Амьдралын тойрог

2025-02-06

2025 оны эхний аялал: Сэтгэл татсан Чэндү хот

 2025 оны 1 дүгээр сарын 4. Үдшийн 21:50 минутын үед Хөх хотын Байта олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрсөн онгоц 2 цаг гаруйн дараа Чэндү хотын Шуанлиу (Shuangliu) олон улсын нисэх онгоцны буудалд газардав. Онгоц газардмагц бүхээгт аялгуу сайтай уянгалаг дуу намуухан эгшиглэж эхлэв. Гоё аятай дуу байна даа гэж бодож амжив. Өнгөрсөн өвөл Тайландын Пүкэт аралд очихоор явахдаа Чэндү хотын Тианфу олон улсын нисэх онгоцны буудлаар дамжсан билээ. Тэр үед л дараа жил Чэндү хотыг заавал үзэх юм шүү гэж зорилго дэвшүүлсэн. Ийнхүү яг жилийн дараа зорилгодоо хүрлээ гэсэн бахархал төрж, дотроо догдлов. Чэндү хот хоёр онгоцны буудалтай. Тианфу олон улсын нисэх буудал нь Чэндү хотын төвөөс 50 км зайтай бол Шуанлиу олон улсын нисэх буудал 16 км-ийн алсад. Онгоцны буудлаас гарах үед аль хэдийнээ өдөр солигдож, 00:25 минут болсон байлаа. Онгоцны буудлын гаднаас таксинд суугаад захиалсан зочид буудал руугаа явлаа. Шөнийн нислэг тул хот төв рүү хүрэх метро зогссон байх эрсдэлтэй. Таксигаар хот төв рүү явбал маш их төлбөр гарч болзошгүй. Иймд энэ шөнөдөө онгоцны буудлаас 1 км алсад байдаг нэг зочид буудал хонохоор төлөвлөсөн юм. 

Таксинд 17 юань төлөв. Эхний шөнө хонох зочид буудал нь Чэндү хотын захын дүүрэгт.  Ямар ч байсан буудалдаа ирээд, өрөөндоо орж унтав.  Зочид буудлын ресепшин охин англи хэлгүй юм. Дохио зангаа, google translate хослуулан байж ойлголцов. Зочид буудалд 1 шөнө хоноход 10  USD төлөв. Хямдхан зочид буудал учраас өндөр хүлээлт байсангүй.  Орон дээр хэвтээд нүдээ аниад нам унтжээ. Нүдээ нээгээд гар утасныхаа цагийг харав. Өдрийн 11:00 цаг. Босож шүршүүрт ороод зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөв.  Ер нь бол 12:00 цагаас өмнө өрөөгөө хүлээлгэж өгөх учиртай. Гарахын өмнө өрөөний зургийг нь дарав. Чэндүд эхний шөнийг өнгөрүүлсэн зочид буудлын өрөө ийм байлаа. 

Зочид буудал байрлаж байгаа гадаа гудамжны өнгө төрх нь иймэрхүү. Хуучны таван давхар орон сууцны барилга. Нэгдүгээр давхарт нь жижиг дэлгүүр, үсчин, хоолны газартай.  

Энэ бол зөвхөн нутгийн уугуул иргэд л амьдардаг "унтлагын дүүрэг" гэж нэрлэж болохоор газар байв. 


Зочид буудлаас гарч төв зам дагуу явган хүний замаар алхав. Хамгийн ойрын метроны буудлыг олж очих гол зорилго. Сэрээд балга ус ч уугаагүй яваа гэдгээ бас мариаж болохгүй. Дөрвөн замын уулзварын цаана түргэн хоолны MacDonalds ресторан олж харлаа.  Миний хувьд өглөөний цайны (үнэндээ өдрийн 12:00 цаг болж байгаа) сонголт тодорхой болов. Түргэн хоолны багц, кофе 56 юань

MacDonalds түргэн хоолны ресторанд ажилладаг хүмүүст байнга байрлах зочид буудлынхаа хаягын нь үзүүлж, нийтийн тээврийн ямар унаагаар хүрч болох тухай зөвлөгөө авав. 


Түргэн хоолны газраас гараад автобусны буудал хүрэх зуураа блогтоо зориулж ганц хоёр зураг дарав. 

Ингээд автобусанд суугаад, дараа нь метронд суугаад 5 шөнө (5 хоног миний гэр болох) зочид буудалдаа ирлээ.



 Чэндү хотын метроны тасалбар худалдан авахад үүдэнд нь зогсож байсан хятад цагдаа туслав. Хол ойр зам туулахаасаа хамаарч метроны тасалбарын үнэ нь 3-6 юаний хооронд хэлбэлзэх юм билээ. Үдээс хойш 15:00 гэхэд Trip.com сайтаар захиалсан буудлаа олоод ирчихлээ. 20 гаруй давхар орон сууцны барилга. Энд зочид буудал байгаа гэж би лав таамаглахааргүй. Гаднаас нь харвал офисын барилга ч байх гэж эндүүрмээр. Дотор нь яваад ормогц орон сууцны байшин шиг... Энэ зочид буудал үүдэндээ ресепшингүй. Зочид буудлын захиалгын хуудсан дээр байгаа утасны дугаар руу нь залгаж ирсэн гэдгээ мэдэгдэх ёстой юм билээ. Зочид буудлын ажилтан үүдэнд хүрч ирээд, гадаад паспортын зураг дарж бүртгэнэ. Ингээд өрөөний түлхүүр хүлээлгэж өгөв.

Миний байрлах өрөө 10 дугаар давхарт. Өрөөний хаалга нээгээд хамгийн түрүүнд зургийг нь дарлаа. Цэлгэр цонхтой,  хоёр хүний өргөн ортой, бичгийн ширээ, жижиг буйдан, гал тогооны шүүгээ, ус буцалгагч, плитка, угаалгын машин байв. Мэдээж дотроо шүршүүр, жорлонгийн өрөөтэй. Угаалгын машин өрөөндөө байна гэдэг хамгийн чухал зүйл юм шиг санагдав. Гэрээс гараад олон хоног хэсүүчлэн явж байгаа хүнд хувцсаа угаах боломж бүрдүүлнэ гэдэг их чухал зүйл. 


Шүршүүрт орж хувцсаа солиод, орчинтойгоо танилцах, гол нь өөртөө үйлчлэх дэлгүүр орж угаалгын нунтаг, хүнсний бүтээгдэхүүн худалдан авахаар гарлаа. Миний байрласан энэ зочид буудал метроны өртөөнөөс ердөө 5 минут алхах зайтай, маш олон худалдааны төв төвлөрсөн газар байлаа. Худалдааны төвд ороод анхаарал татсан нэг бүтээгдэхүүн бол цахилгаан авто машины худалдаа. 

Энэ машины өнгө будаг, загвар нь таалагдав. Доторх салоныг нь ч харсан. Тохилог, гял цал, удирдлагын электрон самбартай, 360 градус гадна орчноо мэдрэх камертай гээд тоочоод байвал олон л юм байсан даа. Хятад улс цахилгаан машин үйлдвэрлэлийн салбарт яах аргагүй дэвшил гаргажээ. Ийм учраас АНУ, Европын Холбооны орнууд өөрсдийн дотоодын авто машин үйлдвэрлэлийн салбараа хамгаалахын тулд Хятадын цахилгаан авто машины импортын татварыг нэмэгдүүлж байгаа. Монгол шиг эрс тэс уур амьсгалтай, өвөл -40-45 хэм хүртэл хүйтэрдэг, хот суурин газартаа ч зам нь энхэл донхол, эвдрэл ихтэй газар Хятадын цахилгаан машин хэр тохиромжтой бол гэсэн эргэлзээ надад төрсөн.  Энэ цахилгаан авто машины үнийг нь худалдааны зөвлөхөөс нь асуулаа. 468 000 юань гэсэн хариу өгсөн.


Дараа нь өргөн хэрэглээний бараа зардаг өөртөө үйлчлэх дэлгүүр рүү орлоо.  Чэндү хотын дэлгүүрт байгаа барааны үнэ ханшийг сонирхов. 









Дэлгүүр орж ойр зуурын хүнс, угаалгын нунтаг худалдаж аваад буудал руугаа буцав. Ингэж байтал GRINDER -р танилцах уу гэсэн мессэж ирлээ. Хотод шинэ хүн ирснийг андахгүй байна шүү. Ингээд хэсэг чаталж нутгийн залуутай уулзаж оройн хоол идэхээр боллоо Зочид буудлын ойролцоох метроны өртөөний гадаа уулзав. Нүдэнд дулаахан хөөрхөн залуу юмоо. Чэндү хотын цахилгаан эрчим хүчний компанид ажилладаг 27 настай гэж өөрийгөө надад танилцуулав. Ингээд оройн хоол хамт идлээ. Шинэ танил маань Хятадад түгээмэл ашигладаг Wechat-д миний банкны картыг холбож өгөв. Ингэснээр би одоо төлбөр тооцоогоо бэлэн мөнгөөр биш, QR кодыг нь ширвэж, цахимаар хийх боломжтой болов.


Оройн хоолны дараа шинэ танилцсан хятад залуутай ойр зуурын юм ярьж хэсэг суув. Чэндү хотод ирсэн даруйдаа л нутгийн залуутай болзоод амжив. Цаг орой болжээ. Дэлгүүрээс гараад харсан чинь байшин барилгын гэрэлтүүлэг нь асаад, эргэн тойрон бүүр ч гоё болчихсон байлаа.


Зорин байж ирсэн Чэндү хотын тухай товч бичих нь зөв байх. Чэндү бол БНХАУ-ын Сычуань мужийн засаг захиргааны төв хот. Манайхаар бол аймгийн төв л гэсэн үг. Чэндү хот байрладаг нутгийн цаг агаар нь ер нь чийглэг халуун дулаан. Өвлийн улиралд дунджаар +5 хэм, зуны улиралд дундажаар +30+35 хэм. Чэндү хот тэгш тал газар байрладаг боловч эргэн тойрондоо дов толгод ихтэй. Хятадын түүхчид Чэндү хотын үндэс суурь нь МЭӨ IV зуунд тавигдсан гэж үздэг байна. Энэ хот нь тухайн үед оршин тогтнож байсан Шу улсын нийслэл байжээ. Шу улсыг үндэслэгчид өнөөгийн Чэндү хот байгаа тэгш тал газар ирээд "эхний жилдээ суурин, хоёр дахь жилдээ хот, гурав дах жилдээ нийслэл болно" гэж ерөөл айлтгасан домогтой. (一年成聚,二年成邑,三年成都). Сүүлийн нийслэл болох хэмээх холбоо үгнээс улбаалан Чэндү (成都) гэдэг нэршил үүссэн байна. Хятадын эртний Шу улсын үед Чэндү, Синьду, Гуанду (орчин үеийн Шуанлиу дүүрэг) гэсэн гурван том суурин байсан бөгөөд хамтад нь "Гурван Ду" (三都) гэж нэрлэж байв. Энэ дундаас Чэндү нь улс төр, эдийн засаг, соёл, худалдааны төв болж чаджээ. Харин Синьду, Гуанду нь өнөөгийн Чэндү хотын нэг дүүрэг гэгдэх болжээ. 

