Наадмын өмнөхөн нэг бүсгүй над руу фейсбуукаар захиа бичсэн байлаа. Манай хамаатаны нэг эгчийн санал болгосоноор тэр бүсгүй захиа бичиж байгаа юм гэнэ. Өөртэй чинь танилцмаар байна гэсэн байв. Огт танилцахгүй гээд байх нь хаашаа ч юм. Юу ч гэсэн уулзаад, танилцдаг хэрэг гэж бодлоо. Фейсбуукдаа ганцхан зураг оруулжээ. Тэр зураг нь алсын планаар авсан тул царай зүс нь тодорхой мэдэгдэхгүй байлаа. Үүнээс өөр зураг байсангүй. Эхний удаа тэр бүсгүй "Transformers: Age of Extinction" киног үзэх санал гаргав. Би зөвшөөрөв. Өргөө-2 кино театрт Transformers: Age of Extinction гарч байсан үе.
Трансформерс гэж энэ киноны өмнөх ангиудыг нь би огт үзээгүй юм. Угаасаа баахан роботуудын зодоон гарна биз гэсэн шүү бодол толгойд орж ирсэн тул анхнаасаа иймэрхүү киног тоож үзээгүй билээ. Гэтэл тэр бүсгүй өөрөө тэр киног сонгосонд нь би дотороо жаахан гайхсан. Гэтэл сайндаа ч биш, ердөө л ажлаа тараад тэр киног үзэхэд тохиромжтой цаг байсан нь хоёр дахь удаагийн уулзалтаар тодорхой болсон билээ.
Кино үзэх өдрийн үдээс өмнө нь би Өргөө-2 орж киноны хоёр тасалбар худалдаж авлаа. Жентельмен зан гаргаж байгаа царай нь шд. Дараа нь гэртээ ирж хоол хийж идчихээд бассейн руугаа явж сэллээ. Бассейнаа дуусгаад кинотеатрт очлоо. Дөнгөж кино театр руу ороод тав ч алхаагүй байтал нэг бүсгүй над руу "Өрөө ....... [MNED] мөн үү?" гээд дөхөөд хүрээд ирлээ. Би мөн байна гэж хариуллаа. Кино үзэх цаг дөхсөн учраас өөр олон зүйл ярьсангүй. Тэгэс гээд кино ч эхэллээ. Кино дууссаны дараа хэсэг зуур хамт алхаад гэр гэрийн зүг явлаа. Оройн хоол хамт идэх үү гэж нэг хэлдэг юм билүү гэж бодсон л доо. Гэхдээ эхний удаа кино хамт үзэх нь хангалттай гэж би шийдсэн юм.
Наадмын дараа би түүнтэй фейсбуукаар дахиад чатлав. Эхний удаа кино үзэх саналыг тэр гаргасан бол энэ удаа би оройн хоол хамт идэх үү гэсэн санал гаргасан юм. Бродвей орлоо. Хамт хоол идэнгээ бид нэлээн ярилцлаа. Жирийн нэг онигооноос эхлээд өөрсдийнхөө тухай. Хаана ямар ажил хийдэг, хувийн амьдрал гээд л...
Тэр надаас 4 насаар эгч юм байна. Өмнө нь хүнтэй гэрлэж байсан ч гэрлэлтээ цуцлуулсан юм санж. Би түүний дүүтэй нь нас чацуу гэдгийг мэдэж авлаа. Би ч бас өөрийнхөө тухай ярьсан. Гэхдээ тэр бүсгүйд хэлээгүй үлдсэн "юм" бас бий.
Хамт оройн хоол идэж, гэдсээ баярлуулж байхдаа бид чөлөөтэй сайхан ярилцаж, инээлдэж хөөрөлдөж байсан ч сүүлийн уулзалт шүү гэдгийг бараг харцаараа хэлэлцэж ойлголцсон доо. Ийм л нэг болзоо болсон доо.
2 comments:
хэлээгүй үлдсэн ЮМ нь юу юм бол???
хэрэгт дурлах булчирхай нь ингэж асуу гээл хатгаад байна
Би эр хүнд хайртай гэдгээ хэлээгүй юм аа.
Post a Comment