БНСУ-ын Сөүл хотын аяллын 5 дахь өдрөөс нь зочид буудлаасаа гарч AirBNB-ээр захиалсан байр руу нүүв. Орой нь Инчоны нисэх онгоцны буудал АНУ-аас Сөүлд ирж уулзахаар товлосон нагац эгчийгээ тосов. Эхний таван өдөр Сөүлд үрж байгаа мөнгөө нарийн хянаж байсан. Харин нагац эгчийг ирснээс хойш зардал мөнгөө нарийн хянахаа байсан. Нагац эгч "Чи мөнгөө үрээд яахав ээ, Эгч нь тооцоог нь хийе." гээд байсан юм. Сайн хамаатантай байх сайхан юмоо.
1 дүгээр сард Монголд өвлийн ид хүйтэн үе. Харин Сөүлд 1 дүгээр сард очиход яг л Улаанбаатарын намрын цаг агаар шиг л санагдсан. Зузаан дотуур өмд давхарлаж өмсөж байснаа тайлаад дан өмдтэй, хавар намрын гуталтай л гүйгээд байлаа.
БНСУ-д гоо сайхны хагалгаа хийдэг эмнэлгүүд зөндөө гэдгийг дэлхий даяараа мэднэ дээ. Нагац эгчтэйгээ хамт гоо сайхны эмнэлгээр нь очиж үзсэн. Гангнам дүүрэгт гоо сайхны эмнэлгүүд их олон юм билээ.

Гоо сайхны эмнэлэг нь үйлчлүүлэгч ихтэй юм оо. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд оюутан болох гэж байгаа юм уу гэмээр хүүхдээ дагуулсан солонгос эцэг эхчүүд зөндөө. Бас гадаадынхан ч мэр сэр байна. Гоо сайхны мэс засал хийлгээд гарч яваа хүмүүс нь андашгүй юм. Маск зүүж, чих, хамар дээрээ шархны лент нааж, эсвэл нүднээс бусад хэсгээ бинтээр боосон хүмүүс ар гэрийнхнээрээ хөтлүүлээд л гараад явах юм билээ. Ажиглаад байхад нүдний давхаа хийлгэсэн, зовхио татуулж оёулсан бол эмнэлэгт хэвтээд байх шаардлагагүй, тухайн өдөрт нь гэр рүү нь явуулаад байх шиг. Ямар төрлийн гоо сайхны хагалгаа хийлгэж байгаагаас хамаараад мэдээж үнэ ханш нь өөр байдаг биз. Гадаадын хүнээс ахиу төлбөр авдаг юм билээ. Гоо сайхны эмнэлэгт нь монгол орчуулагч ажиллаж байна. Солонгост их дээд сургууль төгссөн залуу охид эмнэлэгт орчуулагчаар ажилладаг юм билээ. Гоо сайхны эмнэлгээс гадна клиник эмнэлгээр нь ч очиж үзсэн. Бүтэн биений шинжилгээ, үзлэг оношилгоо хийлгэх, Монголд эмчлэхэд түвэгтэй хүнд өвчнийг эмчлүүлэх гэж манай монголчууд БНСУ-д очих нь элбэг болсон доо. Ийм эмнэлгүүд нь бас л монгол орчуулагчтай юм билээ.
Сөүлд байх хугацаандаа идэж уусан хоолны зурагнуудаа дараад байсан юм. Нэлээн хэлэн хоолны зураг оруулъя.


Монголд заримдаа хоолны газар ороход захиалсан хоол амт шимт тааруухан байх, сэтгэлд хүрэхгүй байх тохиолдол гардаг даа. Харин Сөүлд аялаж байх хугацаанд ийм зүйл надад лав тохиолдсонгүй. Захиалсан хоол болгон л сайхан амттай байлаа. Ер нь нэг удаа хооллоход дунджаар 15000ー30000 вон болох юм билээ. KFC, McDonald's, Lottery зэрэг түргэн хоолны газар орвол дундаж хэмжээний стандарт багц 10000ー12000 вон орчим.
Сөүлд байх хугацаандаа үзсэн дараагийн музей бол БНСУ-ын Цэргийн музей байлаа. Музей үнэ төлбөргүй. Зураг авах чөлөөтэй. Энэ музейн үзмэрийн үлэмж хэсгийг 1950-1953 онд Умард ба Өмнөд Солонгосын хооронд болсон дайны түүхтэй холбоотой үзмэр бүрдүүлж байна лээ.
Бас эртний Чосон гүрний үеийн цэргийн эдлэл хэрэглэл, хуучны цайз хэрмийг дуурайлгаж хийсэн үзмэр ч байна лээ.

Сөүлийн "COEX" худалдааны төв дотор байдаг аквариум үзэв. Далай тэнгисээс хол монгол хүнд янз бүрийн далайн амьтан, загас үзэж нүдээ баясгах нь сайхан л байлаа. Аквариум руу ороход төлбөртэй байсан. Тасалбар нь ямар үнэтэй байсныг мартжээ.
COEX худалдааны төвд бас дэлхийн хамгийн том задгай номын сан бий. Инстаграм дээр хамгийн олон удаа зураг нь орсон газар гээд сурталчилгааны шинжтэй мэдээлэл олж уншиж байсан юм байна. Шалнаасаа тааз хүртэл битүү ном өрсөн том танхим.
Сөүлд байх хугацаандаа GRINDER ашиглаж нутгийн залуутай болзож гэрт нь зочилж очсон юм. Гэрийн хаягаа өгөхөөр нь явж очсон. Гурван давхар тоосгон байшингуудаас бүрдсэн хотхон байна лээ.
Амралтын өдрийг тааруулж байгаад "Jongno 3 ga" дүүрэг рүү явж "Gnome" хэмээх анги бааранд оройг өнгөрүүлсэн юм байна. Google map дээрээс харж байгаад хайж олсон юм. Энэ баараар үйлчлүүлсэн хүмүүсийн сэтгэгдэлийг ч google map-ээс уншсан. Бүгд үйлчилгээ сайтай, эзэн нь гадаадынханд найрсаг байсан гэхээр нь зорьж очсон.
Баар нь жижигхэн. Баарны эзэн нь надтай үе тэнгийн шахуу найрсаг залуу байна. Угаасаа баарны эзэн найрсаг байхаас ч яахав. Орж ирсэн хүмүүстэй сайхан харилцаж байж л уух юм зарж мөнгө олно шд. 7 жилийн өмнө энэ баарыг нээсэн гэж байна лээ. Жижиг орон зайг ашиглаад сайхан тохилог орчин бүрдүүлсэн нь таалагдсан.
Бааранд сууж байхдаа itaewon дүүргээс өөр цэвэрхэн саун хаана байдгийг асуухад нэг газрын хаягийг хэлж өгөв. Sinseol-dong метроны өртөөнөөс холгүй аж.
itaewon дүүргийн нөгөө сауныг бодвол гадаадын хүн бараг ордоггүй бололтой. Үйлчлүүлэгчдийн ихэнх нь дундаж ба хижээл насныхан байсан. Давуу тал нь харьцангуй цэвэрхэн юм билээ.
Өөр нэг өдөр Солонгосын хамгийн өндөр байшин Lotte tower-ийг үзсэн. Хажууханд нь Lotte хүүхдийн тоглоомын парктай юм билээ.
Заавал очиж үзэх газрынхаа жагсаалтад Сөүл дэхь Солонгосын хааны ордон музейг оруулсан юм. Зарим хүн хааны ордон музей гэхээр "Хэдэн хуучин модон байшин, хана хэрэм л байгаа" гээд тоохгүй байдаг. Надад бол хуучны хана хэрэм дотор алхаж явах нь тийм ч муугүй л санагддаг. Хааны ордон музей рүү ороход тасалбар нь 3000 вонн. Гэхдээ Солонгосын цагаан сарын баярын өдрүүдэд Хааны ордон музей нь үнэ төлбөргүй оруулж байсан.
Сөүлд очсон жуулчид Намсан цамхаг руу бас очдог. Би ч бас Намсан цамхаг руу очлоо. Цамхаг руу дүүжин тээврээр (CABLE CAR) гарав. Намсан таур руу дээш гарахад тасалбар худалдаж авсан. 1 хүний 15 доллар орчим байсан санагдаж байна. Өмнө нь 2016 онд Сөүлд ирэхдээ "Намсан таур" дээр гарч байсан. Тийм болохоор энэ удаа Намсан цамхаг дээр гарахад тэгтэлээ их догдолсонгүй.
2023 оны эхээр Сөүлд хотод байхаар төлөвлөсөн өдөр хоногууд маань нэг мэдэхэд өнгөрчээ. УБ руугаа буцах өдөр болов. Онгоцны буудалд очиж бүртгэлээ хийлгэж, хилийн шалган нэвтрүүлэхээр гараад (паспортоо автомат төхөөрөмжид уншуулж БНСУ-ын хилээр гарна) хамгийн түрүүнд НӨАТ-ийн буцаалт хийх цэгийг хайж олов. Сөүлд байх хугацаандаа томоохон сүлжээ дэлгүүрээс (Жишээ нь: E-MART, ZARA, H&М, UNIQLO гэх мэт) худалдан авалт хийсэн бол баримтыг нь хаялгүй хадгалаад онгоцны буудлаас нь нисэхийн өмнө төлсөн татвараа буцааж авч болно. Гэхдээ худалдан авалт хийхдээ дэлгүүрийн кассанд нь гадаад паспортоо үзүүлж TAX FREE гэдгийг хэлэх ёстой. Их биш боловч хэдэн доллар буцааж авна гэдэг чинь аятайхан л биз дээ.
За ингээд Сөүлд хийсэн аялал өндөрлөв. Сөүлд байсан өдөр хоногууд сайхан л байлаа. Сөүлд үзэж хараагүй өнгөрүүлсэн зүйл зөндөө байгаа байх оо. Дахиад Солонгост очиж аялах боломж гарвал би лав татгалзахгүй. Дараагийн аялал хийх хугацаагаа тэсэн ядан хүлээе дээ.
3 comments:
👍👍👏👏
Баярлалаа
Сайд амьдралыы хугацаандаас хамаарч гоо сайхны эмчилдээ хэрэгцээ болж чадна.
Post a Comment