Амьдралын тойрог

2023-11-20

Европыг дахин нээсэн нь: Төсөөллөөс өөр Парис

Үдшийн харуй бүрий болсон хойно автобусанд сууж Испанийн Барселона хотоос Францын Парис хот руу хөдлөв. Барселона хотоос Парис хүртэл 1035 км. Автобус энэ хугацааг 10 цагт туулна. Зорчигчдын олонх нь африк гаралтай хүмүүс, цөөн хэдэн Европчууд. Бас надтай хамт яваа Монголчууд.  21:00 цагийн үед хөдөлсөн автобус өглөө эрт Парис хотод ирэв. Парист ирээд автовокзалаас нь ойролцоох метроны өртөө рүү алхав. Метро, автобус, трамвайны алинд нь ч зорчиж болох тасалбар автомат машинаас худалдаж авлаа. Үнэ нь 2 евро 10 цент. 


Метронд сууж захиалсан зочид буудалдаа ирлээ. Зочид буудалдаа шүршүүрт орж, өглөөний цай уугаад Парис хоттой танилцахаар эргэж гарлаа. Жуулчид заавал очдог газруудын нэг нь Эйфелийн цамхаг.  300 метр өндөр саарал метал цамхаг.  Цамхгийг 1889 онд Парист зохион байгуулагдсан олон улсын үзэсгэлэнд зориулж бүтээн байгуулсан юм билээ. Цамхгийг 20 жилийн дараа буулгаж, газрыг нь чөлөөлнө гэсэн гэрээ байгуулж байж. Гэвч цамхгийг буулгалгүй үлдээсэн аж. Цамхаг хот өнгө үзэмжийг гутааж байна гэж шүүмжлэл ч гарч байж. Гэтэл одоо Парисын гол бэлгэ тэмдэг нь Эйфелийн цамхаг. 
Гэрэл зураг дээрээс, кино, телевизийн нэвтрүүлгээр өмнө нь зөндөө харж байсан учраас яг дэргэд нь очсон чинь гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэнгүй.  Парисыг цэвэр цэмцгэр хот гэж төсөөлж байлаа. Гэтэл хог шороондоо дарагдсан, африк гаралтай цагаачид, дүрвэгсэд бужигнасан эвгүй хот юм билээ. Парисын төвийн зарим гудамжнаас нь шээс шивтэр ч ханхалж байх шиг. Төсөөллөөс өөр Парис байсан даа. 


Эйфелийн цамхгийг тойрч явлаа. Яг дэргэд нь ч очиж үзлээ. Олон гэрэл зураг авхуулсан. Гэхдээ л сэтгэл хөдөлж, нэг их догдолсонгүй. Эйфелийн цамхгийн өмнөх талбайд хүмүүс ирж амарч суух юм билээ. Энэ талбай дээр оргилуун дарс, усан үзмийн дарс худалдан авахыг санал болгож худалдаачид холхино. Бангладеш, Энэтхэг хүмүүс иймэрхүү худалдаа хийж явдаг юм байна. 



Эйфелийн цамхгийн ойролцоох метроны өртөөний үүднээс эхлээд явган хүний зам дагуу бүтээлэг дэлгээд зүсэн зүйлийн сувенир худалдах юм билээ. Архитекторын хувьд Парис хот мэдээж сайхан. Байшин барилга нь хээ угалз, уран баримлын чимэглэлтэй.  Шил толь болсон орчин үеийн байшин гэхээсээ илүү хуучны барилга байгууламж их. Хотын төвөөр зугаалж явсаар Парисын Дарь эхийн сүм дээр очлоо. Парисын Дарь эхийн сүм Сите хэмээх арал дээр байдаг. Католик шашны энэ сүмийн суурийг анх 1163 онд байгуулжээ.  Зохиолч Виктор Гюго 1831 онд "Парисын Дарь эхийн сүм" хэмээх роман бичсэн нь ихэд амжилт олж, сүмийн барилга байгууламжийг үзэж сонирхох гэсэн хүний тоог эрс нэмэгдүүлсэн гэдэг.  Сүмийн барилга 35 метр өндөр, 130 метр урт, 48 метрийн өргөн. 


