Амьдралын тойрог

2024-11-06

Тайваньд аялсан тэмлэглэл. 3 дугаар хэсэг. Манай эриний 8000 жилээс өнөөдрийг хүртэлх Тайвань

Монголд бороо ормогц сэрүү татдаг. Харин Тайвань аралд бороотой ч гэлээ цаг агаар дулаан. Монголоос авч гарсан шүхрээ дэлгээд л явлаа.  Сайн дураараа надад газарчилж музей рүү явж байгаа Тайваний хөдөөний залуутай хамт автобусны буудал руу очих зуураа Тайваний тухай сонирхсон асуултаа асуув. Тайвань арлын орчимд хар шуурга болдог уу? гэж асуув. Өнөөх маань ч надад дэлгэрэнгүй хариулж, мэддэг англи үг нь дуусмагц Google translate ашиглана. Миний англи хэлний мэдлэг ч бас сүрхий биш. Гэхдээ л хоорондоо ямар ч байсан ойлголцоод болоод л байв. Автобус хүлээж суунгаа доорх зургийг дарав. "National Palace Museum"-ийн яг эсрэг талд нь ийм орон сууцны хороолол сүндэрлүүлжээ. 


Автобусанд сууж хагас цаг орчим яваад Чан Кай Шигийн дурсгалын цогцолборт ирлээ. Дурсгалын цогцолбор нь Хятадын эртний заншил ёсоор гол дааман хаалгатай юм байна. 



Өргөн том талбайн хойморт  Чан Кай Шигийн хөшөөг хойморт нь залсан барилга байна. 




Талбайн хоёр талд нь Тайванийн үндэсний театр байдаг аж. Эртний Хятад загвараар барьсан  сүрлэг хоёр барилгын нэг нь орчин үеийн урлагийн тоглолт хийдэг концертын танхим, нөгөө нь уламжлалт хятад дуурь тоглоход зориулсан юм байна гэж ойлгов. Хоёр тусдаа барилга боловч, үндсэндээ нэг байгууллага л гэсэн үг. 


Чан Кай Ши-д зориулсан дурсгалын цогцолбор байдаг талбайг "Эрх чөлөөний талбай" нэрлэдэг байна. Томоохон тэмдэглэлт үйл явдал, баяраар энэ талбайдаа хүмүүс цуглаж баярын цуглаан зохион байгуулдаг аж.  Чан Кай Шигийн хүрэл хөшөөг хоймортоо залсан барилга нь 250 м/кв талбайтай. 

Дурсгалын цогцолборын барилга цагаан өнгөтэй, өндөр  нь 70 метр. Дээвэр нь найман өнцөгт хэлбэртэй бөгөөд хөх өнгийн хавтанцартай, үзүүр нь алтан шаргал өнгөтэй юм. Цогцолборын гол хаалга руу хүрэхийн тулд хоёр үе бүхий нийт 89 шатны гишгүүрээр алхана. Чан Кай Ши 89 насандаа таалал төгссөн юм билээ. Барилгын доод давхарт нь номын сан, Чан Кай Шигийн амьдрал үйлсийг харуулсан музей ажилладаг юм байна. Гэвч би музей рүү нь орсонгүй. Чан Кай Шигийн дурсгалын цогцолборт цаг тутам нэг удаа хүндэт харуул солигддог байна. Гэвч бороотой өдөр хүндэт харуул зогсоодоггүй юм билээ.




Чан Кай Шигийн дурсгалын цогцолборыг 1975 оны 6 дугаар сард барих ажил эхэлсэн байна. Дурсгалын цогцолборын зураг төслийг шалгаруулах уралдаан зарлахад, хятадын үндэсний уран барилгын хэв загварыг шингээсэн загвар санал болгосон Ян Чочэн гэдэг архитекторчийн төсөл шалгарчээ. Барилгын ажил 1975 оны 10 дугаар сарын 31-нд эхэлж, 1980 оны 4 дүгээр сарын 5-нд нээлтийн ёслол хийжээ. 10 дугаар сарын 31 бол Чан Кай Шигийн төрсөн өдөр байсан бол 4 дүгээр сарын 5 нь түүний таалал төгссөн өдөр юм.


Чан Кай Шигийн дурсгалын цогцолбороос гарч зам хөндлөн гараад "Тайваний үндэсний музей"-д ирлээ. 

Тасалбарын үнэ 30 TWD.  Хуучны гэмээр ийм өвөрмөц барилгад байрладаг юм билээ. 



Гэхдээ миний орсон энэ музей Тайваний үндэсний музейн нэг салбар нь бололтой. Тайвань аралд амьдарч байсан хүмүүсийн аж байдал, ахуйн хэрэглээний зүйлсийг харуулсан үзмэрүүд дэлгэсэн байлаа. 



Бас химийн шинжлэх ухааны тухай мэдээлэл, химийн бодис, тэр ч бүү хэл киноны хуучин хальс байх юм. 




Музейн 2 дугаар давхарт хүрээлэн байгаа орчныг хамгаалах асуудлыг хөндсөн тусгай үзэсгэлэн гаргажээ. 


Музейгээс гарахдаа наадаг цаасан дээр тамга дарж, нэрээ бичиж үлдээв.


Дараагийн очсон музей бол Тайваний үндэсний музейн жинхэнэ төв нь бололтой. Тасалбар нь мөн л 30 TWD.  Гэхдээ нэг авсан тасалбараар хоёр музей үзэж болох юм гэнэ. 



Музейн эхний танхим нь археологийн олдвор, хөрсний бүтэц, чулуулаг, эртний үлэг гүрвэлийн үлдэгдэл араг яс, үлэг гүрвэлийн өндөг гэх мэт зүйлсийг дэлгэсэн үзмэртэй байв. 


Мөн Тайвань арал дээр эрт дээр цагт амьдарч байсан нутгийн уугуул хүмүүсийн тухай мэдээлэл бүхий үзмэр, энэ арлын уугуул оршин суугчдын амьдралыг харуулсан үзмэр сонирхол татав.  Тайвань арал бол Номхон далайд байрладаг Хятадын эх газраас 150 км алсад оршдог.  Одоо дэлхий нийтээрээ хэрэглэж байгаа Тайвань гэдэг нэршил нь XVII зуунд арал дээр Голландын далайчид ирснээр бий болжээ. Тайвань гэдэг үгийн гарал үүслийн тухай хоёр хувилбар байдаг. Эхний хувилбараар, Голландчуудын буудалласан газраас холгүй арал дээр Сирайя омгийн хүмүүсийн суурин байжээ. Сирайя омгийнхон амьдарч байгаа арлаа Тайоан гэж нэрлэдэг байж. Хожим хятадын түүхэн эх сурвалж дээр  Тайоань гэдэг үгийг нь Да юань (Их тойрог) гээд бичжээ. Голландын далайчид Да Юань гэдэг үгийг нь латин үсгээр бичихдээ Taiwan гэж бичсэн нь одоо арлын албан ёсны нэр болоод байна. 

Харин хоёр дахь хувилбараар бол Tai гэдэг нь хятадаар тавцан гэсэн үг. Харин wan гэдэг нь тэнгисийн булан гэсэн үг аж. Ингээд Тэнгисийн булангийн цаадах тэгш газар гэсэн утга илэрхийлдэг байна.  Португалийн далайчид энэ аралд ирээд байгалийн тогтцыг нь шагшин магтаж гайхалтай (Formosa) гэж дуу алдсан байдаг. Ийнхүү бас Формоза гэдэг нэршил ч бас бий. Тайвань арал нь хойноосоо өмнө зүг 394 км сунаж тогтсон. Өргөн нь ойролцоогоор 140 км. Арлын талбайн хэмжээ 35 834 квадрат км. Арлын эргийн урт 1566 км. Арал бүхэлдээ ой модтой уултай. Тайвань арлын хамгийн өндөр цэг нь 3952 м Юйшань уулын оргил юм. Арлын хойд хэсэгт сөнөсөн хэд хэдэн гал уул байдаг бол баруун хэсэгтээ тэгш тал газартай. Халуун орны бүгчим байдал давамгайлна.  8 ба 9 дүгээр сард далайн хар шуурга арлыг нөмрөн авах нь түгээмэл. Арлын хойд хэсэгт жилийн турш үүлэрхэг.  Тайваньд газар хөдлөлт болох нь бас нийтлэг. 

Тайвань арал дээр балар эрт үеэс хүн амьдарч байжээ. Нутгийн уугуул хүмүүс нь австронез гарал угсаатай хүмүүс гэж түүхчид баталдаг.  Тайваний нутгийн уугуул омог аймгийн гол төлөөлөл нь сирайя, хоанья, бабуза, папора, пазех, таокас, кетангалан, басаи, кавалан, сайсият, атаял, труку, тхао, цоу, канаканаву, хла-алуа, бунун, рукаи, амис, пуюма, пайвань зэрэг юм. Тэднийг ерөнхийд нь гаошань гэж нэрлэдэг.  2024 оны байдлаар нутгийн уугуул хүмүүсийн тоо 600.000-аас хэтрэхгүй аж. Харин эх газраас ирсэн хятад угсаатнуудыг түрүүлж ирсэн бэньшэньнэнь, хожуу ирсэн вайшэньнэнь гэж хоёр ялгадаг байна. Бэньшэньнэнь ангилалд багтдаг хятадууд нь өнөөгийн БНХАУ-ын Фузянь мужаас ирсэн хохло үндэстэн, Гуандун мужаас ирсэн хакка үндэстэн аж.  Доорх зураг бол Тайвань арал дээр хэдэн мянган жилийн турш аж төрж байсан нутгийн уугуул хүмүүсийн зураг, тэдний ахуй байдлыг харуулсан үзмэрийн хэсэг.







2024 оны байдлаар Тайвань арал дээр 23 сая 500 мянган хүн оршин сууж байна. Тайвань арлын хэмжээ нь 36197 м/кв. Хүн амын нягтаршил нь 1 м/кв талбайд 647 хүн. Энэ нь хүн амын нягтрал их гэдэг үзүүлэлтээр дэлхийд 10 дугаарт, Ази тивдээ 2 дугаарт бичигддэг. Тайвань арлын оршин суугчдын олонх нь баруун эрэг орчмын тэгш тал газарт том хотод амьдардаг. Хүн ам ихтэй том хотууд нь: Тайпей, Гаосюн, Тайчун, Жанхуа, Таоюань, Тайнань, Синьжу, Зяи юм. 

Тайвань арлын оршин суугчдын 70 хувь нь Фузянь мужаас гарал угсаатай хохко үндэстэн, 20 хувь нь Гуандун мужаас гаралтай хакка үндэстэн бол 7 хувийг эх газрын хятадаас ирсэн ваншэйжэнэнь бүрдүүлдэг. Харин 3 хувийг нь арлын уугуул оршин суугч амис, пайвань, атаял, бунун зэрэг дээр дурдаж байсан омог аймгийнхан эзэлдэг. Тайваньд албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн хэл бол Хятад хэлний умард зүгийн гоюй аялга юм. Гэхдээ хохло хэлээр ярьдаг хүн цөөнгүй. Бичиг үсэг нь хятад ханз. 2017 онд Тайваний парламент уугуул иргэдийн хэлний тухай хууль баталсан бөгөөд бүх хэлийг эн тэнцүү гэж заажээ. Эдгээр нь хохло, хакка, гоюй, дорнод Мин хэл. Метро, нийтийн тээвэрт дээрх дөрвөн хэлнээс гадна англи хэлээр буудал зарладаг юм байна лээ.
Тайваний үндэсний музей дотор "Тайваний банкны музей" гэсэн тусдаа хаяг байх юм. Музей доторх музей гэх юм уу даа. Энд Тайваний банкны салбарын тухай сонирхолтой мэдээлэл авч болох үзмэр зөндөө байв. 


Жишээ нь энэ бол дээр үеийн бодит бонд.


Бас дээр үеийн тооны машины анхдагч хувилбар ч байна. Иймд зүйл анх удаа л харлаа. 


Мөн дээр үеийн банкны үйлчилгээний танхим, хуучин ширээ сандалтай нь үлдээжээ. Яг л цаг хугацаагаар аялж байгаа мэт сонирхолтой санагдав.  Ийнхүү музейгээр хэсэж тэнээд оройны 18 цагийн үед хамт яваа хөдөөгийн залуутай хамт капсул зочид буудалдаа эргэж ирэв. Хамт хоол авч идлээ. Хөдөөний залуу ч ядарсан бололтой. Харин би оройг яаж зугаатай өнгөрүүлэх вэ? гээд дараагийн төлөвлөгөөгөө зохиов. Угаасаа Улаанбаатараас энэ хол газар зориод ирсэн хүн юү гэж зочид буудлын өрөөнд хэвтэхээ бодох вэ? Аль болох их олон газраар явж үзэхийн л хүслэн. Ингээд оройны хоолны дараа ганцаараа метронд суугаад Тайпей хотын Ximeding хэмээх дүүрэг рүү явлаа.  Ximeding дүүргийг тухай дараа үргэлжлүүлэн бичье. 

No comments: