Амьдралын тойрог

2019-02-10

Токио 168 цаг. Аяллын тэмдэглэл. 5-р хэсэг

1 дүгээр сарын 4. Токиогийн зургаа дахь өдөр. Өглөө сэрээд шууд л Tokyo tower руу явъя гэж төлөвлөв. Байрлаж байгаа буудлаасаа гараад Хамамацүчо (Hamamatsucho station) өртөө рүү явлаа. Гоё дүүрэг юмаа. Нэг тийм хүмүүс нь ажил хэрэгч хувцасласан. World Trade Center Building гээд сүрхий том том барилгууд. Миний зорилго бол Токиогийн телевизийн цамхаг руу очих.  Цамхаг руу явж байх замд нэг сүм таарлаа. Нэр "Зожожи" (Zojoji Temple). Буддын шашны сүм аж. Хашаа руу ормогц хэд хэдэн хүнсний мухлаг байлаа. Өглөө буудлаас гарахдаа идсэн өглөөний цай хоол дорхноо шингэсэн байлаа. Арааны шүлс асгараад л.... Ийм стриит-фүүд авч идлээ. Эхний идсэн зүйл нь шарсан тахианы гуя. Нэг Япон өвөө гаазын пликта дээр шараад зогсож байна лээ. Үнэ нь хямдхан доо. Зоосон мөнгөөр л худалдаж авсан. Яг үнийг нь мартаж. Сүмийн хашаанд идсэн дараагийн хоол нь бөмбөлөгнүүд. Нэрийг нь хэлж мэдэхгүй юм. Ямар ч байсан гадуур нь хуймагны гурил, дотор далайн гаралтай бүтээгдэхүүн бий. Оросуудын хийдэг блинчиктэй төстэй юм шиг санагдав. Орос блинчик хавтгай дугараг хэлбэртэй байдаг бол энэ нь Японы энэ хоол бөмбөлөг хэлбэртэй. Нэг порц нь 6 ширхэг. Үнэ нь 200 иень байсан. Хямдхаан.

Сүмийн хашаанд ороод идсэн дараагийн зүйл нь жигнэсэн амтат төмс. 


Ингээд сүмийн хашаанд орж ирээд гудамжинд зарж байгаа жижиг сажиг юм худалдаж авч идээд гэдэс цадсан даа. 
Одоо сүм, хийдийн тайлбар руу эргээд орно оо.  Эдогийн үеэс Японы төрийг барьж байсан Токугава удмынхантай энэ сүмийнхэн их сайн харилцаатай байсан гэж жуулчдад зориулсан гарын авлагад бичсэн байна лээ. Зожожи хийдийн гол хаалгыг нь 1622 онд барьж бүтээсэн гэнэ. Сүмийн гол хаалга 21 метр өндөр. Газар хөдлөлт, гал түймэр гээд олон гамшигаас болж сүмийн анхны барилга байгууламж нь сүйдсэн. Хожим загвараар нь сэргээн барьсан аж. Токугавагийн 15 шёгун (хаан, захирагч) байжээ. Тэдний зургаан шёгуны бунхан энэ сүмд бий. 
Анхаарал татсан өөр нэг зүйл нь баахан хүүхдүүдийн чулуун хөшөө байлаа. Хөшөөний хажууд тоглоомон салхин сэнс байрлуулжээ. Жаахан салхи гарахад л сэнснүүд эргэлдэнэ. Хажуугаар нь яваад өнгөрөхөд нэг л эвгүй мэдрэмж. Дараа нь интернэтээс хайгаад уншсан чинь амьгүй төрсөн, үр хөндөлтийн улмаас хорвоод мэндлээгүй, эсвэл зулбаж хүн болж чадаагүй хүүхдүүдэд зориулсан хөшөө юм билээ. 

За  ингээд сүмийн хашаанаас  гараад Токиогийн телевизийн цамхаг руу очлоо. Телевизийн цамхаг, эртний сүм нь хөрш зэргэлдээ. Их сонин. Монголд Гандангийн дэнжийн ард телевизийн төв, телевизийн цамхаг байдаг шиг. Токиод ч бас эртний сүм, ХХ зууны гайхамшиг болсон телевизийн цамхаг нь байдаг аж. 


Токиогийн телевизийн цамхаг нь 332,6 метр өндөр юм байна.Tokyo tower ( 東京タワー ) 1957 онд барьж эхэлсэн. 1958 онд ашиглалтад орсон юм байна. Анх ашиглалтад ороод дэлхийн хамгийн өндөр ган хийцтэй байгууламж гэсэн тодотголтой байсан гэнэ 2011 оныг хүртэл энэ цамцаг дээр NHK, FUJI TV, TBS  телевизийн дохиог дамжуулагч байруулсан байжээ. Хожим Skytree (Тэнгэрийн мод)гээд илүү өндөр, шинэ цамхаг Токиод барихаас өмнө гол ачааллыг үүрч байж.  Одоо бол энэ цамхаг Токиогийн бэлгэ тэмдэгүүдийн нэг, жуулчид очдог газар. Доод давхарт нь худалдаа үйлчилгээний газрууд ажиллаж байна лээ. Жуулчид гарч болох хоёр түвшинтэй. Эхний түвшин нь 150 метрийн өндөрт. Лифтээр гарах билет нь 900 иень. Үүнээс илүү дээшээ гарна гэвэл арай их мөнгө төлөх юм билээ. Статистикаас харахад Токиогийн цамхаг дээр жилдээ 2,5 сая жуулчин ирдэг юм байна. Би тэр 2,5 сая жуулчны нэг нь болж чадсандаа баяртай байна аа.  Би ч хэтэрхий өндөрт гараад яахав гээд 150 метрийн өндөрт байдаг тавцан дээр нь л гарлаа. Цамхаг дээрээс Токио хот иймэрхүү харагдав.



