Амьдралын тойрог

2009-04-09

Гарын үсэг худалдаж авсан минь.

Ойрдоо янз бүрийн ажил хөөцөлдөөд блогоороо шагайж харах ч завгүй шахам байлаа. Янз бүрийн албан газар очиж хурган дарга нарын хаалга үүдийг онголзуулах хамгийн залхуутай ажил. Хурган дарга нар гэлтгүй эмч нар бол бүр хүнд сурталын аппаратууд. Нэг ажил хөөцөлдсөн чинь эмнэлэгийн урьдчилсан үзлэгт орох хэрэгтэй болов. Эрүүл мэндийн даатгалд цалин дээрээс өчнөөн мөнгө хурааж авдаг даа. Гэтэл үүний ид шид огт гарсангүй. Энэ долоо хоногийн эхээр 1-р эмнэлэгт очсон чинь наад эрүүл мэндийн даатгал чинь ХЭРЭГГҮЙ ЭЭ. Таны халаасанд бэлэн МӨНГӨ байна уу? гэж эелдэгээр асуув. Хэрвээ ингэх л байсан юм бол эрүүл мэндийн даатгал гэж байх ямар утга учир байна аа? гэж дотороо бодлоо. Тэгээд ч би хувийн биш, бүүр улсын эмнэлэгт очиж эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт орж байгаа ш дээ. Үзлэг ч гэж дээ, үхсэн хойноо... Чих хамар хоолой, харшил, дотор, зүрх уушиг, нүдний хараа, шүд гэх мэтийн хэдэн мэргэжлийн эмч нарын өрөөний үүдэнд оочерлож зүгээр л гарын үсэг цуглуулсан. Өнөө хэд нь мөнгөө төлсөн юм уу? Алив наад цаасаа гээд л шуудхан гарын үсгээ зурав. Шүдний эмч миний мөнгийг хурааж авчихаад хүний урманд ядаж ам руу ч өнгийж харсангүй. Урьдчилсан үзлэг ч гэж дээ. Хөгийн хэлбэрдсэн зүйл юм байна даа гэж дүгнэв. Яг энэ сэтгэгдэлээрээ нүдний эмчийн өрөөнд явж орлоо. Би угаасаа хараа муутай. ..-р шил зүүдэг гэж шуудхан хэлэв. Тэгсэн чинь нөгөө эмч би шалгаж байж гарын үсгээ зурна гэж байна. Энэ чинь л харин овоо ажлаа хийсэн шиг хийдэг эмч байна даа. Нээрээ ойрдоо хараагаа шалгуулаагүй. Хараа муудаж уу? Тогтвортой байна уу гэдгийг далимд нь мэдээд авъя гэж бодлоо. Сүрхийн ажил хэрэгч байртай намайг хүлээж авсан эмч яасан гээч? Намайг нүдний шилээ түр авч бай гэж тушаав. Би дуулгавартай нь аргагүй тушаалыг нь биелүүлэв. Гэтэл дугариг нүхтэй хар өнгийн хавтгай хуванцар нүдний өмнө бариулаад хананд өлгөсөн үсгийг унш гэнэ ээ. Ядаж -1 дугаартай линз зүүлгэсэн ч үгүй. Адаг сүүлд нь миний хэлсэн тоог цаасан дээр тэмдэглэж гарын үсгээ зурсан даа. Ингэх л байсан юм бол худлаа дүвчигнэхийн хэрэг юу байна аа? Ер нь бол би хэдэн эмчийн гарын үсгийг худалдаж авсан болж таараад байгаа юм. Урьдчилсан үзлэг нэртэй ийм эмгэнэлт жүжгийн голд дүрд надаас гадна өөр олон зуун хүн тэр өдөр тоглосон доо.

2009-04-04

Ах дүү гурван кекс

Өнөөдөр гэрээсээ гаралгүй өнжлөө. Хувцас хунараа угаалгийн машинд хийж эргүүлэхээс авахуулаад гэр орны ойр зуурын ажилд жаахан анхаарал хандуулав. Үдээс хойш кекс хийлээ. Түрүүчийн долоо хоногт хийсэн кекснийхээ зургийг нь авч чадаагүй. Харин энэ удаа зургийг авч баримтжууллаа. Хаха.
Ямар ч юмыг баримтжуулж, дурсгалжуулах дуртай юм болохоороо зургийг аваад блогтоо орууллаа. Гурван кекс хийсэн юм. Дэндүү их зуурмаг бэлтгэсэнээс болоод яалт ч үгүй гурав хуваах хэрэгтэй болсон юм.Хамгийн их түлэнхий кекс хамгийн эхнийх нь. Дэндүү удаан жигнэсэнээс болоод гаднах өнгө нь ийм болсон. Хоёр дахь нь арай л гайгүй. Харин гурав дахь (хамгийн жижиг) кекс нь бусдыгаа бодвол царайлаг болж. Энэ удаа кекс хийхдээ туршлагатай болсон байлаа. Тусгай мөнгөлөг цаасаар жийргэвч хийж, хэвний ероолтойгоо наалдахаас нь сэргийллээ. Мөнгөлөг цаас ч ид шидээ үзүүлэн хэвнээс салгаж авахад ямар ч бэрхшээл учирсангүй. Хийсэн кекснийхээ царай зүсийг нь өөд нь татахын тулд шоколадаар будлаа. "М" үсэг бас бичээд авлаа.За дараагийн удаа илүү сайн өнгө зүстэй кекс хийнэ ээ. Би чинь ер нь тогооч болох ёстой байсан юм биш үү гэж хүртэл бодлоо.

2009-04-02

Сайн уу? 4-р сар минь

Хэтийн амьдралд минь тулгуур болж мэдэхээр олон сайхан үйл явдал болж өнгөрсөн болохоор "Баярллаа. 3-р сар минь Баяртай" гэж хүндэтгэлтэйгээр хэлэх нь зүйтэй болов уу. Харин одоо "Сайн уу? 4-р сар минь" гэж хэлье. Яг л түрүүчийн "3-р сар" шиг өөдрөг бүхнээр дүүрэн байгаасай гэж хүсэе.
Монголынхоо төрийн далбаа, соёмбо тэмдэгийг ээлжилж костюм пиджакныхаа энгэртээ зүүж чамирхах дуртай. Энэ миний нэг бяцхан гангараа юм байгаан.Өнөөдөр манай ажлын газрын нэг эгч Парис яваад ирэхдээ Эйфелийн цамхагийн дүрстэй энгэрийн тэмдэг, үнэртэй ус надад бэлэглэв. Намайг костюм пиджакны энгэртээ төрийн далбаа, соёмбо зүүж гангардагийг гярхай анзаараад ийм бэлэг сонгосон бололтой. (^^ За ингээд миний цуглуулга нэмэгдлээ. Бэлэг өгсөн танд БАЯРЛЛАА гэдгээ блогоороо дамжуулаад дахин хэлье.
Хамгийн жижигхэн зүйлүүд ч гэсэн амьдралд баяр баясгалан бэлэглэж, хүнийг аз жаргалтай болгодог. MNED