Амьдралын тойрог

2010-04-30

Шүлэг шүүмжлэх үү?

Шүлэг бичихийн тулд асар их сэтгэлийн хөдөлгөөн хэрэгтэй гэж би боддог юм. Зохиолч нар онгод орлоо гэж ярьдаг даа. Зохиолч, яруу найрагчийн онгод орно гэдэг нь сэтгэл хөдлөл нь дээд цэгтээ тулахыг л хэлдэг юм болов уу. Гэхдээ сэтгэл хөөрлөөр бичсэн зүйл заримдаа бодит амьдралаас дэндүү хол, итгэхэд бэрх зүйлийг өгүүлсэн байх сөрөг талтай. Шүлэг, яруу найраг уншихаар утга нь олдохгүй гажиг гэмээр мөрүүд их тааралдах юмаа. Особугийн блогоос Лхагвадулам гэж хүний шүлгийг олж уншлаа.
шилний айдас
нүдэнд сонсогдож
гиюүрэл чимнэ...
гэсэн мөр байх юм. Энд бичсэнээр бол шил амьтай зүйл бөгөөд бас айдаг байх нь. Тэр айдас нь нүдэнд сонсогддог. Шүлэгчийн нүд харахаас гадна сонсдог. Иймээс чихний ч хэрэггүй болж таарлаа. Уг нь бол нүд харах эрхтэн. харин чих бол сонсголын эрхтэн шүү дээ.
Дуучин Болдын "Зөвхөн чам руу" дуунд "Чамайг би явсаны дараа хичээн ихээр хайрлав аа " гэх юм. Уг нь бол "Би чамайг явсаны дараа" л гэвэл эрүүл саруул ой ухаантай хүнд ойлгогдож мэдэхээр. Бас "Тэнэгхэн намайгаа хайрлахдаа жигүүртэй гэдгээ нуугаа юу?" Даль жигүүртэй шувуу, хүний хоорондын хайр сэтгэл, дурлалын тухай өгүүлээд байна. Ямар зоофиль дуу вэ гэж гайхлаа. "Шувуу хүнд дурлахдаа далавч, даль жигүүрээ нуусан бололтой. Даль жигүүр, далавч бол шувууны нэг эрхтэн. Шувуу өөрийнхөө эд эрхтэнг яаж нуугаа бол гэдгийг бодвол бүүр толгой гашилна.

"Чи хаана байна?" гэж дуунд нь
Хайрын тэнгэр минь чи хаана байна.
Над дээр бороо болон орооч."
Хайрын тэнгэр минь чи хаана байна
Над дээр цас болон будраач
гэсэн 4 мөрт бий. Тэнгэрт байгаа үүлнээс л өвөлдөө цас, зундаа бороо хур газарт унадаг сан. Харин тэнгэр өөрөө цас болон бударч, бороо болон газар унах нь юу л бол?

Дэнж хотойлгон төрүүлсэн
Дэндүү ачтай миний л ээжий...
Дэнж хотойтол наадам хийлээ гэж ярьдаг. Түмэн олон наадамчид, морьдын туурай, хүчит бөхчүүдийн барилдаан бүгд нийлэхийг дэнж хотойтол гэж зүйрлэдэг. Тэгвэл энд өгүүлснээр дэнж хотойтол хүүхдээ төрүүлнэ гэхийг төсөөлөөд бодвол үлэмж том биетэй хүүхэн өндөр дэнж газрыг хотойх хэмжээтэй том биетэй хүүхэд төрж дээ.

Гэзэгний үзүүрийн томоогүй салхи минь
Гэрийн минь үнэрийг тээгээд ирдэг дээ... гэсэн шүлгийн мөр байна. Хүний гэзэгний орчимд тусгай онцлогтой салхи үлээдэг байх нь. Тэр салхинд гэзэг нь хийсээд хамартын үзүүрт хүрэхээр гэрийнх нь үнэр ханхийгээд байна аа гэдэг бол гэрээсээ явснаас хойш толгойгоо угаагаагүй, хир буртагт баригдаж, үнэр танар нь нь болохоо байсан хүнийг дүрсэлж.
Ер нь онгод нь орж, сэтгэлийн хөдөлгөөнд автсан үедээ бичсэн шүлэг, яруу найрагаа ном сонинд хэвлэж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түмний хүртээл болгохоосоо өмнө ЭРҮҮЛ УХААН-аар бодож баймаар юм.

No comments: