Амьдралын тойрог

2025-02-14

2025 оны эхний аялал: Нэг өдөрт гурван музей + оюутан залуутай болзсон нь

Өглөө сэрээд зочид буудалдаа өглөөний цайгаа уугаад Тианфу талбай руу метрогоор явлаа. Тианфу талбайн баруун талд байдаг Чэндү хотын музей рүү алхав. Талбайг хөндлөн гулд алхаж явахад хажуугаар Түвд үндэстэн хүмүүс хэсэг бүлгээрээ явж байхтай тааралдав. Ер нь Сычуань муж нь Түвдийн өөртөө засах орноос холгүй тул Түвдүүд их ирдэг юм байна. Талбайгаар алхах зуураа би гар утасны камераараа байшин барилгын зураг дарж, видео бичлэг хийж явсан юм. Энэ нь талбайн цагдаа нарын анхаарлыг татсан бололтой. Нэг хятад цагдаа намайг зогсоож хятадаар ямар нэгэн зүйл хэлэв. Би ч англиар гадаад хүн, музей рүү явж байна гэдгээ хэлээд паспортоо үзүүлэв. Миний паспортыг сөхөж ч харсангүй. Зүгээр явуулав. Ер нь хятадын аль ч хотод камерын хяналт маш сайн бөгөөд царай таних технологиор хэн болохыг нь 8-10 секундийн дотор л тогтооно. Хятадын хилээр орох үед бүх хүний зураг хөргийг дарж, хурууны хээ авч байгаа. "Том ах" намайг харж байгаа гэх хошин бодол толгойд орж ирэв. Зохиолч Жорж Орвэлийн "1984" гэдэг зохиолд "том ах" чамайг үргэлж харж байгаа гэдэг өгүүлбэр байдаг даа. 
Чэндү хотын музейг үзэхэд үнэ төлбөргүй. Тасалбар авах цэг дээр нь очиж гадаад паспортоо үзүүлнэ. Ингээд музей үзэх үнэгүй тасалбарыг гардаж авна. 
Чэндү хотын музейд гэрэл зураг авахыг зөвшөөрч байна.  Зарим үзмэрээс нь сонирхуулъя. 
Энэ бол эртний Чэндүгийн оршин суугчдын амьдарч байсан сууцны загвар.


Археологийн малтлагаар олдсон эртний эд өлгийн зүйлс, зэв, хутга, жадны үзүүр


Инженерийн сэтгэлгээ сайн хөгжсөн хүмүүс дээр үед амьдарч байжээ.


Будда бурхны толгой


Манж Чин улсын үеийн шаазан аяга, таваг




Манж Чин улсын үеийн зоос


Дундад зууны үед амьдарч байсан хүмүүсийг хувцас, Чэндүгийн хоолны соёлыг хамтад нь харуулсан үзмэр

Чэндү хотын музейн B1 давхарт нь амьтны чихмэл үзмэртэй юм байна. Магадгүй түр үзэсгэлэн ч байж болох юм.





Чэндү хотын музейгээс гараад өдрийн хоол идэв. 


Дараа нь Тианфу талбайн хойморт байрладаг Сычуань мужийн шинжлэх ухаан технологийн музейг үзэв. Энд физик, биологийн үзэгдлийг энгийн ойлгомжтой харуулсан үзмэрүүд байлаа. Хамгийн гол нь физикийн туршилтыг хийж болно. Үзмэрт нь гарч хүрч оролдож болно. Хамгийн сонирхол татсан хэсэг нь робот техникийн үзмэр байв. Сагс тоглодог, го даам тоглодог, рубикийн шоо эргүүлдэг, бүжиглэдэг, хоол хийдэг гэх мэт роботууд байрлуулжээ.  Өмнө нь Хонгконг, Хөх хотод шинжлэх ухаан, технологийн музей үзэж байсан тул гэрэл зураг авахыг нэг их бодсонгүй. 

Сычуаний шинжлэх ухаан, технологийн музейгээс гараад Чэндү хотын арт галерей руу явлаа. Тианфу талбайгаас 500 метр алхаад л хүрчихнэ.  Чэндүгийн арт галерейд намайг очиход Түвдийн зураачийн үзэсгэлэн гаргаж байлаа. 


Олон зураг байсан ч ердөө энэ зургийг л гар утасныхаа камерт үлдээв.



Арт галерейгаас гараад цагаа харвал 17:00 цаг дөхөж байв. Зочид буудал руугаа буцлаа. Гэртээ харих замд Grinder APP-р үл таних хүнээс танилцах хүсэлт ирэв. Чэндү хотод сурдаг оюутан залуу байв.  Ирсэн газрынхаа нутгийн хүмүүстэй танилцахад буруу юү байхав гэдэг бодолтой болоод байгаа. Ингээд тэр оюутан залуутай 19:00 цагийн үед уулзаж оройн хоол хамт идэхээр болов. Зочид буудалдаа ирж шүршүүрт орж сэргэж аваад болзсон залуутайгаа уулзаж, худалдааны төвийн B1 давхарт байрладаг хоолны газар оров. Би халуун ногоотой хоол иддэггүй гэдгээ хэлж, өнөөх маань ч миний хүсэлтийг биелүүлэх гэж миний идэж чадах хоол сонгож өгөв.  Тахианы махтай банш идлээ.  Өнөөх оюутан залуу "Би англи хэлээр ярихдаа тааруухан." гэдгээ хэлэв. Би ч бас англи хэлээр мундаг сайн ярьж чаддаггүй гэж би нэрэлхэв. Тэр өөртөө Joy гэж англи хэр бодож олжээ. 

Гэхдээ л бид хоёр ойлголцож болоод байв. Бүүр аргаа барвал Google translate ашиглана. Хоолны дараа зөвхөн кофе, цай зардаг өөр газар хэсэг сууж яриагаа үргэлжлүүлэв. 

Joy оюутны дотуур байранд амьдардаг. Өрөөндөө 4 оюутан байдаг гэнэ. Сургууль нь миний байрлаж байгаа зочид буудлаас холгүй. Ер нь хичээл ихтэй байдаг. Гэхдээ одоо өвлийн амралт болж байгаа тул хотоор зугаалах боломжоо ашиглаж байна гэж хэлсэн юм. Ингээд хөөрхөн хятад оюутан залуутай танилцаж, эндэхийн оюутны амьдралын тухай бага сага мэдээлэл авлаа. Дотуур байр нь 22:00 цагт үүдээ барих тул амжиж очих ёстой гээд Joy явлаа. Би буудал руугаа алхав. Ийнхүү Чэндү хотын 3 дахь өдөр дууслаа. 

No comments: