Амьдралын тойрог

2012-06-13

Муу мэдээ + сайн мэдээ +сайн мэдээ+ сайн мэдээ....

Блогоороо шагайлгүй удсан байна. Энэ хугацаанд ажлын араас гүйсээр байгаад л таарлаа. Одоо ээжлийн амралт эхлэж байна. Бусад хүмүүсийн блог руу өнөөдөр л нэг юм шагайж орж үзлээ. Түрүүчийн удаа 4-р сарын 30-нд блогтоо тэмдэглэл оруулж байсан юм байна. Тэр цагаас хойш олон юм болсон л доо. Гэхдээ заримаас нь мартаж эхэлсэн байна. Сая 4-р сарын 30-аас хойш надад юу тохиолдсон билээ? цаг хугацааны дараалалаар нь бодох гэтэл санаанд олигтой юм орж ирэхгүй байна. Харин энд тэндээс эмх цэгцгүй, ямар ч дараалалгүй дурсамж л орж ирээд байх юм.  За санаж байгаагаасаа эхлээд бичье. 
Эртүүд гоо сайхны газар очиж нүүрэндээ иллэг хийлгэнгээ, нүүрэн дээр гарсан ганц хоёр ширхэг батгаа шахуулж, цэвэрлүүлэхээр явлаа. Таксинд явж байхдаа нэг хуурай эгч рүүгээ утсаар ярих ёстойгоо санаад залгалаа. Бла бла... гээд баахан л ярьлаа. Гоо  сайхны газрын үүдэнд такси ирж зогсоход нь би халааснаасаа түрийвчээ гаргаж мөнгөө төллөө. Намайг машинаас буумагц зөрөөд нэг эмэгтэй ороод суулаа. Машины хаалга хаагдагц би гар утсаа машинд орхисон байна гэдгээ мэддэг байгаа. Хүүе, хаая гэж нэг орилсон боловч такси тэр чигээрээ давхиад өгсөн.. Би ямар наадмаар уралдуулдаг хурдны морь юм уу? За ингээд гар утасгүй болчихсон доо.  Байнга үйлчлүүлдэг гоо сайханч бүсгүй намайг таниад сүйд. Гар утсаа таксинд мартсанаа ярьж сэтгэлээ онгойлголоо. хэхэ. Миний гар утсыг таксины жолооч авсан уу? Эсвэл надтай зөрж таксинд суусан эмэгтэй авсан уу? Бүү мэд. 
2 өдрийн дараа шинэ гар утас худалдаж авлаа. Гэхдээ өмнөхөөсөө сайжруулсан. Хуучин дугаараа сэргээгээд утсаа асаалаа. Нэгж авч хийлээ. Гэтэл хэдэн нэгж зээлийн эргэн төлөлт гээд суутгаад авчихлаа. Өнөө муу луйварчин чинь гар утасны олзтой. Дээр нь бас гар утасны оператор компаниас нэгж зээлсэн байгаа юм даа. Анхаарал болгоомжгүй, хайнга байхаар ингэж л хөөрхөн хохирдог юм байна. За энэ бол муу мэдээ нь. 


Сайн мэдээ гэвэл гүрийтлээ хэд хэдэн газар очиж ажилласаны үр дүн гарлаа. Хэд хэдэн газраас цалин мөнгөө бөөн бөөнөөр нь авч түрийвчээ жаахан зузаан болгосон. Одоо ээлжийн амралтын мөнгөө хүлээж байна.


Өнөөдөр нэг казах охин надад үндэснийхээ малгайг бэлэлэсэн. Удахгүй зурагийг нь оруулна аа. Энэ бол бас сайн мэдээ байгаа биз дээ. 


Дэндүү их сууж ажилласанаас болоод хүзүү мөр хөшиж биед зовиуртай боллоо. Тэгэхээр нь бариач дээр очиж массаж хийлгэсэн. Улаанбаатар хотод харааны бэрхшээлтэй хүмүүсийн ажиллуулдаг массажны төв хэд хэдэн байдаг юм байна.  Очиж бүтэн биений массаж хийлгэж, бумбадуулж хүзүү нурууныхаа чилээг гаргалаа. Одоо бол хамаг бие хөнгөрөөд сайхан л байна. Гэхдээ ер нь бол над шиг офист компьютер ширтэж суудаг хүмүүс хаяа нэг массаж хийлгээд байвал зүгээр л юм шиг санагдсан. 


Нээрээ мартсанаас нөгөө спортын клубдээ явж эхэлсэн. Хуучин яювж байсан gym-дээ очлоо. Манай клубын залуус намайг хараад сүйд болж байна. Ашгүй чи минь хүрээд ирээ юу? За алив, цээжний дасгалаа хий. Одоо мөр, дараа нь бугалганы дасгал гэж ирээд.. хөөрхөн хөөрхөн баки биетэй залуучууд надад зөвлөгөө өгөөд л... Дассан газрын даавуу зөөлөн гэж энэ л байхдаа. Нээрээ саяхан жингээ үзсэн чинь 64 кг болчихсон байна. Уг нь яг өнгөрсөн жилийн 6-р сард 57 кг байсан юм. 


Монголд сүүлийн 7 хоног бороо ороод цаг агаар сэрүүхэн ямар сонин байв аа. Зун болохгүй нь ээ гэж хүмүүс хоорондоо ярилцаад л... Гэхдээ өчигдөртэй харьцуулахад өнөөдөр эрс дулаахан байна. 


