Амьдралын тойрог

2019-09-11

Хятадын нутгаар хөндлөн гулд аялсан нь 4-р хэсэг

Хонгконгод ирсэн нь

Өглөө нь 7 цагт сэрээд Е бид хоёр зочид буудлаасаа гарав. Cheсk-out хийх гээд ресепшин дээр очтол хэн ч байсангүй. Өрөөний электрон түлхүүрээ ресепшиний ширээн дээр орхиод гарлаа. Улинъюань дүүргийн авто вокзалд очиж Жанжиажэ хот руу буцах автобусны тасалбар худалдаж авлаа. Эхний автобус өглөөний 8:20 цагт хөдөлдөг юм байна. Тасалбарын үнэ 1 хүний 12 юань. Нэг цаг гаруйн дараа Жанжиажэ хотод ирлээ.



Зургийн тайлбар: Жанжиажэ хотын авто вокзал

Жанжиажэ хотоос Чанша хотын чиглэлд явдаг автобусанд суув. Тасалбарын үнэ 1 хүний 110 юань. Жанжиажэ Чаншагийн хооронд 390 км зайтай. Автобус 5 цагийн хугацаанд энэ замыг туулна. Замдаа нэг удаа 10-15 минут орчим зогсоно. Энэ хооронд зорчигчид автобуснаас бууж нийтийн жорлонд орж бие засаж, зарим нь жижиг мухлагаас ундаа ус, ам хөдөлгөх хүнсний бүтээгдэхүүн худалдаж авах боломж гарна. 


Жанжиажэ хотоос 10:00 цаг хөдөлсөн автобус өдрийн 15:30 цагийн орчимд Чанша хотод ирэв. Чанша хотын авто вокзалаас гараад нисэх онгоцны буудалд нь очих ёстой. Гар утсандаа суулгасан MAPS.ME App ашиглаад Чанша хотын нисэх онгоцны буудал хүрэх чиглэлийг хайж олов. Авто вокзалаас 500 метрийн зайтай Airport shuttle bus гэсэн терминал байдаг аж. Нисэх буудал хүрэх автобус нь 1 хүний 10 юань.





Чаншагийн олон улсын Хуанхуа (Huanghua International Airport) нисэх онгоцны буудал саруулхан, үйлчилгээ сайтай аятайхан тохилог гэж би боддог юм. Чаншагийн онгоцны буудал дээр 2015, 2016 онд үйлчлүүлж байсан минь санаанд оров. Хонгконг уруу нисэх онгоцондоо бүртгүүлж, жижиг чемоданаа тээшний хэсэгт хүлээлгэж өгчихөөд хоол олж идэхээр боллоо. Аль ч газрын онгоцны буудлын дотор үйл ажиллагаа явуулж байгаа хоолны газруудын үнэ өндөр байдаг. Тогтсон үнэ ханштай байдгаар нь түргэн хоолны газраар л үйлчлүүлэх нь дээр гэж MNED би боддог юм. Ингээд нисэх буудлын хүлээлгийн танхимд байгаа KFC-г зорилоо. Сонголтоо хийгээд захиалах гэтэл худалдагчтай нь ойлголцох гэж аргаа барав. Англи хэлээр л хэлсэн юм. Худалдагч хятад охин англи хэлэн маруухан бололтой. Олон улсын нисэх онгоцны буудалд байрлаж байгаа KFC-ийн салбарын ажилтан англи хэл мэдэхгүй байна гэдэг гутамшиг юм даа. Е бид хоёр “энэ бас арай арай...” гэж хоорондоо хэлэлцэж санал нэгдэв. 
Чаншагийн нисэх онгоцны буудалд хилийн хяналт шалгалтаар орж алтан соёмбот улаан паспорт дээрээ Хятадын нутгаар гарлаа гэсний баталгаа болгож тамга даруулав.



Чаншагаас Хонгконг уруу Cathay dragon агаарын тээврийн компани онгоцоор ниссэн юм. Улаанбаатараас хөдлөхийн өмнө Чаналгаас Хонгконг уруу нисэх онгоцны тийзээ захиалаад худалдаад авчихсан байсан. Тийзний үнэ (1 хүний) 115 америк доллар. Хонгконг уруу нисэж байхад онгоцны үйлчлэгч Хонгконг уруу орох хуудсыг гадаадын иргэдэд тарааж байлаа.

