Хо Ши Мин хотын нисэх онгоцны буудалд газардмагцаа Фукуо́к арал руу явах хамгийн ойрын бас хямд нислэгийг www.trip.com аппликейшнээс хайв. Хо Ши Мин хотоос Фукуок арал руу 1 дүгээр сарын 13-нд 20:45 минутаас хөөрч, 1 дүгээр сарын 15-нд оройдоо Хо Ши Мин хотод буцаж ирэх нислэг 151 USD гэж байна. 1 талдаа 75 доллар. (2025 оны 1 дүгээр сард 1 USD нь 3480 төгрөгийн ханштай байсан.) Энэ бол Vietnam Airlines компанийн нислэг. Манайхаар бол МИАТ л гэсэн үг. Цахимаар тасалбарыг нь худалдаад авчихлаа. Хо Ши Мин хотод байрлахаар захиалсан зочид буудлаа цуцлав. Аз болж үнэ төлбөргүй цуцлах боломж байсан юм. Ингээд Хо Ши Мин хотын онгоцны буудлаас гаралгүй шууд дараагийн нислэгтээ бүртгүүлэв. Ханой хотоос авсан чемоданаа онгоцны тээшинд өгөв.
Харин өөрөө гар тээшинд үүргэвчээ авлаа.
Онгоц ниссээр харуй бүрий болсон хойно Фукуок арлын нисэх онгоцны буудалд газардлаа.
Онгоц ниссээр харуй бүрий болсон хойно Фукуок арлын нисэх онгоцны буудалд газардлаа.
Фукуок арал бол Сиамын булан дахь том арлын нэг бөгөөд 593 км квадрат талбайтай. Арал нь гурвалжиндуу хэлбэртэй. Арлын хойд хэсгээс өмнө зүг рүү явна гэвэл 50 км туулах хэрэгтэй болно. Энэ арал дээр 146 мянган хүн оршин суудаг гэсэн бүртгэл байдаг юм байна. Эрт дээр үеэс Фукуок арлынхан загас агнаж, газар тариалан эрхэлж амь зууж байжээ. Харин сүүлийн жилүүдээс аялал жуулчлал идэвхтэй хөгжиж эхэлсэн байна. Арал дээр таван одтой тансаг буудал, жуулчдад зориулсан бусад үйлчилгээнүүд бий болоод удаагүй байгаа юм байна. Газар зүйн байрлалын хувьд Вьетнамын эх газраас алслагдмал. Харин Камбож улсын эх газартай ойрхон. Ер нь бол Фукуок арал анх Камбожийн харьяанд байсан юм билээ. Хожим Вьетнамын засаг захиргаанд шилжсэн. Арлын цаг агаар нь халуун орны чийглэг аагим бүгчим. Ер нь жилийн турш өдрийн дундаж температур нь +33 хэмийн халуун байдаг бол шөнөдөө +19 хэм. Хамгийн хүйтэн сэрүүн үе нь нэг, хоёрдугаар сар. Жил бүрийн 11 дүгээр сараас 3 дугаар сарын дуустал гадаадын жуулчид их очдог.
Энэ үед арлын цаг агаар илүү таатай сайхан байдаг. Зуны 5, 6, 7, 8 дугаар сард бороо хур ихтэй, амьсгалахад ч хэцүү хэт халуун. Далайн хар шуурга 8, 9 дүгээр сард тохионо. Тийм учраас монголчууд Фукуок арал руу 1 эсвэл 2 дугаар сард очвол хамгийн тохиромжтой. Арлын түүх нь бас их сонирхолтой.Энэ арал нь эртнээс Камбожийн газар нутаг байсан.
XVIII зууны дунд үеийг хүртэл арал дээр хэдэн загасчин л түр амьдарч байж. Францчууд зүүн өмнөд азийг колоничлох үед Фукуок арлыг цэргийн бааз болгон ашиглажээ. Эртний Вьетнамын эзэн хаан Зья Лонг босогчдоос зугатаж Фукуок арал дээр хэсэг орогнож байжээ. Дараа нь босогчдыг дарж өөрийнхөө эрх мэдлийг сэргээсэн хойноо Фукуок арлын өөрийнхөө мэдлийн газар гэж тунхаглаж байжээ. Арлын эзэмшлийн асуудал нь Вьетнам, Камбожийн хооронд маргаан дэгдээж байсан ч Францын колоничлогчдын дэмжлэгтэйгээр Вьетнамчууд арлыг хяналтдаа авч чадсан байна. 1949 онд Хятадад улсад коммунист нам иргэний дайнд ялалт байгуулсны дараа Чи Хуань гэх хятад генерал 33000 цэргийн хамт арал дээр ирж байжээ. 1953 онд тэнд арлын орхиж эх газрын Хятад руу буцсан байна. 1953 онд Фукуок арал дээр өмнөд Вьетнамын засаг захиргаа том шорон байгуулжээ.
1973 оны байдлаар арал дээр 40 мянган хүн хоригдож байв. 1975 онд Камбожийн "Улаан кхмер"-үүдийн арми Фукуок арал руу довтолж, түйвээжээ. Энэ нь 1979 онд Вьетнам Камбожийн хооронд зэвсэгт мөргөлдөөн гарах шалтгаан болсон юм. Вьетнамын зэвсэгт хүчин Камбожийн армид цохилт өгч Фукуок арал дээр хяналтаа сэргээж чадсан байна. 1982 онд Камбож, Вьетнамын хооронд хэлэлцээр хийж Фукуок арлыг Вьетнам улс эзэмших болсон байна. Гэхдээ Камбож улс нь Фукуок арлын эзэмшлийн маргааныг үе үе дэгдээдэг. Яг одоо тус арал Вьетнамын мэдэлж байна. Арлын түүх товчхондоо ийм. Фукуок арал орой ирээд танилынхаа байгаа амралтын газар нь очиж хонов. Өглөө нь сэрээд далайн давалгаа сонсонгоо торгон элсэн дээр хэвтэж амар амгаланг мэдрэв.
Фукуок арал дээр жуулчдад зориулсан дэд бүтэц бий болоод ердөө хэдхэн жил болж байгаа юм байна. Иймд юм бүхэн нь шинэ.
Энэ арал дээр нээгдээд удаагүй байгаа жуулчид төдийгүй нутгийн оршин суугчид амарч зугаацдаг газар бол Vinwonders хэмээх хүрээлэн. Дэлхийд алдартай Диснейлэнд шиг л. Нэг өдрийн тасалбар нь 950 000 вьетнам донг. Энэ нь ойролцоогоор 35 USD. Эсвэл 136 000 төгрөг гэсэн үг. Аттракцион тоглоом, усан парк, аквариум, оройны лазер гэрлийн шоу бүгд энэ үнэд нь багтсан. Дэндүү хямдхан гэсэн үг.
Дотор нь ормогц аттракцион тоглоом, усан парк, далайн загас үзэж боломжтой аквариумтай.
Доорх зурагт харагдаж байгаа яст мэлхий хэлбэртэй байшинд далайн загас, дельфин, акул харж болох том аквариум байгаа.
Vinwonders хүрээлэнд бараг 40 гаруй аттракцино тоглоом ажиллаж байсан. Аттакцион тоглоомуудыг нь бас сэдэвчилсэн байдлаар байрлуулсан юм билээ. Vinwonders хэмээх энэ хүрээлэн нийт 50 га талбайг эзэлдэг.
Далайн аквариум үзээд, дараа нь усан парк орж тоглов.
Оройны 20.00 цаг болмогц өмнөө усан цөөрөм, усан оргилууртай энэ орд харш лазер шоуны гол тайз болж хувирна. Лазерын шоуг тухтай сууж үзэхийн тулд эртхэн очиж хамгийн тухтай суудлыг нь эзлэх хэрэгтэй шүү гэж би зөвлөж байна. 19:30 гэхэд л хүмүүс энэ цөөрмийн эргэн тойронд цугларч шаталсан байдлаар зассан суудал дээр суудаг юм билээ.
Ингээд 20:00 цаг болмогц усан оргилуур, лазер гэрэл, байгалийн хийн тусламжтай үүсгэсэн галын дөл хосолсон сониррхолтой шоу эхэлнэ. Үзэхэд харамсахааргүй гоё шоу байсан.
Фукуок арал дээр байдаг бас нэг үзмэр бол хулсан байшин. Хулс зангидаж энэ байшинг барьжээ. Дотор нь юу ч үгүй. Жуулчдад зориулсан гоёл чимэглэлийн байшин гэж хэлж болно.
Дотор нь ороод үзэхэд нэг иймэрхүү.
Маргааш өглөө нь далайн эрэг дээр хэвтэж, бүтэн биеийн массаж хийлгэж амрав.
Монгол машин угаалгын газар гэж байдаг даа. Гэтэл Вьетнамд машин угаалгын газраас гадна мотоцикл угаалгын газар гэж байна аа.
Өнөөдөр бол Фукуок арал дээр байх сүүлийн өдөр. Оройны нислэгээр Фукуок арлаас Хо Ши Мин хот руу буцна. Хо Ши Мин руу нисэх онгоцонд суугаад цонхоор нь харсан чинь хажууханд манай монголын АЭРО Монголиа компанийн онгоц зогсож байхыг олж харав. Хол газар явж байгаад Монголынхоо иргэний агаарын тээврийн компанийн онгоцыг харах ч сайхан байдаг шүү.

































No comments:
Post a Comment