Амьдралын тойрог

2008-03-04

АСУУЛТЫН ТЭМДЭГ 1-р хэсэг

Одоогоос 1 жил гаруйн өмнө оюутан байхдаа дотуур байрандаа гиюүрч сууж байгаад гэнэт "ангийнхаа" нөхөдийнхөө тухай зохиол бичих юм сан гэж бодож байсан юм. Гэхдээ ч миний зохиол бичнэ ч гэж дээ... Тухайн үед нэг өгүүллэг эхлүүлээд дуусгалгүй дутуу хаяж байсан юм. Харин 2 сарын сүүлээр гэнэт бичмээр санагдаад. "Асуултын тэмдэг" гэдэг нэрийг нь хүртэл аль дээхнэ бодоод олчихсон байлаа. Тэгээд овоо хэдэн хэсэг юм бичээд компьютер дээрээ хадгалчихсан. АСУУЛТЫН ТЭМДЭГ... ТУН УДАХГҮЙ гэж хэд хоног рекламдаж байгаад өнөөдөрөөс цувралаар блогтоо нийтлэхээр шийдлээ. MNED. 
Асуултын тэмдэг
1-р хэсэг
Би цаасан дээр томоос том асуултын тэмдэг зураад удаан ширтэж суулаа. Намайг Төгсөө гэдэг. Би оюутан болоод удаагүй байгаа. Миний бодлоор энэ орчлон ертөнц бүхэлдээ асуултын тэмдэгээр дүүрэн мэт санагддаг. Хорвоод мэндэлсэн мөчөөс хойш хумхын тоос гэж юу болохоос эхлээд өдөр шөнө, сар, жил яагаад солигдож, тэнгэрт яагаад од мичид түгдэг юм бэ? гэдэг асуултыг тавьдаг. Яагаад? гэдэг асуулт тавих болгонд томчууд надад тайлбарлаж хэлдэг байлаа. Харин одоо би том болсон. Гэхдээ л яагаад гэдэг үгээр эхэлсэн асуулт тавьдаг хэвээрээ л байна. Хайр дурлал гэж вэ? Яагаад хэн нэгэнд би дурлаж, дурлалынхаа араас шаналдаг юм бэ? гэж асуумаар байна. Одоо ч гэсэн би сэтгэлээ өгсөн хүнээ үгүйлэн санаж, шаналж байна. Би ширээний араас босож сандалын түшлэг дээр тохсон нимгэн хүрмээ аваад гэрээсээ гарлаа. Намайг гудамжинд гарахад сэрүүхэн салхи өөдөөс зөөлөн үлээж хацар нүүрийг зөөлөн илбэх шиг санагдав. Би алхах дуртай. Алхаж явах үед хамгийн гайхамшигтай шинэ санаа  салхиар тээгдээд надад ирэх шиг санагддаг. Гэвч одоо алхаж явах үед шинэ санаа, биш харин хуучин дурсамж минь сэтгэлд бууж байна. 2 сарын өмнө сургуулийн хонгилд болсон тэр нэгэн явдлаас бүх зүйл эхэлсэн юм. Хичээл эхлээд удаагүй байсан үе. Би хоёрдугаар цагийн хичээлээс хоцрох шахаад хар хурдаараа гүйж байтал, “Хүүе энд чиний цаас уначихлаа” гэж хэн нэгэн хэллээ. Би эргээд хартал миний харцанд үе үе өртөж байсан оюутан залуу зогсож байв. Сугандаа хавчуулсан хавтаснаас шөнө нойроо хугаслан байж бичсэн  гурван хуудас илтгэл маань уначихжээ. Гурван хуудасны хоёр нь цэвэрлэгч эгчийн шал угааж байсан хувинтай бохир ус руу орж нороод халтар ухна шиг юм болжээ. Уг нь энэ илтгэлийг л унших гэж яарч сандарч гүйж байсан юм сан. Гэтэл одоо яарах ч хэрэггүй боллоо.
-Наадах чинь юу байсан юм гэж тэр залуу надаас асуув.
-Миний унших ёстой байсан илтгэл байсан юм. Одоо ч хэрэггүй боллоо л доо гэж би хэлээд санаа алдав.
-Аан чи философийн анги юм уу?
-Тийм, чи яаж мэдсэн юм гэж би гайхаж асуулаа
-Мэдэж ядах юу байхав. Чиний энэ хувинд норсон цаасны чинь эхний хуудсан дээр “Эртний грекийн софистууд” гэж гарчиг байна ш дээ. Түүнийг ингэж хэлж байх хооронд би хажууд нь ойртоод сандал дээр суулаа. 2-р цагийн хичээл аль хэдийнэ эхэлчихсэн бололтой. Сургуулийн хонгилд зөвхөн бид хоёр л үлдэв.
-Чи яагаад тухлаад унав. Саяхан л яараад том том харайлгаад байсан биз дээ гэж тэр надад хэлээд миний царай руу харав.
-Одоо ч яараад байх хэрэггүй болсоон. Энэ хэнд ч хэрэггүй хог болчихлоо гэж бохир усанд норсон илтгэл руугээ хараад хэллээ. Тэгэхээр одоо яараад байх ч хэрэг алга. Дараагийн цагийн хичээл эхэлтэл эндээ суугаад хүлээхээс. Харин чи энд юу хийж байгаа юм бэ?
- Давтлага өгөх багшаа хүлээж байна аа. Би дэндүү эрт ирсэн бололтой. За тэгвэл хамтдаа гиюүрэх үү? гэж тэр хэлээд над руу гараа сунгаж, намайг Золбоо  гэдэг гэж нэрээ хэлэв. Би өөрийнхөө нэрийг хэлж гар барьлаа.
-Чи хэддүгээр курст сурдаг вэ? гэж Золбоо асуув.
-Нэг
-Өө, оюутны ширээнд суугаад удаагүй байгаа юм байна.
-Чи өөрөө хэддүгээр курсынх юм бэ? гэж би түүнээс асуухад тэр өөдөөс инээмсэглэж
юутан болоод зөндөө удаж байна аа гэв.
Биднийг ингээд сууж байтал сургуулийн цэвэрлэгч шалны модоо барьсаар хүрч ирлээ. Хувинтай усанд нь цаас орчихсон байхыг хараад:
-Хэрэггүй цаасаа хогийн саванд хаячихгүй дээ. Одооны оюутнуудын ухамсар дэндүү дорой шүү  гэж амандаа бувтнаад илтгэлийг нь хайр найргүй базаж хогийн сав руу хийгээд эргэж ирэхдээ
 лив, та хоёр наанаасаа босоодох. Би сандал доогуурх хог шороог нь цэвэрлэе.
Би сууж байсан сандалаасаа босоход Золбоо боссонгүй хөлөө дээш нь өргөөд
-Эгчээ ингээд хөлөө өргөөд л сууж байя л даа гэж гуйв. Цэвэрлэгч уцаарлаж:
-Бушуухан босож үз. Хүн ажил хийлгэхгүй. Хичээлдээ ч орохгүй. Энд юугаа хийж суудаг юм. Ингэхэд чи энд хэдэн жил суух гэсэн хүн бэ гэв. Золбоо аргагүйн эрхэнд суудлаасаа босож
-За за эгчээ, уучлаарай босохоос доо гэж хэлээд над руу харж чи завтай байгаа юм чинь хамт явж жаахан юм олж идэх үү гэв. Өглөө гэртээ тухтай юм идэж амжаагүй байсан болохоор би ч зөвшөөрсний тэмдэг болгож толгой дохив. Ингээд түүнтэй хамт сургуулийн ойролцоох кафед орлоо. Энэ кафед өдрийн завсарлагааны үеэр үйлчлүүлэгч ихтэй байдаг. Харин одоо хичээлийн цаг болохоор хүн цөөтэй байлаа. Бид булангийн ширээний ард өөдөөс харж суув. Зөөгчийг ирэхээр нь аяга кофе кекс захиалав.
-Чи хэддүгээр курст сурдаг юм бэ? Цэвэрлэгч чамайг энд хэдэн жил ингэж суух гэсэн хүн бэ гэхийг бодоход чи хуучин оюутан юм биз дээ гэж би асуув.
-Аан, цэвэрлэгч эгч нээрээ тэгэж хэлсэн билүү? Би 4-р курст сурдаг. Олон жил миний царай тэр эгч харсан болоод л ингэж л дээ гэж хөгжилтэй хэлэв.
Сургуулийн хонгилоор явахдаа байнга тааралдаж, олон удаа харц мөргөлдөж байсан хүнтэй уулзаад сууж байгаадаа би дотороо баяртай байлаа. Нүдэнд дулаахан зөөлөн харц, богинохон халимаг, өтгөн хөмсөг цайвар царайг нь би ажиглаж суухдаа тэр яагаад намайг ингэтлээ цоо ширтээд байна аа гэж өөрөөсөө асууж байсан юм.
2-р хэсэг
Ямар азаар миний хавтаснаас илтгэл минь сугарч унав аа. Ямар хувь тохиолоор тухайн үед сургуулийн цэвэрлэгч эгч хувинтай усаа хонгилын яг дунд орхиод явчихсан байв аа гэж би олзуурхаж байв. Сүүлийн лекц тараад би сургуулийн хонгилоор алхаж явахдаа шинэхэн танилаа сэмхэн нүдээрээ хайж байлаа. Гэвч тэр надтай тааралдсангүй. “Чи философийн анги юм уу? Чиний энэ хувинд норсон цаасны чинь эхний хуудсан дээр “Эртний грекийн софистууд” гэж гарчиг байна” гэж түүний хэлсэн үг чихэнд сонсогдох шиг. Өчигдөр уулзахдаа Золбоотой утасны дугаараа солилцож аваагүйдээ харамсаж байлаа. Хүүхэд шиг гэнэн юм бодож байх ч гэж хэмээн би өөрийнхөө бодлоосоо ичиж нүүр маань үл ялиг халуу оргив. Миний бодлыг хэн нэгэн нь мэдчих вий гэсэн шиг хоёр тийш сэмхэн хараад шатаар уруудлаа.
Төгсөөгийн сэтгэл ингэтлээ догдолж байгаагүй билээ. Ахлах ангид сурч байхдаа ангийнхаа нэг бандид дурлаж өдрийн бодол шөнийн зүүд болж байсан. Ангийнхаа хүүхдүүдтэй тоглож бужигнаж байхдаа яагаад ч юм тэр надад сайн хандаж, түүний харц нь над руу маш зөөлөн харж байгаа шиг санагддаг байсан. Гурван жилийн өмнө өвлийн нэгэн өдөр ангиараа Хандгайтад очиж амарч билээ. Ангиараа гагнасан гинжийг таслагтун гэж тоглож байхад миний дурласан банди эсрэг тэсрэг талд зогсож таарав. Тоглоомын явцад нөгөө талынхан хоолой нийлүүлж “Гагнасан гинжийг таслагтун” гэж хашхираад л... Манайханыг “Хэнээр?” гэж асуухад хүүхдүүд намайг сонгов. Би хар хурдаараа гүйж сэтгэлийг минь хулгайлсан жаалын зүг гүйж гинжийг таслаад өнөөх бандийг гараасаа хөтлөж өөрийнхөө багт элсүүлэн авч байхдаа сэтгэл хангалуун байсан. Бид хаа ч хамт явж байдаг болохоор ангийнхан ч “хос загал” гэж хочилдог болов. Гэхдээ бид бусдыгаа дээрэлхэх биш, харин сурлагаараа хэнийг ч дагуулдаггүй байсан болохоор ийм хочтой болсон хэрэг. Бид хичээлээ тараад гэртээ харих замдаа охин ярьна. Манай сургуулийн хамгийн хөөрхөн охин аль нь вэ? Манай ангийн мисс охиныг нь тодруулая гэлцэн ам уралдан ярьдаг байлаа. Өмнөө яваа танихгүй хоёр охиныг “Хүүе,” гэж дуудаад эргээд хармагц нь та хоёрын голынх нь хөөрхөн юм байна” гэж хэлээд зориуд чанга хөхрөлддөг сөн. Нөгөө охидууд ч яахав дээ, тэнэг юмнууд гэчихээд л урагшаа харж замаа хөөгөөд алхана. Такси зогсоогоод жолоочоос нь “Ахаа, цаг хэд болж байна?” гэж асуучихаад л яваад өгнө. Жолооч ах нарын зарим нь зүгээр л цаг хэлээд яваад өгнө. Харин зарим минчийтлээ уурладаг сан. Иймэрхүү байдлаар бид цагийг уйдахааргүй л өнгөрүүлдэг байсан. Хамгийн дотны найздаа хайртай гэж хэлэх юм бол юу болох бол? Надаас холдож хөндийрчих байх гэж би айдаг байлаа. Тиймээс түүнд хайртай гэж хэлэхгүй байсаар 10-р ангиа төгссөн. 11-р ангиа төгсөөд тэр шууд гадаадад сурахаар явж би Монголдоо их сургуульд орсон юм...
Төгсөө хичээлээ тараад алхаж явахдаа арван жилийн сурагч байхдаа мэдэрсэн тэрхүү догдлолыг өнөөдөр дахин мэдэрсэндээ сэтгэл хангалуун байлаа. Золбоо намайг ойлгохгүй байвал яана аа гэсэн айдас бас л намайг зовоож байлаа. Тэр яах бол гэсэн асуулт миний өмнө тулгарлаа.
3-р хэсэг
Сүүлийн хэдэн өдөр би сургуулийн хонгилоор явахдаа Золбоотой тааралдаасай гэж битүүхэндээ хүсдэг болов. Гэвч хүсэхэд хяслан гэгчээр тэр надтай тааралдсангүй. Гэвч би нүдээрээ түүнийг хайсаар л байлаа. Яагаад нэг сургуульд сурч байж тааралдахгүй байгаа юм бол оо гэсэн бодол толгойд эргэлдэв. Баасан гаригийн үдээс хойш хичээлээ тараад харих гэж байтал манай ангийн дарга:
-Хүүе, манайхаан, өнөөдөр манай ангийн Чимгээгийн төрсөн өдрийг тэмдэглэнэ шүү гэв. Ангиараа дэлгүүр орж бэлэг авчихаад дараа нь Mетрополис орж бүжиглэв. Чанга хөгжмийн нүргэлсэн дуу, анивчиж цацарсан хурц гэрэл биднийг угтлаа. Төгсөө ангийнхантайгаа бүжиглэж байхдаа эргэн тойрноо хальт харвал бүдэг гэрэлтэй хамгийн булангийн ширээний ард Золбоо шар айраг шимээд сууж байх нь тэр. Би одоохон. Энд нэг таньдаг хүн байна гэж Төгсөө ангийнхандаа хэлээд Золбоогийн сууж байгаа ширээ рүү зүглэв.
-Сайн уу? Сайхан шоудаж байна уу? гэж Төгсөө хэлэв.
-Өө, ямар сонин хүн бэ? Ингэж тааралдах гэж... хэмээн Золбоо гар сунгаад энд суугаач гэж урив. Төгсөө буйдан дээр суугаад
-Арай ганцаараа явж байгаа юм биш биз дээ? гэж асуув.
-Нэг найзыгаа хүлээж байна. Аль эрт ирнэ гэж хэлчихээд одоо болтол алга байна.
-Утасдсан юм уу?
-Түрүүн утсаар ярьсан. Замдаа л явж байна гээд байна лээ. Харин чи юу хийж байгаан? Төгсөө бүжиглэж байгаа ангийнхаа хүүхдүүдийг нүднийхээ булангаар харангаа:
-Аан, манай ангийн охины төрсөн өдөр болж байгаа юм. Тэгээд ангийнхантайгаа энд орж ирсэн юм.  
-Чи уух юм захиалахгүй юм уу? гэж Золбоо асуугаад Төгсөөгийн хариултыг хүлээлгүй зөөгч бүсгүй рүү дохиов.
-Чи найз охинтой юу гэж Золбоо асуув.
-Үгүй. Ганцаараа. Гоонь хэвээрээ яваа гэж Төгсөө хариулаад харин өөрөө гэж асуухад Золбоо инээд алдаад
-Надад олон найз байгаа. Тэгээд ч надад найз охины ч хэрэг байхгүй ш дээ гэж хэлэв.
Золбоогийн хэлсэн энэ үг миний сэтгэлийн мухарт шигдсэн нууцхан хүсэлд маань горьдлого төрүүлэв. Энэ үед Золбоогийн утас дуугарлаа.
-Байна уу?... Би хүлээгээд сууж л байна. Чи тэгээд ирэхгүй юм уу?... За за bye гэж хэлээд утсаа таслаад:
-Хүлээж байсан хүн маань ирж чадахгүй гэнэ ээ гэж хэлээд өмнөө байсан шар айрагаа балгав. Төгсөө:
-Чи одоо тэгээд гэр лүүгээ зүглэх үү? гэхэд тэр “Харих гэж юундаа яарах вэ дээ. Гэртээ ганцаараа байх юм чинь. Манай гэрийнхэн хэд хоногоор Эрдэнэтэд байдаг хамаатанууд руу очихоор явсан. Эндээ жаахан сууж байгаад л харина даа. Энэ үед миний гар утас жингэнэв. Би жинсэн өмдний халааснаар утсаа гаргаж харвал манай ангийн Чимгээгийн дугаар байлаа.
-Байна уу?
-Хүүе, Төгсөө чи чинь хаашаа алга болчив оо? Бид нар гэнэт чамайг алга байгаад анзаарлаа ш дээ. Чи хаана байгаан гэж Чимгээ хэлэв.
Дуу нь нэлээн чангарсаныг бодоход нэлээн халсан байдалтай санагдав.
-Аан би нөгөө газраа л байна ш дээ. Та нар өөрсдөө хаана байгаан?
-Бид нар тэндээс гараад явж байна ш дээ. Одоо таксинд суугаад явж байна. Мшин сая хөдөллөө гэж байна гэж Чимгээ утасны цаанаас чанга хэлэв.
-Өө та нар намайг мартаад орхиод явчихаж байгаа юм уу?
-Бид чамайг байхгүйг сая л анзаарлаа гээгдсэн залуу минь.
-За за, би ч энд нэг танилтайгаа байна л даа. Тэгвэл ерөөсөө та нарын араас би яваад очье гэвэл утасны цаанаас Чимгээ
-За, за тэгээрэй. Заавал утасдаарай гэж хэлээд утсаа таслав.
Утсаар ярьж дууссаны дараа Золбоо руу харвал намайг шоолсон аястай харж сууснаа тэсэлгүй инээд алдаж
-Хоёулаа ч өнөөдөр найз нартаа гологдож дээ хэмээн нөхөрсөгөөр хэлээд дахиад нэг давтах уу гэж шар айрагны хоосон лонх руу  долоовор хуруугаараа зааж хэлэв.
Өнөөдөр ангийнханаасаа гээгдсэн ч Золбоотой хамт сууж байгаадаа Төгсөө сэтгэл хангалуун байлаа. Хэдэн лонх шар айраг уусан нь  толгойд орж байгаа бололтой. Би түүнд яг одоо л сэтгэлээ илчилэх хэрэгтэй гэсэн бодол намайг эзэмдэж байлаа.
4-р хэсэг
Бид хоёр ууж байсан шар айрагаа дуусгаад Метрополисоос гарлаа. Төгсөө мөр зэрэгцэн алхаж явахдаа:
-Золбоо, чи түрүүн тэнд сууж байхдаа яагаад надад найз охин хэрэггүй гэж хэлсэн юм бэ?
Золбоо чимээгүйхэн инээмсэглээд халааснаасаа тамхи гаргаж асаагаад нэг сорж утааг нь гаргав. Хэсэг алхаж байснаа Золбоо ам нээлээ.
-Би чамайг дотороо юу бодож явдагийг чинь таамагласан. Надаас санаа зоволтгүй ээ гэж тэр хэлэв.
Төгсөө: -Миний юу бодож явдагийг яаж тааварласан юм бэ? Хэрвээ тэр таамаглал чинь ташаа байвал яах вэ?
Золбоо: -Би өөртөө итгэлтэй байна аа. Миний зөн совин хэзээ ч эндүүрч байгаагүй.
Удсан ч үгүй Золбоогийн гэрийн гадаа ирчихсэн байлаа.
-Манайх энэ байшингийн хоёр дугаар давхарт байдаг юм.
Төгсөө түүнтэй гар бариад: -Намайг ойлгодог хүн нэг ч гэсэн байгаад би баяртай байна аа.
Золбоо: -Манай гэрт хамт орцгооё:
-Урьж байгаа юм уу? Хэрвээ тийм бол би татгалзахгүй шүү гэж Төгсөө хэллээ.
Золбоо гэрийнхээ бүргэд хаалгийг түлхүүрдэж онгойлгоод коридорын гэрлийг асаав. Төгсөө бишүүрхэн түүний араас дагаж орлоо.
-Чи тэнд суугаад түр хүлээж байгаарай. Би одоохон гэж Төгсөө хэлээд гал тогооны өрөөндөө орлоо. Төгсөө буйдан дээр суугаад ханан дээр олгосон уран зургийг үзэж суув. Навчис нь шаргалтсан модны дэргэдүүр ганцаараа алхаж байгаа хүнийг дүрсэлжээ.
-За би цай аваад ирлээ гэсээр Золбоо зочны өрөөнд орж ирлээ. Тэр гартаа барьсан аягатай цайг сэтгүүлийн жижиг ширээн дээр тавиад дэргэд нь суув.
-Энэ их гоё зураг юм аа гэж Төгсөө хэлэв.
-Таалагдаж байна уу? Энэ манай гэрийнхэн ч бас наад зурагт чинь дуртай байдаг юмаа.
-Энэ хэний бүтээл юм бэ?
Золбоо нүдээ онийлгож инээмсэглээд:
-Авъяас муутай зураачын анхны бүтээл нь юм гэсэн.
-Чи тэр зураачыг таньдаг юм уу?
-Таних нь ч танина аа гэж Золбоо хэлээд тэр зургийг ширтэж сууснаа
-Би заримдаа ганцаарддаг. Энэ зураг дээр дүрслэгдсэн ганцаараа алхаж яваа залуу шиг гэж хэлээд санаа алдав. 
-Хэн нэгэнийг үгүйлэн ганцаардах үед надад ч гардаг гэж Төгсөө хэлэв. Золбоо Төгсөө рүү дөхөж суугаад халуун гарыг нь атгаж булбарай уруул дээр нь зөөлөн үнэсэв.
5-р хэсэг
Төгсөө нүдээ алгуурхан нээж хажуу тийшээ харвал дэргэд нь хэн ч байсангүй. Угаалгын өрөөнөөс ус хоржигнон урсах чимээ гарч байснаа төдөлгүй чимээгүй болов. Өрөөний хаалга нээгдэж Золбоо орж ирлээ.
-Өө чи сэрчихсэн үү? Би саяхан л бослоо. Чамайг сэрэхээс өмнө цай чаная гэж бодож байтал чи сэрчихлээ гэхэд Төгсөө:
-Чи халамжтай залуу юм аа гэж хэлээд инээмсэглэн орноос өндийж хувцасаа өмсөв.
-Хоёулаа хамт кофе ууя. Чи нүүрээ угаагаад гал тогооны өрөөнд ороод ирээрэй гэж Золбоог хэлэхэд Төгсөө дуугүй л толгойгоо дохив.
Төгсөөг нүүрээ угаачихаад гал тогооны өрөөнд ороход Золбоо аль хэдийнэ ширээний ард суугаад хүлээж байв.
-Чи өнөөдөр ямар ажилтай байх вэ?
-Төлөвлөсөн юм алга л байна.
-Гэртээ хоноогүй болохоор гэрийнхэн чинь эрэл сурал болоод сүйд болж байгаа байх даа.
-Ангийнхаа хүүхдийн гэрт нь хононо гэж гэрийнхэндээ хэлсэн болохоор санаа зовоогүй байх аа.
 -Орой хамт Зайсан руу явах руу?
-Тэгье л дээ. Би тэнд очоогүй удсан байна.
Нар жаргахаас өмнө бид уулзаад Зайсан толгой руу явлаа. Золбоо шатаар дээш өгсөж гүйгээд ард нь хоцорсон Төгсөө рүү эргэж харж:
-Хүүе, чи ямар удаан юм бэ? гэж хэлэв.
-Дээшээ гарах гэж юунд нь яарсан юм бэ? Зайсан толгой ямар нүүгээд явчих юм биш гэв. Төгсөө зайсан толгой дахь Зөвлөлтийн цэргийн дурсгалын цогцолборыг ажиж байснаа:
-Намайг жаахан байхад, дээр үед энд амьтны хүрээлэн байсан. Чи мэдэх ү?  гэж асуулаа.
-Ёстой сонсож байгаагүй юм байна. Тэгээд одоо яасан юм бэ?
-Хаагдчихсаан. Тэгээд ч арчилж тэжээж чадахгүй бол амьтан зовоогоод дэмий биз дээ. Хөөрхий амьтдыг торны ард хориод өлсгөөд л....
-Тэр ч тийм шүү. Амьтны хүрээлэн ч гэж дээ, амьтны шорон л байсан байх л даа. Нэгэнт л байгальдаа эрх чөлөөтэй амьдрах жамтай юмыг зориудаар өөрчлөх гэж оролдоод утгагүй л дээ.
Төгсөө Золбоогийн яриаг сонсож байснаа санаа алдаж:
-Наадах чинь бидэнд ч бас хамаатай ш дээ гэв. Золбоо гайхаж нүдээ томруулаад:
-Юу гэнэ ээ? гэж асуугаад инээд алдаж, чи өөрийгөө амьтантай зүйрлээд байгаа юм уу гэж хэлэв.
-Хүн гэдэг чинь нэг талаас биологийн, нөгөө талаас нийгмийн амьтан гэж мэдэхгүй юу? Бэлгийн чиг хандлага бол сонголт биш байдаг гэж би сонсож байсан.
-Төгсөө чи онолын мэдлэг сайтай юм аа гэж Золбоо магтаад, аргагүй л “гавал” толгойтой философийн ангийн оюутан мөн юм аа гэж нэмж хэлэв.
Төгсөө Золбоогийн дэргэд зогсож байхдаа гарыг нь атгаад “Ингэхэд чиний тухай гэрийнхэн чинь мэдэх үү?” гэж асуулаа. Золбоо голын усыг ширтэж зогсохдоо “Манай гэрийнхэн үү?” гэж хэлснээ дуугаа хураав. Төгсөө асуултынхаа хариуг хүлээн чимээгүйхэн зогсож байлаа.
Золбоо чулуун хашлага дээр сандайлж суугаад Төгсөө рүү эргэж харж:
- Манай гэрийнхэн намайг мэднэ.
Төгсөө ийм хариулт сонсоно чинээ санаагүй болохоор нүдээ бүлтийлгэж
-Чи өөрөө хэлсэн юм уу? гээд асуучихав.
-Би ч эхэндээ тас нуудаг байлаа. Би нэг хэсэг өдрийн тэмдэглэл хөтөлдөг байсан юм. Нэг өдөр хичээлээ тараад гэртээ иртэл намайг хүлээж байлаа гэсээр аав ээж хоёр зэрэгцээд сууж байх юм. Гэрт нэг л сонин уур амьсгал ноёлоод нэг л биш ээ. Том өрөөнд ортол сэтгүүлийн ширээн дээр сэтгэлийн үгээ бичдэг тэмдэглэлийн дэвтэр маань дэлгээстэй. Аав ээж яагаад дүнсийгээд суугаад байсны учир тэр дороо л тайлагдсан. Би дуугүйхэн тэмдэглэлийн дэвтэрээ авахаар ухасхийв. Гэтэл аав босож ирээд надаас түрүүлж дэвтэрийг нь авав.
-Энд сараачсан юм чинь юу юм бэ?
-Миний тэмдэглэлийн дэвтэр гэж намайг хэлээд би аавын гараас дэвтэрийг авах гэв. Аав дэвтэрийг нь өгсөнгүй. Харин толгой рүү нь дэлсээд.
-Өдий болтол тэжээж өсгөсөн ачыг чи ингэж хариулдаг хүн үү? гэж асуусан.
Би хариуд нь юу ч хэлээгүй. Харин сэтгэлээсээ гарсан үг бүрийг шигтгэсэн тэмдэглэлийн дэвтрээ авахаар дахин оролдож чаргууцалдав.
-Түмний шившиг, нүдний булай болсон хог. Би ийм хүнийг өсгөх гэж насаараа зүтгэсэн байх нь ээ гэж аав ууртай хэлээд дахиад хэд цохисон доо. Энэ үдшийг ингэж өнгөрүүлнэ гэж огт төсөөлөөгүй би гомдсондоо уйлсан. Би доошоо тонгойх зуураа тэмдэглэлийн дэвтэрээ эцгийнхээ гараас хүчтэй угзран таттал цаас ширхийн дуугарлаа. Нулимстай нүдээр харвал дэвтэр нь хоёр хэсэг болоод дундуураа хуваагдчихсан. Тэр цагаас хойш би тэмдэглэл бичихээ ч болисон. Төгсөө Золбоогийн яриаг таслаж:
-Дараа юу болсон бэ? Одоо гэрийнхэн чинь... гэхэд Төгсөө:
-Би гурван өдрийн турш гэрийнхэнтэйгээ юу ч яриагүй. Өглөө гэрээсээ хар үүрээр шахуу гарч, шөнө дөлөөр чимээгүйхэн ирээд л орондоо ороод унтчихдаг болсон л доо. Харин дөрөв дэхь өдрийн өглөө намайг сэртэл миний орны толгой дээр ээж минь сууж байлаа. Би ээж рүүгээ хараад юу ч хэлж чадаагүй. Харин ээж маань намайг тэвэрч аваад
-Чи ямар ч байсан миний хүү хэвээрээ шүү дээ гэж хэлж уйлсан. Ээжийгээ уйлж байхыг би анх удаа тэгэхэд л харсан. Би ээждээ намайг уучлаарай намайг гэхээс өөр юм хэлээгүй. Харин одоо аав ээж маань намайг ойлгодог. Харин чамайг гэрийнхэн чинь мэддэг үү?
-Би гэрийнхэнээсээ тас нууж байгаа. Гэрийнхэн, ер нь намайг таньдаг хүмүүс мэдчих юм бол бөөн юм болох байлгүй гэж Төгсөө ярилаа.
-Уг нь гэрийнхэндээ ойлгуулчих юм бол амар байхаа. Нэг гэрт амьдарч байгаа хүмүүс бие биенээсээ ямар нэг зүйл нуух нь утгагүй ээ. Тэгээд ч аав ээж гэдэг чинь хүүхдүүдээ хамгийн сайн ойлгож байх ёстой хүмүүс. Одоо надад бол сэтгэл амар байдаг. Аав ээж маань намайг эхнэр ав гэж шахдаг байснаа больсон. Гэхдээ би ийм хүн гэдгээ алхам тутамдаа тунхаглаад байдаггүй гэж Золбоо хэллээ.
-Хэзээ нэгэн цагт манай гэрийнхэн мэддэг болох л байх даа гэж Төгсөө хэлээд санаа алдав.
-Магадгүй л юм. Цагийн юм цагтаа гэдэг үг байдаг ш дээ. Нар жаргах гэж байна хар даа гээд Золбоо ярианы сэдвийг өөрчиллөө. Би нар жаргаж байгааг харж суух дуртай. Тэнгэрийн хаяа ягаарч гоё харагддаг юм гэж нэмж хэлэв.
Золбоо Төгсөө хоёр жаргаж байгаа нарыг ширтэж чимээгүй ширтэж хэсэг зогсов. Их хотын нэг өдөр дуусаж байлаа.
6-р хэсэг
Төгсөө, Золбоо хоёр хаа ч хэлхээтэй юм шиг хамт явах болов. Их сургууль дээрээ завсарлагааны үеэр, хичээлийн дараа номын санд ч хамтдаа. Нэг өдөр Төгсөөг хичээл үеэр гар утасны чичиргээ ажиллаж ширээн дээр тонгочих мэт хөдлөв. Утасны дэлгэц рүү харвал мессеж ирсэн байлаа. Лекц уншиж байгаа багшийн нүдийг сэмхэн хариулж гар утасны мессежээ уншлаа. “Сайн уу? Чи намайг ойлгоно байхаа гэж би найдаж байна.Уулзая.” гэсэн хэдхэн үг байлаа. Дугаарыг нь харвал манай ангийн Чимгээгийн дугаар байлаа. Хичээл тарсаны дараа Төгсөө Чимгээтэй уулзав.
-За тэгээд чи намайг юуг ойлгоосой гэж хүсээд байгаан? гэж Төгсөө асуув.
-Чи миний төрсөн өдрөөр яагаад гэнэт алга болчихсон юм бэ?
-Найзтайгаа тааралдаад л түүнийг дагаад шоудсан ш дээ.
-Өө, тийм үү? Тэр чинь тэгээд чиний хувьд хэр чухал хүн юм бэ?
Ийм гэнэтийн зүйл асууна гэж Төгсөө бодож байгаагүй тул дотор нь палхийгээд явчихав.
-Яахав дээ. Миний сайн найз. Чи яагаад үүнийг сонирхоод байгаан?
-Чамайг үргэлж л хамт яваад байхаар чинь л гайхсан юм. Гэтэл би чамтай л хамт байх юм сан гэж мөрөөддөг болоод удаж байна гээд Чимгээ доошоо харлаа.
-Чимгээ, чи юу яриад байна аа? Бид чинь бүгдээрээ л найзууд ш дээ. Ангиараа дандаа л хамт байдаг биз дээ. Төгсөөг ингэж хэлээд дуустал
-Танай хичээл тарсан юм уу гэсэн танил дуу гарлаа. Эргээд харвал Золбоо дэргэд нь зогсож байв.
-Сая хичээл тараад... Чамайг гарч ирэхийг хүлээж байгаа гэж Төгсөө Золбоод хэлээд Чимгээ рүү эргэж,
-За баяртай гэж салах ёс хийв.
Золбоо, Төгсөө хоёр хөл нийлүүлэн алхах зуураа элдэвийг хүүрнэв.
Золбоо: Өнөөдөр надад уран зургийн галерей орох хэрэг байна. Чи хамт явах уу?
Төгсөө: Тэгье л дээ. Тэнд ямар сонирхолтой юм болж байгаан?
Золбоо: Чи өөрөө очоод мэднэ ээ гэв.
Улаан гэрэл асаж байхад Төгсөө зам хөндлөн гарахаар урагш зүтгэхэд Золбоо араас нь чангааж
-Хүүе, чи ногоон гэрэл асахыг нь хүлээгээч. Би уран зургийг галерей орох ёстой ч тэгтэлээ их яараагүй байна.
Төгсөө ухарч Золбоотой зэрэгцэн зогсоод
-Замын хөдөлгөөний дүрмийг сайн баримталдаг жаал байх нь ээ гээд, үгэнд чинь орохоос гэлээ.
Ногоон гэрэл асмагц зам хөндлөн гарав. Уран зургийн галерей хүртэл нэлээн зайтай ч замдаа ам хуурай байсангүй ярилцсанаар төдөлгүй зорьсон газраа ирлээ. Уран зургийн галерейн хуучин барилгийн босго даваад ортол хамгийн түрүүнд танил зураг Төгсөөгийн нүдэнд нь тусав. Энэ зургийг хаана харлаа гэж бодож байтал Золбоогийн дэргэд заалны зохион байгуулагч гэсэн үнэмлэх зүүсэн эмэгтэй дөхөж ирээд
-Сайн байна уу? Чи хүрээд ирсэн үү? Чиний зурагнуудыг танхимын яг голд нь байрлуулсан шүү гэж хэллээ.
-Баярллаа. Намайг та ингэж өндөр үнэлж байгаа гэхэд итгэмээргүй байна гэж Золбоо хэлээд инээмсэглэв. Заалны зохион байгуулагчын гар утас нь дуугарахад тэр байна уу гэсээр үзэсгэлэнгийн танхимаас гарч явлаа. Танхимд Золбоо, Төгсөө хоёр л үлдэв. Төгсөө танхимын яг төвд нь байрлуулсан танил болсон уран зураг руу дөхөж очив. “Намрын гуниг” гэж зургийг нэрлэжээ. Модны навч хөглөрсөн ойн харгуйгаар ганцаараа алхаж яваа залуугийн зураг Золбоогийн бүтээл юм байна гэдгийг ойлгов.
-Гурав хоногийн дараа энд үзэсгэлэнгийн нээлт болно гэж Золбоо араас нь хэлэв. Үзэсгэлэнд миний энэ зургийн нэрийг бас өгсөн гэнэ ээ гэж тэр нэмж өгүүлэв.
-Чи ийм юмыг надаас нууж байдаг. Гэхдээ мундаг залуу юм аа гэж Төгсөө хэлээд, чамайг ийм авъяастай гэж огтхон ч бодоогүй юм байна гээд инээмсэглэв.
-За боль доо. Сонирхогч дөтий л юм байгаан. Чи эргэн тойрноо хар л даа. Энд өчнөөн олон гоё дүрслэлтэй өнгө будаг нь зохицсон зургууд байгаа биз дээ.
Төгсөө: Бусад зургийг нь харахыг ч хүсэхгүй байна.
Золбоо: Хэрвээ жинхэнээсээ ингэж хэлж байвал дэндүү харалган хэрэг болно шүү. Гэхдээ залуу зураачдын бүтээлийн энэ жилийн үзэсгэлэнд миний зургийг танхимын хойморт тавьж байгаад дотороо би баяртай л байна л даа хэмээгээд өөрийнхөө зураг руу ширтэв.
-Уран зураг зурдаг гэдгээ эртхэн хэлэхгүй дээ. Чи ч нууц хадгалахдаа маш сайн хүн юм аа гэж Төгсөө хэлээд Золбоогийн ар нуруунаас нь тэврэн авлаа. Гэтэл зургийн аппаратны чиг гэсэн чимээ бүдэгхэн сонсогдож гэрэл анивчаад дөтөлгүй хэн нэгэний цааш гүйх хөлийн чимээ сонсогдлоо. Золбоо Төгсөө хоёр бие бие рүүгээ хараад хэсэг зогсов.
7-р бүлэг
Гурван хоногийн дараа Төгсөө сургууль дээрээ иртэл оюутанууд нэг л жогтой харцаар өөдөөс нь ширтээд байлаа. Сургуулийн хонгилоор зөрсөн бүхэн л өөрийг нь анзаараад байх шиг санагдав. Эд нар чинь өнөөдөр яачихсан юм бол гэж бодсоор эхний цагийн хичээлийг дуусгав. Хичээлийн завсарлагааны үеэр “Сайн уу? Яагаад өнөөдөр чи ийм дуу муутай байнаа?” гэж ангийнх нь нэг оюутан асуув.
-Би байдагаараа л байна ш дээ. Харин та нар өнөөдөр яагаад над руу ингэж сонин хараад байгаан гэж Төгсөө асуув.
-Чамайг хэн нэгэн нь чадая гэж бодсон бололтой. Ариун цэврийн өрөөнд ороод хараарай гэж тэр хэлэв.
Дараагийн цагийн хичээл эхлэхээс өмнө ариун цэврийн өрөөнд ортол тольний өмнө нэг хуудас цавуутай туузаар наачихсан байлаа. Дөхөөд харвал Төгсөө, Золбоо хоёрын хар цагаан зураг байв. Уран зургийн галерейд зогсож байхад нь хэн нэгэн нь зургийг нь сэмхэн дарчихсан бололтой. Зурагны доор “цэнхэрүүдийн нялуурал” гээд бичсэн байлаа. Хажуугаар нь зөрсөн бүхэн сэжиг бүхий байдлаар харж, холуур дөлж яваад байсных нь учир одоо л тайлагдав. Төгсөө тольний өмнө наасан тэр хуудасыг хуу татан базаж хогийн сав руу чулуудав. Тэгээд эргэж ангидаа орж суулаа. Хэн энэ зургийг авдаг байна аа? Эзэнийг нь олоод сайн хашраагаад өгөх юм сайн гэсэн бодол толгойд эргэлдэж байв. Хамгийн сүүлчийн лекц тарахыг тэсэн ядан хүлээв. Цаг гучин минут үргэлжилдэг лекц бүтэн өдөр шиг сунжирсан юм шиг санагдав. Арай гэж лекц дуусмагц  Золбоо руу утасдав. Гэвч Золбоо утсаа авсангүй. Миний туслах таны дуудлагыг хүлээн авлаа. Залгасанд баярллаа гэж автомат хариулагч ажиллав. Төгсөө улам ихээр бухимдаж утсаа халаасандаа хийгээд сургуулийн хонгилд байрлуулсан сандал дээр лаг хийн суув. Одоогоос хэдэн сарын өмнө тэр яг энэ сандалын дэргэд Золбоотой танилцаж байсан билээ. Хэсэг хугацааны дараа дахиад Золбоо руу залгахад бас л хариу өгсөнгүй. Гар утсаа үргэлж л асаалттай байлгадаг юм сан. Ямар нэгэн юм болсон юм болов уу гэсэн муу юм бодогдов. Арай ч үгүй байлгүй дээ гэж өөрийгөө тайвшруулаад одоо яах вэ гэж бодов. Тэгээд босож сургуулиас гарахаас шатаар уруудав. Гэтэл зарлалын самбар дээр бас л Золбоо, Төгсөө хоёрын өнөөх зурагтай цаасыг хадчихсан байлаа. Төгсөө зарлалын самбарт ойртож очиж зургийг хуу татаж аваад дөрвөлжин эвхэж халаасандаа хийгээд цааш явлаа. Бусад хүмүүст миний хувийн амьдрал ямар хамаа байна аа гэж Төгсөө өөрийн эрхгүй амандаа бувтнав. Сургуулиас хэдхэн алхамын зайтай байдаг бааранд орж суув. Хамгийн булангийн ширээны ард тухлав. Зөөгч гартаа меню барьсаар зөөгчийг ойртож ирэхэд шуудхан л
-100 грамм цагаан юм, нэг кола, бас 5 шар айраг гэв.
Зөөгч толгой дохиод л эргээд явлаа. Захиалагаа аваад тэр даруйд нь тооцоог нь хийж зөөгчийг явуулаад,хамгийн эхэнд нь цагаан архиа хөнтөрч орхиод араас нь кола балгаж даруулав. Тэгснээ шар айрагаа балгаад уртаар санаа алдаж зөөлөн буйданг налж хэсэг чимээгүй суув.
Хэдий ч хугацаа өнгөрсөн юм бүү мэд. Манайх одоо хаах боллоо гэж зөөгч хэлээд ханцуйнаас нь зөөлөн татах үед Төгсөө сэргэв. Тэгээд баарнаас гарч гэрэлтүүлэг муутай харанхуй гудамжаар алхав. Өөрийг нь доромжилсон үл мэдэгдэх тэр хүнд Төгсөө гомдож байлаа. Өөдгүй амьтан, новшнууд гэж хэлээд тэр замын хайсан дээр суув. Төгсөөгийн хоёр хацарыг дагаж нулимс бөмбөрч байлаа. Төгсөө халааснаасаа гар утсаа гаргаж Золбоо руу залгасан ч холбогдох боломжгүй байлаа...
8-р бүлэг
Золбоогийн утас холбогдох боломжгүй гурван хоног болов. Сургууль дээр ч түүнтэй тааралдсангүй. Юу болсон нь ч мэдэгдэхгүй таг чиг байгаа нь хамгийн их түгшүүртэй байв. Бямба гаригийн өглөө унтаж байтал Төгсөөгийн гар утас дуугарлаа. Төгсөө нойрмоглон утасаа аваад
-Байна уу?
-Сайн уу, залуу. Чамаар сонин юу байна даа?
-Чи хэд хоног хаашаа алга болчив оо? Одоо хаана байгаан? гэсээр Төгсөө сэргээд ирэв.
-Би хаашаа ч яваагүй ээ гээд Золбоо хэлээд инээд алдав.
-Чиний утас холбогдохгүй байхад миний сэтгэл ямар их зовсоныг мэдэж байна уу тэнэгхэн минь гэж Төгсөөг загнахад Золбоо утасны цаанааас санаа алдаж
-Би ойлгож байна аа. Найз эмнэлэгт хэвтэж байна.
-Чи яагаа вэ?
-Өөрөө хүрч ирээд л мэдэхгүй юу даа.
Төгсөө эмнэлэгийн өрөөнд ирчихсэн байлаа. Золбоо гараа гипсдүүлж, толгойгоо битүү цагаан бинтээр ороочихсон эмнэлэгийн орон дээр хэвтэж байв.
Төгсөө найзыгаа ийм болчихсон хэвтэж байна гэж огт бодсонгүй.
-За сайн уу? Би чамайг дорхноо хүрээд ирнэ гэж мэдсэн юм аа гэж Золбоо хэлээд орноосоо өндийв.
-Яагаад ийм болчихов оо? гэж Төгсөөг асуухад Золбоо хариу хэлсэнгүй.
-Миний сэтгэлийг зовоогоод байх юм. Юу болсноо хэлээч дээ гэж Төгсөөг шалгаахад Золбоо инээмсэглэж
-Болоод өнгөрсөн юм ш дээ гэхээс өөр юм хэлсэнгүй.
- Чи сургууль дээр хэн нэгэн хүний тараасан бидний зургийг олж харсан уу гэж Төгсөөг асуухад Золбоо царайгаа төв болгоод, хоолойгоо засаж:
-Харсаан гэж хэлэв.
-Тэгээд юунаас болж эмнэлэгт хэвтсэн юм бэ? Арай чи тэр зүйлээс болоод...
гэж Төгсөөг хэлэхэд Золбоо үгийг нь тасалж
-Яалаа гэж тиймхэн юмнаас болж болчимгүй юм хийхэв дээ. Би таксигаар явж байгаад осолд ороод. Тархи толгой доргиод, гар хугарсан. Өөр гэмтэл байхгүй ээ. Өнөөдөр л миний бие сайжирч байна гэж Золбоо тайлбарлав.
-Би ч өөр юм бодож байсан шүү гэж Төгсөө хэлээд, эмчилгээгээ сайн хийлгээрэй. Өөрийгөө ядрааж болохгүй шүү гэж Төгсөө захив.
-Мэдэж байна аа. Гэхдээ миний бие гайгүй ээ. Хэд хоноод л зүгээр болчихно. Харин гар хугардаг л жаахан тиймхэн байна. Зураг зурж чадахгүй нь гэж Төгсөө харамсангүй хэлэв. Гэхдээ ирээдүйд зурах зурагаа сэтгэлдээ төсөөлөөд л, бодоод л хэвтэж байхаас. Нээрээ, найз нь яг нэг сарын дараа болох олон улсын уран зургийн үзэсгэлэнд ирээч гэсэн урилга авсан. Хурдан эдгэрчих юм сан. Тэгвэл ч газар үзэх гээд байна даа гэж Золбоо хэлэв.
-Чамайг аль болох түргэн эдгэрээрэй гэж би залбирна аа. Энэ амьдралыг би бяцхан завийг хөмрүүлчих гээд байгаа далайн давалгаатай зүйрлэж боддог. Эхний давалгаанд тэсээд үлдчихэд удалгүй дараагийн давалгаа ирж завиний хажуу бөөрнөөс түлхээд л...гэж Төгсөөг ярив.
-Философийн ангийн оюутан гэсэн шиг дахиад л мэргэн цэцэн үг хэлээд эхэллээ гэж Төгсөө инээв.
Өдөр хоног нэг л мэдэхэд өнгөрч Төгсөө ч эмнэлэгээс гарлаа. Олон улсын зургийн үзэсгэлэн оролцох өдөр нь ирчихсэн байлаа.
-Очоод өдөр болгон мэйл бичнэ. Цаг тохирч байгаад мессенжерт чатлана шүү гэж Золбоо хэлэв.
-Чамгүйгээр яаж бүтэн сар амьдарна аа гэж Төгсөө хошигнов.
Төдөлгүй нисэх буудлын мэдээллийн самбарт зарлал гарч үүнтэй зэрэгцээд Улаанбаатар-Москва- Берлин чиглэлийн OM-465 дугаарын рейсийн зорчин явагсадыг бүртгэх хугацаа дуусахад 10 минут дутуу байна. Зорчигч та амжиж бүртгүүлнэ үү гэж зарлав.
-За найз нь одоо онгоцны бүртгэлдээ орохгүй бол хоцрох нь байна гэж хэлээд Золбоо Төгсөөг чангаар тэврээд дараа нь гарыг нь атгаж
-Харин чи намайгаа мартчихав аа гэж нам дуугаар хэлээд санаа алдаад хилийн хяналтын бүс рүү орлоо.Төгсөө түүний араас харж хэсэг зогсов. Гэтэл Золбоо гэнэт эргэж хараад:
-Найз нь очимогцоо холбоо барина аа гэж хашхирав.
Төгсөө нисэх буудлын танхимаас гарлаа. Тэгээд гарааны зурвасаас хөөрч байгаа мөнгөлөг цагаан онгоцны бараа үзэгдэхгүй болтол ширтэж санаа алдан зогсов. Нисэх буудлаас хотын төв хүртэл нийтийн унаанд суух ёстой ч тэр явган явахаар шийдэв. Улиас модны шарлаж унасан навч хөглөрсөн цардмал замаар ганцаараа алхлаа.
ТӨГСӨВ
2008 оны 3 сарын 4-өөс 2008 оны 4 сарын 19 
Зохиогч MNED www.newmned.blogspot.com 


2 comments:

Цагаанаа said...

asuutiin temdeg geel gaihaal bsiimaa
lag managementtei zaluu shuu !

MNED said...

keke, naad MNED chini managment saitai sh dee. Eldev PR hiihdee bol buur garguun hun baigaa yum.