Манай эриний I зууны эхэн үед Чэндү хотын нэхмэлчид сайн чанарын торгон даавуу хийж чаддаг хэмээн үнэлэгдэж байв. Чэндүгийн нэхмэлчид т алт, мөнгөн утас шигтгэж, гоёмсог хээ угалзтай торго нэхэж чаддаг байв. МЭӨ 316 он хүртэл Чэндү нь Шу улсын нийслэл байв. Шу улс мөхсөний дараа манай тооллын 221 оноос 263 оны хооронд Шу-Хань улсын нийслэл нь болжээ. Дараа нь IV зууны эхний хагаст Чэн улсын нийслэл, V зууны эхэн үед Баруун Шу улсын нийслэл нь байв. 1644-1646 онд Чэндү хот Жан Сяньжуны босогчдод эзлэгдсэн бөгөөд улмаар тариачны дайн, Манжын түрэмгийллийн үед хотын байдал ихэд доройтжээ. Маш олон оршин суугчид нь Чэндүг орхиж өөр бүс нутаг рүү нүүсэн гэдэг. Манжууд хятадын эх газарт ноёрхол тогтоосны дараа Чэндү хотыг сэргээх, иргэдийг дахин нутагшуулах ажлыг зохион байгуулжээ. 1911 онд Манж Чин улсын төр мөхөв. Энэ үед хотыг хэн удирдаж байгаа нь ойлгомжгүй байдал үүссэн бөгөөд Дундад иргэн улсын үед 1928 онд  Чэндү хот ба Хуаян сууринг нэгтгэж захиргаа байгуулжээ. 1949 оны 12 дугаар сарын 27-нд Хятадын ардын чөлөөлөх армийнхан Чэндү хотод хяналтаа тогтоов. Ийнхүү Чэндү хот БНХАУ-ын бүрэлдэхүүнд орсон байна.  1952 онд БНХАУ-ын төр Сычуань мужийг байгуулж, Чэндү хот захиргааны төв нь болжээ. 2025 оны байдлаар Чэндү хотод 20 сая хүн амьдарч байна.  

Чэндү хотод иргэний агаарын болон цэргийн сөнөөгч нисэх онгоц, сансрын пуужингийн эд анги, тээврийн хэрэгсэл, өөрөө явагч машин механизм үйлдвэрлэдэг өндөр технологийн компаниуд бий. Жишээ нь FAW Toyoto, FAW Volkswagen, FAW Jiafanf Truck, Geely Automobile, Hyundai Truck & Bus, Dongfeng Motor, Sinotruk Wangpai, Tengzhong Heavy Industrial Machinery, Yema Auto, Dayun Light Truck зэрэг авто машины сэлбэгийн үйлдвэртэй. 

Компьютерийн технологийн үйлдвэрүүд ч Чэндү хотод байрладаг аж. Жишээ нь, Intel, Texas Instruments, Tsinghua Unigruop, SMIC зэрэг хагас дамжуулагчийн үйлдвэр, химийн үйлдвэр, биотехнологийн, барилгын материалын, эмийн үйлдвэрүүд Чэндү хотод бий. Мэдээллийн технологийн салбарын программ хангамжийг хөгжүүлдэг таван төвийн нэг нь Чэндү хот бөгөөд, Хятадын видео тоглоом зохион бүтээдэг гол бааз гэж нэрлэж болно. Чэндү хот хоёр онгоцны буудалтай, хурдны галт тэргээр Хятадын бусад хотуудтай холбогджээ. Товчхондоо түм түжигнэж, бум бужигнасан орчин үеийн том хот. 


Ийнхүү Чэндү хот аяллын хоёр дахь өдөр дуусав. Маргааш өглөө нь сэрээд, буудалдаа өглөөний цай уув. Өөрийнхөө байрлаж байгаа зочид буудалтай ойрхон түүхэн дурсгалт газрыг интернэтээр хайв. Зочид буудлаас 20 минут алхах газар "Вэншү" хэмээх сүм байна.  (Wenshu Temple)Жуулчдад зориулсан мэдээлэлд энэ сүмд очихыг санал болгосон тул алдартай л газар байж таараа гэж бодлоо.  Сүм рүү явах зам ийм гол таарав.


Google map ашиглаж замчлуулан явсаар Вэншү сүмд ирэв. Энэ сүм Манзушир бурханд зориулсан буддын шашны сүм ойролцоогоор 581-618 оны үед Шу улсын хааны угсаа залгамжлагч хун тайж Ян Шиугийн эхнэрийн тушаалаар бүтээн байгуулжээ. 


