Амьдралын тойрог

2008-04-26

Цэцэрлэгийн 76

Та 6 сарыг дуустал зурагт битгий үзээрэй. Угаасаа сүүлийн нэг сард зурагтаар үзэж хараад байх гойд сонин юм байхгүй байгааг анзаарсан гэж найдаж байна. Монголын бараг хорь шахуу телевизийн сувгаар үзэх юм байхгүй гэвэл итгэхэд жаахан хэцүү л сонсогдож байгаа биз. Сонгууль болох гээд нэр дэвших гэж байгаа хүмүүс цэнхэр дэлгэцийг бүхэлд нь эзэлээд байгаа. Өглөөнөөс орой болтол би бол "МУНДАГ УХААНТАЙ, ХОРВООД ХОСГҮЙ САЙН ХҮН" гэж л өөрийгөө магтсан хүмүүсийн уйтгартай яриа залхааж байна. Уг нь бол сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээгүй байгаа. Гэхдээ хэн сонгуульд өрсөлдөх вэ гэдгийг зурагт руу нэг өнгийгөөд л тодорхойлж болно. Миний ажигласанаар бол манай улсад сонгуулийн сурталчилгааны ажил хэд хэдэн үе шаттай явагдаж байгаа юм.
1. Өөрийгөө олон нийтэд таниулах, магтах зорилгоор "Танайд хоноё" гэх мэтийн нэвтрүүлгийг "Манайд хонооч" болгож хувиргах үе шат. Монголд яг одоо сонгуулийн сурталчилгаа энэ үедээ байна.
2. Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсний дараа "Амжилтад хүрэх арга" гэх мэт гарчиг нэртэй, яаж энэ хорвоогийн хумхын тоосыг хөдөлгөж явах хэрэгтэйг сургамжилсан ном хэвлүүлж тойргийнхоо айлуудад тараана. Мөрийн хөтөлбөр нэртэй баахан эрээн мяраан хуудас тарааж, зураг хөрөгөө татуулж хуанли болгоод цацна.
3. Нэр дэвших гэж байгаа тойрогтоо очиж хурал цуглаан хийнгээ хүүхдийн тоглоомын талбай байгуулж, зүлэг мод суулгаад хот тохижуулах албаны үүргийг хэсэг зуур гүйцэтгэнэ. Ядуу зүдүү заримд түлээ мод, ойр зуурын гурил будаа ч сэмхэн тараана. Ууж согтуурдаг заримд нь "Азийн чоно" мэтийн архи атгуулж орхино. Үнэгүй юм тараах болгондоо намайг сайн хараад нүдлээд ав. Миний төлөө саналаа өгнө шүү гэж гэж өрөвдөлтэй царай алдана.
4. Өөрийн талын PR-чидыг цуглуулаад өрсөлдөгчийнхөө муу муухай бузар булайг нь дуудуулах ажилд орно. Шар бор сонингоор номер 1 дайснаа хайр найргүй муулна. Одоо сонин хэвлэл гэлтгүй телевиз ч бас шарласан болохоор агаарын долгионоор ч бас хов жив тасрахгүй төлөвтэй. Өнөө өрсөлдөгч нь бас эргүү тэнэг юм биш болохоор эргүүлээд өөрийнх нь эсрэг хор хутгаж л таарна. Ингээд сонгуулийн санал авах өдөр болоход Монголын УИХ-д нэр дэвших байгаа хүмүүс бүгд л өөдгүй хогнууд болж таарна. Юун нөгөө төрийн түшээ болох манатай. УИХ-ын танхимд биш, харин шоронд сууж байх ёстой юм байна гэмээр сэтгэгдэл төрнө.
