Амьдралын тойрог

2012-10-14

На байкал

Улаанбаатараас Улаан-Үд рүү автобусанд явж байхдаа "На байкаль" гэж кино үзсэн юм байна. /Автобус нь зурагттай юм билээ./ 

 Буриадын залуу уран бүтээлчидийн хийсэн хамгийн сүүлийн үеийн кинонуудын нэг. 
Жанр: инээдмийн, мелодрам
Киноны сюжет:  Санкт-Петербург хотод сурдаг Валентин гэгч орос оюутан Байгал нуурын тухай сэдвээр дипломын ажил бичих даалгавар авна. Нэлээн хэдэн жилийн өмнө ангид нь нэг буриад залуу сурлагаараа тэнцэлгүй нутаг буцаж байсаныг  гэнэт санаж Улаан-Үд рүү явж байгаагаар бүх үйл явдал цааш өрнөнө дөө. Байгал нуурын эрэг дээр дөрвөн найз хэрхэн хөглөж байгааг хараад элэг хөштөл инээсэн шд. Бүтэлгүйтэлийн хажуугаар хайр дурлал, хардалт.... 


Сэтгэгдэл: Залуучуудад зориулсан тун дажгүй кино. Монголд энэ киног орчуулаад гаргавал зүгээр л юм шиг санагдсан.  Киноны үйл явдалыг нь Буриадын янз бүрийн домог үлгэртэй хослуулж жишиж зүйрлэсэн нь киног бүр ч сонирхолтой болгож өгсөн байна лээ.  Интернэт ухсан чинь "На байкал"  уран сайхны киноны 2-р ангийг нь хийж байгаа сурагтай байсан.

2012-10-07

Эрхүү хүрэх зам

Улаан-Үд хотоос Эрхүү хот руу өдөрт хэд хэдэн галт тэрэг аяладаг. ХХ-р зууны дунд үеэс эхлэн монголчуудад өрнө дахины боловсрол олгож ирсэн газар нь яах аргагүй Эрхүү. Энэ хотод хэд хэдэн удаа ирж байсан ч тухтай аялаж, алхаж явсангүй. 
Галт тэрэг Улаан-Үдээс 16.00 цагт хөдлөв. Вагоны үйлчлэгч нь гэж хоёр бүдүүн орос авгай. Муухай ааштай гэж жигтэйхэн. Орон нутгийн вагон болохоор жижигхэн тосгон бүрийн дэргэд нь ирээд 5-10 минут зогсоно шүү дээ. Харин замаас хүн нэг их суугаад байхгүй юм. Слюдянка гэдэг загасаараа алдартай жижигхэн тосгон бий. УБ-Москва чиглэлийн вагоноор явж байхад монголчууд энэ газраас утсан, шарсан, чанасан, хатаасан загас авч амтархан иддэг сэн. Гэтэл энэ удаа вагонд явж байгаа оросууд бол тэр Слюдянкагийн загаснаас тоож авч иддэггүй юм билээ. Нэгдүгээрт хэтэрхий үнэтэй; хоёрдугаарт, замын зогсоолоос хүнс авах нь чанар эрүүл ахуйн талаасаа тийм ч найдвартай биш гэж вагонд явсан орос эмээ сургажилж байна аа. Байгаль нуурийн хажуугаар галт тэрэг бүтэн 4 цаг явлаа. Төмөр тэрэг санжигнаж явсаар оройны 23:00 цагт Эрхүүгийн галт тэрэгний буудал дээр буулаа. Маргааш өглөө нь Сибирь авиа компаний онгоцоор Москваг зорьлоо. 

