Амьдралын тойрог

2011-09-01

9 сарын 1-нийг дурсах нь...

Эхлээд жаахан серьезный сэдэв...
Намрын улиралыг хүмүүс "алтан" гэж өргөмжилжээ. "Алтан намар" ингээд хүрээд ирдэг юм байжээ. Зарим хүмүүс намрын улиралд учиргүй дуртай байх юм билээ. Уг нь ч ажил ундардаг чухал цаг. Монголчуудын ажил ид өрнөж байгааг замын хөдөлгөөний нягтрал давхар нотлож байна аа. Алтан намартай зэрэгцээд "намрын синдром" бас эхлэж байна. Нэг танил маань цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэхийн тулд гадаа хоносон сурагтай. Цэцэрлэгт хүмүүжиж байгаа хүүхдүүдийн хоолны мөнгийг төр 100 хувь даадаг болсоноос хойш цэцэрлэгт хүүхдээ өгөх гэсэн эцэг эхчүүд нэмэгдэж. Өглөө өдөр, оройн хоолыг нь үнэгүй өгнө. Дуу шүлэг зааж өгнө гэж байхад цэцэрлэгт хүүхдээ өгөхгүй гэж тэнэг хүн л хэлнэ. Цэцэрлэг эрэлттэй болж байгааг мэдэрсэн эрхлэгч нар нь харин халаасаа зузаалсан байхаа. Цэцэрлэгийн хүүхэд бүртгэхэд хураамж авсан гэсэн гомдол гарч байсан. Цэцэрлэгт орж байгаа хүүхдээс ямар их юм шаарддаг юм бэ? Усан будаг, балын харандаа, хайч цавуу гээд жагсаах юм бол хөл гарын 20 хуруунд багтахааргүй их юм нэхдэг юм байна лээ. Саван, алчуур нь ч дүүрч. Харин учраа мэдэхгүй 2 настай хүүхэд усан будаг хэрэглэх нь юу л бол... Улсын цэцэрлэг пиг дүүрэн байгаа бол харин хувийн цэцэрлэгт байдал арай өөр. Гэхдээ хувийн хүүхдийн цэцэрлэгийн сарын төлбөр нь 250 мянга байдаг гэнэ. Жилийн 10 сараар үржүүлэх юм бол 2 сая 500 мянга. Их сургуулийн төлбөрөөс хоёр дахин өндөр байна. Төрийн мэдлийн их сургуулийн сургалтын төлбөр энэ жил 1 сая 1 зуун мянга байгаа гэнэ лээ. 1 нэг 1 зуун мянга төгрөг зарим айлын хувьд их мөнгө бол зарим айлын хувьд юу ч биш. Учир нь хувийн хэвшилийн ерөнхий боловсролын дунд сургуулийн төлбөр жилийн 2 сая төгрөгөөс 9 сая төгрөгт хэлбэлзэж байна лээ. Хувийн дунд сургуулийн төлбөрийн дэргэд төрийн өмчийн их дээд сургуулийн төлбөр инээдтэй сонсогдож байгаа биз дээ. Оюутнууд гэж жаргалтай хүмүүс байна аа. Сургалтын төлбөр нь 1 сая гаруй төгрөг боловч тэн хагасыг нь төрөөс даана шүү дээ.  Бас дээр нь ирэх оноос эхлэн оюутнууд сардаа 70 мянган төгрөгийн тэтгэмж авна. Автобусанд бас үнэгүй шахуу зорчино. Ингээд бодохоор одооны оюутнууд жаргалтай юм аа.
Харин одоо хуучин дурсамж...
9 сарын 1 болж байгаа юм  байна. Сургуультай холбоотой  хэдэн дурсамжаа хуваалцая. 9 сарын 1 болохоос өмнө аавтайгаа хамт их дэлгүүр орж цүнх худалдан авсан юм даг. Өнөө цүнх нь их томоо. Гэхдээ их чанар сайтай орос цүнх байсан. MNED миний бие анх 1-р ангид орохдоо нөгөө  авдар шиг том цүнхээ үүрээд сургуулийн босго давж байлаа шд. Миний анх хуваарьдагдсан бүлэг нь 1.Д анги. Сургуулийн гадаа жагсаж байгаа хүүхдүүдийг хараад нүд орой дээрээ гарч байлаа шд. Манай Монголд ийм олон хүүхэд байдаг юм байна гэсэн шүү ухааны юм бодоод л... Анх удаа амьдралаа нэгэн доор олон хүүхэд харж байгаа юм чинь аргагүй шд....Соёлын шоконд оролгүй яахав. Эхний өдөр цагаан толгойн хичээлээр А үсэг заалгав. Цагаан толгойн номны А үсэгтэй хуудас дээр нь алим, авдарны зураг. Ангийн багш хүүхдүүдийг нэг нэгээр нь дуудаад өнөө зургийг хуруугаараа заагаад л энэ юу вэ? гэж асууна. Ядаж байхад би гэж дүнхүү толгой, гялс авдар, алим гээд л хэлчихгүй дуугай зогсоод...Хүлээж ядсан багш "Хэсэг байзнаж байгаад ир" гээд суудал руу буцаана.  Тэрнээс хойш орой болгон цагаан толгойн номны сэдвийг уншсан хүүхдийг гэр рүү нь явуулна гээд багш тамлана шд. Уншиж чадахгүй үсэглээд бөөн юм болно. Сүүлдээ сэдвээ цээжилж багшийг аргалчих заль бодож олно шд.


Дунд ангид орсон хойноо 8 сарын 31-нд шинэ цагаан цамц, костюм индүүдэж, гутал тослож оройг бардаг байлаа. Өглөө нь эрт босоод л сэтгэл нь догдолсон хүн сургууль руугаа гүйдэг байж билээ. 10-р ангид орсон жилдээ сургуулийн нээлт болох гээд хүүхдүүд анги ангиараа жагсаж байхад манай ангийнхан тэрүүхэн тэндээ томорч сургуулийн өмнөх талбайн сандал дээр тойрч суугаад процессийг алсаас ажиглаж зогсоно. Хичээлийн эрхлэгч алив 10. А-ийн хөвгүүд ирж жагсаалдаа зогс гэж цагаан хоолойгоор чарлаад л... Өглөө хичээлээс хоцорсон сурагч шал угаадаг дүрмийг анги даасан багш бодож олсон байлаа. Хичээлийн дундуур ангийн багш орж ирээд "хэн өнөөдөр шал угаах уу?" гээд л биднээс ял асууна. Ямар ч байсан 10-р ангид орсон жилдээ би нэг ч удаа ангийн шал угаагаагүй юм даг. Харин оюутан болсон хойноо 9/1 гэж догдохоо огт больж билээ.

No comments: