Сүүлийн үед би ер нь олон ангит киног тоож үзэхээ болиод удаж байгаа юм. Ялангуяа телевизээр үзүүлдэг Солонгосын олон ангит киног бол нэг нүдээрээ ч тоож харахгүй шүү дээ. Монголын телевизүүдийн хийсэн олон ангит кино болохоор зохиол муутай, продакт плейсмэнт сурталчилгааг улайм цайм дэндүү их хэрэглэнэ. Тэгээд дундуур нь гардаг рекламны роликнуудыг оруулах юм бол кино рекламны алийг нь үзээд байгаагаа бүүр ойлгохоо болиж байгаа юм даа. Ядаж байхад MNB-ийн хийдэг олон ангит кинонууд бүүр суртал ухуулагын шинж нь хэтэрхий давамгайлсан юм шиг санагддаг. MNB-ийн хийсэн эмч нарын тухай 60 ангитай кино сүүлдээ Ламбаа гуайн ажлын тайлан лекц шиг болж билээ. Уг нь бол би энэ удаа Монгол, Солонгос сериалыг муулах гээгүй. Харин Японы олон ангит киноны талаар бичих гэсэн юм байгаан. Сүүлийн 7 хоногийн турш ORANGE DAYS гээд Японы TBS телевизийн олон ангит киног шимтэн үзэж байнаа. Сонсгол муу, ярьж чаддаггүй хөгжимчин бүсгүй, өрөвч сэтгэлтэй царайлаг залуугийн дурлалын түүх.
Гэнэн хонгор жаал байхдаа Японд очиж үзэх юмсан гэж мөрөөддөг байж билээ. Тэр ч бүү хэл япон хэлний өөрөө сурах бичгийг багшийн дээдийн хажууд байдаг хуучин номын худалдаанаас авч хэдэн үсэг, ханз цээжилж байлаа. Олигтой сайн заагаад өгчих хүнгүй байсан болохоор тэгэс ингэс гээд тэр номыг орхисон. Гэхдээ одоо хэдэн япон үг толгойд үлдсэн байна аа.
