Миний блогийг уншиж суугаад та сайн байна уу? MNED нь 2023 оны эхээр БНСУ-ын Сөүл хотоо аялаад ирсэн. Тухалж суугаад, сэтгэл санаагаа цэгцэлж, оюун бодлоо дайчилж аян замын тэмдэглэлээ бичихгүй явсаар хагас жил өнгөрчээ. Цаг хугацаа өнгөрөх тусам аяллын гоё дурсамжууд мартагдах гээд байдаг гэмтэй юм байна. Зарим нарийн ширийн зүйлсийг мартаад, Сөүлд явж байхад яг яалаа гэх мэтээр өөрөө өөрөөсөө асуучих, санах гэж оролдох үе гарч байна.
Монголчуудын хувьд одоо Өмнөд Солонгос тийм ч үл мэдэх нууцлаг ертөнц биш. Өчнөөн олон монгол хүн БНСУ-д зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй ажил хөдөлмөр хийж, бас үй түмэн монгол залуус энэ улсад их дээд сургуульд нь сурч байгаа. Тийм учраас Сөүлийн тухай монголчууд бүгд сайн мэднэ дээ. Яахав, хүн бүрийн хувьд аялал өөр. Нэг газраа дахиад очсон ч аялал бүрээс авах мэдрэмж нь ондоо. Би өмнө нь 2016 онд Сөүлд очиж байлаа. Тухайн үед зугаалаагүй. Харин энэ удаагийн зорилго аялж зугаалах байсан юм. Ингээд эртнээс төлөвлөж байгаад Сөүл рүү ганцаараа аялав. Үүгээр оршил хэсгээ дуусгаад Сөүлд бүтээсэн дурсамжаа та нартай хуваалцъя.
2023 оны эхээр Сөүл рүү нисэх онгоцны тийзээ би 2022 оны намар худалдаж авсан юм. Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар гэсэн чиглэлээр "Asiana Airlines" агаарын тээврийн компанийн нислэглэгийн тасалбарыг 1 сая 400 мянган төгрөгөөр худалдаж авсан. Нэг талдаа 700 мянган төгрөгөөр ниссэн дээ. Өмнө нь "Asiana Airlines"-ийн онгоцоор нисэж үзээгүй байсан юм. Үйлчилгээ нь ямаршуу бол, хоол унд нь ямархуу вэ? гэж тандах зорилгоор зориуд энэ компанийн нислэгийг сонгосон.
Улаанбаатараас 3 цаг гаруй нисээд Инчон олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Хилийн шалган нэвтрүүлэхээр өнгөрч, жижиг чемоданаа тээшнээс аваад нисэх буудал дотроос тээврийн хэрэгслээр зорчих T-Money карт 4000 воноор худалдаж аваад, 12000 воноор цэнэглэв. Ингээд метронд суугаад Сөүлийн төвд ирлээ. Booking.com сайтаар урьдчилж захиалсан зочид буудалдаа очив. Мёндонг дүүрэгт байдаг буудлаа олоход Google map л их хэрэг болсон доо. Зочид буудалдаа ирээд цаг харсан чинь 19:00 болж байна. Усанд орж нэг сэргээд ойролцоох CU дэлгүүр рүү очиж ус, талх банана, тараг худалдаж авлаа.
Талх, банана, ус нийлээд 6000 вон, тараг 1700 вон болсон юм байна. Ганцаараа явж байгаа болохоор хэчнээн мөнгө үрж байгаагаа хянаад их цэгцтэй байхыг хичээж байгаа юм. Сөүлд ирсэн анхны орой Тэгү хотоос нэг танил маань ирэв. Монголоос гарахын өмнө нь түүнд хэл дуулгасан бөгөөд надад ойр зуурын илгээмж захисан юм. Надаас илгээмжээ авах гэж ирж байгаа юм. Цаг 23:00 болсон байсан ч Тэгүгээс ирсэн танилтайгаа шөнийн Сөүлийг үзэх гэж гарсан юм байна. Jongno-gu, бас Itaewon дүүрэг рүү нь очлоо. Метро зогссон тул таксидсан юм байна. Itaewon руу очихдоо Тэгү хотоос ирсэн танил маань, буцахдаа би таксины мөнгийг төлөв. Ажлын өдөр байсан учраас аль алин нь эл хуль. Itaewon дүүрэгт туркүүдийн ажиллуулдаг жижиг хоолны газраар орлоо.
Ингээд буцаж буудалдаа ирэв.
Маргааш нь Тэгү хотоос ирсэн танилтайгаа хамт Монгол таун орж гар утасны сим карт худалдаж авлаа. Интернэт хязгааргүй 2 сарын хугацаатай сим карт 36300 вон. Интернэт байхад дэлхийн хаана ч алзахгүй болсон эрин үе юм даа.
Монголоос яваад удсан учраас Тэгү хотоос ирсэн танил маань Монгол Таун дотор байдаг монгол хоолны газраар орох санал гаргав. Дөнгөж өчигдөр Солонгост ирсэн надад бол монгол хоол сонирхолтой биш. Гэхдээ хань болж орлоо.
Олон төрлийн хоолны сонголттой, цэвэрхэн аятайхан газар байна лээ.
Монгол таун дотор бас монгол бараа зардаг дэлгүүр байдгийг бүгд мэднэ дээ. Монголоос авч ирсэн хүнсний бүтээгдэхүүн зөндөө. Мэдээж Улаанбаатараас 1997 км алсад зөөж авч ирсэн учраас үнэ ханш нь хэд дахин илүү.