Токиогийн цамхагийн үүдэнд ийм хөөрхөн баримал байна.

За ерөнхийдөө ингээд Токиод хийсэн аяллын тэмдэглэлээ дуусгая даа. Бичээгүй үлдсэн зүйлүүд бас байна аа. 

Ер нь Токиод байхдаа анзаарсан ажиглалтаа бичье жагсаалт гаргаад бичье дээ.

1. Япон хүмүүс нийтээрээ их найрсаг юм шиг санагдсан. Үйлчилгээний газар ажиллаж байгаа хүн бол үйлчлүүлэгчийн өмнө бөхөлзөж тонголзоод, хүсэлтийг нь биелүүлэхийн тулд их мэрийнэ. Ялангуяа гадаадын над мэтийн явуулын жуулчинд их найрсаг хандана. Гэхдээ яг Японы нийгмийн гүнд орохоор бас байдал өөр байж болох юм. 

2. Токио хотын гудамжинд хогийн сав их цөөхөн байна. Гудамжинд нь ч бас хөглөрөөд хэвтэж байгаа хог алга.  Гэхдээ хотын захын зарим дүүргээр явахад мэр сэр тамхины иш, хог хэвтэж л байна лээ.  

3. Токиод жорлон бол хаа сайгүй. Хамгийн гол нь үнэгүй. Метроны өртөө, дэлгүүр, хоолны газар гээд хаана ч жорлон үнэгүй. Бас цэвэрхэн. 

4. Японд дэд бүтэц их сайн юм. Зам, гүүр, метро, автобус, байшин барилга руу хөгжлийн бэрхшээлтэй хүн орох налуу зам, цахилгаан шат..... Бүгдийг тооцоолж, гарч болох асуудлыг урьдчилан харж байшин барилгаа барьсан юм байна шд.

5. Япончууд их цэвэрч юм. Ер нь бохир, хиртэй хувцастай, үс гэзэг нь тослогтсон, эсвэл үс нь хагтай хүн нэгийг ч хараагүй. Бас Японд ямар хоолны газар ороод ариун цэвэр, эрүүл ахуйн тал дээр санаа зоволтгүй. Цэвэрхэн, хоол хийж байгаа түүхий эд нь чанарын шаардлага хангасан, шинэ бүтээгдэхүүн. 

6. Япончууд ажилдаа их нямбай хандах юм. Аливаа зүйлийг хийхдээ заавал дүрэм журмын дагуу хийнэ. Ажлын байрандаа зогсож байхдаа зөвхөн ажилдаа л анхаарлаа хандуулна. Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэдэг зүйр үг санаанд орж байлаа.

7. Японд КОМБИНИ гэж нэрлэсэн жижиг сүлжээ дэлгүүр олон юм. Яваад орохоор ойр зуурын талх, сэндвич, жимс, ногоо, ус, ундаа, өндөг,  ахуйн хэрэглээний ойр зуурын бараа. Бас бэлэн хоол их байна лаа. Бичил долгионы зууханд хийгээд л халаагаад идэхэд бэлэн. Орой 17:00 эсвэл 18.00 цагаас хойш КОМБИНИ дэлгүүрүүдэд бэлэн хийсэн хоолны үнийг хямдруулаад зардаг юм байна лээ.

8. Японд цэцэрлэгээс нь эхлээд насан туршид нь хэвшил болгосон гурван зарчим л байх шиг байна гэж анзаарсан. Энэ бол нэгдүгээрт, худлаа хэлж болохгүй. Хоёрдугаарт, ариун цэвэр сахих хэрэгтэй. гуравдугаарт, аливаа зүйлийг хийхдээ чин сэтгэлээсээ хандах. 
Ер нь Япон хүн хийж чадахгүй зүйлээ чадна гэж ам гарахгүй. Хэрвээ за гэж хэлсэн бол заавал амлалтаа биелүүлдэг. Дүрэм журмыг маш сайн сахиж мөрддөг. 

Очиж үзэхийг хүсэж, мөрөөдөж байсан Токиод 7 хонолоо. 7 хоног гэдэг Токиод аялахад бага хугацаа байлаа. Ер нь бол Японы аяллын нэг удаагийн виз 15 хоногийн хугацаатай байдаг нь учиртай л юм байна. Үзэхийг хүссэн ч цаг хугацаа бага байсан учраас очиж амжаагүй газрууд Токиод үлдсэн. За ингээд сэтгэлд дулаахан Токио минь баяртай гэж өөрөө өөртөө хэлээд УБ-ынхаа зүг ниссэн дээ. 


No comments: