Амьдралын тойрог

2026-01-19

Сиань хот: 3 дугаар хэсэг. Дэлхийд хосгүй археологийн олдворыг үзэв

 Сиань хотод ирээд 3 дахь хоног нь эхэллээ. Өглөө 9 цагийн үед сэрээд шүршүүрт орж, цэвэр ус ууж хөнгөн байдлаар олон элгээ тайлав. Миний байрласан зочид буудлын ресепшин дээр нь жуулчид очдог газруудын хаяг бичсэн хуудас байсан юм. Жагсаалтын хамгийн эхэнд нь Cotta Warrios. Terracotta Army байлаа. Очих хаяг нь байна. Хамгийн таалагдсан зүйл нь таксигаар биш, нийтийн тээврээр хэрхэн очиж болохыг нэг бүрчлэн зааж өгсөн байлаа. 


Ингээд зааврын дагуу метрогоор явлаа.  


Дараа нь 613 дугаар чиглэлийн автобусанд суув.


 "Terracotta Army" нь Сиань хотоос баруун хойд зүгт ойролцоогоор 40 км алсад байдаг юм байна. (Улаанбаатар хотын төвөөс Чингис хааны морьт хөшөө хүртэл ойролцоогоор 50 км байдаг. Үүгээр баримжаалж болох байх.) 
Энэ автобусны хамгийн арын суудалд би суув. Зорчигчид нь яг суудлынхаа тоогоор явдаг юм байна. Автобус дотороо кондуктортой. Автобусны тасалбар 5 юань байсан. Хот доторх нийтийн тээвэр биш, хотоос гарч яваа учраас жаахан үнэтэй гэсэн үг. Автобусанд илүү хүн зогсож явна гэсэн ойлголт мэдээж байхгүй. Автобусны урд талын хаалганы хажууд байдаг жишүү харсан суудал дээр нэг залуу сууж байлаа. Тэр над руу үе үе ширтэж хараад байх шиг санагдав. Би бол мэдээж урагшаа хараад л зам руу ширтэж яваа. Хүн над руу харахаар би мэдээж анзаарна. Намайг урагшаа харж байхад тэр залуу өөр рүү нь хараад байна гэж бодсон ч байж мэднэ. Ингээд нэг харцаараа ярилцаад байгаа ч юм шиг сонин мэдрэмж үүсэв. Би сүүлдээ санаа зовоод, нөгөө залуу руу харахгүйн тулд гар утсаа ухаж зам хороов. Нэлээн явж байгаад автобус эцсийн зогсоолдоо ирсэн бололтой. Бүх зорчигч автобуснаас буув. Би ч бас дагаад буудлаа. Автобусны кондуктор нь зорчигчдыг тойруулж зогсоож байгаад нэг зарлал аятай зүйл ярьж байна. Би хятад хэл мэдэхгүй юм чинь юу ч ойлгоогүй. Гэтэл автобусанд харцаараа ярилцаад байсан хятад залуу руу дөхөж очоод би англи хэлээр "Excuse me, may I ask what she is saying to the passengers? гэж асуув. Нөгөө хятад залуу: "She explained how to get back to the city center and the bus schedule." гэв.  Ингээд тэр бид хоёр танилцлаа. Өөртөө англи хэр бодоод олчихжээ. Өөрийгөө Tom гэж нэрлэв. Хятадын Зяньсу мужийн уугуул. 27 настай. Химич мэргэжилтэй. Одоо их сургуульдаа судалгаа хийж доктор  (Ph.D) эрдмийн зэрэг хамгаалах гэж байгаа. Миний судалгааны ажлын сэдэв цахилгаан авто машинтай холбоотой гэж тэр надад ярив. Би бас өөрийгөө товч танилцууллаа. Тэр залуу "Terracotta Army" үзэхээр ирсэн юм байна. Энэ удаа бидний зорилго ижил болж таарав. Ингээд хамтдаа үзмэр үзэхээр болов. Тэр залуу намайг гадаад хүн гэж огт төсөөлөөгүй. Хонгконгийн хятад байх гэж бодсон шүү гэж илэн далангүй хэлэв. Ингэхэд би өөрийнхөө царайны дүр төрхийг огт ойлгодоггүй шд. Японы Токиод очих үед намайг япон хүн гэж бодоод байсан. Солонгосын Сөүлд метрогоор явж байхад солонгос эмээ өвөө нар хүрч ирээд надаас Солонгосоор юм асуугаад байсан. Бодвол надаас хаяг л асуусан байх. Казахстанд очсон чинь намайг бас нутаг нэгтэн гэж андуурцгаасан. Намайг бүүр Казахстаны аль нэг орон нутгаас ирсэн казах залуу гэж бодсон гэнэ лээ. Хятадад ирэх бүрт намайг хятад гэж боддог. Ингэхээр би яалт ч үгүй 100 хувь ази төрхтэй монгол залуу. ✌ Нөгөө хятад залуу онлайнаар тасалбар худалдаад авсан байлаа. Харин би касс руу очиж тасалбар худалдаж авах ёстой болов. Нөгөө хятад залууд би түвэг удаж байгаа байх гэж бодоод "Чи түрүүлээд үзмэрээ үзэж бай даа. Би тасалбар худалдаж авна. Дотогшоо ороод бид дахиад тааралдаж магадгүй." гэв. Нөгөө залуу ч зөвшөөрлөө. Ингээд би ганцаараа  касс руу явж тасалбар худалдаж авлаа. "Terracotta Army"  руу орох тасалбар нь 120 юань юм байна. 


