Блог ертөнцөө эргэж тойрохгүй уджээ. Энэ MNED яачив ийчив гээд зарим нэг хүмүүс эрэл сурал болсон байна. Арай өнөөх чинь үхсэн юм биш биз дээ? гэх хүмүүс ч байна. Зарим нь чи яагаад party-нд очихгүй байгаан ч гэж утасдаж байх шиг. Нэг хэсэг нам жим байсан шалтгаан нь их энгийн. Ажил алба, үүрэг хариуцлага нэмэгдээд байхаар хувийн амьдрал, зугаа цэнгэл жаахан золиослогдоод байх юмаа. Хамгийн сүүлд уншсан номныхоо тухай бичье. Их дэлгүүрийн 6-р давхарт байдаг номын дэлгүүрээр санаандгүй шахуу яваад орчихлоо. Номын хоббитой юм болохоороо дотор нь баахан удлаа. Хэрэгтэй хэрэггүй түмэн жорын ном өрөөстэй. Нэг үеэ бодоход Монголд номын дэлгүүр дажгүй болсон шүү. Хүмүүс ном уншихгүй байна гэсэн шүүмжлэл байдаг даа. Миний насны залуус харин ч ном уншдаг гэж би хэлмээр байна. Итгэхгүй бол номн дэлгүүрээр ороод үзээрэй. Ном сонирхож байгаа болоод л номын дэлгүүр үйлчлүүлэгч ихтэй, лангуу дүүрэн ном өрөөстэй байна.
АНУ-ын Лос Анжелос Таймс сонины Бээжин дэхь товчооны даргаар ажиллаж байсан сэтгүүлч Барбара Дэмик хэмээх сэтгүүлч бүсгүйн туурвисан "Атаархах зүйл үгүй" номыг худалдаж авлаа. Дэлхийн хамгийн хаагдмал гэгддэг Хойт Солонгосын ард түмний бодит амьдралын тухай өгүүлсэн сонирхолтой ном байна. 352 хуудастай зузаан ном. Ш.Энхжаргал гэж хүн орчуулж, өнөө цаг үеийн шилдэг зохиолчдын нэг Л.Өлзийтөгс хариуцлагатай редактороор нь ажилласан юм байна. Номын эхний хуудсыг нээгээд уншаад үзлээ. Сэтгүүл зүй-баримтат уран зохиолын дундаас төрж гарсан Non-fiction жанраар бичигдсэн энэ номын үйл явдалд нь хөтлөгдөөд улам бүр шимтэн уншсаар байлаа. Ням гарагийн орой уншиж эхлээд даваа гарагийн орой гэхэд хамгийн арын хуудсыг нь эргүүлсэн дээ. Даваа гарагт 08-17 цагийн хооронд ажил албаа хийсэн. Тарчиг амьдралаас дайчиж эх орноосоо хууль бус замаар дүрвэж Хятад, Монгол Улсын нутгаар дамжин Өмнөт Солонгост очсон хүмүүсийн ярианаас сэдэвлэн бичсэн энэ номыг уншаад үзээрэй гэж зөвлөе. Хойт Солонгосын залуусын хайр дурлал, дундаж амьдралтай иргэдийнх нь ахуй амьдрал, хөдөлмөрийн лагерьт насаараа тамлагдах ялд унасан хүмүүс, өлсөхийн эрхээр модны навч, өвсөөр гол зогоож байгаа хүмүүс...
Дэргэд нь Монголд аж төрж байгаа бид чинь залхуурахгүй л бол хэнд ч атаархахгүй харин ч харийнханд атаархал төрүүлж амьдрах боломж байна аа.
