Амьдралын тойрог

2008-08-27

Улаанбаатар хотод газрын чичиргээ мэдрэгдэв.


Өнөөдөр өглөө ОХУ ын нутаг дэвсгэр Байгал нуурын сав газарт орон нутгийн цагаар 11 цаг 40 минут (Улаанбаатарын цагаар өглөөний 9 цаг 40 мин) газар хөдлөлт болсон байна. Ширээ сандал унаж, чийдэнгийн бүрхүүл ганхаж байсан гэж гэрчүүд ярьжээ. Газар хөдлөтийн голомт нь Иркутск хотоос 65 км-ын зайд Байгаль нуурын эрэг орчим хойд өргөрөгийн 51.727° зүүн уртрагийн 104.246° байлаа. Газар хөдлөлтийн төвд нь 6,3 баллын хүчтэй чичиргээ мэдрэгдсэн байна. Байгалийн энэ үзэгдлийг ОХУ ын Иркутск, Улаан Үд, Чита хот, хөрш зэргэлдээ Монгол улсын Дархан, Улаанбаатар хотод мэдрэгдсэн байна. Улаанбаатар хотод ойролцоогоор 3 баллын хүчтэй чичиргээ мэдрэгджээ. Байгаль нуурын сав газарт газрын чичиргээ үргэлжилсээр байна гэж РИА НОВОСТИ агентлаг мэдээлжээ. Гэхдээ хүчтэй газар хөдлөлт болох магадлал бага байгаа гэж нутгийн оршин суугчдийг тайвшруулж мэргэжлийн байгуулагаас мэдэгджээ.

2008-08-26

Гурван сэдэв...

Сөөсгөр банди, сэгсэр охин
Бадар-Ууган алтан медаль авсан орой сагсуу залуучууд машинаараа хотын замаар дахиад хурдлав. Аливаа юм хэм хэмжээнээсээ хэтрээд утга учираа алддаг даа. Сүүлдээ яг л тийм юм болж байх шиг санагдав. Зүүн дөрвөн замд нэг машин онхолдчихсон байхыг олж харлаа. Хөмөрсөн машин дороос хэд хэдэн хүний хөл цухуйж байх юм. Нүд халтирмаар аймаар дүр зураг... Замын цагдаа нар машинтайгаа ирчихсэн байсан. Харин түргэний машин үзэгдээгүй. Согтуу дарвиж яваад цаандаж амиа алдах, наандаж эрэмдэг зэрэмдэг болох юм бол хэцүү юм даа. Бензиний үнэ нэмэгдсэн үед ингэж сагсуурч байх ч гэж дээ хэмээн шогширч байсан нэг хүнтэй таарлаа. Тэр хүнийг бол дэмжиж л байлаа. Улаанбаатараар дүүрэн байгаа энэ олон ажилгүй хийх юмаа олж ядаж, ааг омогоо багтаасан сөөсгөр банди, сэгсгэр охидуудыг яалтай ч билээ. Санаагаар болдог бол нөхдүүдийг "Атарын аянд" ачаад явуулах юм сан. (Ингэж бичсэний дараа намайг хүмүүс коммунист байна гэж шүүмжлэх байх даа.) Тариа ногоо хурааж, өвс хадлан бэлдүүлж, биендээ багтаж ядаад байгаа бяр тэнхээ, хүч чадалыг нь зарцуулах юм бол хэн хэндээ хэрэгтэй л байгаа юм даа. Олон жилийн хөлс хөдөлмөр, хүчээ зориулж нэг юмны араас хэлбэрэлтгүй тууштай явсан хүн амжилтанд хүрдэгийг машинтай сагсуурч байгаа нөхдүүд ойлгож байгаа болов уу? гэж бодлоо. Спортоор тууштай хичээллэж өндөр амжилт гарах юм бол унаа машин, байшин сууцыг нь төрөөс, бусад компаниудаас шууд л өгч байгааг бид нар бүгдээрээ л харлаа ч шүү дээ.

Төрийн дуулалаа буруу аялаад байна
.
Олимпийн наадмаас Монголын тамирчин алтан медаль авсаны дараа хүмүүс төв талбай дээр ч, IRISH pub-д ч ялгаагүй төрийн дуулалаа буруу дуулаад байгааг анзаарлаа. Дайсны хөлд хэзээ ч орохгүй... гээд л аялаж байна аа. Монгол Улсын Их Хурал 2006 оны 7 сарын 6 нд "Төрийн Бэлгэ тэмдэгийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" хууль баталж Монгол Улсын төрийн дуулалын үгийг өөрчилсөн юм сан. Одоо манай төрийн дуулалд "Дайсны хөлд хэзээ ч орохгүй" гэж мөр байхгүй. Харин оронд нь "Далай их дээдсийн гээгээн үйлс" гэж өөрчилсөн.
Ер нь Төрийн дуулалын үгийг блогтоо оруулая гэж бодлоо. Мэддэг нэг нь дахиад нэг уншаад үзнэ биз. Мэдэхгүй байгаа нөгөө хэсэг нь мэдэж аваг.

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДУУЛАЛ
Дархан манай тусгаар улс

Даяар Монголын ариун голомт
Далай эх дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжиж, үүрд мөнхөжнө.

Хамаг дэлхийн шудрага улстай

Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж
Хатан зориг бүхий л чадлаараа

Хайртай Монгол орноо мандуулъя.

Өндөр төрийн минь сүлд ивээж

Өргөн түмний минь заяа түшиж
Үндэс язгуур, хэл соёлоо
Үрийн үрдээ өвлөн бадраая.

Эрэлхэг Монголын золтой ардууд
Эрх чөлөө жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай.

Таавар
Өнөөдөр интернэт ухаж сонин хачин мэдээ хайж байхдаа нэг таавар олж уншлаа. Бодоод бодоод би хариуг нь сайн олж чадсангүй ээ. Та нар бас бодлоо бичээрэй. Таавар: Энэ явдал эртний Египет оронд болжээ. Гурван хүн цөлд явж байжээ. Эхний хүн нь бух, хоёр дахь нь үнээ, гурав дахь нь өвс авч явжээ. Тэр гуравын ам нь цангаж ус хайхаар явах болж гэнэ. Эхний хүн нь: Би ус хайхаар явахгүй. Хэрвээ би бухаа орхиод явах юм бол арслан идчих байх гэв. Харин хоёр дахь хүн нь: Би үнээгээ орхиж явахгүй. Хаа нэг газар ру төөрөөд явж мэднэ. Эсвэл дээрэмчин хулгайлж магадгүй гэжээ. Харин гурав дахь нь би өвсөө орхиж явахгүй. Намайг эзгүй хооронд бух, үнээ хоёр миний өсвийг идэж мэднэ гэв. Ингээд тэд бух, үнээ хоёрыг модноос уяад, өвсөө модны доор орхиод ус хайхаар явжээ. Эргээд ирсэн чинь бух үнээг хээлтүүдээд гарсан тугал нь гурав дахь хүний өвсийг идчихсэн байв. Тугал хэнийх вэ?

2008-08-24

ХОЁР ДАХЬ АЛТАН МЕДАЛЬ


Олимпийн наадмын сүүлчийн өдөр Монголын хоёр боксчин хүчээ үзлээ. МОНГОЛ УЛС Олимпийн наадамд чансаагаараа 30-р байранд орлоо. Хүн амын тоогоо олимпийн наадмаас авсан медалийн тоотой харьцуулах юм бол энэ чинь өндөр амжилт шүү. Монголын боксчид анх удаа алтан медал авлаа. Монголын төрийн дуулал Бээжинд хоёр дахь удаагаа эгшиглэлээ.


Э.Бадар-Ууган эх орондоо хоёр дахь алтан медалийг авчирлаа

 Бээжингийн олимпийн наадмын боксын 54 кг-ын жинд өрсөлдсөн Монгол Улсын гавьяат тамирчин Энхбатын Бадар-Ууган олимпийн аваргын төлөөх тоглолтод Пан Америкийн аваргын хүрэл медальт, Кубын боксчин Янкиел Леон Аларконтой тулалдаж, алтан медалийн болзол хангалаа.

Манай тамирчин нэгдүгээр үеийн тоглолтод 4:1 харьцаагаар тоглолтыг тэргүүлсэн бол дараагийн тойргийн тоглолт 4:4 харьцаагаар тэнцсэн. Харин гуравдугаар тойргийн тоглолтыг манай тамирчин илт давуу үргэлжлүүлж, 4:0 харьцаагаар дуусгасан бол төгсөлийн раундад мөн 4:0 харьцаагаар ялж, нийт 14:5 оноогоор манай тамирчин өрсөлдөгчөө илт давуу ялж, олимпийн наадмын аваргын алтан медаль хүртлээ. Ийнхүү Монгол Улсын тамирчин Бээжингийн олимпийн наадмаас хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртэж, бахдам амжилт гаргалаа.

Сэрдамба бэртлийн улмаас тоглолтоо дуусгаж, олимпийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

 Бээжингийн олимпийн наадмын боксын 48 кг-ын жингийн алтан медалийн төлөөх тулаан өндөрлөлөө. Энэ жинд манай тамирчин ОУХМ П.Сэрдамба Хятадын тамирчин Зоу Шиминтэй өрсөлдөж, мөрний гэмтлийн улмаас эхний раундын дараа эмчийн магадлагаагаар тэмцээнийг орхисноор Бээжингийн олимпийн наадмаас мөнгөн медаль хүртлээ. Манай тамирчин олимпийн наадмын өмнө баруун мөрөндөө гэмтэл авсны улмаас сар гаруйн хугацаанд эмчилгээ хийлгэж байсан юм. Ийнхүү манай тамирчин, боксын ОУХМ П.Сэрдамба Монголын түүхэнд анх удаа олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн боксчин боллоо.