 "Terracotta Army"  руу явах замд автобусны эцсийн зогсоолоос холгүй ийм хөшөө байв. Хятадын нутаг дэвсгэр  байсан олон жижиг вант улсуудыг нэгтгэж, анхны нэгдмэл төрт улс байгуулсан Цин улсын хаан Цин Ши Хуандигийн хөшөө юм байна. Энэ бол чулуугаар хийсэн хөшөө байлаа. 



 "Terracotta Army"  үзэх гэсэн хүмүүс зөндөө. Гадаадын жуулчдаас илүү, хятадын дотоодын жуулчид их байлаа. Би тасалбар худалдаж аваад үзмэр рүү орохоор урт дараалалд зогсов.


"Terracotta Army" үзэхийн тулд маш урт дараалал үүссэн байв. Гэхдээ халуун наранд удаан зогсох шаардлага гарсангүй. Маш хурдан урагшилж байсан шүү.  Тасалбараа уншуулж ороод цаашаагаа үзмэртээ хүрэхийн тулд  задгай цахилгаан тэргэнд сууж явах хэрэгтэй юм байна.  Цахилгаан тэргээр зорчих тасалбар 5 юань. 


Цахилгаан тэргэнд суухын тулд дахиад дугаарлаж зогсох шаардлагатай юм болов. 


Ингэж дуугарлаж явахдаа нөгөө түрүүхэн танилцсан ирээдүйн Ph.D хятад залуутай дахиад тааралдав. Ингээд бид дахин нэгдэв. 
"Terracotta Army" үзмэр нь гурван хэсгээс бүрддэг юм байна. Ингээд эхний хэсэг рүү нь орлоо.