Мин гүрэн оршин тогтнож байсан сүүлийн он жилүүдэд, сүмд гал түймэр гарч  бараг бүхэлдээ сүйджээ. Түймрийн дараа буддын шашны 10 бурхан, хоёр мянга гаруй жилийн настай гацуур мод л шаталгүй үлдсэн байж. 1681 онд Манж Чин улсын хаан Канси төр барьж байх үед сүмийг сэргээн засварлах ажил эхэлжээ. Чухам тэр үед "Вэншү" сүм гэж нэрлэсэн байна. Сүмийн барилга байгууламжийг сэргээн засварлах ажил 1697 онд эхэлж, 1706 онд дууссан байна.  1983 онд БНХАУ-ын төрөөс Вэншү сүмийг Хятад дахь буддын шашны гол сүмийн нэг гэж хүлээн зөвшөөрч баталгаажуулсан аж. 

Вэншү сүм нь "Тэнгэрлэг дөрвөн хааны ордон", "Баруун гурван мэргэдийн ордон", "Махавира танхим", "Номын танхим", "Буддын шашны номын сан" гэсэн барилгуудаас бүрддэг юм байна. "Тэнгэрлэг дөрвөн хааны ордон" гэж нэрлэгддэг модон байшин дотор ирээдүй цагийн Майдар бурханг залжээ. 

Намайг Вэншү сүмийн гадаа ирэхэд олон хүн дугаарлаж зогссон байлаа. Хүмүүсийг хэсэг бүлгээр нь дэг журамтай нэвтрүүлдэг юм билээ. Сүмийн дотор байшин барилгыг нь сонирхоод явж байтал  нэг хүн хувцанцар халбага миний гарт атгуулчихлаа. Өгсөн хуванцар халбагыг нь бариад цааш алхаж байтал  нэг удаагийн цаасан аяганд савласан зүйл тарааж байна. Гаднаас бариад үзэхэд халуун бүлээн юм байна. Хүний хөлөөс зайдуухан газар зогсож байгаад таглааг нь нээж харав. Дотор нь будааны зутан байв.  Амсаад үзлээ. Чихэр, давс, цуу гэх мэт ямар ч амтлагч бодис хийгээгүй бололтой. Будаааны зутанг нь талархан идлээ. 



Ер нь таньж мэдэхгүй шинэ хотод ирээд орчинтойгоо танилцах хамгийн сайн арга бол алхах. Би Вэншү сүмээс гараад Чэндү хотын төвд байдаг Тианфу талбай руу алхав. Сүмээс бараг 4 км алсад гэж Google map надад мэдээлэв. Зам зуураа хотын байшин барилга, гудамж замыг шохоорхон харж явлаа. 


Чэндү хотын төв талбайн хоймор хэсэгт нь Сычуань мужийн шинжлэх ухаан, технологийн музей байрладаг юм байна. Өнөөдөр даваа гараг учраас музей ажиллахгүй. 


Харин энэ бол Тианфу талбайн төвд нь байдаг луут усан оргилуур. Одоо өвлийн улирал учраас усан оргилуур ажиллахгүй. Талбайг барихдаа газар доорх B1 давхар үүсгэжээ. Талбайн доор маш олон дэлгүүр, хоолны газрууд бий.  Тианфу талбайн B1 давхараас нь шууд метронд суух ч боломжтой. 


Талбайн баруун хэсэгт Чэндү хотын музей байрлажээ.  Даваа гараг учраас музей өнөөдөр амарна. Музей үзэхийн тулд ийшээ дахин ирэх хэрэгтэй боллоо.


Тианфу талбайн B1 давхарт байрладаг хоолны газраар орж өдрийн хоолоо идлээ.


Өдрийн хоолны дараа Тианфу талбайгаас баруун зүгт 1 км орчмын алсад байдаг "Ардын цэцэрлэгт хүрээлэн" (People's park) хятадаар 人民公园 руу алхав.  Зүйрлэх юм бол манай Улаанбаатар хотод байдаг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, эсвэл Нью Йоркийн Central Park гэсэн үг. 

Энэ цэцэрлэгт хүрээлэнгийн төв хаалганы хажууд байрлуулсан мэдээллийн самбарт хятад, англи хэлээр түүхийг нь бичжээ.  Үүнийг монгол хэлнээ утгачилж хөрвүүлбэл "1911 онд Чэндүгийн гарнизоны генерал Юй Күн Шаочэнгийн өмнөд хэсэгт цай, зоог барих, жүжиг тоглуулах, үлгэр ярих, күнфүгийн наадам хийх, нум сум харвах, цуглаан хийх зорилгоор худалдааны газар нээж "Нийтийн цэцэрлэгт хүрээлэн" гэж нэрлэжээ. Хүмүүс энэ газрын Шаочэнгийн цэцэрлэгт хүрээлэн" гэж нэрлэдэг байсан нь Хятадын анхны "цэцэрлэгт хүрээлэн" гэсэн нэртэй газар юм.  Улмаар ардын боловсролын төв, номын сан, амьтны хүрээлэн, тоглоомын талбай зэргийг дарааллан байгуулж, янз бүрийн хурал цуглаан зохион байгуулж, 1950 онд "Ардын цэцэрлэгт хүрээлэн" гэж нэрлэжээ" гэж бичсэн байна. Харин Википеди сайтад бичсэнээр бол уг газрын уугуул нэр нь Шаочэн. "Энэ газар Манж Чин улсын найман тугийн манж, монгол цэргүүдийн харуулын газар байсан. Чэндү хот дахь Манж Чин улсын сүүлчийн цэргийн жанжин Юй Күн  (хятад ханзаар нэр нь: 玉昆) Шаочэнгийн нэг хэсгийг нийтийн цэцэрлэгт хүрээлэн болгосон" гэсэн байна. 
Энэ цэцэрлэгт хүрээлэн Манжийн төр мөхсөн 1911 онд байгуулагдсан нь баттай аж. 1950 онд нэрийг нь өөрчилж "Ардын цэцэрлэгт хүрээлэн" гэдэг болжээ. Цэцэрлэгт хүрээлэн 112,639 м/кв талбайг эзэлдэг нь Чэндү хотын томоохон ногоон байгууламжтай бүсийн тоонд зүй ёсоор тооцогддог.  "Ардын цэцэрлэгт хүрээлэн"-д төмөр замыг хамгаалах хөдөлгөөний дурсгалт зориулсан хөшөө бий. Энэ нь Хятадын түүх соёлын гол дурсгалын нэг нь болжээ. 


1940 оны 9 дүгээр сарын 27, 1941 оны 7 дугаар сарын 27-нд Японы цэргийн байлдааны онгоцнууд Чэндү хотод агаараас цохилт өгөх үед цэцэрлэгт хүрээлэн сүйдсэн боловч дээрх зурагт харагдаж байгаа төмөр замыг хамгаалах хөдөлгөөний дурсгалд зориулсан галт тэрэгний зүтгүүр бүрэн бүтэн үлдсэн байна. Цэцэрлэгт хүрээлэн дотор хэд хэдэн хиймэл нуур, олон зууны түүхтэй Хэмингийн цайны газар (鹤鸣茶馆) ажилладаг.    "Ардын цэцэрлэгт хүрээлэн"-гээр алхаж явахдаа би хүүхдүүд тоглож, хөгшид даам, даалуу тоглож, залуу хосууд хөтлөлцөөд алхаж байхыг олж харсан юм. "Ардын цэцэрлэгт хүрээлэн"-гийн нэг хэсэгт нь мөргөлддөг машин, галзуу хулгана, гинж гэх мэт аттракцион тоглоомууд ажиллаж байсан. Гэхдээ тоглоомууд нь нэлээн хуучных байв. Ийнхүү "Ардын цэцэрлэгт хүрээлэн"-г нь үзчихээд дахин Тианфу талбайгаар урагш нэвт алхаж голын эрэг дагаад алхав. 


Энэ голын нэрийг Жинжианг (Jinjiang river) гэдэг юм билээ. Голын хоёр эргийг холбосон олон гүүр байлаа. Эдгээрээс хамгийн алдартай нь "Аншун" гүүр (Anshun Bridge).  Энэ гүүрэн дээр Чэндүгийн брэнд болсон хоол цайгаар үйлчилдэг ресторан ажилладаг юм билээ. Ер нь голын эрэг дагуух энэ хэсэг нь бүхэлдээ амралт чөлөөт цагт зориулсан үйлчилгээний газартай. Чэндүгийн шөнийн амьдралыг үзэхийг хүсвэл энд ирэх хэрэгтэй. Би мэдээлэл муутай учраас өдрийн цагаар алхаж явсаар санаандгүй энд ирчихсэн. Чэндү хотод ирсэн хүн эндэхийн хоолны тухай бичихгүй өнгөрөх юм бол алдс болно. Ер нь хятад хоолны гол жорыг нь боловсруулсан газар бол Сычуань муж юм билээ. Сычуань муж нь хоолны соёлоороо БНХАУ-д тэргүүлнэ. Сычуань мужийнхан хоол хийхдээ халуун ногоо, чинжүү маш их хэрэглэдэг. Тиймээс ч Хятадын бүс нутгуудаас Сычуань муж хамгийн их халуун ногоотой хоол хийдэг газар гэдгээрээ алдартай. Чэндү хотын брэнд болсон нэг зүйл нь цайны газар (Tea house). Чэндүгийн цайны соёл нь мянга гаруй жилийн түүхтэй.  Чэндү хотод зөвхөн цай зардаг газрууд тоо томшгүй олон. Хулс модоор хийсэн үнэтэй ширээ сандалтай газраас эхлээд орчин үеийн минимал загварын цайны газар орох сонголт ч бий. Гүцэнд хандалдаг цай уунгаа шатар, даам, маажан тоглож, Сычуаний уламжлалт дуурийн тоглолт үзэж болно. Хятадын хотуудаас Чэндүгийн хүмүүс маш амар амгалан, зугаацаж хөгжилдөх дуртай гэдгээрээ ялгардаг байна.


2006 онд Америкийн "Нью-Йорк Таймс" сонинд Чэндү хотыг "Хятадын шоуны хот" гэж бичиж байжээ. 2023 онд Чэндү хотод 30 000 цайны газар,  албан ёсоор бүртгэлтэй 3566 бар, шөнийн клуб, бүжгийн талбайтай үйлчилгээний газар байжээ. Өөрөөр хэлбэл, Чэндү бол хамгийн олон бар,  шөнийн клубтэй Хятадын хот гэсэн статустай болсон байна. Чэндү хотын өөр нэг тодотгол бол "Gay capital of China". Чэндү хотод маш олон гей, лесби, трансжэндэр хүн ажиллаж амьдардаг.  Нэгэнт л Чэндү хотод ирсэн юм чинь гей бар, гей шөнийн клубээр нь орохыг бодно л доо. Ингээд Google map -с гей бар, гей клуб хайв. "The Hunk", "The Pose" гэсэн хоёр гей клубыг олов. Байршлаар нь хайж явсан ч олсонгүй. 


Ингээд төв гудамжинд зогсож байгаа хоёр хятад залуутай уулзаж гей клуб хаана байдаг вэ? гэж асуув. Ярианы явцад тэр хоёр гей гэдэг нь тодорхой болов. Чэндү хотод гей залуус олон байдаг гэдэг нь үнэн юм байна гэж би дотроо бодов. Гудамжинд тохиолдлын байдлаар уулзсан хоёр залуу гей байх жишээтэй. Тэр хоёр залуу надад "Чиний хайж байгаа гей клуб нүүгээд өөр газар байрлаж байгаа" гээд шинэ байршлын хаягийг нь хэлж өгөв.  Бас өдөр бүр оройны 22:30 аас шөнийн 04:00 цаг хүртэл ажилладаг. Тиймээс одоо очоод хэрэггүй. Хаалттай байгаа" гэж нэмж хэлэв. За ямар ч байсан Чэндү хотын гей клубын хаягийг олоод авлаа. 




Ийнхүү метронд суугаад зочид буудлынхаа зүг явлаа. Зочид буудалдаа орохоос өмнө оройны хоолоо идэв. 



Буудалдаа ирээд амрахын өмнө маргааш юу хийхээ төлөвлөв. Маргааш Чэндүгийн музей үзнэ. Орой нь гей клуб орно.  Их алхсан учраас хөлийн тавхай хөндүүрлэж байх чинь. Гэхдээ би Чэндүд унтах гэж ирээгүй юм чинь гэж өөрийгөө зоригжуулаад нам унтлаа. 

No comments: