Амьдралын тойрог

2011-03-06

Уруул чинь
Миний хэзээ ч хүршгүй
Эгшиг
"Зүрх зүсэгдэх чимээ" номоос С.Н.

2011-02-28

Хөөрхөн хүүхэлдэйн кино

Ойрдоо кино ший үзсэн шигээ л сууж байна. Happy Feet гэж эр зоригт оцон шувууны тухай. Ер нь аль ч нийгэмд олонхоо дагаж чадаагүй бол доромжлуулдаг  жишиг байпаг. Тэгвэл бусдаасаа жаахан "далий" төрчихсөн оцон шувууны амьдрал энэ кинонд гарч байна.Дуу хөгжим сонирхдог хүмүүс үзвэл кайфтай л юм билээ.
Дараагийн үзсэн кино нь "He just not that into you " Хавар болж хүмүүсийн хаврын синдром эхлэж байгаа үед үзэхэд яг тохиромжтой кино.
Гурав дахь кино нь (500) Days Of Summer. Хар нялхаасаа бие биенээ мэддэг байсан хоёрын нууцлаг хайр дурлалын түүх.




2011-02-27

Гадаад орон, гадаад хүргэн. Монголчууд

4 жилийн онолыг эргэн сануулъя
Одоогоос нэлээн хэдэн жилийн өмнө 4 жилийн онол гээд сүрхий юм бичиж байлаа. Энэ тухай давтаад бичих хэрэгтэй гэж бодлоо. Хүн аж төрж байгаа орчин нөхцөлдөө дасахдаа гарамгай. Амьдарч байгаа нутаг орноо солих үед хуучинаа санагалзаад нэг хэсэгтээ л сэтгэл нь гэгэлзээд хэцүүддэг. Жишээ нь гадаадад сурахаар эх орон, гэр бүлээсээ холдсон хүүхдүүд эхэндээ гэрээ санаад сэтгэл нь үймэрдэгийг би хувийн туршлагаараа мэднэ.
Зориод очсон газраа дасахгүй гээд яах вэ
Зоргоороо орхисон нутгаа санахгүй гээд яах вэ?
гэсэн үгтэй дуу хүртэл байх юм.  
Байрнаасаа хөдөлсөн чулуу 3 жил зовдог гэж ардын сайхан үг бий.  Аажимдаа  сургууль, хамт олон, амьдарч байгаа орчиндоо дасдаг. Гадаадын аль нэгэн улсад эх орноо төлөөлж байгаа дипломат ажилтныг томилохдоо 4 жилээс хэтрүүлдэггүй.  Энэ нь өнөөх 4 жилийн онолтой холбоотой. Очсон улс орондоо 4-ээс дээш жил амьдраад ирэхээр орчин нөхцөлдөө дасаад тухай улс орны талаар мэдээлэл тайлан бичиж төрөлх эх орон руугаа илгээхдээ хөндлөнгийн хүний байр суурьнаас хандаж бичиж чадахаа больчихно гэж үздэгтэй холбоотой. Иймээс л дэлхийн аль ч улс орон харь оронд эх орноо төлөөлж байгаа дипломат ажилтнаа хэдэн жил болгоод л солиод байдаг гэж би хувьдаа боддог. 4 жилийн онолыг баталсан өөр нэг жишээ байна. Дэлхийн ихэнхи улс орнуудын үндсэн хуулийг хараад байхад парламент, ерөнхийлөгчийн сонгуулийг 4 жил тутамд зохион явуулдаг. Харин хуруу дарам цөөнхөн хэдэн оронд парламентын сонгууль нь 5 жил эсвэл 7 жилд нэг удаа зохион байгуулагддаг юм билээ. Гэрээ санадаг оюутнууд, дипломат томилгоо, гадаадын орнуудын сонгуулийн давтамжийн тухай асуудлуудыг хойш тавъя. Харин одоо гол зүйл рүүгээ оръё.

Харийн нутаг давчдаад байна. Харсан зүгтээ гүймээр байна.
2010 оны 11 сард Монгол Улс хүн ам, орон сууцны тооллого явуулсан. Бас интернэтийн сүлжээ ашиглан хилийн чанадад байгаа монголчуудыг хүн амын тооллогод хамрагдахыг засгийн газар хүссэн. Гадаадын орнуудад зохих журмын дагуу сурч, ажиллаж байгаа хүмүүс Тооллого2010 гэсэн сайтад нэвтэрч хүн амын тооллогод хамрагдсан байх. Харин бидний нэрлэж заншсанаар харласан, амьдарч байгаа улсынхаа визийн журмыг зөрчсөн хүмүүс интернэтээр тооллогод хамрагдахаас жийрхэж байсан сурагтай. Биднийг интернэтээр бүртгэж аваад, дараа нь барьж мэднэ гэж хардсан "үмхий санаатай" хүн ч байсан бизээ. Гадаадын их дээд сургуульд сурсан монголчууд дипломоо аваад нутаг буцахаас илүү тэндээ шингэхийг боддог бололтой. Монголд очоод мэргэжилээрээ ажиллах нөхцөл тааруу. Цалин бага. Улаанбаатар өвөлдөө нүүрсний утаа тортогт даруулдаг. Хавар зуны улиралд шороо шуураад, толгой дээгүүр гялгар уут эргэлдээд үнэн аймаар. Тэгсэнээс эндээ шингэсэн нь дээр гэх бодолтой оюутан ч байдаг. Харийн оронд хараар ажиллаж байгаа хүмүүс: Монголд ажлын байр алга. Авдаг цалин нь амьдралд хүрэхгүй. Монголд үр хүүхдээ үлдээгээд амьдрахын эрхээр л ингэж явна гэж гадаадад ирсэн шалтгаанаа тайлбарладаг.   
Сар шиг холын газарт дасахгүй гээд яах вэ
Сайхан Монгол бүсгүйг санахгүй гээд яах вэ? гэж тэд дуулцгаана. 
Улаанбаатар өвөл нүүрсний утаа тортогт умбадаг нь үнэн. Хавар зундаа шороогоор шуурч гудамжаар гялгар уут хийсэж, гэрээсээ гарахдаа тосолсон гутал хоромхон зуур шороонд дарагддаг нь үнэн. Ахуй амьдралаа сайжруулах гэж гадаадад гарч ажиллаж байгаа хүмүүсийг буруутгаад хэрэггүй. Тэд хараар ч бай, цагаанаар ч бай ажил хөдөлмөр хийж авсан цалингийнхаа тодорхой хэсгийг монголд үлдсэн ар гэрийнхэндээ илгээж байгаа. Тэдний цалин нь монголдоо ажиллаж байгаа хүмүүсийн авдагаас ойролцоогоор 3 дахин илүү. Гадаадад ажиллаж байгаа хүмүүсийн дундаж нас нь 20-40. Энэ бол ажил хөдөлмөр хийдэг ид оргил нас. Тэд гадаадын улсад ажиллаж, тухайн амьдарч байгаа орныхоо эдийн засгийн өсөлтөнд хувь нэмэрээ оруулж байгаа. Авч байгаа цалингаасаа илүү үр ашгийг тухайн амьдарч байгаа улсдаа оруулдаг гэсэн үг. Гадаадад олон жил амьдарч байгаа Монгол хүмүүс тухайн улс орныхоо нийгмийн хэв маяг, дэг журамт дасаж орхидог. Гадаадад удсан хүмүүсийн оюун санааны ертөнц, бодол, байр суурь, сэтгэлгээ ч тухай амьдарч байгаа газар орноосоо хамаараад аажимдаа өөрчлөгддөг. Эцэстээ аливаа нэг асуудалд хандахдаа дасаж идээшсэн улс оронд нь асуудлыг хэрхэн шийдэж байгаа арга зүйг нь шууд авч хэрэглэх гэж оролдох нь анзаарагдаж байна. Бас интернэтээр бусад монголчуудтайгаа санал бодлоо солилцохдоо амьдарч байгаа улс орноо өмгөөлөх, хэт магтах чиг хандлага ч ажиглагдаж байна. Гадаадад  амьдарч байгаа хүмүүс төрөлх эх орондоо болж байгаа үйл явдлын талаар интернэтээс л олж мэднэ. Гэхдээ гадаадад амьдарч байгаа монголчууд эх оронд нь ямар нөхцөл байдалтай байгааг хэзээ ч бүрэн дүүрэн бодитоор нь интернэтээс олж авах боломжгүй. Монголын нийгмийн уур амьсгал ямархуу байна? Монголд байгаа хүмүүсийн оюун санаа, сэтгэлгээ хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар гадаадад олон жил ажиллаж амьдарч байгаа хүмүүс мэдэрч чаддаггүй. Нийгмийн уур амьсгал монголд ямар байгааг тэд эх орондоо ирсэн хойноо л бүрэн утгаар нь мэдрэх болно.  
Гадаад улс оронд 5-аас дээш жил амьдарч байгаа хүмүүсээс хэзээ эх орондоо эргэж ирэх вэ? гэж би асуух дуртай. Тэдний олонхи нь "Монголд амьдрал сайхан болохоор л очиж суурин амьдарна даа" гэх юм.  Гэтэл хэн тэр Монгол орны амьдралыг сайн сайхан болгох гээд байгаа юм бүү мэд. Гадаадад цагаачлан амьдарч байгаа монголчууд "Төр засаг л муу болохоор бид гадаадад ингэж байна. Дуртайдаа гадаадад цагаачилсан гэж чи бодож байна уу?" гэж бухимдсан өнгө аясаар надаас асуудаг юм.. Төр засаг муу ажиллаж байна гэж тэд төрд буруугаа өгөх нь түгээмэл. Тэгсэн хэрнээ гадаадад ажиллаж, амьдарч байгаа хүмүүсийн ихэнхи нь "Нас хөгшин болохоор би Монголдоо очиж, төрсөн газар шороондоо булуулна. Монголдоо л очиж үхнэ ээ" гэх юм. Тэгэхээр Монгол Улс бол оршуулагын газар болж хувираад байх юм.  Дээр бичсэн зүйлээ дахиад нэг базаад хэдхэн үгэнд багтаахыг оролдоё. Монголд төрж, ерөнхий боловсролын сургуульд үнэ төлбөргүй сурч ерөнхий эдрмийн мэдлэгтэй болно. Дараа нь эцэг эхийнхээ мөнгөөр монголын  аль нэг их дээд сургуульд сурч мэргэжил эзэмшсэн дипломтой болно. Дараа нь янз бүрийн шугамаар  хуурамч материал ч хамаагүй бүрдүүлээд гадаадын аль нэгэн оронд очно доо. Зарим боломжтой айлын хүүхэд бол хувийн сургуульд төлбөртэй сураад, дараа нь шууд л хувийн зардалаар гадаадын аль нэгэн улсын их дээд сургуульд элсэн орно. За ингээд гадаадад гарч хамаг залуу насаа очсон улсынхаа эдийн засгийн хөгжил дэвшилд хувь нэмэрээ оруулан ажиллана. Хараар ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөрийн нөхцөл бол маш хүнд байх нь ойлгомжтой. Харин тэндэхийн сургууль соёлыг нь төгсөөд ном журамаар нь үлдэж ажилласан бол арай ч хар бор ажил хийхгүй байлгүй.  Гэхдээ л тэд хэзээд гадаадын хүн 2-р зэрэглэлийн хүн гэсэн ангилалд байна.  Хөдөлмөрийн чадвараа алдаад насан буурал болоод ирэхийн цагт "Монгол хүн яаж ч байсан нутагаа л гэдэг юм. Нутагтаа очиж ясаа тавина" гээд баахан эмээ өвөө нар хүрээд ирнэ дээ. Ингэхээр Монгол орон гадаадын орны ажиллах хүчийг бэлтгэж байгаа бааз, бас оршуулагын газар төдийхөн зүйл болчих гээд ч байгаа юм шиг. 
Гадаад нөхөртэй монгол хүүхнүүд
Гадаадын иргэнтэй гэр бүл болсон монгол эмэгтэйчүүдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа тухай зурагтаар ярьж байна.  Монгол хүүхнүүд ямар үндэстэнтэй их гэрлэж байгааг ажих юм бол 1-рт Солонгос, 2-рт Америк, 3-рт Япон, 4-рт Герман, 5-рт Арабын орны эрчүүд. Бас хятад эрчүүдтэй гэрлэсэн монгол хүүхнүүд цөөнгүй гэх юм.
Харин гадаад эхнэр авсан монгол залуучууд хэд байна вэ? гээд тоолоод үзвэл өдрийн од мэт цөөхөн юм.  Гадаад эртэй дэр нэгтгэсэн монгол бүсгүйчүүдийг гадаад хүүхэнтэй гэрлэсэн монгол эрчүүдийн тоотой харьцуулах юм бол тэнгэр газар шиг их зөрүү байна. Гадаадын иргэнтэй гэр бүл болж байгааг буруутгах нь утгагүй. Хайр сэтгэлтэй бол ямар үндэстэнтэйгээ гэрлэх нь тухайн хүний асуудал биз. Эндээс харвал Монгол Улс- бэр улс болж хувираад байна. Гадаад хүнтэй гэрлэсэн монгол эмэгтэйчүүд эр нөхрөө дагаад гадаад явах нь нийтлэг. Тэндээ хүүхдээ төрүүлж, өнөө хүүхэд нь тухайн улсын удмын санг шинэчлэхэд хувь нэмэрээ оруулж байгаа юм. Уг нь монгол эрчүүд гадаад эмэгтэйтэй гэрлээд, Монголд амьдарч, үр хүүхэд нь Монголд өсөж торниж, монгол ёс заншилаар хүмүүжиж, монголыг гэсэн сэтгэхүйтэй байх юм бол уг нь ашигтай. Монголчууд хоорондоо гэрлээд цус ойртоод дундаас нь мангардуу хүүхэд төрөөд байна гээд байгаа. Цус ойртохоос сэргийлээд ургын бичиг хөтлөх болсон.  
Монгол хүүхнүүд хэрхэн гадаад залуутай танилцаж байгааг бас ажиглав.
1. Гадаадад сурч ажиллаж байгаа монгол бүсгүйчүүд тухайн улсынхаа иргэнтэй таницах, эсвэл тухай улсад мөн ажиллаж амьдарч байгаа гуравдагч орны иргэнтэй танилцаж гэрлэж байна.
2. Монголд янз бүрийн шугамаар ирсэн гадаад эрчүүдтэй монгол эмэгтэйчүүд танилцаж гэрлэж байна.
3. Монголдоо байгаа эмэгтэйчүүд зориуд гадаад хүнтэй гэрлэхийн тулд танилцах албанд хандах, эсвэл интернэтийн танилцах сайтууд, social network-өөр дамжуулан танилцах гэр бүл болох нь түгээмэл.
Гадаад эртэй гэрлэж байгаа шалтгааныг нь тодруулахад дараах хариултууд ирж байна.
1. Би энэ хүнд үнэхээр хайртай. Тэр ямар үндэстэн байх нь чухал биш.
2.Монгол эрчүүд архичин, шалиг завхай, банзал. Тэд арчаа муутай. Тэгсэнээс гадаад хүнтэй гэрлэсэн нь дээр
3. Гадаадад гарч амьдрахын тулд гадаад хүнтэй гэрлэж байна. Ялангуяа гадаадад амьдрахын тулд хууль ёсоор амьдарч болох бичиг баримттай болох гэж ийм алхам хийсэн.