5. Сонгуулийн маргаашнаас миний өрсөлдөгч булхайцсан гэсэн хэрүүл тэмцэл нэг хэсэгтээ үргэлжилнэ. Шартай нэг нь шүүхээр асуудлаа шийдүүлээд санаа нь амарна. Шинэ их хурал чуулганы нээлтээ хийх хүртэл шүүхийн зарга заалхай олон болно гэдэг нь баталгаатай. Энэ зуны өнгө төрх иймэрхүү л байх бололтой. Одоогоос хэд хоногийн өмнө "Цэцэрлэгийн 76" гэдэг хошин өгүүллэг олж уншив. М.Оюунбаатар гэдэг хүн бичсэн юм байна лээ.
***************************************************************************************************************
Цэцэрлэгийн 76
Манай цэцэрлэгт Улаанбаатар хот болон Монголын 21 аймгаас ирсэн 76 данхар толгойтой хүүхэд хүмүүждэг. Тэдний нэг нь болохоор би ч бас данхар толгойтой. Эрхлэгчийг маань урт шар дээлт гэдэг. Тэр бас л том толгойтой. Ямар сайндаа л МҮОНТ-ийн "АХ-А" нэвтрүүлгээр хэмжээлшгүйэрхтэй хүнийг юу гэх юэ гэхэд -Энхбаяр гэж хариулж эрхлэгчийг минь уйлайлгаж билээ. Ангийн дарга гэвэл алхан толгойтой, алх барьсан, дэлдэн чихтэй. Өвөрхангайн уугуул, Улаанбаатарын суугуул нэгэн. Манайхан их сахилагагүйтэх юм бол алхан толгойтын үгэнд орохгүй. Тэр ч бүү хэл язгуур эрхээ эдлэж байна. Яг ш дээ морио гэх нь энүүхэнд.
Түүнчлэн нэгнийгээ маш их гадуурхана. Хэнтийгээс ирсэн Бат-Эрдэнийг гацаа, Хүрэлсүхийг гамшигаа, Арвин эгчийг аймшигаа гэж дууддаг. Манай ангийн атаман бол данхаруудын дундах ганц хохимой толгойтой, дөчин мянгатын ямаа Жаргалсайхан. Түүнээс айдаггүй ганц хүүхэд бол Хөвсгөлийн салбадай Гүнбалай... бишээ Гүндалай. Сүүлийн үед тэр хоёр бие биенийгээ цагаан хэрэм давуулж шиднэ гэж давшлах болсон. Манай ангийнхан тэр хоёрыг шизофриний архагшил гээд ер тоохоо больсон. Манай ангид шизофрин, солио, хэрүүл, хэнхэг өвчин газар авч цэцэрлэг биш, шархадны эмнэлэг үү гэлтэй болсон. Гэвч сурсан юмыг сураар боож болдоггүй юм билээ.
Манай цэцэрлэгийн давуу тал бол хангамж өндөр. Бусад цэцэрлэгийнхэн эксел, элентра машинаар тоглодог бол бид Ланд, Бенц унаж, үнэг хөөж вертолет унагааж тоглодог. Бусад цэцэрлэгт хүүхдүүд хоол иддэг бол бид мөнгө иддэг. Манай ангийнханд эрхлэгч "хоолоо сайн идэж байгаарай. Та нар төгсөх боллоо" гэж чин сэтгэлээсээ захидаг. Манай цэцэрлэгийнхэн асуудал хэлэлцэхээрээ манан татуулаад өнгөрдөг. Үүнийг мэдсэн өөр цэцэрлэгийн Баасан эгч, Батзандан гэж хүүхдүүд ирээд цэцэрлэгийн цонх хагалж, бидэн рүү "Мөнгө идэхийн оронд үүнийг ид" гээд өндөг, помидор шиддэг ч бид тоодоггүй. 76 хүмүүжигчтэй цэцэрлэгийн амьдрал ийм байна. Бид удахгүй төгсөж, оронд нь шинэ хүүхдүүд ирнэ. Гэхдээ цэцэрлэгээ орхихгүй гэж зүтгэх эрхийн тэнэгүүд олон бий.

3 comments:

bayabaga said...

ene oguulleg?hoorhon yum baina..:)

MNED said...

ene harin ih donjtoi bichsen nom yum baina lee. anh unshaad ineed hureed... daraa ni ergeed unshihaar neleen yum bodogduulsan shuu.

Eric said...

LOL...hilarious....