Чанша хотоос 19:20 цагт хөөрсөн онгоц 21:10 гэхэд Хонгконгийн олон улсын нисэх онгоцны буудалд газардав. Хонгконгийн олон улсын нисэх буудлыг Chek Lap Kok Airport (赤鱲角機場) гэж нэрлэдэг юм билээ. Хонгконгийн хил дээр очоод бөглөсөн орох/гарах хуудас, паспортоо өгөв. Хилийн шалган нэвтрүүлэх албаны ажилтан “Хаанаас ирсэн? Ямар зорилгоор яваа вэ? Аль зочид буудалд буух уу? Буцах онгоцны тасалбар байгаа юу?” гэх мэтээр баахан асууж шалгаав. Хонгконгод манай Монголын урт гартнууд түвэг удаж, гэмт хэрэг хийж байгаа гэсэн мэдээлэл яг энэ үед байсан юм. Хонгконгод байрлах зочид буудал, буцах онгоцны тийзээ үзүүлж, хилийн шалган нэвтрүүлэх албаны ажилтны асуултад өөртөө итгэлтэй хариулж зогслоо. Миний гадаад паспортын хуудас бүрийг эргүүлж удаан үзэж байна. Өмнө нь очиж байсан хэд хэдэн улсын визийг нэг бүрчлэн үзэв. Хонгконг уруу ороход паспорт дээр ямар нэгэн тамга тэмдэг дардаггүй юм билээ. Харин хил нэвтрэх хуудасны орох гэсэн хэсгийг нь хилийн шалган нэвтрүүлэх албаны ажилтан авч үлдэнэ. Харин бөглөсөн хуудасны гарах хэсгийг хаяж гээлгүй хямгадах ёстой. Хонгконгыг орхин явахдаа хил дээр нь хураалгана.
Хонгконгийн нисэх онгоцны буудлаас хотын төв уруу нь явах хэд хэдэн арга бий. Гэхдээ хамгийн хурдан, тухтай нь Airport express галт тэрэг. Тасалбарын үнэ 102 HK$ (13 US$) Airport express галт тэргээр 4 өртөө яваад метронд шилжин суув. Ингээд Tsim Sha Tsui дүүрэгт байрладаг захиалсан байрлах газартаа очив. Зочид буудал гэхээсээ илүү дэн буудал гэж нэрлэвэл илүү тохиромжтой байх. Тэр дэн буудалд хоёр хүн 2 шөнө хоноход 49 US $. Энэ нь 380 HK $ гэсэн үг. Хямд учраас үнэдээ таарсан тааруухан газар байлаа. Өрөө нь ердөө 4 м/кв. Хоёр хүний нэг ширхэг ор, цаана нь жорлон, шүршүүр. Жижигхэн салхивч нь нар үзэхгүй бөгөөд зэргэлдээ байшингийн ханатай бараг тулжээ. Насаараа амьдрах гэж байгаа биш. Иймэрхүү газар ганц хоёр шөнө унтаж болно шд. 

Дэн буудлынхаа өрөөнд ороод шүршүүрт оров. Эргэж гараад ойролцоох жижиг дэлгүүрээс цэвэр ус, бага сага идэх зүйл худалдаж авлаа.



Хонгконг түмэн хүний хөлийн газар гэдэг нь илт юмаа. Тэнгэрт тулах шахсан өндөр гонзгой байшингууд замын хоёр талаар эгнэнэ. Машин зам дагуух явган хүн алхах цардмал нь ч бас нарийн. Гурван хүн зэрэгцээд явах хэмжээтэй юм. Машин зам дагуух байшингийн нэг хоёрдугаар давхар нь дэлгүүр, хоршоо, хоолны газрууд битүү.


7-р сарын 11. Хонгконгийн өглөө. Өглөө 8 цаг. Е бид хоёр дэн буудлаасаа гарч Хонгконгийн диснейлэнд уруу явлаа. Диснейлэнд руу метронд сууж хүрнэ. Диснейлэнд хүрэх метроны галт тэргийг тохижуулахдаа Микки маузын дүрийг ашиглажээ. 


Хонгконгийн диснейлэндийн тасалбарын үнэ 12-64 насны хүн :639 HK$, 3-11 насны хүүхэд 475 HK$, 65-аас дээш насны хүн 100 HK$


Диснейлэнд нь дотороо хэд хэдэн хотхон байдлаар зохион байгуулагдсан бөгөөд тоглоомууд нь ч гэсэн сэдэвчилсэн байдалтай.


Хиймэл цөөрөм байгуулж гол нь байгаа арал дээр "Тарзаны байшин" гэсэн үзмэр хийжээ. 




Дисней кино студийн бүтээсэн хүүхэлдэйн киноны баатруудын баримал хаа сайгүй.
















Диснейлэнд дотор төрөл бүрийн аттракцион тоглоомууд байхаас гадна  хэд хэдэн зуны задгай театр бий. Энд хуваарийн дагуу жүжигчилсэн тоглолт болно. Тайзан дээр жүжиглэж байгаа гурван жүжигчиний харилцан яриа нь их хачин санагдав. Эрэгтэй жүжигчин хятад хэлний мандарин аялгаар ярьж байхад голын эмэгтэй жүжигчин англи хэлээр, харин гурав дахь жүжигчин эмэгтэй хятад хэлний кантон аялгаар ярьж байлаа. Хонгконгийн оршин суугчид бүгдээрээ хятад болон англи хэлэн хос хэлтэй. 



Диснейлэндэд тоглож хүүхэд насны мөрөөдлөө биелүүллээ. Диснейлэндийн хашаан дотор үйлчилгээ үзүүлж байгаа хоолны газруудын үнэ өндөр юм билээ. 1.5 хэмжээтэй цэвэр ус 59 HK$ байх жишээтэй. (HK$ -ын ханш 342 төгрөг гээд бодвол 1.5 хэмжээтэй цэвэр ус монгол төгрөгөөр 20.178 төгрөг) 1 порц хоол 180 HK$. Харин 180 HK$-р ийм шөлтэй хоол худалдаж авсан чинь 0,5 хэмжээтэй цэвэр ус үнэгүй дагалдуулав. Усны оронд цай эсвэл ундаа авна гэвэл үнийг нь тусдаа төлөх ёстой юм байна.

Диснейлэнд өглөө 10:00 цагт нээгдэж орой 21:00 цагт хаадаг аж. Өдөр бүр 20:00 цагаас Диснейлэндэд үлгэрийн баатруудын парад зохион байгуулж ёслолын буудлага хийдэг юм билээ.

7 сарын 12. Өглөө сэрээд чемоданаа чирээд тохижилт муутай умгар дэн буудлыг орхин явлаа. Tsim Sha Tsui дүүрэгт байдаг “Avenue of Stars” орлоо. Алдарт жүжигчин Брюс Ли-гийн хөшөөнөөс эхлээд үзэж харах зүйл энд олон. 












Орой 20:00 цагт энд хүмүүс цуглаж лазер гэрлийн шоуг үздэг юм билээ. Бас “Avenue of Stars” -аас холгүй “Сансрын музей” бий. Tsim Sha Tsui дүүргээр явган аялал хийж байгаад их үдийн үед Хонгконгийн Tsing Yi дүүрэгт байдаг захиалсан хоёр дахь зочид буудал уруугаа явлаа. Rambler Garden гэдэг энэ зочид буудал гурван одтой. 25 давхар аж. Ramber Garden зочид буудал тохь тухын хувьд Tsim Sha Tsui дүүрэгт буусан байрладаг дэн буудалтай харьцуулах ч юм биш. 
Rambler Garden зочид буудалд 2 ортой өрөөнд 2 хүн 2 шөнө хоноход 832 HK$ төлөв. Энэ зочид буудлын сул тал нь нэгдүгээрт тэнгисийн эрэг дагуу байдаг чингэлэг буулгах боомттой ойрхон, хоёрдугаарт худалдаа үйлчилгээний газруудаас хол. Гэхдээ зочид буудлаас метроны буудал хүртэл үнэгүй Shuttle bus тодорхой цагийн хуваарийн дагуу үйлчилдэг. 

Rambler Garden зочид буудалд буусан хойноо Е бид хоёр тус тусдаа явахаар боллоо. Энэ нь хэн хэндээ амар гэж үзэв. Би зочид буудлын shuttle bus-д суугаад эргэж хотын төв орлоо. Дэлгүүр хэсэж, хооллож, үзэж харъя гэсэн газруудаараа чөлөөтэй явав. Ганцаараа явж байхдаа авч идсэн оройн хоол нэг иймэрхүү. Сайхан амттай байсан.


Хонгконгийн өөртөө үйлчлэх дэлгүүрт хүнсний бүтээгдэхүүн ямар үнэ ханштай байдаг юм бол гэж сонирхсон юм. Зурагнаас үнийг хараад, өөрсдөө дүгнэлт хийнэ биз.











2 ширхэг ундаа худалдан авах юм бол 10.3 HK$ . Ер нь хоёрыг авах юм бол арай хямд гэсэн утгатай зүйл нэлээн байна лээ.





Сүүлийн үед Хонгконгийн оршин суугчид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байгаа шүү дээ. Намайг Хонгконгод явж байхад эсэргүүцлийн жагсаал ид хүчээ авч байсан үе. Хотын төвд олон хүн явдаг гүүрэн дээр ийм ухуулах хуудас наасан байна лээ. 




Нэлээн орой болсон хойно Хонгконгийн  Cause Bay дүүрэгт байдаг нэг саунд орсон юм. Токиод орж байсан саунтай харьцуулахад талбай, орон зайн хувьд Хонгконгийнх жижиг байлаа. Мэдээж Япончуудыг яаж гүйцэх вэ дээ. Гэхдээ нүд хужирлах юм байсан л даа.



7 дугаар сарын 13. Е-тэй хамт Хонгконгийн шинжлэх ухааны музей рүү явлаа. Эцэг эхчүүд бага насны хүүхдүүдээ дагуулаад энэ музейд очдог юм билээ. Сургуулийн бага, дунд ангийн сурагчдад таних мэдэхүйн ач холбогдолтой юм билээ. Монголд нэг иймэрхүү музей байгуулагдах юм бол хэрэгтэй л юм даа гэсэн бодол төрсөн. Физикийн хуулиуд, техник технологийн тухай мэдлэг өгч чадах баялаг үзмэртэй байсан. 


Шинжлэх ухааны музейн хажууд Хонгконгийн түүхийн музей бас бий. 




Энэ өдөр идсэн  үдийн зоог зураг

Меню нь. Хоолны үнэ нь ер нь боломжийн. 





Музей үзсэний дараа дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг Геннесийн номод бичигдсэн дэлхийн хамгийн урт урсгал шатаар явж үзлээ. Энэ урсгал шат нь урт тууш үргэлжилээгүй. Хэд хэдэн тусдаа урсгал шатнаас бүрддэг юм билээ. Урсгал шат нь ажиллаагүй үе хажууд нь байгаа цардмал шатаар алхаж бас болно. 






Үдээс хойш нь Хонгконгийн амьтны хүрээлэн рүү явлаа. Амьтны хүрээлэн, ботаникийн цэцэрлэгт хүрээлэн нь үнэ төлбөргүй. Гэхдээ олон амьтангүй юм билээ. Хэдэн төрлийн сармагчин, мэрэгч амьтад, шувууд. Үнэгүй юм чинь мэдээж яаж арслан, бар, заан, анааш байхав. 



Амьтны хүрээлэн, ботаникийн цэцэрлэг нь сайхан намуухан орчин. 

Амьтны хүрээлэнгээс гараад уруудаж алхсаар байгаад Коулун дүүрэгт ирлээ. Энэ бол өнөөх Tsim Sha Tsui дүүргийн эсрэг тал нь байв. Алсыг харагчид суухад 20 HK$.
Ихэнх алсын харагчид суухад бүтэн 1 тойроод л буудаг. Гэтэл Хонгконгод бол 3 тойрогийн дараа буусан даа.




Алсыг харагч дээрээс Хонгконг хотыг тольдон харчихаад дараа нь гатлага усан онгоцонд сууж Tsim Sha Tsui дүүрэгт хүрлээ. Гатлага усан онгоцоор зорчих тасалбарын үнэ 2.2 HK$






Нар жаргасан хойно Хонгконг дахь Temple street рүү явлаа.  Энд гудамжны хоол амтлах гэсэн жуулчид, найз нөхдөөрөө яваа нутгийн хүмүүс зөндөө. 






Орой болсон хойно Rambler Garden зочид буудалдаа эргэж ирлээ.  Хонгконгод байх сүүлийн шөнө. 


Ингээд маргааш нь ургахын улаан нарнаар зочид буудлаасаа гарч нисэх онгоцны буудал руу явлаа. Ингээд EZNIS компанийн онгоцоор Улаанбаатартаа ирснээр аялал дууслаа.





1 comment:

Bira said...

Хамт явсан мэт маш сайхан тодорхой, дэлгэрэнгүй бичжээ. Гоё блог олж уншсандаа баяртай байна. Баярлалаа