Цар тахлын он жилүүдэд Улаанбаатараасаа ч холдохгүй нам жим суусан. 2022 оны 8 дугаар сарын сүүлээр нэг чухал аялалд яваад ирлээ. Явахын өмнө нэлээн догдолж хоол унд ч хоолойгоор давахгүй хачин жигтэй байв. Яг аялалд явахын өмнөх өдөр ходоод өвдөж эмнэлгийн яаралтай тусламж хэрэгтэй болов. Дусал хийлгэсэн боловч бие олигтой тэнхэрсэнгүй. Эртнээс төлөвлөсөн аялал учраас ухрах зам байсангүй. Ингээд төлөвлөсөн өдрөө хэсэг нөхдийн хамт МИАТ компанийн Боинг 767-300 онгоцоор Улаанбаатараас Германы Франкфурт хотыг зорив.
Франкфурт хүрэх 8 цагийн нислэгийн турш хэвлийгээ орчимд үе үе өвдөж, таагүй мэдрэмжтэй байлаа. МИАТ-ын онгоцны бүхээгийн үйлчилгээ тун дажгүй гэж боддог. Сүүлд 2019 оны 7 дугаар сард Хонгконг явснаас хойш онгоцонд суугаагүй юм байна лээ шд.
Германы Франкфурт хотын олон улсын нисэх буудалд газардаад терминалаа сольж дараагийн нислэгээ 6 цаг хүлээв. Өвчин намдаах эм уучих санаатай онгоцны буудлын кафегаас 1 аяга (150 мл) буцалгасан ус авах гэтэл 2 евро гэнэ ээ. Монгол төгрөг рүү шилжүүлэх юм бол 7300 төгрөг. 2022 оны 8 дугаар сард 1 евро 3650 төгрөгтэй тэнцсэн ханштай байв. Азийн орнуудын ямар ч хоолны газар, кафегаас ганц аяга буцалгасан ус үнэ төлбөргүй шууд л өгнө. Харин Европ бол өөр юмаа гэдгийг ойлгож авлаа. Бүтэн 6 цаг онгоцны буудалд гиюүрч суух чинь бас л чанга шүү дээ. Ходоодоо хоосон байлгүйн тулд ийм салат 8 евро 20 центаар худалдаж авч идэв.
Зорьсон газар мань хүргэж өгөх дараагийн авиа компани нь "Lufthansa". Намайг аялалд явахаас хэдэн долоо хоногийн өмнө "Lufthansa" компанийн ажилчид нь ажил хаялт зарлаад ихэнх нислэг нь цуцлагдсан тухай мэдээлэл гараад байв. Миний нислэг цуцлагдах вий гэсэн битүүхэн айдастай. Франкфурт хотод үдшийн 22:00 цаг болоход "Lufthansa" компанийн онгоцоор Ирландын нийслэл Дублин хотыг зорив. Энэ хотын нэрийг англи дуудлагаар DUBLIN [DABLIN] гэх бол бол кирилл цагаан толгойн үсгээр ДУБЛИН гэж галиглажээ. Даблин, Дублин гэж дуудахын аль нь зөв болохыг бүү мэд. Оросууд Дублин гэж бичжээ. Би кирилл үсэг ашиглаж бичиж байгаа тул Дублин гэж бичье. Үдшийн нислэг тул онгоцны цонхоор олигтой юм үзэгдсэнгүй.
Онгоцны хаалгаар ормогц Германы онгоцны үйлчлэгч нар нь нислэгийн турш бүх зорчигчдыг амны хаалт зүүхийг эелдэгээр анхааруулав. Амны хаалтгүй бол шинийг тарааж өгч байв. Ямар ч агаар нэвтрэх боломжгүй ёстой чанартай маск юм. Онгоцны суудлын тавцан нь хатуу, суухад тух муутай. Нислэгийн үеэр миний хэвлий, гэдэс хөндүүрлэж өвчнийг минь санагдуулна. Хоёр цагийн хямд нислэг тул хоол ундгүй. 0.33 мл хэмжээтэй цэвэр ус тарааснаас өөр үйлчилгээ байсангүй. Airbus 220 загварын хуучивтар жижиг онгоц тул нислэгийн үед зугаацуулчих медиа ч байхгүй.
Түнэр харанхуй нөмөрсөн үед Ирландын нийслэл Дублин хотод газардав. Онгоцны буудал дахь хилийн шалган нэвтрүүлэх боомт дээр ирж паспортоо шалгуулав. Хилийн шалган нэвтрүүлэх албаны офицер нь сайхан инээмсэглэсэн дундаж эргэм насны эрэгтэй. Ажлаар яваа, ердөө 10 хоног болно гэж хэлсэн ч 90 хоног Ирланд улсад байх зөвшөөрөл олгов. Онгоцны буудлын өндөр том модон хаалга нь надад маш эртний байшин барилга дотор яваад байх шиг сэтгэгдэл төрүүлэв. Нисэх буудлын хаалгаар гармагц далайн тэнгисийн зөөлөн чийглэг агаар угтав. Бороо орсон бололтой. Цардмал зам чийгтэй. Өмнө нь очиж байгаагүй шинэ орчин учраас бүх юмыг л сониучирхан эргэн тойрноо ажиглаж чемоданаа чирж явав. Дублины нисэх онгоцны буудал нь хотын төвөөсөө 10 орчим км зайтай юм байна. Аяны дөрөө нийлсэн хамт яваа хүмүүстэйгээ нисэх онгоцны буудлаас холгүй зочид буудалд хоноглов.
Дублин хотод хоёр давхар автобус нийтийн тээвэр нь үйлчилгээнд ашигладаг аж. Хот дотор автобусаар нэг удаа зорчихдоо жолоочоос нь тасалбар худалдаж авахаар бол 2 евро 40 цент. Нийтийн тээврээр зорчих олон удаагийн тасалбар (карт) -тай бол нэлээн мөнгө хэмнэнэ. Ирланд улсад замын хөдөлгөөний урсгал нь зүүн гарын дүрэмтэй аж. Урсгал сөрөөд байгаа ч юм шиг эвгүй мэдрэмж.
No comments:
Post a Comment