2012-10-04

Улаан-Үд хотод өнгөрүүлсэн нэг хоног

Блогоороо шагайлгүй дахиад л баахан удчихлаа. Уг нь сонин болгоод бичихээр чухал зүйл болоогүй болохоор нь хэсэг таг чиг орхисон л доо. Гэтэл сүүлдээ бол бүүр блог гэж бодох ч сөхөөгүй бичиг цаас хөөцөлдөж явлаа. 9 сарын эхний 7 хоногт Улаанбаатарт монгол орос хурган дарга нарын өрөөний үүд сахиж суулаа. Ядаж байхад миний нэрийг ч зөв бичээд цаасан дээр хэвлэж чадахгүй арчаагүй монгол хурган дарга нар байх юм аа. 
Надаа ер нь явдаг ганцхан л улс байна аа. Яагаав, нөгөө л нэг Орос. Улаанбаатараас шууд нислэгийн билет авах гэтэл онгоц пиг дүүрсэн юм байхаа. Тэгэхээр нь Улаан-Үдээс Москва руу оросын орон нутгийн онгоцоор нисэж очих мэргэн санаа төрж, бодож санасанаа хэрэгжүүлэхээр юм боллоо. Улаанбаатараас гарахын өмнө Улаан-Үдээс Москва руу нисэх онгоцны билет интернэтээр захиалах гэж оролдсон боловч бүтсэнгүй ээ. Ер нь энэ оросын сайтуудаас интернэтээр худалдаа хийхийн тулд оросын нутагт л байх хэрэгтэй юм шиг байна гэсэн ойлголт төрсөн.
9 сарын 8-ний ургахын улаан нарнаар Энхтайвны гүүрний орчимд чемоданаа чирээд очлоо. Өглөө болгон энэ хавиас Улаан-Үд хот руу автобус явдаг юм билээ. Автобус өглөө 7:30-д хөдөлдөг юм билээ. Хамт явах ёстой нэг жаал ирдэггүй ээ. Автобус хөдлөөд нэгдүгээр хороололын орчимд явж байхад нөгөөх чинь араас утасдаж байна. Урьд шөнө нь шоудаад өглөө нь тас унтчихаж гэнэ ээ. Автобус Сэлэнгэд ирсэн хойно өнөөх чинь араас такси хөлөглөж ирээд автобусны урдуур улаан тоос манаргаж сүртэй гэгч нь надтай зам нийлж авсан шд. Улсынхаа хойд хилийг автобус хөлөглөж давж байгаагүй юм байна. 
Алтанбулаг-Хиагт /Кяхта/ хилийн боомт. Монгол Улс-ОХУ-ын хилийн зааг
Монголын хил давмагц Кяхта гэдэг хилийн жижигхэн боомт тосгон бий. Оросууд л Кяхта гээд нэрийг нь өөрсдийнхөө дуудлагад тохируулаад өөрчилсөнөөс биш, уг нь Хиагт гэдэг газар.
Шивээ Хиагтыг авахад
Шилэн дэнлүүг хэрэггүй
Шийдээд ирсэн гамингуудыг
Ширмэн бөмбөгөөр сөнөөв
гээд 1921 оны үеийн хувьсгалын тухай дуунд ч энэ газрын нэр мөнхөрсөн дөө. Ингэхээр Хиагт бол өмнө нь манай Монголын л газар байсан юм шүү дээ.  Хиагтад хилийн бүсээс холгүй оросууд үнэн алдартаны шашныхаа сүмийг бариад авсан юм билээ. Ерөөс орос хүн байгаа газар үнэн алдартаны шашны сүм заавал баригддаг нь бичигдээгүй хууль юм даа. Хиагтаас цаас хагас өдөр явж үдшийн бүрий болсон хойно Буриадын Улаан-Үд хотод ирлээ. Улаан-Үд хотоор олон удаа дайран өнгөрч байсан боловч хотын төвөөр нь тааваараа алхаж байгаагүй. Улаан-Үд хотод ирмэгцээ маргааш өглөө нь Москва руу нисэх онгоцны билет авах төлөвлөгөөтэй байсан юм. Гэтэл "День города"-г гээд бөөн баяр хийсэн хүмүүс. Онгоцны билет зараад зогсож байдаг нэг ч хүн алга. Хотын төв талбай дээрээ тайз засаад шоу хийж салют буудуулаад сүйд болж байна. Улаан-Үд хотод нэг буриад айлд очиж хоноод маргааш өглөө нь "Байкал" олон улсын нисэх онгоцны буудал орж Москва руу нисэх билет авах болов. Сүүлийн нэг жилийн дотор Улаан-Үд хотын нисэх онгоцны буудалд засвар, өргөтгөл хийгээд өнгө төрхийг нь сайжруулсан юм билээ. Улаан-Үд хотоос Улаанбаатар, Бээжин, Бангкок, Манжуур, Анкара, Ханой руу нислэг хийдэг болсон юм байна. Ийм болохоор  өмнө нь навсайж байсан нисэх буудлын өнгө төрхийг нь өөд нь татсан нь энэ.
Улаан-Үдийн нисэх буудал засварын өмнө
Улаан-Үдийн нисэх буудал засварын дараа

Улаан-Үдийн барилга байшин нь ерөнхийдөө 1990-ээд оны эхэн үеийн Улаанбаатар хотын 3-р хорооололтой тун төстэй. Харин сүүлийн жилүүдэд хотын захаар өвөрмөц загвартай барилга барьсан байна лээ. Бас Улаанбаатарчуудын мөрөөдөл болоод байгаа давхар зам, том гүүрэн зангилаа барьсан байна. Хар үүрээр буриад айлаас гарч хотын төвөөсөө 7 км-ийн зайтай байдаг нисэх онгоцны буудал руу нь таксидлаа. Дуудлагын такси 350 рублиэр  нисэх руу хүргэж өгдөг юм байна. Нисэх дээр нь очоод билет авах гэтэл интернэтээр хямдхан байсан билет 2 дахин өндөр үнэтэй болчихож. За ингээд дараагийн аргаа сүвэгчиллээ.  Эрхүүгээс Москва руу нисэх билет асуусан чинь хямдхан юм дуугарч байна. Ингэхээр нь 9 сарын 10-нд Эрхүүгээс Москва руу нисэх онгоцны билет авчихлаа. Ингээд нисэх буудлаас нь дахиад хотын төв рүү буцлаа. Улаан-Үдийн нисэх буудлаас галт тэрэгний буудал руу нь таксидлаа шд. 

Улаан-Үдийн галт тэрэгний буудлын энэ байшинг өмнө нь олон удаа галт тэрэгний цонхоор харж байсан даа. Харин энэ удаа өмнүүр хойгуур нь алхаж, дотор нь орж билетийн кассыг нь хайсан шиг явлаа. Улаан-Үдээс Эрхүү рүү явах оросын орон нутгийн галт тэрэгний билет худалдаж авлаа. Галт тэрэг нь 16 цагийн үед Улаан-Үдээс хөдөлдөг юм байна. Тэгээд оройн 23 цаг гэхэд Эрхүүд хүрдэг юм байна. Хамт яваа жаалтайгаа хамт чемоданаа тээш хадгалдаг газар үлдээчихээд Улаан-Үдийн төвөөр нь баахан алхаж зугааллаа. 
 Улаан-Үд хотод байдаг Монгол Улсын консулын газрын барилга. Профсоюзная улица. дом 6 гэсэн хаягтай юм билээ. Тэр хавьдаа л хамгийн гоёмсог загвар дизайнтай байшин 


 Улаан-Үд хотын Арбатын гудамж

 Улаан-Үд хотыг өмнө нь монголчууд Дээд-Үд гэж нэрлэдэг байсан. Үүнийг нь Оросууд тэр чигээр нь орчуулаад Верхнеудинск гэж нэрлэж байж Харин хожим Улан-Удэ гэж нэрлэх болсон.
Улаан-Үд хотын төв талбай. Энд ОХУ-ын Буриадын бүгд найрамдах өөртөө засах орны төрийн ордон нь бий. Хотын төв талбай дээр нь аварга том Лениний толгой бий дээ.Энэ бол Ленинд зориулж хийсэн хөшөө дурсгалуудаас дэлхийн хамгийн том жинтэй нь юм гэнэ.   4 метрийн диаметр, 42 тонн жинтэй энэ аварга том хэмжээтэй толгойг одоо ямар учиртай байлгаад байгаа нь надад лав ойлгомжгүй санагддаг юм. 
Улаан-Үд хотын Арбатын гудамжны нэг жижигхэн цайны газар орж өдрийн хоолоо идлээ. Буузыг - поза, гурилтай шөлийг -шулэн гэж нэрлэсэн байна лээ.Зөөгч тавагтай хоол аваад ирэхээр нь порц нь жаахан юм даа гэж голонгуй л суулаа. Би шулэн, цуйван авч идсэн чинь хөөрхөн под гээд цадсан шд...
За ингээд Улаан-Үд хотод өнгөрүүлсэн нэг хоног иймэрхүү. Галт тэрэг хөдлөх цаг дөхүүлээд вокзал дээр нь ирж Эрхүү рүү явсан даа.