Сонгуулийн сурталчилгаа ид дундаа орчихсон явж байна. Гэртээ сууж байхад хаалга үүд байнга балбаастай. Онгойлгоод харахаар сурталчилгааны сонин, зурагт хуудас тараасан оюутан юм болов уу? гэмээр годгоносон охин, сөөвгөр банди нар. 
Уржигдар манай байрны үүдэнд нэг намын сурталчилгааны машин ирээд бөөн дуу хөгжим хангинууллаа. Би талх авахаар дэлгүүр оронгоо өнөө сонгуулийн сурталчилгаа хийж байгаа машины жолоочид нь дөхөж очоод "Манайх нялх нярай хүүхэдтэй айл. Та нар наад дуу хөгжимөө багасгачих тэх үү?" гээд хэлж орхилоо. Тэгсэн нөгөөдүүл чинь лаг эелдэгээр "No problem" гээд дуу хөгжимөө унтраагаад манай байрны урд талын зогсоолоос явсан шд. хэхэ. Надад ямар юмных нь нялх хүүхэд байхав. Сонгуулийн сурталчилаа хийж байгаа хүмүүсийг л түвэгшөөхдөө ийм бяцхан заль хэрэглэсэн юм. 
За ингээд өнөөдрийн тэмдэглэлээ дуусгая даа. Дараа 7 хоногт гоё сонин сайхнаа хуваалцана аа.










2012-04-30

Амралтын өдөр

Бямба гарагт ажлынхаа хэдэн хүнтэй хамт амралтанд явлаа. Амралт гээд учиргүй хол яваагүй ээ. Улаанбаатар хотоос 50 орчим км-ын зайтай л газар очлоо. Буйдхан газар хэдэн гэртэй. Ингээд л амралтын газар. Амралтын гэхээсээ илүү архидах хамгийн боломжтой газар. Би ч ямар архи дарс уух юм биш. Амралтын газар очоод нэг жижигхэн адал явдалтай учирдаг юм байна. Хүмүүс архидаад халчихсан. Нар ч жаргалаа. Жорлон ороод буцаж явтал нэг шар толгойтой залуу намайг "өдөж" хэдэн үг солиж байна. Америк залуу. Хамт явж байгаа хүмүүс нь нэлээн шахсан бололтой. Үг хэл нь ээдэрээд архи хүртжээ. Тэр залуу монголоор хазгай муруй хэдэн үг хэлж байна. Би өөдөөс нь мэддэг англи үгнүүдээ холиод хазгай мурай бас ярьлаа. Жаахан ойлголцлоо.  Монголд 3 жил болох ёстой юм байх. Тэр залууг хараад манай "ангийнх" байж магадгүй юм байна. Шар толгойтоос тэгэс ингэс гээд би салж гэртээ орлоо. Гэтэл хэсэг хугацааны дараа өнөө шөр толгойт чинь манай ажлынханы /бидний байгаа/ гэрт урилгагүй ороод ирлээ. Хэсэг жаахан сууж байснаа өнөөх чинь манай ажлыг нэг махлаг залуутай л чалчаад суулаа. Тэгсэнээс өнөөх чинь coming out хийж би гей гэж хэлж орхив. Манайхан ч аан тийм үү? Бид ойлгоноо гэсэн утгатай юм хэллээ. Чамайг ч би манай ангийнх гэж бодож байсан нь оножээ. Би ч мэдрэмжтэй байна шүү гэж дотороо бодож суулаа. Ингэж байтал өнөө Америк залуу чинь манай ажлын газрын махлаг залуу руу улайм цайм чичирээд дайрч байна. Өнөөх чинь анги биш юм болохоор эхэндээ тоглоом шоглоом болгоод хаях гэж оролдов. Байдал бүүр бишдээд байхаар нь манай ажлын махлаг залуу жинхэнээсээ уурлаж, нөгө америкийг тонгороод унагаачих нь тэр. Еэ бүү үзэгд. Байдал бүр хурцдахаас нь өмнө манай хүүхнүүд америк эрийг гэрээсээ гаргаж, гэрт нь оруулж хамт яваа хүмүүст нь тушааж санаа амарсан. Маргааш өглөө нь өнөө америк эр огт үзэгдгүй. Бодвол өчигдөр шөнийн явдлаасаа болоод ичээд гэрээсээ гарахгүй байгаа байх гэж манай хүүхнүүд ярилцаж тас тас хийж инээж байна. Харин би чимээгүйхэн л санаа алдаж суулаа.

2012-04-16

Улс төрийн амьдрал

Энэ 2012 он гарсанаас хойш монголын улстөрчид тасралтгүй хэрэлдэж байна аа. Эхлээд АН-ынхан МАН-тай муудалцаж 2012 он эхэлсэн шүү дээ. Намчирхаж хэрэлдэж байсан нь жижигрээд намын гишүүдийн түвшинд хэрүүл эхэлсэн дээ. Баттулга, Нямдорж гээд... Өнөө 7/1-ийн үймээнтэй холбоотой асуудлаар цагдаагийн дарга нарыг шүүхэд дуудаж Сүхбаатар дүүргийн шүүхэд зад хэрэлдэж байна. Цагдаа нарын дарга нарын өмгөөлөгч нь хүртэл шүүгчийн өөдөөс хэдэрлэсэн гэж буруутгагдаад түр хоригдчих юм. Ингэж байтал экс ерөнхийлөгч Энхбаярыг баривчилж байгаа нь энэ гээд бүтэн шөнө реалити шоу телевизээр гарлаа. Хуучин цагт бол хэн нэгэн хүнийг баривчилж саатуулахдаа дээлийг нь нөмөрүүлдэг байсан бол одоо оймсийг нь харуулаад аваад явдаг болж. Энэ цагаас хойш оймсыг нь өргөөд бариад явсан даа л гэж ярьдаг болох нь. Энэ улстөрчидийн хэрүүл уруул 2012 оноор ч зогсохгүй байх даа. Ер нь энэ хүмүүс улс төр рүү юундаа ингэж дурладаг юм бол оо?