Одоогоос хэдэн өдрийн өмнө Москвагийн политехникийн музейд очлоо. Энэ музей 140 жилийн өмнө байгуулагдсан юм гэнэ. 2018 он хүртэл Политехникийн музейд их засвар хийх гэж байгаа гэсэн сураг сонсоод ийнхүү яаран очсон хэрэг. Одоогоос 2 жилийн өмнө энэ музейд анх удаа очиж үзсэн юм. Би техникийн мэргэжлийн хүн биш боловч техник, технологийн талаар шинэ мэдээлэл авч, эртний тоног төхөөрөмж, одоо хэрэглээнээс гарсан гэрийн тавилга, цахилгаан бараа зэргийг харж нүдээ баясгахад сайхан байсан юм. Тэр сайхан мэдрэмжийг дахин авах гэж Политехникийн музейд дахин очсон нь энэ. 2 жилийн өмнө очиж байхад байсан үзмэрүүд бүгд хэвэндээ. Их засварын дараа "супер" болж шинэ үзмэрээр өв сангаа баяжуулах байлгүй дээ. Энэ музейд "хуучин" техник голдуу байдаг тул зураг авахыг зөвшөөрдөг юм. 2 жилийн өмнө энэ музейд авч байсан зарим зургуудаас блогтоо оруулая. Уул уурхайн тоног төхөөрөмж, олборлолт хийдэг арга технологи, гэрэл зургийн аппарат, дуран, видео камер, зурагт, хөгжим, пянз тоглуулагч, кино урлагт анх ашиглаж байсан тоног төхөөрөмж, сансар судлалын салбарынханы ашигладаг байсан тоног төхөөрөмжийн загварууд, Оросын хамгийн анхны атомын бөмбөг хүртэл энд музейд хадгалагдаж байгаа. Мэдээж атомын бөмбөг нь цэнэггүй. Хотынхоо төв цэнэгтэй атомын бөмбөг хадгалаад сууж байдаг тэнэг улс гэж хаа байхав.
Зураг 1. Балар эртний гэрэл зургийн аппаратууд
Зураг 3. ХХ-р зууны эхээр Оросуудын ашиглаж байсан видео камер. Ийм л эдээр кино хийж байж шүү дээ.
Зураг 4. Социализмийн үеийн Орос орны техникийн дэвшилийн дээж нь энд байна. Дээр үеийн радио хүлээгч авагч, хөгжим тоглуулагч. Энд тавьсантай ижилхэн маркийн радио хүлээн авагчийг Монголд ч айлууд хэрэглэдэг байсан бизээ.
Зураг 5. Яг ийм радио хүлээн авагч дээр үед Монгол айлуудад ч байдаг байсан даа. Хөдөөний айлууд бол бүүр авдар дээрээ залж, тоосыг нь арчиж, алчуураар бүтээж нандигнадаг байсан гэхэд би л хувьдаа эргэлзэхгүй.
Зураг 6. Оросын Санкт-Петербургийн техникийн их сургуулийн эрдэмтэн Поповын зохион бүтээсэн аянга цахилгаан мэдрэгч хэмээх төхөөрөмж. Радио өргөн нэвтрүүлэг явуулах зарчимыг анх энэ төхөөрөмжөөс санаа авч боловсруулсан гэж байгаа.
Зураг 7. Энэ бол ХХ-р зууны 50-60-аад оны үед Оросын радиод ашиглаж байсан дууны соронзон хальс уншдаг төхөөрөмж
Зураг 8. Дээр үеийн кино механикийн төхөөрөмж. Аль нэг кино театраас л музей рүү шилжүүлсэн байх.
Зураг 9. Хүүхэлдэйн кино хийдэг байсан камертай, тусгай ширээ. Бидний сайн мэдэх "Ну погоди" -г энэ ширээн дээр хийсэн ч байж мэдэх юм.
Зураг 10. Дээр үеийн цэргийн техник.
Зураг 10. Кино урлагаа гэж...
Зураг 11. Энэ бол радио хүлээн авагч. Сталины ажлын өрөөнд байсан гэж тайлбар дээр нь бичсэн байлаа. Аймшигтай том авдар. Энэ музейд бол иймэрхүү юм олон бий.
Зураг 12. Пянз тоглуулагч. Хээ угалз нь чамин гэж жигтэйхэн. Тухайн үедээ их л үнэтэй байсан биз. Одоо ч гэсэн иймэрхүү эртний техник хэрэгсэл тэнгэрт хадсан үнэтэй л байдаг. Ер нь гэртээ байгаа зарим нэг техник хэрэгсэл, цахилгаан барааг хаялгүй хадгалаад байвал цаг хугацаа өнгөрөх тусам улам үнэ орж мэдэх ч юм билүү. Одоо хэрэглэж байгаа гар утсаа хадгалаад 60 жилийн дараа Сотбисийн дуудлага худалдаанд оруулж болох л юм байна. /гэнэн мөрөөдөл байна уу?/
Зураг 13. Дээр үед телевизэд ашиглаж байсан тоног төхөөрөмжүүд
Зураг 14. Энэ зурагт, пянз тоглуулагч, радио хүлээн авагчтай их супер эд. 3/1 гэдэг байхаа. Анэх худалдаанд гарч байхдаа хэр баргийн хүн худалдаж авч дийлэхээргүй үнэтэй байсан биз.
Зураг 15. Энэ зурагтны дуу өсгөгч нь дэлгэцнээсээ том юм гээч. Бодвол их л чанга дуутай эд байсан байлгүй дээ.
Зураг 16. Энэ зурагтны дэлгэц нь тун жижигхэн. Гэхдээ дотороо устай гүдгэр шилтэй болохоор дүрс нь томорч харагдаж байгаа юм даа. Энэ чинь өнөөгийн LCD /шингэн талст бүхий дэлгэц/-тэй зурагтны "анхны хувилбар" юм биш үү?
Зураг 17. Сансрын төхөөрөмжүүдийн жижигрүүлсэн макетууд
Зураг 18. Дэлхийн анхны хиймэл дагуулын загвар
Зураг 19. Анхны компьютерууд.
Зураг 20. Энэ олон цаг тавьсан тасалгаанд орох юм бол хэдэн цаг болж байгаа хэдийд ч мэдэж болно гэж байгаа... Хөхөөтэй, сэрүүлэгтэй.... эсэн бусын цаг. Бүгд ажилладаг юм билээ.
Зураг 21. Оросуудын зохион бүтээсэн онгоцнуудын загварууд.
Зураг 22. Орос оронд анх хийж байсан машинуудын загвар
Энэ музейд сая очиход нэг олзуурхууштай зүйл нь мэргэжлийн тайлбарлагч зарим нэг үзмэрийг нь тайлбарлан ярьж байсан юм. Газрын тосыг яаж олборлодог байсан тухай түүхээс эхлээд одоо орчин үед "хар алт"-ыг хэрхэн олборлож, өрөмдлөгө хийдэг вэ? Нүүрсний ил уурхай, далд уурхайн ажиллах зарчим зэргийг мэдэж авсан. Монгол чинь уул уурхайн орон. Хүн бүхэн уул уурхай гэж ярьж бичиж байна. Бас Дархан хотод нефть боловсруулах үйлдвэрийг Япончуудын дэмжлэгтэйгээр барьна гээд байгаа. Яг юу хийх гээд байгаа учраа эхлээд Монголчууд бид чинь сайтар мэддэг болж авах хэрэгтэй юм шиг санагдсан. Ямар ч байсан уурхайн талаар мэдлэгээ би ахиулж чадсан. Явсан нохой яс зууна. Суусан цэцэнээс явсан тэнэг нь дээр гээд олон зүйр үг байдаг даа.
За ингээд энэ удаагийн тэмдэглэлээ дуусгая.








