Манай тооллын өмнөх 221 онд өнөөгийн БНХАУ-ын нутаг дэвсгэр дээр Цин улс байгуулагджээ. Тухайн үед Цин улс нь засаг захиргааны нэгжийн хувьд 36 мужид хуваагдсан байна. Мужийн захирагчийг эзэн хаан томилно. Ингэснээр нэгдмэл төрийн тогтолцоог үүсгэсэн байна.  Цин улсын анхны хааны нэр нь Ин Жэн. Тэр хаан ширээнд залармагца Цин Ши Хуанди гэсэн цолтой болжээ. Цин Ши Хуанди жин хэмжүүрийн нэгдмэл стандарт тогтоож, улмаар ханз үсэг бичих дэг журам баталжээ. Мөн эзэн хааны зарлигаар олон нийтийг оролцуулсан том бүтээн байгуулалтыг эхлүүлсэн байна. Тухайлбал умард зүгийн нүүдэлчин аймгуудын гэнэтийн довтолгооноос сэргийлэх зорилгоор хана хэрэм барих ажлыг эхлүүлжээ. Энэ нь өнөөгийн "Цагаан хэрэм" -ийн эхлэл болсон гэж түүхчид үздэг.  Мөн Цин улсад сүйх тэрэг, морьтой хүн явах замын сүлжээг бий болгожээ. Цин улсын бүх суурин газрыг холбосон 7500 км урт зам зассан байжээ. Зам нь гурван эгнээтэй,  15 метр өргөн байв.  Замын голын эгнээ нь  зөвхөн эзэн хааны гэр бүлийнхэнд зориулагдсан байв. Цин улсын анхны хаан нь Цин Ши Хуанди 246 онд хаан өөртөө зориулж бунхан барих ажлыг санаачилсан байна. Бунхан бариулах болсон гол зорилго нь эзэн хаан нас бараад нөгөө ертөнцийг ч гэсэн захирна гэсэн бодол төсөөлөлтэй холбоотой байсан гэж түүхчид үздэг. Урьд цагт захирагч эзэн. нас барвал, хатан, цэргүүд, боолууд нь бүгд амиа егүүтгэж цуг оршуулагдах ёстой байв. Энэ заншлыг Цин Шихуанди өөрчилж, нөгөө ертөнцөд эзэн хаанд үйлчлэх зарц боол, шадар түшмэл, цэргүүдийг шавраар хийхийг зарлиг болгожээ. Ийнхүү эзэн хааныг мөн нойрсуулах бунхан барихаас гадна ойролцоох газарт нь шавар баримал арми бий болжээ. "Terracotta Army" бүтээн байгуулах ажил ойролцоогоор 38 жил үргэлжилсэн бөгөөд 700.000 гаруй ажилчин, уран барималч нар хүчин зүтгэсэн гэж хятадын түүхчид үздэг.  "Terracotta Army"  байгаа талбайн периметр нь 6 км гэдгийг археологичид тогтоожээ. "Terracotta Army" нь Цин Ши Хуандигийн бунханаас 1.5 км зайтай байрладаг байна. Манай тооллын өмнөх 210 онд Цин улсын хаан Цин Шихуанди аян замд явж байх үедээ амьсгал хураажээ. Энэ аялалд түүний бага хүү Ху Хай, эзэн хааны тамгийн газрын дарга Жао Гао гэдэг тайган, эзэн хааны шадар сайд Ли Сы нар дагалдан явж байжээ.  Эзэн хаан нас бармагц үймээн гарч болзошгүй гэж тэд болгоомжлоод хуйвалдаан зохиож хааны нэрийн өмнөөс захидал бичиж нийслэл рүү элч илгээжээ. Уг захидалд эзэн хаан өөрийнхөө залгамжлагчаар ууган хүү Фу Су биш, харин бага хүү Ху Хайг сонгосон гэсэн байв. Мөн ууган хүү Фу Су, цэргийн жанжин Мэн Тяню нарыг өөрсдийнхөө амийг егүүтгэж хүндэтгэлтэйгээр хорвоог орхихыг зарлиг болгосон байлаа.  Эзэн хааны цуваа Цин улсын нийслэл Сяньян хот руу хүрэхийн тулд 2 сарын хугацаа шаардлагатай байв. Эзэн хааны шарил үнэр орж муудах нь ойлгомжтой. Тиймээс энэ таагүй үнэрийг дарахын тул хааны сүйх тэрэгний өмнө ба хойно нь муудаж үмхийрсэн загас ачсан тэрэг явуулжээ. Зарц боолууд хоол унд бэлтгэж эзэн хааны сүйх тэрэг рүү дөхүүлж өгнө. Энэ үед хуйвалдаан зохион байгуулагчид хоолыг биечлэн эзэн хааны сүйх тэрэг рүү оруулж өгч байв. Эзэн хааны захидал хүлээн авсан ууган хүү Фу Су амиа егүүтгэжээ. Хааны бага хүү Ху Хай Цин улсын хоёр дахь эзэн хаан болсон байна. Гэхдээ тамгийн газрын дарга Жао Гаогийн утсан хүүхэлдэй нь болж хувирсан байдаг.  Жао Гао байр сууриа баталгаажуулахын тулд эзэн хааныг ятгаж, хааны удмын ах дүү нараа (ойролцоогоор 30 гаруй хүн), мөн зарим сайд нарыг цаазлуулжээ.  Хаан ширээнд заларсанаас хойш 3 жилийн дараа Ху Хай эзэн хаан амиа егүүтгэжээ. Манай тооллын өмнөх 209 оны сүүл, 208 оны эхээр Чэнь Шэн, У Гуан, Лю Бан зэрэг тухайн үеийн цэргийн жанжид бослого гаргасан байна. Манай тооллын 207 оны 10 дугаар сард Лю Бан цэргийн жанжин нийслэл Сяньян хотыг эзэлж Хан улс байгуулагдаж байгааг тунхаглаад өөрийгөө эзэн хаанд өргөмжилсөн байна. Хятадын эртний төрт улсын түүх ийнхүү эмгэнэлтэй дууссан байна.
Он цаг улиран өнгөрч хүмүүс ч "Terracotta Army"-ийн тухай мартжээ.  1974 оны 3 дугаар сарын 29-нд энэ хавьд амьдарч байсан тариачин Ян Жифа өөрийнхөө таван хамаатан дүү нар, мөн хөрш Ван Пужитэй хамтарч худаг ухжээ. Тэдний ухсан нүхнээс ус биш, харин шавар барималын хэлтэрхийнүүд гарч иржээ. Тэд энэ тухай орон нутгийнхаа захиргаанд мэдэгдэж, улмаар нүсэр том археологийн малтлага эхлэв. Эхний малтлага нь 1978 оноос 1984 оны хооронд өрнөсөн байна.  Харин хоёр дахь удаагийн малтлага нь 1985 оноос 1986 оны хооронд болжээ. 2009 оны 7 дугаар сараас гурав дахь удаагийн малтлага хийгдсэн байна. 2000 онд музей байгуулж, хүмүүст үзүүлэх болжээ.