Гадаад эртэй гэрлэсэн монгол эмэгтэй бүр аз жаргалтай сайхан амьдарч байна уу? гэдэг асуулт эндээс гарч байна. Гадаад эртэй гэрлэсэн монгол хүүхнүүдийн 90 орчим хувь нь 3 жилийн дараа гэрлэлтээ цуцлуулсан байх юм. Тэд гэрлэлтээ цуцлуулах үедээ нэгээс хоёр хүүхэдтэй болсон байх нь түгээмэл. Шведээс ч билүү, Щвейцарьт ч билүү? Гадаад хүнтэй суусан монгол эмэгтэй нөхрийнхөө дарлал, зодуурыг тэсэхээ байгаад хүүхдээ хулгайлаад Монголд ирсэн тухай өдөр тутмын мэдээллийн сайтад гарсаныг уншсан юм байна. Одоогоос хэдхэн сарын өмнө Япон залуутай гэрлэсэн монгол бүсгүй хүүхдээ аваад нөхөрөөсөө зугатааж ирсэн тухай чих дэлсэв. Бас л Япон нөхөрийнхөө чигчий хурууны чилээг гаргах зодуурын бай болжээ. Солонгос залуутай гэрлэсэн миний таних  өөр нэг бүсгүй гэрлэлтээ цуцлуулсанаа надад дуулгав. Мэдээж салж сарнисан хүмүүс инээж наргиж байгаад хоёр тийшээ болсон нь юу л бол. Хэрвээ амьдрал нь болж бүтэж байсан бол  ямар хүн гэрлэлтээ цуцлуулах вэ дээ? Тэр одоо өөр Монгол залуутай амьдралаа холбосон. Ингээд бодохоор хүнээ л олж суухгүй бол гадаад хүргэн бурхан. Монгол залуу бол новш гэж эндүүрч болохгүй байх нь. Тэр олон дунд сайн нь ч бий. Муу нь ч бас бий. 
За өнөөдөр гэнэт онгод ороод баахан юм бичиж орхилоо.