-музейд, хоёр дахь нь БНХАУ-ын Түүхийн музейд байдаг. Хоорондоо маш адилхан, хэмжээ ойролцоо (Тайпэйд буй нь 59,4см Х 47см, торгон дээр зурсан. Бээжинд буй нь 58,3см Х 40,8см, цаасан дээр зурсан), ер нь нэг зургийн хоёр хувилбар бололтой. Алийг нь нөгөөгөөс нь хуулсан бэ гэдгийг тодруулах боломжгүй ч, XIII зууны үеийн бүтээлүүд мөн гэдгийг шалгаж тогтоосон юм билээ. Бээжинд буй хөргийг 1920 онд Монголд ирсэн Цэн Хуань гэгч хятад генерал нэгэн монгол вангаас бэлгэнд авсан гэдэг (Гамин цэрэг Монголыг эзэлсэн үе тул айлын шүтээн дээрэмдсэн ч байж мэднэ). Генералын үр хойчис 1953 онд уг зургийг БНХАУ-ын Түүхийн музейд өгсөн аж. “Энэ бол Хорихусуны зурсан жинхэнэ хөрөг” гэж Өвөрмонголын эрдэмтэн Сайшаал, Баяр нар баримт дурдаж бичсэн нь бий. Тайваньд буй хөрөг бол Манж Чин улсын хааны ордноос авч 1948 оны үед эх газраас тээвэрлэн аваачсан үнэт зүйлсийн дотор байж. 1748 онд Манжийн Тэнгэрийн тэтгэсэн хааны зарлигаар Мин улсын үеийн сан хөмрөгөөс авч залсан гэх уг хөргийг монгол бичгийн хорголжин барын эцэг болсон Харчины Тэмгэт 1925 онд анх гэрэл зурагт буулган хэвлэснээр дэлхийд танигдсан юм. Тайваний тал өөрт буй хөргийг Чин улсын эзэн хааны ордны цуглуулгаас уламжилсан тул жинхэнэ эх нь гэж үздэг. Харин Хятадын тал өөрт буй хөргийг Халх Монголын ван хэргэмтэй том ноёныд үе улиран шүтэгдэж ирсэн тул жинхэнэ эх, Чингийн хааны ордонд байсан нь Мин улсын үеийн хуулбар зураг гэж маргадаг ажээ. 

Тайваний Тайпей хот дахь "National Palace Museum"-д 2 цаг орчим боллоо. Ямар ч байсан Бээжинд байхгүй түүхийн үнэт эд зүйлийг би Тайпейд ирээд харлаа. Ингээд Чан Кай Шигийн дурсгалын цогцолборыг үзэхээр явлаа.

No comments: