Амьдралын тойрог

2012-12-29

2012 он миний хувьд


Зурагт радио, сонин, сэтгүүл, мэдээллийн агентлагууд 2012 оны онцлох үйл явдлыг нэрлэж байна. Албан байгууллага, аж ахуйн нэгж болгон оны шилдэгүүдээ тодруулж байна. Хүн болгон л 2012 оны онцлогийг нь зарлаад сүйд. Би бас тэднээс юунаас дутах вэ? 2012 онд миний амьдралд тохиолдсон үйл явдлуудаас зарламаар санагдав.

1. Энэ жил миний эхнэр болох гэж санаархсан эмэгтэйчүүдийн тоо гарын 10 хуруунаас илүү болсон. Одоо хөлийн хуруугаа оруулж байгаад л тоолохгүй бол болохоо байлаа. 2012 оны 1 сарын 1-нд их сургуулийн стрэйт найз маань шинэ жил болж байгааг далимдуулаад гэртээ урьсан. Би тэр үед нь ханиад туссан байлаа. Ханиадтай байж нялх хүүхэдтэй айлч очоод хэрэггүй гэж би бодсон тул урилгаас нь татгалзсан. Гэтэл цаад зорилго нь намайг эхнэрийнхээ найз хүүхэнтэй танилцуулах гэсэн юм байж. Энэ тухай би блогтоо энд бичсэн байгаа. Дараа нь нэлээн хэдэн хүн надад эхнэр олж өгөх гэж зүтгэсэн. Би угаасаа хүсэлгүй учраас хөдөлж өгөөгүй юм. Миний эхнэр болох гэсэн хамгийн сүүлчийн оролдлогыг манай сургуулийн нэгэн монгол бүсгүй (угаасаа нас нь 25 гарсан учраас охин гэж арай л хэлж болохгүй байх) “Би чиний эхнэр болоход бэлэн” гэж шуудхан хэлсэн. Бид жирийн сайхан найзууд. Угаасаа би эмэгтэй хүнийг өөр нүдээр харах биш дээ. Бага зэрэг шоконд ороод... Юу гэж хариулахаа ч мэдэхгүй бантсан. Би.... гээд арай л хэлчихээгүй.

2. 2012 онд “Ханзо”, “100” зэрэг кафе клубээр хэд хэдэн удаа орсон юм байна. Өмнө нь ангийн сэдвээр болдог парти-нд тун тоотой очдог байлаа. Харин 2012 онд бол ангийн парти-д очсон тоогоороо рекорд тогтоож байна. Энэ юутай холбоотойг бүү мэд.

3. Энэ жил уншсан номнуудаас хамгийн их таалагдсан нь Хойт Солонгосын амьдралын тухай өгүүлдэг “Атаархах зүйл үгүй” байлаа. Энэ номыг уншаад төрсөн сэтгэгдэл энд байна.

4. Энэ жил анх удаа таксинд гар утсаа мартаж буусан юм байна. Таксинд мартаж буусан гар утас угаасаа үнэ цэнэтэй зүйл биш байсан тул ач холбогдол өгөөгүй. Харин ч хуучин утаснаас таксинд мартаснаа далимдуулаад бүүр гоё ухаалаг гар утас худалдаж авсан даа.

5. Өнгөрч байгаа 2012 онд хүмүүс, найзууд маань надад хувийн амьдралдаа тохиолдож байгаа саад бэрхшээлүүдийг ярьж, надаас зөвлөгөө авах гэж ханддаг болж. Хэд хэдэн стрэйт найз, бас "ангийн" найзууд хувийн амьдралынхаа зовлон жаргалаас хуваалцсан. Энэ нь нэг талын тэд надад их итгэдэг болсоных, бидний найз нөхөрлөл илүү бэхжиж, "харилцан итгэлцэл" үүссэнтэй холбоотой юм болов уу даа гэж одоо бодож сууна. 100 төгрөгтэй байснаас 100 найзтай байсан нь дээр гэдэг дээ.

6. Энэ жил амьдралд минь анх удаа над дээр хатиг гарлаа. Ер нь тухайн үед шийдэх ёстой олон асуудал байсан тул би ч нэлээн бухимдалтай байсан. Бухимдал, ядаргаа, ажлын ачаалал нэмэглээд иймэрхүү байдлаар илэрсэн юм бол уу гэж бодоод байгаа. Уг нь өмнө нь надад хэзээ ч хатиг гарч байгаагүй. Хатигаа хэрхэн эмчлүүлсэн тухай эргэж дурсахад нэг иймэрхүү. 

 7. 2012 онд монгол туургатануудтай танилцаж, найзалсан он болж өнгөрлөө. Халимаг, Тува, Буриад гээд монгол туургатан найзуудын тоо нэлээн хэд болсон.  

8. 2012 оны намар эрдмийн ажлыг минь удирдаж байсан орос өвгөн багш өвчний улмаас тэнгэрт халив. Усыг нь уувал ёсийг нь дага гэдэг дээ. Орос оронд 10 гаран жил болохдоо Оросуудын баяр тэмдэглэдэгээс эхлээд талийгаачаа хэрхэн оршуулдагийг нь хүртэл үзлээ. Оросын үнэн алдартны сүмд ороод орос багшийнгаа сүүлийн замд нь үдэх гашуудлын ажиллагаанд оролцлоо.

9. 2012 оны 11-р сард анх удаа Оросын визээ зөрчил гаргаж үзэв. Орост амьдарсан 10 гаран жилд анх удаа ийм асуудалтай тулгарсан. Надаас огт шалтгаалаагүй хүчин зүйлээс болж иймэрхүү асуудалд холбогдсон. Гэхдээ 12 сарын эхний 7 хоногт энэ асуудал надад ашигтайгаар шийдэгдсэн билээ.

10. Өнгөрч байгаа оны хамгийн чухал үйл явдал нь эрдмийн ажлаа бичиж дуусгаад эцсийн цэг тавьсан даа.  Ийм болохоор шинэ жилийг маш баяр хөөртэй угтаж байна. 

No comments: