Чэндү хотод ирээд 4 өдөр болов. Өглөө сэрээд Чэндүгийн амьтны хүрээлэн рүү явлаа.
Амьтны хүрээлэнгийн тасалбар нь 20 юань. Энэ амьтны хүрээлэн нэлээн том талбайтай, хэд хэдэн хэсэгт хуваагджээ. Өмнө нь олон ч газрын амьтны хүрээлэнгээр орж байсан тул зураг дарахыг бодсонгүй. Харин амьтан үзэж харахыг л бодов.
Загас, шувуу, араатан амьтан, халуун орны заан, арслан, бар, анааш, хирс, усны үхэр, далайн гахай гэх мэт. Чэндүгийн амьтны хүрээлэнгийн гол үзмэр нь мэдээж хулсны баавгай.
Өглөөний 10 цагт амьтны хүрээлэнд ороод 13 цагийн үед тэндээс гарлаа. Амьтны хүрээлэнтэй зэрэгцээд нэг хуучны сүм байв.
Ийнхүү амьтны хүрээлэнд өдрийн хагасыг өнгөрүүлэв. Амьтны хүрээлэнгээс гараад метроны буудлын ойролцоох McDonalds руу орж хооллов. Дараа нь анимэ дүрүүдийн хувцас зардаг дэлгүүр төвлөрсөн гудамжаар хэсэг алхав.
16:00 цагаас хойш хэд хэдэн худалдааны төв орж дэлгүүр хэсэв. Харуй бүрий болмогц зочид буудалдаа ирж хэсэг амраад орой 22:00 цагийн үед Чэндүгийн гей шөнийн клуб руу явлаа. Гей клуб нь доорх зураг дээр харагдаж байгаа MORE FUTURE худалдааны төвийн 4 дүгээр давхарт юм билээ.
Клуб рүү ороход таксгүй байв. Өдөр бүр тодорхой сэдэвчилсэн тоглолт, үзүүлбэртэй байдаг аж. Намайг ирсэн өдөр K-POP хөгжмийн өдөр нь таарч. Бээжинд DESTINATION гей клуб орсон өдөр мөн л K-POP өдөр нь таарсан. Би ер нь Хятадын гей клубын K-POP өдөр нь л очих хувьтай юм байна. Нэг хаалгаар яваад ороход хоёр гей клуб хөрш зэргэлдээ ажилладаг аж. POSE нь тайзтай, бүжгийн талбайтай бол HUNK нь караоке бар юм байна. Эхлээд POSE клубын тухай бичье.
Намайг 23:00 цагийн үед клуб руу ороход аль хэдийнэ залуус цугларч, ууж, бүжиглэж, хөгжилөөд эхэлчихсэн байв. Шөнийн 3 цаг хүртэл би клубд шар айраг, коктейл ууж суув. Цаг тутамд бүжигчид тайзан дээр гарч ойролцоогоор 15 минутын үзүүлбэр үзүүлж байлаа.
Клубт 0.33 хэмжээтэй шар айраг 25 юань, коктейл 40 юань үнэтэй байв. Бөөнөөрөө явж байгаа хятад залуус шар айраг, архи дарсыг шууд сетээр нь аваад уучих юм билээ.
Шөнийн клубээс гараад нөгөө караоке бар руу орж үзлээ. Энэ бол нийтийн караоке заал байв. Төмөр поошиг засаж янзлаад жижиг ширээ болгожээ.
Ахимаг насны хэдэн эрчүүд залуу банди нартай архи ууж, караоке дуулж суухыг харав. Өөр үйлчлүүлэгч байсангүй. Буцаад POSE клуб руу оров. POSE клубын барментэй хэдэн үл солилцож, Чэндү хотод гей спа байдаг эсэхийг асуув. Надад гей спа газрын хаяг интернэтээс хайж өгсөн. Гэхдээ би тэнд очоогүй. Google map-ээс хайхад тэр гей спа-ны хаяг нь гарч ирэхгүй. Харин Apple map дээр байсан.
Шөнийн клуб 4 цагт хаана. Шөнийн 3 гэхэд халамцуу хятад залуус гарч явцгаахыг харав. Хаах хүртэл нь суух утгагүй тул би ч бас клубээс гарлаа. Клубээс гарч яваа нэг залуутай танилцаж найзынхаа тоог бас нэгээр нэмэв. Клубээс зочид буудал хүртэл таксидахад 20 юань төлөв. Ингээд дараагийн өдөр нь үд болтол зочид буудалдаа унтаж амрав. Зочид буудалдаа өдрий цайгаа уугаад, харин орой нь гарч хооллов.
Чэндү хотын Chunxi гэж дүүрэгт оройн цагаар очвол тун дажгүй гэж интернэтээс уншив. Янз бүрийн брэндийн дэлгүүр ихтэй, хөл хөдөлгөөнтэй том дүүрэг байлаа.
Энэ бол Чэндү хотод байх миний сүүлийн шөнө. Ингээд маргааш өглөө нь эртлэн босож, зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд онгоцны буудал руу метрогоор явав. Нислэгийнхээ бүртгэлд орсон хойноо өглөөний цай авч уулаа. Хятадын MacDonaldsе-ийн өглөөний хоол нь таалагдсан шүү. Усанд чанасан будаа, боорцог, салат гэх мэт.
2024 оны 2 дугаар сард Чэндүгээр дамжин өнгөрч байхдаа энэ хотыг дараа жил заавал үзэх юм шүү гэсэн бодлоо гүйцээв. Чэндү хот надад таалагдсан. Дахиад очих уу гэж асуувал тийм гэж хариулна. Хятадын орон нутгийн онгоцоор Юнань мужийн Күнминь хот руу нисэв.
Күнминь хотын нисэх онгоцны буудалд 5 цаг саатаад дараа нь Вьетнамын Ханой хот руу нислээ.
































No comments:
Post a Comment