Үдээс хойш Тэгү хотоос ирсэн танил маань Сөүлээс буцав. Ажил, сургуульдаа явах ёстой хүн юм чинь буцалгүй яахав. Ингээд би ганцаараа үлдэв. Сөүлийн төвөөр, Намсан цамхаг орчимд ганцаараа гудамж метрлэж нэлээн алхав.
Бас Мёндонг дүүргийн худалдааны гудамжийг нүхлэх шиг болсон доо. 2023 он гараад удаагүй байсан учраас гацуур модны чимэглэлээ хураагаагүй байсан үе.
Сөүлд ирсэн 3 дахь өдрөө интернэтээр хайж байгаад E-MART дэлгүүр рүү явлаа.
E-MART дэлгүүрээс гадна бас өөр супермаркетаар нь ч орсон. Барааны үнэ ханшийг нь сонирхов. 2023 оны 1 дүгээр сарын байдлаар хүнсний бүтээгдэхүүний үнэ Сөүлд ямар байгааг зураг хөрөгтэй оруулъя. Дараа хэдэн жилийн хойно харьцуулахад сонирхолтой байх гэж бодлоо. Доорх зурагнууд нь Сөүлийн E-MART дэлгүүрийн зураг биш. LOTTE супермаркетынх.
Хүнсний дэлгүүрээс гараад буудал руугаа явж байтал Сөүлд ажиллаж амьдардаг өөр нэг танил маань над руу холбогдов. Facebook, Instagram руу оруулсан story хараад "Хүүе, та ирчихсэн юм уу? Өнөөдөр амралтын өдөр учраас би завтай байна. Байгаа газар чинь очоод уулзъя" гээд бичиж байна. Би "OK" гэлээ. Мёндонг метроны өртөөний ойролцоо кафед уулзаж сайхан хууч хөөрөлдөв.
Энд зохих зөвшөөрлийн дагуу ажиллаж байгаа. Би ер нь Монголдоо очиж мэргэжлийнхээ ажлыг хийсэн нь дээр үү? Эндээ ажиллаад байх уу? гэх мэтээр надаас зөвлөгөө хүсэв. Сайн мэргэжилтэн Монголдоо ирээд ажиллах юм бол алс хэтдээ эх оронд маань хэрэгтэй. Гэвч Монголдоо очоод ажиллах юм бол Сөүлд авдаг шиг цалин авч чадахгүй л байх даа гэж би хэллээ. Үнэн юм чинь яахав дээ. Сөүлд ажиллаад монголтой харьцуулахад арай илүү цалин аваад агаарын бохирдол багатай газар амьдрах нь хувь хүнд илүү дээр сонголт гэж би хэлсэн.
Сөүлд ирснээс хойш дөрөв дэх өдөр. Өдөржин Сөүлийн төвөөр алхаж урьд хожид ирж байгаагүй гудамж талбайн барилга байшинг харж, зураг дарж видео бичлэг хийв.
Орой нь Сөүлд сурдаг оюутан залуутай уулзаж хамт Itaewon дүүргийн хэдэн баар, цэнгээний газраар орлоо. Эхний орсон Nigth club-ын такс нь 20000 вон. Такс төлмөгц гаран дээр тамгална.
Энэ клубт цаг хэртэй болоод дараагийн газрын зорив. Дараагийн орсон клуб нь "EAGLE". Такс нь 10000 вон. Нэг байшингийн хонгилын давхрыг засаж тохижуулаад клуб нээж. Шатаар доошоо уруудаж клуб руу орно. "EAGLE" нь бүжгийн заалнаас гадна жижигхэн "dark room"-тэй. Энэ клубт мөн л цаг гаруй болов. Itaewon дүүргийн хоёр ч клубээр ороход ерөнхий дүр зураг ойлгомжтой мэт санагдав. Энэ хавьд GOLD BURGER гээд жижиг мухлаг байсан. Хэдий цаг шөнийн 3 болж байгаа ч шоудаж байгаа залуус бургер худалдаж авч идэцгээх юм билээ. Бургер нь амттай.
Цаг нэгэнт орой болсон, метро зогссон, таксидаад зочид буудал руугаа явах нь зардлын хувьд үнэтэй болох учраас Itaewon дүүрэгт байдаг саунд орж хонолоо. Саунд ороход 20000 вон. Ариун цэврийн хувьд миний сэтгэлд хүрэхээр биш. Угаасаа ямар зорилгоор хүмүүс ордог нь ойлгомжтой газар. Ер энэ саунд Сөүлд ирсэн гадаад залуус нэлээн их ордог юм шиг санагдсан.
Сөүлд ирснээс хойш тав дахь өдөр. Өглөө эрт саунаас гарч Мёндонг дүүрэгт байдаг зочид буудал руугаа явлаа. Хэсэг амарч байгаад цогчин дуган үзэхээр явлаа.
Дараа нь Солонгосын үндэсний музей үзэв. Музей нь үнэ төлбөргүй. Дотор нь ороод гар утсаар зураг авах нь чөлөөтэй.
Музейд Солонгос Улсын түүх соёлтой холбоотой олон хосгүй үзмэр байна лээ. Сөүлд ирвэл энэ музейгээр ороод гараарай.
Сөүлд өнгөрүүлсэн эхний 5 өдрийн тайлан иймэрхүү. Үргэлжлэлийг нь хэсэг засварлаад бичье.
No comments:
Post a Comment