Амьдралын тойрог

2024-11-20

Тайваньд аялсан тэмдэглэл 4 дүгээр хэсэг. Тайпейгийн архичдын хөндийд

Дэлхийн аль ч хотод шөнийн цэнгээний газар,  паб төвлөрсөн нэг том гудамж байх юм аа. Тайваний Тайпей хот ч бас энэ жишгийг дагасан юм шиг санагдав. Санагдав гэж бичсэн нь миний таамаглал. Миний таамаглал эндүүрэл ч байж магадгүй. Тайпей хотын Ximeding дүүрэг нь шөнийн цэнгээний газар, паб, ресторан, янз бүрийн брэндийн дэлгүүр төвлөрсөн ийм л дүүрэг юм байна. Угаасаа Тайпейд очихоосоо өмнө энэ хотын тухай мэдээлэл цуглуулж байхад л Ximeding бол хөл хөдөлгөөн ихтэй, зугаа цэнгээний төвлөрөл болсон дүүрэг гэж бичсэнийг уншиж л байсан л даа. Өдөржингөө музей хэсэж явган явсан ч гэлээ түнэр харанхуй болсон хойно Ximeding дүүрэг рүү метрогоор явлаа.  


Ximeding бол хэд хэдэн гудамжнаас бүрдсэн бичил хотхон маягийн газар юм байна. Энд машин явж болох цардмал замтай боловч зөвхөн явган хүн л явахыг л зөвшөөрчээ. Харин тодорхой цагуудад машин нэвтэрч орохыг зөвшөөрдөг юм билээ. Энэ хавийн ресторан, паб, дэлгүүрүүд шинэ бараа бүтээгдэхүүнээ татан авах, ачаа буулгах, хог гаргаж ачуулах гэх мэт үйлдэл хийхийн тулд үүрээр эрт машин оруулдаг бололтой юм. Харин бусад үед нь гудамж бүхэлдээ явган зорчигчийн мэдэлд. Метроноос гармагц цардмал зам дээр солонгот далбааны өнгөөр будсан хэсэг нүдэнд тусав. Тайвань бол ЛГБТ хүмүүсийн эрх зүйн орчныг хуулиараа баталгаажуулсан цөөхөн орнуудын нэг. 


10 дугаар сарын сүүлийн бямба гарагт зохион байгуулагдах "LGBT Pride 2024" угтаж э
нэ дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд гаднах чимэглэлээ хийжээ. Энэ бол гар утасны дагалдах хэрэгсэл зардаг жирийн л нэг дэлгүүр.
    



Энд H&M, Zara, Uniqlo зэрэг хувцасны дэлгүүрүүд харагдсан. Өөр зөндөө л дэлгүүр байсан доо. Бүгдийг нь нэрлэж барахгүй.



Бас янз бүрийн хоолны газрууд үй олон.  Юу идэхийг хүснэ, түүнийгээ энэ гудамжнаас баталгаатай олно. 


Ximeding дүүргийн энэ гудамжийг бүтэн нэг тойрлоо. Бараг 2 цаг орчим зарцуулсан. Энэ дүүрэгт LGBT хүмүүст зориулсан үйлчилгээний газрууд ч бас олон.  Жишээ нь зөвхөн гей эрчүүдэд зориулсан "Hans" гэдэг нэртэй саун бий. Доорх зурагт тэр саун хэдэн давхарт байгааг нь бичсэн хаяг. Энэ барилга дотор томоохон худалдааны төв бас ажилладаг юм билээ. 


За ингээд оройны 23 цаг болохоос өмнө метронд суугаад капсул зочид буудалдаа эргэж ирлээ. Энэ оройны зугаалгын гол зорилго нь Ximeding дүүргийн ерөнхий байдалтай тойм байдлаар танилцах байсан юм. Энэ зорилго маань ч биелсэн. Маргааш өдрийн 11:00 цагаас өмнө капсул зочид буудлаас бүр мөсөн гарах ёстой. Тайпейгээс явах болоогүй. Гэхдээ буудал захиалаагүй. Өөрөөр хэлбэл, маргааш Тайпейд хонох газаргүй гэсэн үг. Гэхдээ MNED-д нэг бодол бий. 



No comments: