Хүн туулж өнгөрүүлсэн мөрөө эргэж
нэг хараад, сайн муу, сайхан муухайгаа эргэцүүлээд бодоод суух үе бишгүй л
тохиолддог байх. Өнгөрсөнөө эргүүлээд нэг бодож, тоймлоод авах ийм завшаан 30
нас хүрч байгаа энэ өдөр тохиож байна. Одоо хүний дайтай ингээд явж байгаа нь аав
ээжийн минь л ач. Одоо хүртэл тэдний хувьд би хүүхдээрээ л харагддаг байх. Надад
сайн аав ээж, ухаантай дүү нар бий. Ах
нь гээд буруу иштэй сүх шиг гөжөөд байлгүй, дүү нарынхаа зөвлөгөөг дагахад би
хэзээ ч алдаж байгаагүй. Ийм болохоор би их азтай хүн.
Өнгөрсөн жилд 30 жилд би юу хийж
бүтээв ээ? Номын дуу хагас хугас сонсож, ажлын дөртэй л болж. Надад хийгээд
явах ажил алба байна. Багаасаа тэмүүлсэн мэргэжилээ эзэмшсэн болохоор олсон
хэдээрээ бор ходоодоо дүүргээд, арьсан дээрээ даавуу олоод нөмөрчих хэмжээнд л
байна. Өөрийнхөө дуртай ажлаа хийгээд явж байгаа болохоор ажил мэргэжлийн хувьд сэтгэлдээ
жаргалтай л алхаж явна.
30 хүрсэн миний үеийнхэн, арван
жилийн найзууд, их сургуулийн андууд маань хоёр, зарим нь бүүр гурван хүүхэдтэй
болчихсон давхиж байна. Хүүхэд чинь оройтох нь гэж их сургуулийн найзууд минь
ятгана. Харин би байдаггүй ээ. Яагаад гэвэл тэднээс жаахан өөр болохоор. Хүү
минь одоо нэг ханьтай болвол яасан юм бэ? л гэж ээж надад үе үе хэлнэ.
Манцуйтай хүүхэд харахаар өхөөрдөж, хайр хүрээд сайхан л байдаг юм. Гэхдээ
хүсэл зоригоосоо харш байна гэдэг тийм ч амар зүйл биш шүү дээ. Намайг бусдаас
жаахан өөр гэдгийг гадарласан өдөр, дотны хүмүүст маань ямар хэцүү байсан бол
гэж бодохоос миний яс одоо болтол хавталздаг. Тухайн үед надад ч гэсэн амаргүй
л байлаа. Би “ийм” гээд элдэв янз болоод байхыг би хүсдэггүй. Хуурамч дүр эсгэж
хий дэмий аалгүйтэж явсанаас, байгаа чигээрээ л бусдад өөрийгөө таниулах нь
хамаагүй дээр байх.
Өөрийгөө ойлгоход тусалсан “сэдвийн”
дагуу блог бичдэг үе тэнгийхээ залуустай танилцаад бараг долоо найман жил
болжээ. Төрийн ордоны арын байшинд байрлаж байсан «City life» гэж буйдхан кафед
блогчидтой болзож байж дээ. Харин одоо тэр газар хаагдсан л даа. Ганц хуруудаад
гараа бинтээр боочихсон давхиад очиж байсан юм. Тэр өдөр л блогчидтой
танилцахгүй бол нэг чухал юмнаас хоцрох гээд байгаа юм санагдаж зорьж очсон юм
даг. Сална гэж салсангүй ээ, салаа замын эрхээр алс хол газар амьдрахаар тэдний
олонх нь одоо хилийн дээс алхаад яваад өгсөн. Би ч гэсэн одоо харийн нутагт явж
байна. Хэрвээ жинхэнэ нөхөрлөл байсан мөн байсан бол хэзээ нэгэн цагт эргэж
ирээд мэнд усаа мэдэлцэх л байх. Цагийн хугацаа гэдэг хамгийн шудрага шүүгч
байдаг даа.
Эмэгтэй хүнтэй огт харилцаж
чаддаггүй гэж битгий бодоорой. Миний хамгийн найзуудын дотор бүсгүйчүүд олон
бий. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд жинхэнэ сайн найзуудын харилцаа байдаг
шүү дээ. Би оюутан байхдаа мухар олгой ургаад халуурсан танил охиныг хатгаа
авсан байна гэж оношлоод нуруунд нь горчиц наагаад гүйж л явлаа.
Хүний
амьдралын гучин нас гэдэг бол уулын бэл өөд гүйж гараад амьсгаадаад түр зогсож,
ард хоцорсон урвуу газар руу эргэж нэг ширтээд зогсож байдаг үе ч байж мэдэх
юм. Цаашаа оргил руу нь алхана шүү дээ. Цаг эрт байна. Уулын оргилд хүртэл өдий
байна. Хийж бүтээх зүйл олон байна.
Би 30 нас хүрлээ.
5 comments:
za tursun udriin mend hurgii
Төрсөн өдрийн мэнд!!!
Torson odriin bayariin mend hurgie. Saihan nas shuu
oooooooooooo za torson odriin mend
Yamar goy bichdeg um be?! Anh udaagaa blogiig ni unshlaa! Orj irj bnaa :)
Post a Comment