Амьдралын тойрог

2012-12-29

12-р сарын тайлан

Халимагуудтай шар айрагдсан тухайгаа бичсэнээс хойш блогоо хөтлөөгүй уджээ. 12-р сард миний амьдралд болж өнгөрсөн гол үйл явдлуудаас тоочих уу? 
Сургуультай холбоотой үүссэн бичиг цаасны асуудал 12-р сарын эхэнд шийдэгдэж миний санаа амарлаа. Надаас шалтгаалаагүй асуудлаас болж сургуулиас нэлээн их хэмжээний доллар төл гэж шаардаж байсан билээ. Сургууль бид хоёрын дунд үүссэн энэ асуудалд би ялагч болж гарсан. Гэхдээ асуудал шийдэглэх  гэсээр байтал Орост байх визийн хугацаа хэтэрсэн. Визээ цагт нь сунгуулаагүй учраас 2000 рублийн торгууль төлсөн юм байна. Визийн торгууль төлөх нь ч бага хэрэг. Харин сургалтын төлбөр  төлөөгүй нь чухал.

12-р сарын дундуур Москва дахь Халимагийн нэгэн сэтгүүлчтэй танилцав. 40 гаран насны тэр сэтгүүлч Москва-Элстэй хотуудын хооронд байнга шахуу явдаг аж. Монгол хэлээр тун муухан ярих юм. Харин намайг Монголоор ярихад, чиний ярьсанаас 40 хувийг нь л ойлгож байна гэж Халимаг сэтгүүлч ах хэлсэн. 11-р сард танилцаж байсан Халимаг оюутнуудаар дамжуулан энэ сэтгүүлчтэй уулзсан юм.

12-р сард амжуулсан, ер нь сүүлийн хэдэн жилийн турш бичсэн ажлын минь үр дүн гарах дөхөж байна. 12-р сард багтаан эрдмийн ажлаа бичиж дуусгалаа. 196 хуудас ном бичсэн гэсэн үг. Сургуулийн доктор, профессоруууд уншиж үзээд “Молодец” гэсэн. Гол ажлынхаа ард гарсан болохоор одоо сэтгэл санаа тайван, сайхан байна. Монголд эргэж очих онгоцны тийзээ ч захиалчихсан. Тун удахгүй Улаанбаатартаа бууна даа. 
Эсэн бусын үйл явдлаар дүүрэн 2012 он дуусахад хэдхэн өдөр үлдэж дээ.

No comments: