Москва-Санкт-Петербург чиглэлийн шөнийн галт тэргэнд миний унтах ор хоёрдугаар давхарт байлаа. Шөнө галт тэрэг халуун гэж жигтэйхэн. Шөнө унтаж байхдаа хэд хэдэн удаа сэрсэн шд. Уг нь Улаанбаатар-Москва чиглэлийн галт тэргээр купегээр аялаж байхдаа би бүүвэйлэгдээд нам унтдаг байлаа. Харин энэ удаа олигтой унтаж чадсангүй. Купе биш, плацкартаар явсан болохоор тухтай унтаж чадаагүй байх. Өглөө сэрмэгцээ доод давхарын орон дээр сууж явсан орос охиноос цаг хэд болж байгааг асуулаа. 10:45 гэж хариулж байна. Галт тэрэгний цонхоор харвал дөнгөж үүр цайж байгаа юм шиг бүрэнхий. Газар зүйн байрлалаар Санкт-Петербург нь Москвагаас хойд зүгт байрладаг болохоор өвлийн улиралд хоногийн гэгээтэй байдаг хугацаа тун бага аж. Харин зуны улиралд нар жаргахгүй, "цагаан шөнө" болдог.
Миний суусан галт тэрэг яг хуваарийн дагуу Санкт-Петербургийн Ладожский галт тэрэгний буудал дээр ирлээ. "Ладожск" гэдэг нуурын нэрээр нэрлэгдсэн энэ галт тэрэгний буудлын барилга нь боомт дээр зогсож байгаа усан онгоцыг санагдуулсан, архитекторын гоё шийдэлтэй юм билээ.
Санкт-Петербург хотын нэгэн их сургуульд сурдаг монгол оюутан галт тэрэгний буудал дээр намайг тосож авлаа. Намайг тоссон оюутан залууг Аагий гэдэг.
Аагийтай танилцсан түүх их сонин. 2011 оны намар Москва дахь Монголын элчин сайдын яамнаас над руу утасдаж, Санкт-Петербург хотод сурахаар ирж байгаа шинэ оюутан хүүхдүүдийг тосож, Москвагаас Санкт-Петербург руу явах туслахаач гэж хүссэн юм. Би ч зөвшөөрсөн. Ийнхүү Аагий, Ээгий нартай Москвагийн Ярославский галт тэрэгний буудал дээр таницлаж байсан билээ. Санкт-Петербург хотын нэгэн их сургуульд сурахаар Монголоос анх удаа Орост ирж байгаа энэ хоёр хүүг би галт тэрэгнээс тосож, Санкт-Петербург руу явах галт тэрэгний билет авахад нь туслав. Монголын галт тэрэг Москвад өдөр 13:50 цагт ирсэн бол харин Санкт-Петербург руу явах дараагийн галт тэрэг нь шөнийн 12 цагийн үед байсан санагдаж байна. Бидэнд бүтэн хагас өдрийн хугацаа байсан тул Ээгий, Аагий хоёрыг дагуулж МакДональдс орж хоол идэнгээ Улаан талбай, Манеж гээд Москвагийн төвөөр дагуулж Москватай жаахан ч гэсэн танилцуулав. Шөнө 12:00 цаг дөхөх үед эргэж галт тэрэгний буудал дээр хүргэж, Санкт-Петербург руу би тэднийг үдэн явуулж байлаа. Манай сургуулийн дотуур байр, Ленинградский вокзалын хооронд метрогоор 45 минут явна. Манай сургуулийн дотуур байр шөнийн 1 цагт үүдээ барьчихдаг тул би тэднийг Санкт орох галт тэргэнд нь суулгаж өгчихөөд бараг гүйх нь холгүй метро руу харайлгаж билээ.
Анх учраа олохгүй байхад нь тусласанд энэ хоёр монгол залуу одоо болтол надад их талархаж явдаг юм. Иймд ч бид сайн харилцаатай, "хуурай ах дүүс" болсон хэрэг. Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэдэг үг үнэн юмаа. Санкт-Петербург хотын галт тэрэгний буудал дээр Аагий намайг угтлаа.
Сайн уу ах минь. Сайн явж ирсэн үү? гээд намайг тэвэрч аваад бид тун сүрхий эртний танилууд шиг уулзав.
Галт тэрэгний буудлаас шууд Эрмитаж музей рүү явах уу гэж би хэлэхэд Аагий "Та эхлээд манай дотуур байранд орж цай унд уу. Дараа нь хотоор зугаалаарай" гэв. Ийнхүү сургуулийнх нь дотуур байранд ирлээ. Аагий, Ээгий хоёр Монголоос анх хамт Санктад ирсэн болохоор одоо үй зайгүй найзууд болжээ. Тэд хамтдаа нэг өрөөнд амьдарч байна. Түүнээс гадна бас нэг монгол залуу, өөр орос оюутан тэдэнтэй хамт амьдардаг юм байна. Намайг ирсэн өдөр орос хөрш нь үүргэвчинд ноүтбүүк, ойр зуурын хувцасаа чихэж аваад өөр хотод байдаг гэр рүүгээ явчихлаа. Шинэ жилийн баяр гээд 12 сарын 29-с 1 сарын 9 хүртэл Оросууд амарч байгаа юм. Иймд орос оюутан залуу гэртээ хариж ээжийнхээ хийсэн борщ идэх гэж байгаа нь тэр.
Нөгөө монгол залуу ч бас шинэ жилийг найз охинтойгоо угтана гээд өөр сургуулийн дотуур байр руу яваад өгөв. Ингээд би зочид буудалд өрөө хөлслөх шаардлагагүй болчихлоо. Та манай дотуур байранд бидэнтэй хамт бай гэж Аагий, Ээгий хоёр хэллээ. Угаасаа энэ ч надад мөнгө хэмнээд ашигтай байсан юм. Тэгээд ч би "эконом класс"-ын аялал хийж байгаа хүн.
Санкт-Петебург хотод зочид буудал тэнгэрт хадсан үнэтэй. Гурван одтой зочид буудлын жирийн өрөө нь хоногийн 5000 рубль /ойролцоогоор 150 доллар/. Өрөөний зэрэглэл нэмэгдэх тусам үнэ нь улам нэмэгдэнэ дээ.
Зочид буудлаас гадна "үүргэвчтэй аялал" хийж байгаа XXI-р зууны бадарчингуудын хоног төөрүүлж болох мотелууд Санкт-Петербург хотод нэлээн байдаг юм байна. Хоногийн 350-800 рубль төлөөд мотелд хоноглож болдог юм билээ.
Хэрвээ Аагий, Ээгий хоёр оюутны дотуур байрандаа байлгах боломжгүй гэвэл би мотелд хоноглох байлаа. Москвагаас явахын өмнө Санкт-Петербургийн нэгэн мотелийн хаяг олж авсан байсан юм. Хаяг нь: г.Санкт-Петербург. улица Восстания, дом 20/16 кв 17.Энэ мотелд нэг хоноход 350-450 рубль гэж байсан. /2012 оны 12 сарын сүүл 2013 оны эхээр/
Гэхдээ би хоёр "хуурай дүү"-ийнхээ ачаар мотелд хонох шаардлагагүй болсон юм даа.
Монгол хүний сайхан зочломтгой зан гэж байх юмаа. Юу байна? Түүгээрээ дайлна гэдэг. Хоол идсэний дараа нүд анилдаад юун Эрмитаж руу явах. Хоёр "хуурай" дүүтэйгээ хууч хөөрч байтал нэг мэдсэн чинь унтах цаг болчихсон байна лээ. Өнөө хоёр маань орой унтахдаа чихмэл бамбарууш тэвэрч унтах юм. Ээгийгийн цагаан чихмэл бамбаруушыг найз охин нь бэлэглэсэн юм байна. Харин Аагийгийн чихмэл бор бамбаруушыг төрсөн өдрөөр нь Санктад хамт сурдаг найзууд бэлэглэжээ. Анх удаа чихмэл бамбарууш бэлгэнд авсан болохоор өвөртөлж унтдаг юмаа гэж Аагий хэлээд зүүд нойрондоо умбалаа.
Бараг 20 нас хүрэх гэж байгаа оюутан залуус чихмэл бамбарууш тэвэрч унтаж байна гэхээр тэд нэг бодлын хүүхдийн гэнэн цайлган зангаа гээгээгүй ч юм байна даа гэсэн бодлын надад төрүүллээ.
Санктад идсэн хуушуур (муу хүн идсэн ууснаа гэж...)
Бараг 20 нас хүрэх гэж байгаа оюутан залуус чихмэл бамбарууш тэвэрч унтаж байна гэхээр тэд нэг бодлын хүүхдийн гэнэн цайлган зангаа гээгээгүй ч юм байна даа гэсэн бодлын надад төрүүллээ.


3 comments:
Shine onii mend naiz :)
goy ayalsan bnaa, chinii blogiig aylaliin talaarh post unshaad orosruu yavj uzmeer sanagdah yum.., oor goy bichleguudiig ni huleej baiya.
XO
чихмэл бамбарууш.. хөөрхийнбэ :)
сайхан бичлэг байна, үүргэвч үүрээд харсан зүгтээ аялмаар санагдчихлаа...
кунст камер үзээрэй, монголтой холбоотой эвгүй юм бий, бүү цочирдоорой
ай завтай болоод мөнгөтэй бол, тэгээд оросод байгаа бол дагаад л явмаар ... нээрээ тэр нуурыг Ладог гэдэг үү, тэрний энэний гэхээраа Ладожский болсон байж магад тээ, оросын ном зохиолууд дээр тийм нэртэй нуур таардаг байсан. Сайхан аялал болж, жаахан атаархав хэхэ
Post a Comment