Энэхүү шавар баримал нь дотроо хөндий. Зарим нь эвдэрч, толгой, гар нь салж унажээ. Малтлага хийх үед шавар цэргүүд будагтай байжээ. Малтлага хийсний дараа өнгө нь хувирч саарал болсон байна. 


Шавар баримал бүрийн царай нь дахин давтагдахгүй өөр байсан нь археологчдын анхаарлыг татсан байна.  Малтлага хийсэн газрын дээгүүр нь дээвэр бүхий байгууламж барьжээ. 





Археологийн малтлага одоо ч үргэлжилж байгаа бололтой. Зарим хэсэгт нь ажилчдын хөдөлмөрийн багаж, хувин, түмпэн, хүрч, бийр  орхисон харагдана.





Энэ бол дэлхийд хосгүй, цор ганц археологийн олдвор гэдэгтэй хэн ч маргашгүй.


"Terracotta Army" музейн үзмэр нь ингээд л дуусаж байгаа юм байна гээд би Сиань хот руу буцах тухай бодож байв. Гэтэл шинэхэн танилцсан хятад залуу "Одоо хоёулаа эндээс гараад малтлага хийсэн дараагийн  газар руу явцгаая" гэлээ. Дахиад мөнгө төлж цахилгаан тэргэнд суув. 




Гадуу халуун боловч салхи татуулан цахилгаан тэргээр явах нь таатай юм. Ингээд 5 минут орчим яваад дарааггийн байгууламж руу орлоо. Өмнөхөөсөө жаахан өөр байлаа.


Шавар барималыг энд шилэн хоргонд байрлуулжээ.



Дараа нь археологийн малтлагын гурав дах хэсэг рүү орлоо. Хоёр ба гуравдугаар байгууламж нь хоорондоо ойрхон юм билээ. Алхаад л орсон.
















Ийнхүү "Terracotta Army" -ийг үзээд дууслаа. Музейгээс гарч явахдаа ирээдүйн Ph.D хятад залуу надад нэг уул руу зааж "Тэнд Хятадын анхны эзэн хаан Цин Ши Хуанди"-ийн бунхан байгаа гэв. Би зурагийг дарав. Энэ уулын доор Хятадын анхны хаан мөнх нойрсож байгаа байх нь. 


Сүүлд нэмэлт мэдээлэл хайсан чинь Цин Ши Хуандигийн бунхан руу археологичид нэвтэрч ороогүй юм байна. Учир нь дотор нь мөнгөн устай хиймэл гол урсаж байгаа аж. Энэ нь хортой. Бас одоогоор бунханг сүйтгэлгүй судлах технологи Хятадад байтугай дэлхийд байхгүй учраас судалгааны ажлыг хойш тавиад, дараа үеийнхэнд үлдээсэн юм байна. Энэ уулын доор байгаа бунхан руу орж, дотор нь юу байгаа, ямар зохион байгуулалттайг нь харах юм сан гэдэг шуналт бодол тээсээр эндээс буцсан даа.  Музейгээс гараад бид хоёр Сиань хотын төв рүү явах автобусны буудлыг хайгаад олсонгүй. Гадаа халуун. Хятад найз хоёр ширхэг зайрмаг худалдаж аваад нэгийг надад өгөөд нөгөө нь өөрөө идэв. Бид хамтдаа  зурагаа авахуулав. Дараа нь эргээд үзэхэд дурсамжтай юм. Хэдэн жилийн дараа энэ дэлхийн хаа нэг газар дахиад уулзах ч юм билүүү. 

Автобусны буудал олдоогүй тул бид хоёр таксинд суув. Таксины төлбөрийг би төлөв. 20 юань орчим болсон. Дараа нь метронд сууж хотын төв рүү явлаа. Түүний хүрэх ёстой метроны өртөөнд иржээ. Бид салах ёс хийгээд тус тусын замаа хөөв. Би явсаа зочид буудалдаа ирлээ. Оройны 18:00 цаг болжээ.  "Terracotta Army" үзэхийн тулд бүтэн нэг өдрийг зарцуулдаг юм байна.  Буудалдаа хэсэг амарч байгаад оройн хоол идэхээр эргэж гарав. 1947 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа хоолны газар юм байна. 
Шөл, шарсан банш идэв. 



Ингээд ойр хавийн супер маркет орж ойр зуурын бараа сонирхож байгаад зочид буудалдаа эргэж ирээд унтаж амарлаа.



Сиань хот: 2 дугаар хэсэг. Тансан ламын сүмд

Сиань хот дахь хоёр дахь өдөр. Өглөө сэрээд зочид буудлаасаа гарч метро руу алхав. Өнөөдөр Хятадын Тан улсын үеийн дурсгалт газар очихоор төлөвлөв.


Манай тооллын 618 оноос 907 оны хооронд өнөөгийн Хятадын нутаг дэвсгэр дээр оршин  тогтнож байсан Тан улсыг хятадын соёл иргэншлийн "алтан үе" гэж нэрлэдэг. Энэ үед Тан улсад уран барилга, гар урлал, худалдаа цэцэглэн хөгжиж, яруу найраг, эрдэм боловсрол ихэд дэлгэрч байжээ.  Тан улсыг үндэслэн байгуулагч нь Ли Юань юм. Тэрээр өөрийгөө Тан улсын анхны хаанаар өргөмжилж Гао Зу гэж нэр авчээ. Дараа нь түүний хүү Ли Шиминь эзэн хаан болж Тай Зун гэсэн нэрээр төр барьжээ. Тай Зун хаан эрдэмтэй хүмүүсийг дээдэлдэг байснаас гадна буддын шашны үзэл санааг дэмждэг байв. Тан улс байгуулагдсан эхний хэдэн арван жилд умард зүгийн нүүдэлчин овог аймгуудын нөлөөнд байжээ. Тан улсын төрийн эрх баригч элитүүд нь Сяньби (Сүннү) гүрний табагач ургийн овгоос гаралтай байв. VII зууны сүүл үеэс Тан улсад нүүдэлчдийн нөлөө буурч, суурин амьдралын хэвшилтэй хань үндэстнүүдийн нөлөө аажмаар нэмэгдэх болсон байна. Улмаар хань үндэстнүүдийн соёл, ахуй амьдралын хэв шинж зонхилох болжээ.
VIII зууны эхний хагаст Сюань Зун хааны үед Тан улс улам хүчирхэгжсэн бөгөөд нийслэл Чаньань  ( өнөөгийн БНХАУ-ын Шэньси мужийн Сиань хот) тухайн цаг үеийнхээ хамгийн том хот гэж тооцогдож байв. Тан улсын үед ном хэвлэх, дарь хийж гал гаргах технологийг нээсэн байна. Тан улсад үйлдвэрлэсэн торго дурдан, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн, мөн цай зэргийг Чаньань хотоос баруун тийш тэмээн жингээр тээвэрлэдэг худалдаачдын маршрут бий болжээ. Үүнийг "торгоны зам" гэж түүхэнд нэрлэдэг. 



755 онд Тан улсад улс төрийн нөхцөл байдал ээдрээтэй болж Ань Лушань хэмээх цэргийн жанжин бослого дэгдээжээ. 8 жил үргэлжилсэн энэ бослого нь Тан улсын төрийн хүчийг сульдуулсан байна. Тан улсын хааны ордон "Торгоны зам"-ын худалдаанд хяналт тавиж чадахаа болив. IX зууны эхэн үед тариачдын бослого гарч, дотоод хямралд нь Киргизийн хант улсаас оролцож нөхцөл байдлыг бүр ч хэцүү болгожээ. Хүчтэй аадар орж үерт тариачдын талбай сүйдсэн нь эдийн засгийн хямрал үүсэх нөхцөл бүрдүүлжээ. IX зууны сүүл үед Тан улсын эзэн хааны ордонд тайган хүмүүсийн нөлөө эрс нэмэгджээ. Тэнд хааны шийдвэрт шууд нөлөөлж байв. Тан улсын сүүлийн эзэн хаан  Ай Ди 907 онд төрийн эрх мэдлээ алдсанаар энэ улс мөхсөн байна. Тан улсын эзэмшилд байсан газар нутаг дээр өөр хоорондоо тэмцэлдсэн таван улс бий болжээ. Гэхдээ Тан улс мөхсөнөөс хойш 50 гаруй жилийн дараа Сүн улс байгуулагдаж, өөр хоорондоо зөрчилтэй байсан жижиг улсуудыг нэгтгэж чадсан юм. 
Тан улсад буддын шашин маш их дэлгэрсэн гэж түрүүн дурдсан. Тан улсын үед амьдарч байсан Сюань Зан хэмээх буддын шашны ламын амьдралын бодит түүхээс сэдэвлэсэн "Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл" хэмээх алдартай роман Хятадад байдаг.


Сюань Зан  (玄奘 Xuánzàng)  лам  манай тооллын 602 онд төржээ. Түүний эцэг нь эрдэм номтой хүн байсан гэж түүхэн эх сурвалжид тэмдэглэсэн байдаг. Анх төрмөгц эцэг эх нь түүнд  Чэнь И гэдэг нэр өгсөн байна. Гэвч хожим лам хувраг болоод нэрээ өөрчилжээ.  Монголд түүнийг Тансан лам гэдэг нэрээр хүмүүс мэддэг. 13 настай байхдаа Сюань Зан буддын шашны сургаал номыг судалж эхэлжээ.  20 настай байхдаа Чэндү хотод байдаг буддын сүмд жинхэнэ сахил хүртсэн байна. Тухайн үед Хятадад байсан буддын шашны ном сударт өөр хоорондоо зөрчилдсөн зөрүүтэй мэдээлэл их байсныг анзаарчээ. Тиймээс жинхэнэ анхдагч эх хувилбарыг нь олж үзэх хэрэгтэй гэдэг дүгнэлтийг хийсэн байна.  629 онд  Сюань Зан нэгэн зүүд зүүдэлжээ. Энэ зүүдний дараа Энэтхэг рүү явах хэрэгтэй юм байна гэсэн сэдэл бий болжээ.  Тухайн үед Тан улс гадаадын улстай дайтаж байсан тул эзэн хаан Тай Зун лам хуврагуудыг даяан хийж явахыг хориглосон үе байлаа. Гэвч Сюань Зун лам нууцаар Тан улсыг орхиж явсан байна. Юймэньгуань хэмээх хилийн боомт дээр ирээд сахиулуудыг нь ятгаж чаджээ. Тэр элсэн Говь нутгийг туулж, Турфан (өнөөгийн Шинжаан Уйгарын өөртөө засах орны нутаг) хотод иржээ. Тэндээсээ Тэнгэр (Тянь Шань) уулыг давж Иссык Куль нуурын (өнөөгийн Киргизийн нутаг) эрэг дагуу явсаар Ташкент, Самарканд (өнөөгийн Узбекистаны нутаг) хотоор дамжин явсан байна. Тэндээсээ Памирын уулсыг давж (өнөөгийн Афганистан) Пешевар (өнөөгийн Пакистан) хотод ирсэн байна. Ингэж явахдаа зам зуу таарсан буддын сүм хийдэд хэсэг зуур саатаж, тэндэхийн лам хуврагуудтай нь хамт ном судар уншиж байжээ. Сюань Зан лам бурхан Буддагийн мэндэлсэн газар, түүний гэгээрэлд хүрсэн газар, ном сургаалаа хүмүүст хэлж байсан сүм, мөн амьсгал хураасан газруудад очиж үзжээ. Дараа нь Наланда хэмээх буддын их сургуульд хоёр жил сурсан байсан.  Ингээд 645 онд Сюань Зан лам Тан улс руу буцжээ. Энэтхэгт байхдаа Сюань Зан санскрит хэлээр байгаа нэр томьёог хятад хэлнээ орчуулах хэрэггүй, харин галиглах хэрэгтэй гэж дүгнэлт хийсэн байна.  Ингэснээр Хятадын буддизмд санскрит гаралтай олон шинэ үг нэмэгджээ. 646 онд Сюань Зан буддизм ба Энэтхэгийн түүхэнд хувь нэмэр оруулсан чухал тэмдэглэлүүдийг бичиж үлдээсэн байдаг.  Тан улсад эргэж ирээд эзэн хааны зарлигаар Сюань Зан "Тан улсын үед баруун хязгаарт аялсан нь" (大唐西域記) хэмээх номоо бичсэн юм. Мөн Энэтхэгээс авч ирсэн ном судраа хятад хэл рүү орчуулах ажлыг хийжээ. 664 онд 61 настайдаа Сюань Зан лам Тунчуань хотод нас барсан байна. Сюань Зан ламын хууч яриа, ном нь ам дамжин яригдсаар янз бүрийн домог үүсгэсэн байна. Дараа нь Мин улсын үед "Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл" романыг зохиолч У Чэнь бичжээ. Одоо "Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл" роман нь хятадын уран зохиолыг сонгодог бүтээлийн тоонд ордог. Энэ зохиол гадаадын олон хэлээр орчуулагджээ. Доорх зурагт харагдаж байгаа суваргад Сюань Зан лам номоо айлдаж байжээ. Энэ суварга Тан улсын үед баригдсан бөгөөд Сиань хотод сүндэрлэж байна.  Суварга байгаа сүмийг хятадаар "大慈恩寺" гэж нэрлэдэг бөгөөд монгол хэлнээ орчуулах юм бол "Эхийн элбэрэлийн сүм" гэсэн утгатай. Сүм рүү орохын тулд 30 юанийн тасалбар авах хэрэгтэй. 


Сюань Зан буюу Тансан ламын ажиллаж, амьдарч байсан энэ суваргыг хятадаар "大雁塔" гэж нэрлэдэг байна. Үүнийг монгол хэл рүү орчуулах юм бол "Зэрлэг галууны том суварга" гэсэн утгатай.  Тансан ламын суварга руу орохын тулд дахиад тусад нь тасалбар худалдаж авах ёстой байсан. 


Тан улсдаа эргэж ирсэн хойно Тансан лам эзэн хаанд хандаж энэ суваргыг барьж өгөхийг хүссэн байна.  Тэрээр энэ суварга дотор Энэтхэгээс авч ирсэн ном судраа хадгалах, мөн өөрөө сууж ажиллахыг хүсжээ.  Суварга баригдсан он нь 657 он юм байна. Энэ суварга анх 5 давхар байсан боловч нэмэж  2 давхарыг барьсан байна. Одоо суварга 64 метр өндөр, 7 давхар. Буддын шашны домогт өлсөж байсан лам нарын өмнө нэг зэрлэг галуу үхэтхийн унажээ. Үүнийг харсан лам нар дараа нь мах идэхээс татгалзаж, уг шувуунд зориулан суварга босгож байсан түүхтэй аж. 
"Эхийн элбэрэлийн сүм"-д Сюань Зан буюу Тансан ламын тухай иж бүрэн мэдээлэл бүхий хэд хэдэн танхим тохижуулжээ. Энд Тансан ламын авч ирсэн ном судрын хятад орчуулга нь байна.


Тансан лам бодит амьдрал дээр иймэрхүү төрхтэй хүн байжээ. 








Сюань Зан буюу Тансан ламыг  Тан улсын нийслэл Чань Ань хотод оршуулсан боловч 1027 онд шарилыг нь Нанкин хот рүү тээвэрлэж, тэнд дахин оршуулжээ.  Яагаад ингэх болсон нь тодорхойгүй. 1942 онд Япон-хятадын дайн болж байхад Японы зэвсэгт хүчнийхэн Сюань Зан ламын шарилыг хөндөж, шарилаас үлдсэн ясийг Японы Сайтама аймгийн Зион сүмд хадгалжээ. Бас Сюань Зан ламын шарилын зарим хэсэг нь Японы Нара хотын Якүсижи сүмд хадгалагдаж байгаа гэх мэдээлэл ч байна.  Шарилын үлдэгдэл зарим хэсгийг 1965 онд Японы Засгийн Газрын шийдвэрээр Тайвань арал руу илгээжээ. Тайваньд Сюань Зан ламд зориулсан тусгай сүм байдаг бөгөөд тэнд шарилын үлдэгдэлийг байрлуулсан байна. Өөр нэг мэдээллээр Сюань Зан ламын гавлын яс нь 1956 он хүртэл Тяньжин хотын нэгэн сүмд хадгалагдаж байгаад Энэтхэгийн Наланда буддын шашны их сургууль руу илгээгджээ. Харин одоо уг гавал яс Энэтхэгийн Патна хотын музейн үзмэр болсон байна. Хятадын Чэндү хотын Вэньшу сүмд Сюань Зан ламын гавлын ясны хэлтэрхий хадгалагдаж байгаа юм байна. 
Тансан ламын сүмийг үзэж дуусаад гэдэс өлссөн тул ойролцоох худалдааны төвд очиж хоол авч идэхээр явлаа. Уг худалдааны төвд орсон чинь  сармагчины хаан гэгддэг Сүн Ү Күний хөшөөг олж харав. Сүн Ү Күн бол "Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл" романы нэг гол дүр. Тансан ламын нэгдүгээр шавь нь билээ.


Миний өнөөдрийн өдрийн хоол үхрийн махтай ламен байлаа. 


Хоолны дараа явган аяллаа үргэлжлүүлэв. Эртний Тан улсын үеийн уур амьсгалыг харуулсан гудамжаар алхав. Энэ гудамжинд "Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл" романаас сэдэвлэн бүтээсэн үзмэр бүхий аттракцион тоглоомтой парк байна. Жаахан хүүхдүүдэд сонирхолтой л байх.  Тасалбар нь жаахан үнэтэй санагдсан тул орсонгүй ээ. 


Харин Сиань хотын дүрслэх урлагийн музейг үзэв. Музей үнэ төлбөргүй байлаа.







Дүрслэх урлагийн музей үзэж дуусаад явган зугаалгаа үргэлжлүүлэв. 


Гадаа хурц нартай халуун. Ам цангав. Амттай ундаа байсан шүү.


Дараа нь хэдэн км алхсан юм бүү мэд.  Үдээс хойш 17:00 болжээ. Нэлээн удаан алхаж явсаар Сиань хотын цахилгаан барааны зах дээр ирсэн. Улаанбаатарт байдаг TEDY төвтэй төстэй газар. Эндээс хайгаад байсан power bank  худалдаж авлаа. Нэр нь "SAGA IT MALL"


18:00 цагт энэ газар хаадаг юм байна. Би ч бараг хамгийн сүүлийн худалдан авагч нь болсон. Дараа нь Google map харж ойролцоох метроны өртөө рүү алхав. Замдаа явж байгаад маш том худалдааны төв рүү орчихлоо. Энэ худалдааны төв урсдаг шатыг нь ээ. Амьдралдаа л ийм шат анх удаа л харлаа. 


Хүнсний тасагт нь дотроо шанзтай ийм гурилан боов зарж байна. Яг дэргэд нь хийгээд зарж байсан юм. Хийж байгаа үйл явцыг нь хэсэг ажиглаж зогсов. Тэгээд худалдаж авч идлээ. Амттай юм аа. 

Энэ боовыг Шюй бин гэж нэрлэдэг юм байна лээ. 



Миний орсон худалдааны төвийн эсрэг талд нь байгаа байшин дээрх гэрлэн чимэглэл анхаарал татав. "Сиань хотод тавтай морил" гэж бичсэн нь над шиг гадаадын жуулчинд таатай сэтгэгдэл төрүүлж байна аа.


Миний оройны хоол:  Тахианы махтай банш, усан шөл, арвайн гурилтай цай



За ингээд орой болсон хойно зочид буудлынхаа өрөөнд ирж амарлаа. Маргааш өглөө хаашаа явахаа би аль хэдийнэ төлөвлөсөн. Маргааш өглөө дэлхийд алдартай археологийн олдвор үзэхээр явна. Дараагийн тэмдэглэлдээ үргэлжлүүлэн бичье дээ.