2019 оны 4 дүгээр сарын 19-нд  сүмийн барилгад гал гарч, үлэмж хэсэг нь шатаж сүйдсэн байна. Сүмийн дээвэр нь бараг бүхэлдээ шахуу нуржээ. Сүмийн барилгын гадна очиход хашаа барьж, хамгаалалтын бүс тогтоосон байв. Нурж үлдээгүй хэсэг нь сүмийн нүүрэн хэсэг юм билээ. Одоо сүмийг сэргээн засварлах ажил ид дундаа үргэлжилж байна. Сүмийг сэргээн босгож нэг л өдөр сүсэгтэн олонд үүд хаалгаа дахин нээх биз ээ. 


Парисын Сена мөрний эрэг дагуу явган алхаж байх зуур Москва хотын архитектур эрхгүй санаанд орж ирэв. Ер нь Оросууд Москва хотоо барьж байгуулахдаа Францчуудаас чамгүй олон зүйл хуулбарлаж, санаа авч дуурайж хийсэн юм шиг санагдав. Ялангуяа Сена мөрний эрэг дагуух гудамжны тохижилт, Москва хотын Москва голын эрэг дагуух зохион байгуулалттай нэн төстэй юм. 

Парис хотын Латин дүүрэгт Сорбоны их сургууль байрладаг юм байна. Сургуулийн барилга байгууламж нь бас л түүхийн үнэт дурсгалд тооцогддог аж. Сорбоны түүх XII зуунаас эхлэлтэй бөгөөд 1215 оноос их сургууль гэсэн статустай болжээ. Анх байгуулагдахдаа 4 факультеттай байсан нь урлагийн салбар, хууль эрх зүй, анагаах ухаан, шашин судлал юм. 

Парис хотод очсон хүмүүс заавал очдог нэг газар нь Люксембургийн цэцэрлэгт хүрээлэн.  Амарч зугаалахад тун таатай газар байна лээ. Их хотын нүргээнээс ангижирч хэсэг зуурч гэсэн амсхийх газар. 26 га талбай эзэлсэн энэ цэцэрлэгт хүрээлэнгийн нутаг дэвсгэр дээр өмнө их дээдсийн орд өргөө байжээ. Одоо Люксембургийн ордон бий. Энд Францын Сенат хуралддаг.  Люксембургийн цэцэрлэгт хүрээлэнд чулуугаар барьсан "Гиньоль" хэмээх хүүхэлдэйн театр, хуучны хүүхдийн морин тойруулга, усан оргилуур бий. Усан оргилуурт нь алсын удирдлагатай жижиг тоглоомын завь түрээслүүлэх үйлчилгээ байсан. 


Парисын төвөөр явж байхдаа тун санаандгүй байдлаар нэг үнэртэй усны музей үзлээ. Үнэртэй усны түүхийг бүхэлд нь харуулсан сайхан музей байсан даа. Эрт дээр үед хүмүүс хэрхэн үнэртэй ус үйлдвэрлэж байсныг харуулсан үзмэр олон байлаа.





Үнэртэй ус хийдэг асар том тогоо.


Үнэртэй усны гоёмсог  алтан сав 


Үнэртэй усны музейн гарах хэсэгт үнэртэн зардаг дэлгүүр ажиллана. Үнэртэй ус, гар нүүрийн саван худалдаж байна лээ. 
Үнэ ханш гэснээс Парис дэлхийн үнэтэй хотуудын тоонд орно. Ресторан орж хооллохоос илүүтэй супер маркет ороод иймэрхүү бэлэн хийсэн хоол худалдаж аваад идэж байлаа. Ресторанд хооллож байснаас дэлгүүрт зардаг хоол аваад идсэн нь хамаагүй хямд байсан. 


Парист байхдаа шөнийн амьдралтай нь бас танилцсан.




Дараачийн өдөр нь Луврын музей үзэв. Луврын музейн тасалбарыг интернэтээр худалдаж авсан. Энгийн тасалбар нь 17 евро. Францын эзэн хааны ордныг орчин цагт музей болгосон. 1190 онд ордны суурийг тавьжээ. Анх бол ганцхан цамхаг л байж. Викингийн эрэн үед харийн эзлэн түрэмгийлэгчдийг ирж байгаа эсэхийг л хянах зорилгоор байгуулсан цамхаг. 1317 оноос V  Карл хаан цамхгийг тойруулан ордон барих шийдвэр гаргажээ. Анх барьж байгуулсан цамхаг үүргээ гүйцэтгэсэн тул 1528 онд нураасан байна. 1792 онд Луврын ордонг музей болгох шийдвэр гаргасан байна.  1793 оны 8 дугаар сарын 10 нд муей ажиллаж эхэлжээ. Музей анх нээгдэх үедээ 2500 гаруй уран зурагтай байв
Аажимдаа музейн сан хөмрөг нэмэгджээ. Үзмэрүүд нь янз бүрийн замаар ирсэн байна.  Одоо Луврын музейн сан хөмрөгт 300 000 гаруй үзмэр байдаг. Тэдгээрийн 35 000 үзмэрийг нь олон нийтэд үзүүлдэг байна.  Луврын музейн гадаах талбайд байдаг шилэн пирамидыг 1989 онд барьжээ.


Музейн ерөнхий зураг төсөл макет 



Музей нь хэдэн хэдэн танхимтай. Дорно дахин, эртний Египет, эртний Грек, Ром, исламын соёлын өв, уран баримал, дүрслэх урлаг, Луврын ордны эд өлгийн зүйл гэсэн танхимууд бий. 



Луврын музей гол үзмэрүүдийн нэг нь Жоконда буюу Мон Лизагийн хөрөг. Энэ бүтээлийг зураач Леонардо да Винчи зурсан гэдгийг хүн болгон мэднэ. Энэ хөргийг яг хэдэн онд зурсан бэ? гэдэг тодорхой хугацааг түүхчид тогтоож чадаагүй. Гэхдээ 1503-1505 оны хооронд зурсан гэх таамаглал байдаг.  Энэ бол Флорентийн торгоны худалдаанчин Франческо дель Жокондагийн эхнэр  Моно Лиза Герардинигийн хөрөг гэж түүхчид үздэг. 


Энэ алдарт зураг байрлуулсан танхим руу ороход  зүү орох зайгүй гэмээр үзэгч ихтэй юм билээ. Холоос л барааг нь харсан даа. Луврын музейг үзэж явахдаа экстэйгээ туйлын төстэй нэг Солонгос залуутай тааралдсан. Найз охинтойгоо хамт музей үзэж явсан хүн. Өмнөх өдөр нь Эйфелийн цамхаг орчимд энэ хоёртой бас тааралдаж байсан юм. Том хотод нэг хүнтэйгээ хоёр удаа тааралдана гэдэг ховор тохиолдол.



Луврын музейд экстэйгээ төстэй хүнтэй тааралдаад тэрүүхэн хэсэг зуур зүрх булгилаад сонин л болдог юм байна лээ. 



Францын эзэн хааны сэнтий. Энэ сэнтийд Наполеон хаан заларч байсан юм байна.  


Луврын музейн сүүлийн танхим нь иймэрхүү уран барималтай. Яг иймэрхүү уран баримал Оросын дүрслэх урлагийн музейд бас байсан. Тэртээ олон жилийн өмнө Москвад "Пушкины нэрэмжит дүрслэх урлагийн музей"-д төстэй баримал үзэж байсан минь санаанд бууж байв. 


Луврын музейд гар утсаар зураг авах, гар утсаар видео бичлэг хийхийг зөвшөөрдөг юм билээ. Ийм учраас зураг чөлөөтэй авсан.  Музей рүү өдрийн 11 цагт ороод орой 18 цагт хаагдах хүртэл нь байсан даа. Ингээд музейн тухай тэмдэглэлээ дуусгая. 
Парист хүнсний бараа ямар үнэ ханштай байгааг сонирхох уу. Би ер нь очсон газар болгондоо хүнсний дэлгүүрээр нь орж үнэ ханш ямар байгааг сонирхож зургийг нь авчихдаг. Европт бол хүнсний бүтээгдэхүүний үнэ нь бас ч гэж боломжийн. 























Парист хийсэн аялал маань өндөрлөв. Дараагийн очих газар маань Португалийн нийслэл Лиссабон хот.  Лиссабоны тэмдэглэлээ тун удахгүй бичнэ ээ.